Семинар
21-р хэсэг: 1 дэх өдөр, Алма 45–49


21-р хэсэг: 1 дэх өдөр

Алма 45–49

Оршил

Алма хүү Хиламандаа сүүлчийн сургамжаа өгсний дараа Нифайн хүмүүсийн дундаас явсан бөгөөд түүний талаар дахин хэзээ ч сонсогдоогүй юм. Нифайчуудад тохиолдсон хүнд хэцүү үед нь Хиламан, Ахмад Моронай хоёр тэдний сүнслэг байдлын болон цэргийн удирдагчид болдог. Леменчүүдийн удирдагч Амаликая хувиа хичээн чөтгөрийн арга мэхтэй адил бусармаг аргуудыг хэрэглэн шударга бус хүслээ дагадаг. Ахмад Моронай хүмүүсээ тэрхүү аюултай цаг үеүдэд Бурханд итгэлтэй байхад нь бэлтгэдэг.

Алма 45

Хиламан эцэг Алмагийнхаа үгсэд итгэж, үйлчлэлээ эхэлсэн нь

Эцэг эхтэйгээ эсвэл санваарын удирдагчтайгаа хийж байсан ярилцлагаа эргэн сана. Танаас тэдний асуусан асуултуудын талаар бод. Алма уг нутгаас гарахаасаа өмнө Хиламанаас гурван чухал асуултыг асуудаг. Алма 45:2–7-г уншиж, эдгээр асуултуудыг олж тэмдэглэ. (2-р шүлэгт Алмагийн дурдсан “үгс” Алма 37:1-т мөн байдаг.) Та Алмагийн асуултуудад хэрхэн хариулах байснаа бод: Та судруудад итгэдэг үү? Та Есүс Христэд итгэдэг үү? Та зарлигуудыг дагах уу?

нэг том хүн, нэг залуу эрэгтэй

Хиламаныг гэрчлэлээ хэлсний дараа Алма түүнд нифайчуудын ирээдүйн талаар ярьжээ. Алма тэдний устгалыг болон энэхүү сонгогдсон нутагт ёс бус байдалд боловсрох бусад хүмүүсийн устгалыг бошиглодог. Алма 45:16-г уншиж, энэ шүлэг дэх дараах үнэний талаар бодож үз: Их Эзэн нүглийг хамгийн бага хэмжээгээр ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаггүй.

Биднийг наманчилж, Аврагчийн уучлалыг эрэлхийлэхэд бидний бүх нүглийн төлөөсийг Тэрбээр Цагаатгалаараа дамжуулан төлдөг гэдгийг санах нь энэхүү зарчмыг ойлгоход тань туслах болно. Бурхан гэм нүглийг өчүүхэн төдий ч тэвчиж чаддаггүй. Хэдий тийм ч Аврагч бидний өмнөөс зовох хүсэлтэй байсны учир бид наманчилсан бол нүглийнхээ төлөө зовох шаардлагагүй болсон юм.

Сургаал ба Гэрээ 1:31–33-ыг унш. Та эдгээр шүлгүүдийг Алма 45:16-гийн хажууд холбогдох эшлэл болгон бичиж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул: Таны нүглийн төлөөсийг төлөх Аврагчийн хүслийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Алма 45:20–24-т цэдэглэснээр Хиламан үйлчлэлээ Их Эзэний бошиглогч бөгөөд сүмийн удирдагчийн хувьд эхэлсэн ажээ. Тэр болон сүмийн бусад удирдагчид сүм даяар үйлчлэх пристүүд болон багш нарыг томилсон ч зөрчилдөөн ба бардамнал газар авснаас болж хүмүүс удирдагчдаа сонсохоос татгалздаг.

Алма 46

Ахмад Моронай эрх болон шүтлэгээ хамгаалахын тулд зөв шударга хүмүүсийг нэгтгэн цуглуулав

Ирэгтүн

Алма 46:1–7-д цэдэглэснээр Хиламан болон түүний ах дүүст уурласан зарим хүмүүс сүмийг орхиж, хаан болохыг хүсэгч Амаликая хэмээх нэгэн ёс бус хүнийг дагахаар сонгодог. Алма 46:8–10-ыг уншиж, Мормон биднийг энэхүү аюултай нөхцөл байдлаас юу сураасай гэж хүссэнийг олж мэд.

Нифайчуудын их цэргийн ерөнхий ахмад Моронай хүмүүсийн эрх чөлөөг хамгаалахын тулд тэднийг нэгтгэн цуглуулахаар нөмрөгөө урж, үүнийхээ нэг хэсгээр “эрх чөлөөний туг” хийжээ.

Алма 46:12–13-ыг уншиж, Моронай эрх чөлөөний туган дээрээ юу гэж бичсэнийг олж тэмдэглэ. Тэрээр хүмүүст эрх чөлөөний тугаа таниулахын тулд хэрхэн бэлтгэснийг ол. Эдгээр шүлгүүд Моронайн зан чанарын талаар юу зааж байгааг тунгаан бод. Мөн ахмад Моронайн зан чанарын талаар илүү сайн ойлголттой болохын тулд Алма 48:11–13, 17–18-ыг унш. Та Моронайн зан чанаруудаас амьдралдаа хөгжүүлэхийг хүсч буй зан чанаруудыг тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 46:12–13, Алма 48:11–13, 17–18 дахь Моронайн зан чанаруудаас нэгийг эсвэл илүү олныг судар судлах тэмдэглэлдээ бич. Та яагаад ийм зан чанаруудтай байхыг хүсч байгаа болон эдгээрийг хөгжүүлэхээр хэрхэн хичээхээ тайлбарлан бич.

Алма 46:18–22-ыг уншиж, эрх чөлөөний төлөө тэмцэх Моронайн уриалгад хүмүүс хэрхэн хариулсныг олж мэд. 20-р шүлэгт дүрслэгдсэн уг гэрээ нь нифайчуудын энэ бүлгээс Бурханд өгсөн онцгой амлалт юм.

Алма 46:20-д цэдэглэснээр Моронай яагаад нифайчууд эрх чөлөө, шүтлэг бишрэлээ хамгаалахын тулд Бурхантай гэрээ хийхийг хүссэн бэ?

Алма 46:28–37-д цэдэглэснээр Ахмад Моронайтай нэгдсэн нифайчууд Амаликаягийн их цэргийг олзолдог. Гэвч Амаликая зарим хүмүүсийнхээ хамт зугтаж, леменчүүдтэй нэгддэг. Амаликаягийн олзлогдсон дагалдагчдаас олон нь эрх чөлөөг дэмжих гэрээнд оржээ. Гэрээнд ороогүй хүмүүс үхэлд хүргэгдэв. Бид нифайчуудын туршлагаас дараах зарчмыг сурч чадна: Бид Ахмад Моронайн адил зарлигуудыг дагах зоригтой байвал Бурхан биднийг хүчирхэгжүүлж, адисалдаг.

Ахмад Моронай тулалдааны дараа тэд юуны төлөө тэмцэж, юуг хамгаалах гэрээ хийснийхээ “жишиг” эсвэл сануулга болгон бүх нифайчуудын цамхаг бүр дээр эрх чөлөөний тугийг мандуулсан юм (Алма 46:36-г үзнэ үү).

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд Тэргүүн Зөвлөл ийн хэлжээ: “Хайрт залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ээ бид та нарт агуу итгэл найдвар хүлээлгэдэг билээ. Та нар бол Бурханы хайртай охид хөвгүүд бөгөөд Тэр та нарыг мэддэг, та нарт санаа тавьдаг. Та нар агуу их боломжууд болоод мөн асар их сорилт бэрхшээлүүдийн үед энэ дэлхийд мэндэлсэн билээ. Энэ товхимол дахь жишгүүд одоо болон ирээдүйд чухал сонголтуудыг хийхэд тань та нарт туслах болно. Та нар хийсэн гэрээнүүд болон эдгээр жишгүүдээ дагаснаар Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислагдаж, итгэл, гэрчлэл тань өсөн хүчирхэгжиж, үлэмж их аз жаргалтай болно гэдгийг бид амлаж байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа судар судлах тэмдэглэлдээ Тэргүүн Зөвлөлийн энэхүү захиасаас сурсан зүйлээсээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Хэрэв та нар хийсэн сайн мэдээний гэрээнүүд болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдээр амьдарвал, та нарт ямар амлалтууд өгөгдсөн бэ?

    2. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын гарчгийг харж, товхимол дахь жишгүүдээс нэгийг сонго. Энэ жишгийг дагаснаар таны амьдрал хэрхэн адислагдсан бэ? Эсвэл энэ нь таны амьдралыг ирээдүйд хэрхэн адисалж болох вэ?

Алма 47

Амаликая урван тэрслэлт болон заль мэхээр леменчүүдийн хаан болов

Таныг тулалдаж байх үед хэн нэгэн нь таныг болон гэр бүлийг тань устгах дайсны төлөвлөгөөг илчилсэн нэгэн номыг танд өгвөл та яах вэ? Алма 47-р бүлэг нь бидний дайсан болох чөтгөрийн төлөвлөгөөний талаар зарим ойлголтуудыг өгч чадна.

Алма 47-д Амаликая леменчүүдийн их цэргийг нифайчуудын эсрэг дайнд удирдахын тулд леменчүүдийн хаан болохыг хичээсэн олон оролдлогыг цэдэглэсэн байдаг. Түүний эцсийн хүсэл бол бүх нифайчуудыг боолчлолд авчирч, өөрөө хаан нь болох явдал байлаа.

Амаликая болон түүний дагалдагчид эхлээд леменчүүдийн амьдарч байсан Нифайн нутаг руу очдог. Леменчүүдийн хаан нифайчуудын эсрэг дайтахыг хүссэн ч ихэнх хүмүүс нь айж байв. Тиймээс уг хаан Амаликаягаас тэрхүү айсан леменчүүдийг дайнд нэгдэхэд албадахыг хүсдэг. Амаликая тэдгээр хүмүүсийн зугтсан газар уулын бэхлэлт рүү хүрч очсон ч хаанд туслахыг хүссэнгүй. Тэрээр айж хулчийсан леменчүүдийн удирдагч Лихонтиг мэхлэн уулын бэхлэлтээс бууж ирүүлээд өөрөө тэдний хаан болохыг хүсчээ. Амаликая Лихонтиг уулнаас бууж ирснийх нь дараа түүнд хор өгч хөнөөхөөр төлөвлөдөг.

Алма 47:10–12-ыг судал. Амаликая Лихонтиг аюулгүй газраасаа гарч ирүүлэхийг хэдэн удаа оролдсон бэ? Мөн Алма 47:17–19-ийг унш. Амаликая Лихонтиг уулнаас бууж ирснийх нь дараа түүнийг хэрхэн хөнөөсөн бэ?

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс өнөө үеийн хүмүүс биднийг сүнслэг байдлын аюулгүй газраасаа гарч, чөтгөрийн нутаг руу ороход уруу татсанаар бидний итгэл болон гэрчлэлийг устгахыг хичээж болно гэдгийг заадаг: “Бид Мормоны Номоос Лихонти болон түүний хүмүүс уулын орой дээр байрласан тухай уншдаг. Урвагч Амаликая Лихонтиг ‘бууж ирээд’ түүнтэй хөндийд уулзахыг ятгадаг. Гэвч Лихонти өндөр газрыг орхисноор үхэх хүртлээ ‘бага багаар’ хордож, түүний их цэрэг Амаликаягийн гарт ордог (Алма 47-г үзнэ үү). Зарим хүмүүс маргаан болон гүтгэлгээр дамжуулан биднийг өндөр газрыг орхиход өдөөн хатгадаг. Өндөр газар нь гэрэл байдаг. … Энэ нь аюулгүй газар юм. Өндөр газар нь үнэн бөгөөд мэдлэг тэнд оршдог” (“Christian Courage: The Price of Discipleship,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 74).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Биднийг сүнслэг байдлын өндөр газруудаас “бууж ирүүлэхийг” эрэлхийлдэг Сатаны зарим аргууд юу вэ?

    2. Сатан залуу хүмүүсийг жишгүүдээ “бага багаар” бууруулах байдлаар мэхлэхийг хичээдэг гэж та боддог уу? Үүний ямар жишээ байна вэ?

    3. Сүнслэг байдлын хувьд өндөр газарт үлдэхийн тулд та ямар тодорхой зүйл хийж чадах вэ? Та энэхүү жишгийг “бага багаар” бууруулахгүйн тулд сайн мэдээний ямар жишиг дээр ажиллах шаардлагатай байгаа вэ?

Сатан Амаликаяг хөнөөснийхөө адил биднийг устгахыг эрэлхийлдэг бөгөөд жишгүүдээ бага багаар бууруулахад биднийг уруу татдаг.

Алма 48–49

Ахмад Моронай нифайчуудад өөрсдийгөө бие махбод болон сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлэхэд сүнслэгээр нөлөөлөв

Амаликая “заль мэх мөн луйвраар” (Алма 48:7) леменчүүд болон нифайчуудын дээр хүч ба эрх мэдлийг олохыг улайран хичээж байсан бол Моронай маш өөр арга замаар ажиллаж байлаа. Алма 48:7–10-г уншиж, Моронай Амаликаяг леменчүүдийн их цэргийг нифайчуудын эсрэг удалгүй удирдан ирэх болно гэдгийг мэдээд юу хийснийг ол. Та эдгээр санаануудыг тэмдэглэх хэрэгтэй: (1) Тэрээр хүмүүсийг хэцүү цаг үеүдэд Бурханд итгэлтэй байхад нь бэлтгэсэн юм (7-р шүлгийг үзнэ үү). (2) Тэрээр хүмүүст сул дорой байдлаа хүчирхэгжүүлэхэд нь туслав (8—9 -р шүлгийг үзнэ үү). (3) Тэрээр хүмүүсийг “Христэд итгэгчдийн зорилго” эсвэл сүмийг дэмжиж, хамгаалахад бэлтгэдэг (10-р шүлгийг үзнэ үү).

Моронай хүмүүсээ хүнд бэрх үеүдэд эцсээ хүртэл тэвчихэд бэлтгэхэд нь тусалсны адилаар өнөө үеийн сүмийн удирдагчид хүнд цаг үеүдэд бэлтгэхэд бидэнд туслахын тулд зөвлөгөө өгдөг. Та дараах үнэнийг судартаа Алма 48:7–10-ын хажууд бичиж болно: Бид Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагаснаар амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бэлтгэгдэх болно.

Леменчүүд эхлээд нифайчуудын сул дорой хотууд болох Аммонайха хот, дараа нь Ноа хот руу дайрахаар төлөвлөж байв. Леменчүүд Аммонайха хот дахь нифайчуудын бэлтгэлийг хараад ямар хариу үйлдэл үзүүлснийг мэдэхийн тулд Алма 49:4–5-ыг унш. Тэр хот нь дайсны дайралтад маш сайн бэлтгэгдсэн учраас леменчүүд хот руу дайрахгүй байхаар шийддэг. Леменчүүд Ноа хот руу дайрахыг хичээх үедээ юу хийснийг мэдэхийн тулд Алма 49:12–14-ийг унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХамгийн сүүлчийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг хэдэн хором дахин хар (Ensign эсвэл Лиахона). Нэг эсвэл илүү олон үг хэлэгчдийн өгсөн зөвлөгөөг судар судлах тэмдэглэлдээ товчлон бич. Энэ зөвлөгөө амьдралын хүнд хэцүү үеүдэд бэлтгэлтэй байхад тань хэрхэн тусалж чадах вэ? Та энэ зөвлөгөөг амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 45–49-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: