26-р хэсэг: 1 дэх өдөр
3 Нифай 17
Оршил
Аврагч нифайчуудтай өнгөрүүлсэн эхний өдөр дуусах тийшээ хандахад Тэрбээр олон хүмүүс Түүний заасан зүйлсийг бүрэн ойлгоогүйг олж мэдэв. Тиймээс Тэр тэдэнд хэрхэн нэмэлт ойлголт хүлээн авахыг заажээ. Тэрээр Өөрийгөө явах болно гэдгийг мэдэгдэхэд хүмүүс уйлав. Аврагч энэрэнгүй сэтгэлээр дүүрч, тэдэнтэй хамт арай удаан үлдэв. Тэрээр өвчтнүүдийг эдгээж, хүүхдүүдийг адисалж, хүмүүсийн төлөө залбирчээ. Цугласан олон Аврагчтай харилцахдаа Түүнээс баяр баясал, хайр энэрлийг мэдэрсэн ажээ.
3 Нифай 17:1–3
Есүс Өөрийнх нь үгсийг эргэцүүлэн бодож, ойлголтын төлөө залбирахыг хүмүүст зарлиглав
Та судрууд дахь аль нэг сургаал эсвэл сүмийн хэн нэг удирдагчийн заасан зүйлийг уншаад ойлгохгүй бол яадаг вэ? Тохирох хариултуудыг дугуйл:
-
Би тэр заасан зүйлийг зүгээр л тоохгүй орхичихдог.
-
Өөр хүнээс ойлгоход маань туслахыг гуйдаг.
-
Би уг зүйлийн талаар анхааралтай эргэцүүлэн боддог.
-
Би Тэнгэрлэг Эцэгээс надад ойлгоход туслахыг гуйдаг.
3 Нифай 17-р бүлэгт цэдэглэгдсэн үйл явдлууд, цугласан нифайчуудтай хамт өнгөрүүлсэн Eсүс Христийн эхний өдөр дуусаж байхад болсон юм. 3 Нифай 17:1–3-ыг уншаад Аврагч нифайчуудад Өөрийнх нь заасныг илүү сайн ойлгохын тулд юу хий хэмээн хэлснийг тэмдэглэ. Гэртээ хариад тунгаан бодож, залбирах нь сайн мэдээний үнэнийг илүү сайн ойлгоход тань хэрхэн туслахыг эргэцүүлэн бод.
Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг тунгаан бодохын учир утгыг тайлбарлажээ. Түүний тайлбарыг уншаад тунгаан бодохын учир утгыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг тодруулж тэмдэглэ. “Унших, судлах, тунгаан бодох нь адилгүй юм. Бид үгсийг уншаад тэдгээрээс ямар нэг санаа авч болох юм. Бид судруудыг судалж, загварууд болон уялдаа холбоог нээн илрүүлж болно. Харин бид тунгаан бодсоноороо илчлэлтийг Сүнсээр урьдаг. Миний хувьд тунгаан бодох нь, судруудыг анхааралтайгаар уншиж судалсны дараа эргэцүүлэн бодож, залбирах явдал мөн” (“Serve with the Spirit,” Ensign ба Лиахона, 2010 оны 11-р сар, 60).
3 Нифай 17:3-ыг анхааралтай ажиглаад Аврагч хүмүүсийг Түүнтэй хамт хийх дараачийн зүйлсдээ “[өөрсдийн] оюун санааг бэлтгэх” ёстой гэж зааварласныг анзаар. Цааш үргэлжлүүлэн судлахаасаа өмнө, дараах асуултуудад хэрхэн хариулахаа тунгаан бод. Та Сүмд ирэхээсээ өмнө оюун санаагаа бэлтгэхийн тулд юу хийж болох вэ, Сeминарт ирэхээсээ өмнө, Eрөнхий чуулганыг сонсохоосоо өмнө, судруудыг судлахаасаа өмнө, оюун санаагаа бэлтгэх нь суралцах боломжуудаас таны олж авах зүйлд ямар нөлөө үзүүлдэг гэж та бодож байна?
Эдгээр шүлгүүдээс сурах зарчмуудын нэг бол: Бид тунгаан бодож, Эцэгт хандан залбирснаар илүү сайн ойлголтыг хүлээн авч болно. (Та үүнийг судартаа 3 Нифай 17:1–3-ын хажууд бич.)
-
Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дор бичигдсэн зүйлсээс нэгийг эсвэл хоёуланг нь сонгоод ирэх долоо хоногийн турш амьдралдаа хэрэгжүүл. Хийсэн зүйлээ судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн энэ нь сүм дээр, сeминарт, eрөнхий чуулганаас эсвэл судруудаас сурах зүйлийг тань хэрхэн нэмэгдүүлсэн тухай бич. Тэмдэглэлдээ бичсэн зүйлээ багштайгаа хуваалцахад бэлтгэ. Мөн ирэх долоо хоногийн турш эдгээр зүйлсийн аль нэгийг цаашид улам сайжруулах төлөвлөгөө гарга.
-
Би сүм эсвэл сeминарт явахаасаа өмнө оюун санаагаа бэлтгэдэг болно.
-
Би сүм дээр эсвэл сeминарт сонссон зүйлийнхээ талаар тунгаан бодож, залбирна.
-
3 Нифай 17:4–25
Аврагч нифайчуудын өвдсөнийг эдгээж, хүүхдүүдийг нь адисалсан нь
Байнга мэдэрч баймаар тийм их урам зориг, баяр баясгаланг мэдэрсэн тохиолдлынхоо тухай бод. 3 Нифай 17:4–5-ыг уншиж, Их Эзэн Эцэгтээ очихоор буцах гэж байгаагаа хэлэхэд нифайчууд хэрхэн хариулсныг олж мэд.
Аврагч нифайчуудын зөв шударга хүсэлд агуу өрөвч сэтгэлээр хариулжээ. Дараах үйл ажиллагаа нь биднийг хайрлах Eсүс Христийн хайрыг илүү сайн ойлгоход тань тусална. Мөн энэ нь Eсүс Христийн зан төлөв, шинж чанаруудын талаарх судрын үнэнүүдийг нээн илрүүлэхэд тань тусална.
-
Дараах судрын эшлэлүүдийг судар судлах тэмдэглэлдээ бич. Эшлэл бүрийн дор нэмэлт мэдээлэл бичих зай үлдээ: 3 Нифай 17:6–10; 3 Нифай 17:11–18; 3 Нифай 17:19–25. Эдгээр судрын хэсгүүдийг нэг бүрчлэн судлахдаа Аврагчийн зан төлөвийн талаар болон Тэр чухамдаа ямар хүн болох тухай үнэнүүдийг олж мэд. Судрын эшлэл бүрд нэг үнэнийг, хамгийн багадаа гурван үнэнийг олж, холбогдох эшлэлийнх нь дор бич.
Мормоны Номд дүрслэгдсэн хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлын нэг бол Eсүс тэр үeд тэнд байсан бяцхан хүүхдүүдийг адисалсан явдал юм. Энэ хэсэг бидэнд Eсүс Христийн зан төлөв, шинж чанаруудыг ойлгоход тусална. Ерөнхийлөгч Боид К.Пакэр 3 Нифай 17:11–12, 21–25-р шүлгүүд дэх Аврагч болон хүүхдүүдийн тухай шастирыг эш татахаасаа өмнө, “Бид нифайчуудын дунд хийсэн Аврагчийн үйлчлэлийн тухай шастираас Түүний бодгалийг өөр хаанаас ч илүүгээр гүн гүнзгий харж болно” гэж хэлжээ (“Teach the Children,” Ensign, 2000 оны 2-р сар, 16–17).
Цугласан олон өвчин зовлонтой, “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн” (3 Нифай 17:9) хүмүүсийг Аврагч руу авчирсан гэдгийг анзаараарай. Эдгээр зовлонгууд нь бие махбод, сэтгэл санааны болон оюун ухааных байсан байж болно. Өөрийнхөө “зовж зүдэрсэн” байж болох зүйлсийг тунгаан бод. Аврагч таныг Өөрийн биеэр адислах байсан бол таныг зовж байхад Тэр хэрхэн туслах байсан бэ?
-
Энэ хичээлийн эхэнд сурч мэдсэн тунгаан бодох тухай зарчмыг давт. Эргэцүүлэн бодох нэг арга нь судрын шастирт дүрсэлсэн нөхцөл байдалд өөрсдийгөө тавьж төсөөлөн бодох явдал юм. 3 Нифай 17-д цэдэглэгдсэн үйл явдлуудад та оролцсон бол ямар байх байсан талаар төсөөлөн бод. Тэр үeд та юу сонсож, харж, мэдэрч, мөн Аврагчаас юу сурч болох байсныг судрын тэмдэглэлдээ дүрслэн бич. Мөн та Аврагчаас ямар адислал хүсэх байсан тухайгаа бич.
3 Нифай 17:6–25-р шүлгүүдээс өөрийнхөө сурсан нэг үнэнийг дүрсэлсэн нэг өгүүлбэрийг бодож ол. Тэр өгүүлбэрээ судартаа эдгээр шүлгүүдийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич. Эдгээр судрууд дахь нэг үнэн бол: Аврагч бидний төлөө асар их өрөвч нинжин сэтгэлтэй байдаг гэсэн мэдрэмж юм. Эдгээр шүлгүүдээс сурсан Аврагчийн зан чанарын тухай үнэнүүдийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?
Итгэлийн тухай дараах үгсийг унш: “Итгэл тань таныг аврал руу хөтөлдөг байхын тулд энэ нь Их Эзэн Eсүс Христ дээр төвлөрсөн байх ёстой. … Та Түүнийг амьд гэдэгт бат итгэдэг бөгөөд Түүний зан төлөвийн талаар зөв ойлголттой байдаг бол мөн Түүний хүслийн дагуу амьдрахыг хичээн чармайдгаа мэддэг бол та Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож чадна” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 54).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Аврагчийн нинжин сэтгэлийг ойлгох нь таныг Түүнд итгэх итгэлээ ашиглахад хэрхэн туслах вэ?
-
3 Нифай 17-р бүлгээс Аврагчийн тухай сурсан зүйлээ өөр хүнтэй хуваалц. Тэр хүний нэрийг болон та түүнд юу хэлэхээ судар судлах тэмдэглэлдээ товч бич.
Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн шиг тийм агуу үйл явдал хэдийгээр бидэнд тохиогоогүй ч бид бүгд Түүнийг харж мөн сонсох тэр өдөр ирэх болно. Нэг эсвэл хоёр өдрийн турш энэ хичээлийг тунгаан бод. Та өөрийн хүсэл эрмэлзэл, сул дорой байдал, сэтгэл санааны зовлон болон сорилтуудын талаар залбирахдаа Аврагчийн өрөвч энэрэнгүй сэтгэлийг эргэцүүлэн бод.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 17-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: