1-р хэсэг: 1 дэх өдөр
Судруудыг судлах нь
Оршил
Энэ хичээлийн зорилго нь судруудыг хэрхэн судлах болон заах үйл ажиллагаандаа Ариун Сүнсийг урьж, удирдамжийг нь хүлээн авахад танд туслах явдал юм. Энэ хичээл нь түүнчлэн судруудыг илүү сайн ойлгож, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах ур чадваруудыг танд заах болно. Та энэ хичээлийг судлахдаа сайн мэдээнээс суралцах үйл ажиллагаандаа Ариун Сүнсийг урих арга замуудыг эрж ол.
Судлахын хамт итгэлээр сур
Та бие бялдраа эрүүл чийрэг байлгахыг хүссэн учраас өөрийнхөө өмнөөс биеийн тамирын дасгал хийж байхыг нэг найзаасаа хүсчээ гэж бод. Найзын чинь хийсэн биеийн тамирын дасгал чиний бие бялдарт хэрхэн нөлөөлөх вэ? Энэ жишээг өөрийн чинь сүнслэг байдлын өсөлттэй холбож үзвэл, нэг хүн нөгөөгийнхөө төлөө биеийн тамирын дасгал хийж болохгүйтэй яг адилхан хэн нэг нь өөр хүний өмнөөс сайн мэдээг судлах боломжгүй юм. Бид бүгд сайн мэдээнээс суралцаж, сүнслэг байдлаа хөгжүүлэхийн төлөө зөвхөн өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.
Сургаал ба Гэрээ 88:118-д Их Эзэн сайн мэдээнээс хэрхэн суралцахыг дүрсэлсэн байдаг. Та үүнийг уншихдаа сайн мэдээнээс суралцахын тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэхийн тулд дараах өгүүлбэрийг гүйцээж бич: “Судлахаар мөн тэрчлэн .”
Судлахаар мөн итгэлээр суралцах нь хувь хүнээс их хүч чармайлтыг шаардана. Сайн мэдээг залбирч судлахдаа гаргасан хүч чармайлт чинь суралцах явцад Ариун Сүнсийг урих болно. Энэ жил сайн мэдээг судлахад хүч чармайлт гаргах зарим арга зам гэвэл та сайн мэдээг ойлгохын тулд залбирч, семинарын даалгавруудаа сайн хийж, өөрийн гэрчлэл болон сайн мэдээгээр амьдардаг туршлагаа бусадтай хуваалцан, сурч мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх ёстой.
Сүнслэгээр суралцахын салшгүй чухал хэсэг болох Ариун Сүнсийг урихын төлөө өөрийн чинь гаргах ёстой нэг чухал хүч чармайлт бол судруудыг өдөр бүр судлах явдал мөн. Өдөр бүр судар судлах нь өөрт чинь хандсан Их Эзэний дуу хоолойг сонсоход туслах болно (С ба Г 18:34–36)-г үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн амласан юм: “Бид [Бурханыг] өөртөө хандаж яриасай гэж хүсдэг бол судруудыг судал. Учир нь Түүний үгс бошиглогчдоор нь дамжин бидэнд ирдэг. Ариун Сүнсний өдөөлтүүдийг бид анхааралтай сонссон үед Тэр бидэнд заах болно” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign ба Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27).
Та судруудыг уншиж, сурах үйл ажиллагаандаа Ариун Сүнсийг урьснаар сүнслэг байдлын агуу өсөлтөөс болон Бурханд ойр байснаас ирдэг адислалуудын хамт нэн чухал илчлэлтүүдийг амьдралдаа хүлээн авч, уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал тань өсөн нэмэгдэж, Есүс Христийн сайн мэдээний тухай агуу гэрчлэлтэй болно.
Судар судлах
Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Марион Ж.Ромни судар судлах үндсэн зорилгуудын нэгийг тодорхойлон, “Бидний ашиг тусын тулд зарчмуудыг хадгалан үлдээхийн төлөө судруудыг бичсэн юм” хэмээн хэлжээ (“Records of Great Worth,” Ensign, 1980 оны 9-р сар, 4). Бид судруудыг судалснаар сайн мэдээний зарчмууд болон сургаалуудад суралцдаг билээ. Эдгээр зарчмууд болон сургаалууд нь тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд биднийг удирдах болно.
Судруудад агуулагдсан зарчмууд болон сургаалуудыг олоход хүч чармайлт, дадлага шаардагддаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт судар судлахыг үнэт эрдэнийн чулуу олборлохтой зүйрлүүлж, “Эрдэнэс лүгээ адил чухал үнэнийг зарим үед судрын хуудсуудаас анхааралтайгаар түүж олох ёстой болдог” гэжээ (“Four Fundamentals for Those Who Teach and Inspire Youth,” Old Testament Symposium Speeches, 1987 [1988], 1). Судруудрыг үнэт эрдэнэс түүх лүгээ адил судлах нь гурван чухал хэсгээс бүрддэг: (1) бид судруудын түүхэн үндэс болон тухайн нөхцөл байдлыг ойлгосон байх ёстой, (2) бид заагдаж байгаа зарчмууд болон сургаалуудыг мэдсэн байх ёстой, (3) бид эдгээр үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Алмаз олборлодог уурхайчин болон сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийг судалж байгаа хүн хоёрын хооронд ямар адил төстэй зүйл байдаг вэ?
Судруудын түүхэн үндэс ба тухайн нөхцөл байдлыг ойлго
Судрын хэсгийн түүхэн үндэс ба тухайн нөхцөл байдлыг ойлгох нь судрын хэсэгт агуулагдаж байгаа сайн мэдээний захиасыг ойлгоход таныг бэлтгэх болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн зөвлөсөн юм: “Судруудын заадаг сургамжуудыг сайн судал. Тэдгээрийн түүхэн үндэс ба нөхцөл байдлыг судалж мэд. …Тэдгээр нь үнэний тухай өөрт чинь хандан ярьж байна гэж бодон судал (“Be Your Best Self,” Ensign ба Лиахона, 2009 оны 5-р сар, 68).
Судар уншиж байхдаа “Эдгээр шүлгүүдийг хэн бичсэн билээ?” “Шүлгүүдийг хэнд зориулан бичсэн юм бол?” “Энэ түүхэнд ямар үйл явдал болж байна вэ?” “Зохиогч яагаад эдгээр шүлгүүдийг бичсэн юм бол?” гэхчлэнгийн асуултуудыг асуух нь ашигтай. Бүлгийн тойм нь (бүлэг бүрийн эхэн дэх налуу үсгээр бичсэн товч тойм) тухайн бүлэг дэх гол үйл явдлуудын хураангуйг өгч, дээрх асуултуудад ихэвчлэн хариулсан байдаг.
Бас хэцүү буюу мэдэхгүй үгсийг толь бичгээс харах нь ашигтай байж болно. Аль нэг өгүүлбэр буюу судрын хэсгийн утга тодорхой бус байвал илүү сайн ойлгохын тулд зүүлт тайлбар байвал үзэх хэрэгтэй.
Эдгээр аргуудыг ашиглан 3 Нифай 17:1–10-ыг уншиж, дараах асуултуудын хариуг ол: Өгүүлэгч нь хэн бэ? Тэр хэнд хандан ярьж байна вэ? Ямар үйл явдал болсон бэ? Болж байгаа үйл явдлуудыг түргэн нэгтгэн дүгнэхийн тулд бүлгийн тоймыг унш.
-
3 Нифай 17:1-ийн зүүлт тайлбарыг ашиглан судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: “Цаг минь ирлээ” хэмээн Есүс хэлсэн нь юу гэсэн утгатай вэ?
-
Аврагч цугласан олныг орхин явахаар бэлтгэж байх үед юу болсон тухай судрын тэмдэглэлдээ өөрийн үгээр бич. Тэр яагаад үлдсэн бэ? Тэр хүмүүсийн төлөө юу хийсэн бэ?
Сургаалууд ба зарчмуудыг ол
Сургаалууд ба зарчмууд мөнхөд орших бөгөөд сайн мэдээний өөрчлөгддөггүй үнэнүүд бидний амьдралын замыг чиглүүлдэг билээ. Эртний бошиглогчид бидэнд эдгээр үнэнүүдийг үйл явдлууд,түүхүүд буюу судруудад цэдэглэгдсэн номлолуудаар дамжуулан заадаг.
Хэрэв та судрын хэсгийн түүхэн үндэс болон нөхцөл байдлыг ойлгосон бол түүний зааж байгаа сургаалууд болон зарчмуудыг ойлгоход бэлтгэгдлээ гэсэн үг. Ахлагч Ричард Г.Скотт зарчмуудыг ойлгох ашиг тустай нэг аргыг ийн дүрсэлжээ: “Зарчмууд бол олон янзын нөхцөл байдалд хэрэглэхэд бэлэн болж, шигшигдсэн үнэн юм. Үнэн зарчмыг баримталсан үед туйлын төвөгтэй нөхцөл байдалд ч гэсэн зөв шийдвэр гаргаж чадна. Бид цуглуулсан үнэнээ энгийн зарчим болгож нэгтгэн дүгнэх нь маш чухал юм” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 86).
Сайн мэдээний зарим зарчмууд “бид тийн харж байна,” “гэсэн хэдий ч” гэсэн үгсийг хэрэглэснээр тодорхой болдог. Гэвч ихэнх зарчмуудыг шууд нотолсон байдаггүй, харин тэдгээр нь судрууд дахь хүмүүсийн амьдралаар дүрслэгддэг. Эдгээр сургаалууд болон зарчмуудыг “Энэ түүхийн сургамж буюу гол санаа нь юу вэ?” “Зохиогч энэ түүх буюу үйл явдлыг яагаад оруулсан бэ?” Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ? “Судрын энэ хэсэгт ямар үнэнүүд заагдаж байна вэ?” гэхчлэнгийн асуултуудыг өөрөөсөө асууснаар эдгээр сургаалууд болон зарчмуудыг нээж болно.
-
3 Нифай 17:1–10-т ямар зарчим болон сургаалууд заагдсаныг олж мэдэхийн тулд , a, б үйл ажиллагаануудын хариуг судрын тэмдэглэлдээ бич. Бүлгийн агуулгын талаар товч мэдээлэл авахын тулд бүлгийн тоймыг унш.
-
Эдгээр шүлгүүдэд хэн ярьж байна вэ? Тэр хэнд хандан ярьж байна вэ? 3 Нифай 17:1–10-ын сургамж буюу гол санаа юу вэ?
-
Шүлэг 1, 5–6, 9–10-ын зохиогч энэ түүхээс сургамж авах ямар зүйлүүдийг бидэнд зориулж бичсэн бэ? Та эдгээр шүлгүүдээс ямар чухал үнэнүүдийг мэдсэн бэ?
-
Эдгээр шүлгүүдээс таны олж мэдэж болох сайн мэдээний үнэнүүдийн нэг нь: Их Эзэн Өөрт нь ойр дотно байх бидний чин хүсэлд хариулдаг гэсэн үнэн юм.
Сургаалууд ба зарчмуудыг хэрэгжүүлэх нь
Та сайн мэдээний сургаалууд болон зарчмуудыг ойлгож мэдсэнээр тэдгээрийг хэрэгжүүлэх талаар ямар нэг зүйлийг үйлдэх буюу хийхэд бэлэн болдог. Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлсэн үед та уг зарчим үнэн болохыг Ариун Сүнс гэрчлэхийг мэдрэх болно (Moронай 10:4–5-ыг үз). Гэр орон, семинар, сүм дээр болон Бурханы өмнө хүлээсэн үүрэг бүрээр заадаг хичээл, Хувийн Хөгжил Дэвшлийн туршлага нь заалгасан зүйлсээ хэрэгжүүлэхэд бидэнд туслах зорилготой юм.
Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн нь: “Сайн мэдээг заах зорилго нь … (суралцагчийн) оюун ухаанд ‘мэдээллийг юүлэх’ явдал биш. … Харин хүмүүсийг сайн мэдээний зарчмуудаар амьдрах тухай бодож, хүсч, үйлдэхэд нөлөөлөх нь эрхэм зорилго мөн”(Conference Report, 1970 оны 10-р сар, 107).
Сурч мэдсэн зарчмуудаа хэрэгжүүлэхийн тулд: “Энэ мэдлэгийг эзэмшсэн үед Их Эзэн надаар юу хийлгэхийг хүсэх бол?” “Төгөлдөржихөд надад туслах ямар сүнслэг мэдрэмжүүдийг би хүлээн авсан билээ?” “Энэ зарчим миний амьдралд ямар өөрчлөлт гаргах вэ?” “Би энэхүү үнэний дагуу амьдрахын тулд одоо юу хийх ёстой вэ? Эсвэл юуг хийхээ болих ёстой вэ?” “Энэ судрын заасан зүйлсийг хэрэгжүүлснээр миний амьдрал хэрхэн улам сайжрах вэ?” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуу.
-
3 Нифай 17:1–10-аас сурч мэдсэн зарчим буюу сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг дүрсэлсэн богинохон догол мөрийг судрын тэмдэглэлдээ бич.
Судар судлах ур чадвар ба аргууд
Дараах ур чадвар болон аргуудыг ашиглах нь судруудын түүхэн үндсийг ойлгож, тэдгээрт заагдсан сургаалууд болон зарчмуудыг олж тогтоон, хэрэгжүүлэхэд тань туслах болно. Эдгээр аргуудын тухай энэ гарын авлагын эхнээс төгсгөл хүртэл дурдах болно. Чадвар бүрийг уншиж, өөртөө хэрэгтэй гэж үзсэн нэг буюу хоёр чадварыг сонгож хувиараа судар судлахдаа байнга ашиглаж бай.
Шалтгаан ба үр дагавар Хэрэв-тэгвэл, тийм учраас, тиймээс гэсэн шалтгаан, үр дагаврын уялдаа холбоог ол. Жишээ нь: 2 Нифай 13:16–26; Aлма 34:33.
Харьцуулах эшлэл. Хооронд нь харьцуулахад утгыг тодруулж, улам сайн ойлгоход туслах бүлэг буюу хэсэг судар. Жишээ нь, Moзая 11:2–6, 14-ийг Дэд Хууль 17:14–20-той харьцуул. Та бас харьцуулах эшлэлийг олохын тулд зүүлт тайлбаруудыг ашиглаж болно. Жишээ нь: 3 Нифай 12:28–29, зүүлт тайлбар 29a, Сургаал ба Гэрээ 42:23-ын эшлэлүүд.
Нөхцөлийг тодорхойл Судрын үйл явдлуудыг хэн, юу, хаана, хэзээ? гэсэн асуултууд тавьж тодорхойл. Жишээ нь: Aлма 31:1, 6–11; 32:1–6 нь Aлма 32:21–43-ын нөхцөлийг бүрдүүлж байна.
Түлхүүр үгс “Гэсэн хэдий ч,” “бид тийн харж байна” гэсэн үгс болон нийлэмж үгс нь ямар нэг зүйлийг болих буюу бичигдсэн зүйлийн тайлбарыг эрж олохыг урьсан урилга юм. Жишээ нь: Aлма 30:60; Хиламан 6:35–36; 3 Нифай 18:30–32.
Судруудад тэмдэглэгээ хийх нь Шүлгийн утгыг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа үгс буюу нийлэмж үгсийг будаж тэмдэглэх, дугуйлах буюу доогуур нь зур. Бас богинохон санаа, өөртөө төрсөн мэдрэмж, ойлголт буюу зарчмуудыг судрынхаа зах дээр бич. Энэ нь өөрт чинь чухал ач холбогдолтой судрыг санахад тань туслах болно.
Нэрийг орлуулах нь Судрууд дахь хэн нэгний оронд өөрийн нэрийг тавь. Жишээ нь: 1 Нифай 3:7-д Нифайн оронд өөрийн нэрийг тавь.
Тунгаан бодох нь Тунгаан бодох гэдэг нь ямар нэг зүйлийг олон талаас гүнзгий эргэцүүлэн бодох явдал мөн. Тунгаан бодох нь асуултууд асууж, мэдэж байгаа болон сурсан зүйлдээ үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Тунгаан бодох нь ихэвчлэн аль нэг зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэх хүслээс үүдэлтэй.
Давтагдсан үгс Давтагдсан үгс, өгүүлбэрүүд нь анхаарлаа төвлөрүүлэхэд уншигчид чухал байж болно. Давтагдсан үгс нь зохиогчийн чухал гэж үзсэн зүйлд онцгой анхаарал хандуулах зорилготой юм. Жишээ нь: 2 Нифай 9:10, 19, 26–27, 39, 46–47 дахь аймшигт гэдэг үг; Хиламан 5:6–14 дэх санах гэдэг үг.
Судрын зүйрлэлүүд Бошиглогчид зарим үед өөр өөр хүмүүс, үзэл бодол буюу үйл явдлуудын ялгааг судруудад харуулсан байдаг. Хоёр зүйлийг хооронд нь харьцуулж ялгааг тогтоох нь сайн мэдээний заагдаж байгаа чухал зарчмуудыг таньж ойлгохыг илүү хялбар болгодог. Шүлэг, судрын хэсгүүд буюу бүлгүүдээс ялгааг ол. Жишээ нь: 2 Нифай 2:27; Aлма 47–48.
Судар дахь жагсаалтууд Судар дахь жагсаалтуудыг олох нь Их Эзэн болон Түүний бошиглогчдын зааж байгаа зүйлийг ойлгоход тань тусалж чадна. Жагсаалтыг олсон үедээ тэнд дурдсан зүйл бүрийг дугаарлаж болно. Жишээ нь: нифайчуудын дунд оршиж байсан ёс бус заншлуудын жагсаалт Хиламан 4:11–13-т байдаг.
Судрууд дахь бэлгэдлүүд Адил, мэт, шиг эсвэл адилтгах зэрэг үгс нь бэлгэдлүүдийг олоход тусална. Бэлгэдэл юуг төлөөлж байгааг тодорхойлохыг хичээ. Бэлгэдлийн утгыг мэдэхийн тулд зүүлт тайлбарууд, Судруудын Удирдамж болон Topical Guide-ыг ашигла. Жишээ нь: Иaков 5:3, 75–77-г Иaков 6:1–7-той харьцуул.
Дүрслэн бодох нь Судар унших үедээ болж байгаа үйл явдлыг оюун ухаандаа дүрслэн бод. Үйл явдлын талаар асуултууд асууж, уг үйл явдал одоо болж байгаа гэж төсөөлөн бод. Жишээ нь: Инос 1:1–8-д болж байгаа зүйлийг дүрслэн бодохыг хичээ.
Үгийн тодорхойлолт Судруудад бидний мэдэхгүй үгсийг олонтоо хэрэглэсэн байдаг. Мэдэхгүй үг тааралдвал та Судруудын Удирдамж, зүүлт тайлбарууд эсвээс ердийн толь бичгээс утгыг нь хар.
-
“Судар судлах ур чадвар ба аргууд” гэсэн өмнөх хэсэг дэх ур чадваруудаас нэгийг сонгож, ашигла. Сонгож авсан ур чадвар нь хувиараа судар судлахад чинь хэрхэн тусалсан тухай судрын тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг өнөөдрийн даалгаврынхаа доод талд судрын тэмдэглэлдээ бич:
“Судруудыг судлах нь” хичээлийг би судалж дууслаа (огноо).
Багштайгаа хуваалцахыг хүссэн миний бодол санаа, ойлголтууд болон нэмэлт асуултууд: