24-р хэсэг: 3 дахь өдөр
3 Нифай 6–10
Оршил
Нифайчууд болон леменчүүд Гадиантоны дээрэмчдээс гайхалтай чөлөөлөгдсөний дараа, нифайчууд гурван жилийн турш амар амгалан байв. Бардамнал, анги давхаргын ялгаа, хавчлага бий болж, ёс бус явдал ихэд газар авч, сүүлдээ Нифайн засгийн газрыг түлхэн унагав. Нифайн олон хотыг ёс бус оршин суугчдынх нь хамт устгасан үлэмж их сүйрлүүд Иeрусалим дахь Eсүс Христийн үхлийн тэмдгүүдэд оржээ. Харанхуй уг нутгийг гурван өдөр бүрхэв. Харанхуйн дунд, Аврагчийн дуу хоолой хүмүүсийг Түүнд эргэн ирэхийг урьсан ажээ. Харанхуй арилахад, хүмүүсийн уй гашуу баяр хөөр, Eсүс Христийг магтан дуулах магтаалаар солигдов.
3 Нифай 6–7
Нифайчууд бардам болцгоож, сүм хуваагдаж, нууц хуйвалдаанууд засгийн газрыг унагаж, хүмүүс аймаг овгуудад хуваагдав
Бошиглогчийг дагах эсэхээ шийдэх асуудал танд тулгарч байсан тохиолдлыг бод. 3 Нифай 6–7-р бүлгүүдэд цэдэглэгдсэнээр нифайчуудын зарим нь бошиглогчдыг эсэргүүцсэнийхээ хариуд эмгэнэлт үр дагавруудыг амссан байхад бусад нь Их Эзэний сонгосон үйлчлэгчдийг сонсож, наманчлахаас ирдэг адислалуудыг авчээ.
Та 3 Нифай 5-р бүлгээс нифайчууд наманчилж, Бурхандаа хичээнгүйлэн үйлчилсэн бөгөөд Гадиантоны дээрэмчдээс гайхамшигтайгаар чөлөөлөгдсөнийг уншсан билээ. Нифайчууд богинохон хугацаанд цэцэглэн хөгжив. Гэвч олон хүний зүрх сэтгэлд бардамнал хурдан нэвтэрсэн нь сүм дотор хэсэг бүлгүүд үүсэхэд хүргэжээ. Бошиглогчид хүмүүсийн ёс бус явдлын эсрэг номлохоор илгээгдсэн ч шүүгчид тэднийг барьж, нууцаар хороож байв (3 Нифай 6:4–23-ыг үзнэ үү). Хүмүүс ойролцоогоор зургаан жилийн дотор, “өөрсдийгөө Сатаны хүчинд” (3 Нифай 7:5) тушаасан бөгөөд тэд бүх зөв шударга зүйлийн эсрэг тэмцэж, улам ёс бус болцгоосон юм. Нууц бүлэглэлүүд улс орны засгийн газрыг устгаж, хүмүүс овгуудад хуваагдахад хүрчээ.
Нифай хүмүүсийн ёс бус явдлыг үл харгалзан тэдний гэм нүглийг үргэлжлүүлэн гэрчилж, тэднийг наманчлалд дуудсаар байв (3 Нифай 7:15–20-ийг үзнэ үү). 3 Нифай 7:21–22-ыг уншаад Нифайг дагаснаар хүмүүс хэрхэн адислагдсан тухай хэдэн жишээг тэмдэглэ. Бид наманчилж, Их Эзэний үйлчлэгчдийг дагавал Ариун Сүнсний нөлөөг хүлээн авна гэдгийг эдгээр шүлгүүдээс сурдаг.
-
Та бошиглогчийн эсвэл санваарын бусад удирдагчдын зөвлөгөөг дагахаар сонгосон тохиолдлынхоо тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Та ингэснээрээ хэрхэн адислагдсан бэ?
3 Нифай 8:1–18
Их сүйрэл Есүс Христийн үхлийг тэмдгийг гүйцэлдүүлэв
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн ирэх өдрийг төсөөлөн бод. Тэр цаг ирэхэд танд ямар санагдана гэж бодож байна? Үүнтэй адил нифайчууд Есүс Христийн ирэлтийг урт удаан хугацаанд хүсэн хүлээсээр байв. Лемен үндэстэн Самеул Есүс Христийн нас баралтын тэмдгүүдийг бошиглосон юм (Хиламан 14:20–27-г үзнэ үү). 3 Нифай 8:3–4-ийг уншаад зарим нифайчууд тэмдгүүдийн тухай өөр бодолтой байсныг анзаарч хар.
3 Нифай 8:5–7-г уншаад Аврагчийн төрөлтийн тэмдгээс хойш гучин дөрөв дэх жилд юу болсныг олж мэд. 3 Нифай 8:8–18-ыг гүйлгэн хараад шуурга болон газар хөдлөлтөд өртсөн хотуудын оршин суугчдад юу тохиолдсоныг олж мэд. 3 Нифай 10:11–12-ыг уншаад энэхүү сүйрлээс хэн амьд гарч чадсаныг тэмдэглэ. Амьд үлдэгсэд нь нифайчуудын “хамгийн зөв шударга хэсэг” байсан ч тэд наманчилж, Eсүс Христэд ирэх шаардлагатай байлаа.
-
Судрын тэмдэглэлийнхээ нэг хуудсанд 3 Нифай 8:5–18-р шүлгүүд дэх үйл явдлуудыг мэдээлсэн сонины өгүүлэл бич. Гарчиг өгч, ноорог зураг гарган, сүйрлийн тухай мэдээ бич.
3 Нифай 8:19–25
Харанхуй уг нутгийг гурван өдрийн турш нөмрөв
Та хэн нэгэн нь гэрэл унтраахад агуй эсвэл цонхгүй өрөө гэх мэт таг харанхуй газар байсан тохиолдлоо сана (эсвэл тийм нөхцөлд ямар байхыг төсөөлөн бод). Харанхуйд юу ч харах боломжгүй байх нь ямар санагдсан бэ? 3 Нифай 8:19–23-ыг уншаад шуурга болон сүйрлүүд зогссоны дараа юу болсныг олж мэд. (Та хэр зэрэг харанхуй байсныг харуулсан үг хэллэгүүдийг тэмдэглэж болно.)
3 Нифай 8:24–25-ыг уншаад нифайчууд өөрсдийн олон хүнийг үхэл болон сүйрлээс юу хамгаалж болно гэж хэлж байсныг олж мэд.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Нүглийн үр дагаврууд нь харанхуйд байхтай хэр зэрэг адилхан бэ?
-
Наманчлалыг харанхуй өрөөнд гэрэл гаргахтай хэрхэн адилтгаж болох вэ?
-
3 Нифай 9:1–14
Харанхуйд Eсүс Христийн дуу хоолой сүйрлээс амьд үлдэгсдийг наманчилж, Түүнд ирэхийг урьжээ.
Аврагчийн дуу хоолой гурван өдрийн харанхуйн турш, амь хэлтрүүлэгдсэн хүмүүст хандан ярив. 3 Нифай 9:1–2, 7-г уншаад Аврагч хүмүүсийн дунд уг сүйрэл яагаад болсон хэмээн хэлснийг ол. Дараа нь 3 Нифай 9:13–14-ийг уншиж, Аврагч хүмүүсийг зовлон зүдгүүрийнх нь үед тайтгаруулахын тулд юу гэж хэлснийг олж мэд. Эдгээр шүлгүүдээс танд чухал гэсэн хэсгийг нь тэмдэглэ.
Аврагч бид бүхнийг Түүнд ирж, эдгэрэхийг урьдаг хэмээн Далын ахлагч С.Скотт Грөү гэрчилжээ.
“Есүс Христ бол бидний бодгалийн Агуу Эдгээгч мөн. Мөхлийн нүглээс бусад аливаа гэм нүгэл ба зөрчил, өвчин эмгэг ба уй гашуу Түүний Цагаатгалын эдгээгч хүчнээс гадуур байдаггүй.
“Биднийг нүгэл үйлдэхэд Сатан биднийг өнгөрсөн хүмүүс гэдэг. Үүний эсрэгээр бидний Гэтэлгэгч бид ямар ч буруу зүйл хийлээ гэсэн хүн бүхэнд, бүр танд бас надад гэтэлгэлийг санал болгодог” (“The Miracle of the Atonement,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 109).
Түүнд ирж, Түүний эдгээлтийн хүчийг хүлээн ав гэсэн 3 Нифай 9:13-р шүлэг дэх Аврагчийн урилга бидний хүн бүрд өгөгдсөн юм. Аврагч биднийг эдгээхийн тулд бид Түүний урилгыг хүлээн авч, Түүнд ирж, нүглүүдээ наманчилж, хөрвөгдсөн байх ёстой.
-
Аврагчийн эдгээлтийн хүчээс ашиг тусыг олж болох амьдралынхаа аль нэг зүйлийн тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Та өөрийгөө эдгээлгэхээр Аврагчийг урихын тулд юу хийх шаардлагатай вэ?
3 Нифай 9:15–22
Аврагчийн золиослолоор Мосегийн хууль гүйцэлдсэнийг Түүний дуу хоолой тунхаглав
Нифайчууд амьдралдаа энэ мөчийг хүртэл дагасаар ирсэн Мосегийн хуулийн дагуу Их Эзэн Өөрийн хүмүүст Цагаатгалаар дамжуулан өргөх хамгийн сүүлчийн золиослолын хэлбэр бөгөөд хэв шинж болох малаар тахил өргөхийг тушаажээ. 3 Нифай 9:17 дахь Аврагчийн үгсийг дараах өгүүлбэрийг гүйцээн бичихэд хэрэглэ: “Надаар гэтэлгэл ирдэг, мөн надаар .”
Мосегийн хуулийн бүх ёслол ба хуулиуд, зан үйл ба бэлгэдлүүд нь хүмүүсийг Түүнд хандуулахын тулд өгөгдсөн бөгөөд Тэрбээр цагаатгагч золиослолоо гүйцэтгэснээр тэдгээр нь биeлэгдсэн юм хэмээн Аврагч тунхагласан билээ. 3 Нифай 9:19-ийг уншаад Аврагч нифайчууд юуг дахиж өргөх хэрэггүй болсон хэмээн мэдэгдсэнийг олж мэд. Тэгээд 3 Нифай 9:20-оос түүний оронд тэд юу өргөхөөр болсныг тэмдэглэ.
“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл”-ийн өргөл гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Гэмшсэн сэтгэл нь даруу төлөв, амархан ойлгодог бөгөөд наманчлагч сэтгэл юм. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгсийг уншиж, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх нь юу гэсэн утгатайг ойлгох ойлголтоо нэмэгдүүлж мөн түүний “харууссан зүрх”, “гэмшсэн сэтгэл” гэсэн үгсийн утгыг тодорхойлоход түүний ашигласан үгсийг тэмдэглэ:
“Эрт үед хүмүүс Их Эзэнийг шүтэн биширч, Түүний адислалуудыг олж авахын тулд ихэвчлэн бэлэг авчирдаг байжээ. … Та хөрвөлтийн адислалуудыг эрэлхийлэхдээ харууссан буюу наманчлагч зүрхнийхээ, гэмшсэн буюу дуулгавартай сэтгэлийнхээ бэлгийг Их Эзэнд өргөл болгож болно. Чухамдаа, та өөрөө одоо ямар хүн байгаа нь мөн ямар хүн болох гэж байгаа нь бэлэг юм.
“Таны дотор эсвэл амьдралд тань ямар нэгэн цэвэр ариун бус, зохисгүй зүйл байдаг уу? Та үүнээсээ салж чадвал энэ нь Аврагчид барих бэлэг юм. Амьдралд тань үгүйлэгдэж байгаа ямар нэг сайн хэвшил эсвэл зан чанар байна уу? Та үүнийг өөртөө төлөвшүүлж зан чанарынхаа нэг хэсэг болгох юм бол та Их Эзэнд бэлэг барьж байгаа нь тэр” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 12).
3 Нифай 9:21–22-ыг уншаад бид Түүнд очихын тулд ямар байх хэрэгтэй талаар Аврагч юу гэж заасныг эрж ол.
-
Өөрийнхөө таньдаг бага насны хүүхдүүдийн талаар бод. Аврагчид очихын тулд бидэнд байх ёстой бяцхан хүүхдийн зан чанаруудыг судар судлах тэмдэглэлдээ дүрслэн бич.
3 Нифай 9:13–14, 20–22-р шүлгүүд дэх тохирох үг хэллэгүүдийг ашиглан дараах зарчмыг гүйцээж бич: Xэрэв бид Есүс Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирвэл Тэр . (Олон зөв хариултууд байж болно.)
-
Энэхүү үнэнийг хэрэгжүүлэхийн тулд дараах асуултуудад хариул:
-
Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ өргөхөд ямар зан чанарууд бидэнд саад болж болох вэ?
-
Их Эзэн таныг Түүнд наманчлагч зүрх, дуулгавартай сүнстэйгээр ирэхэд хэрхэн адисалж байсан бэ?
-
Та Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ илүү сайнаар яаж өргөж болох вэ?
-
3 Нифай 10
Их Эзэн Өөрийн хүмүүсийг тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг цуглуулахаар амласан юм
Хүмүүс Аврагчийн дуу хоолойг сонссоны дараа уг нутагт олон цагийн турш нам гүм байсанд мэл гайхав. Тэгтэл нөгөөх дуу хоолой хүмүүст хандан дахин ярьж эхлэв (3 Нифай 10:1–3-ыг үзнэ үү). 3 Нифай 10:4–6-г уншаад Аврагч хүмүүсийг хамгаалж, өргөн дэмжихийн тулд Тэр юу хийхийг хичээсэн гэж хэлснийг олж мэд. 6-р шүлэгт наманчилж мөн Аврагчид бүх зүрх сэтгэлээрээ ирэх хүмүүст өгөгдсөн амлалтыг тэмдэглэ.
Аврагч дэгдээхийнүүдээ аюулаас хамгаалан далавчин дороо цуглуулдаг эм тахианы зүйрлэлийг ашиглажээ. Аврагч ямар байдлаар дэгдээхийнүүдээ аюулаас хамгаалдаг эм тахиатай адил болохыг бод. Түүнээс гадна 3 Нифай 10:4–6-д цэдэглэснээр, Израилын бүх угсаа яагаад цуглуулагдаагүй вэ?
3 Нифай 10:8–10-ыг уншаад Аврагчийн дуу хоолойг сонссоны дараа хүмүүст юу тохиолдсоныг олж мэд.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 6–10-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: