Семинар
3 Нифай


3 Нифайн оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Та 3 Нифайг судалснаар Мормоны Номын хүмүүсийн дунд хийсэн Аврагчийн үйлчлэлийн үгс болон үйлдлүүдээс суралцах болно. Сүмийн удирдагчид 3 Нифайг бидний Их Эзэний “тав дахь сайн мэдээ” гэж нэрлэдгийн учир нь Шинэ Гэрээн дэх дөрвөн сайн мэдээний адил энэ ном Eсүс Христийн сургаал болон үйлчлэл дээр голлон төвлөрсөнд оршдог (Гордон Б.Хинкли, “The Cornerstones of Our Faith,” Ensign, 1984 оны 11-р сар, 52-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ингэж заажээ: “3 Нифай бүх судруудын хамгийн их сэтгэл хөдөлгөм, хүчирхэг хэсгүүдийн заримыг агуулдаг. Энэ нь Есүс Христ, Түүний бошиглогчид болон авралын сургаалуудыг гэрчилдэг” (“The Savior’s Visit to America,” Ensign, 1987 оны 5-р сар, 6). Та Есүс Христ хүмүүст “нэг нэгээр” (3 Нифай 11:15; 17:21-р шүлгүүд) нь өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандсаныг хараад Тэрбээр таны төлөө хэрхэн санаа тавьдгийг илүү сайн ойлгох болно. Зарим хүмүүс өөрсдийгөө гайхамшигт адислалуудыг хүртэх боломжгүй болгож байхад зарим нь Аврагчтай уулзахаар өөрсдийгөө хэрхэн бэлтгэдгийг мэдэж авснаар та чухал сургамжууд сурах болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон Нифайн их ялтсуудын цэдгүүдийг хураангуйлж 3 Нифайн номыг бүтээжээ. Энэ ном нь Аврагч хүмүүс дээр хүрч ирэхээс өмнөх үе мөн тэдэн дээр хүрч ирсэн болон түүнээс хойших үеийн туршид хөдөлмөрлөсөн Нифайн хүү Нифайн нэрээр нэрлэгдсэн юм. Есүс Христийн айлчлалын өмнөх олон ёс бус явдлын үеэр Нифай “хүчтэйгээр мөн асар их эрх мэдэлтэйгээр” (3 Нифай 7:17) үйлчилсэн ажээ . Хэдий тийм ч Нифайн үйлчлэл нь Есүс Христийн үйлчлэлийн зөвхөн оршил нь байсан бөгөөд Түүний үгс болон үйл хэрэг 3 Нифайн гол хэсгийг бүрдүүлдэг. Мормон Нифайн цэдгүүдийг хураангуйлахдаа өөрийн тайлбар болон гэрчлэлийг энэ номд мөн нэмсэн байна (3 Нифай 5:8–26; 26:6–12; 29–30-ийг үзнэ үү).

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

3 Нифайн номыг бичихэд ашигласан эх цэдгүүдийг МЭӨ 1-ээс МЭӨ 34 оны үед бичсэн байх магадлалтай бөгөөд Мормон эдгээр цэдгүүдийг МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлсан байна. Мормон энэ номыг хаана эмхэтгэснээ бичээгүй.