2-р хэсэг: 4 дэх өдөр
1 Нифай 5–6; 9
Оршил
Бошиглогч Лихайн эхнэр Сариа хөвгүүдээ Иерусалимаас буцаж ирэхгүй байх хэмээн айж байлаа. Лихай Их Эзэнд итгэх итгэлээ илэрхийлэн эхнэрээ тайтгаруулж байжээ. Хөвгүүд нь гуулин ялтсуудыг авч эсэн мэнд эргэж ирсэнд Сариа, гэр бүлийг нь Бурханы мутар удирдан, хамгаалдаг талаар хүчтэй гэрчлэлтэй болсон ажээ. Лихай гуулин ялтсуудыг судалснаар “Сүнсээр дүүрч, үр удмынхаа тухай бошиглож эхлэв” (1 Нифай 5:17). Энэ хичээлийг судлахдаа хувиараа судар судалдаг тухайгаа болон Бурханы үгийг судалснаас ирдэг хүчийг хүлээн авахын тулд юу хийж болохоо бод.
1 Нифай 5:1–9
Лихайн хөвгүүд цөлд гэр бүлдээ эсэн мэнд эргэж ирэв
Иерусалимд очиж, тэндээс буцаж ирэхэд Нифай болон түүний ах нарт хэдэн долоо хоног шаардагдсан байх. Ах, эгч, дүү, эцэг эх эсвэл таны таньдаг хэн нэгэн номлол, сургууль эсвэл цэргийн албанд удаан хугацаагаар гэрээ орхин явсан тохиолдлыг тунгаан бод. Тэр үед хайртай хүнээсээ удаан хугацаагаар хол байх нь таны (эсвэл эцэг эхийн тань) санааг хэрхэн зовоосон бэ? 1 Нифай 5:1–3-ыг уншиж, хөвгүүд нь Иерусалим руу буцах тухайд Сариа санаа зовж байгаагаа Лихайд хэрхэн илэрхийлснийг ол.
1 Нифай 5:4–6-г судалж, Лихай Сариагийн санаа зоволтонд хэрхэн хандсаныг ол.
-
Лихай эхнэртээ хэрхэн хариулсныг судрын тэмдэглэлдээ өөрийнхөө үгээр тайлбарлан бич.
Дараах асуултуудыг тунгаан бод:
-
Лихай Сариагийн санаа зоволтонд хэрхэн хандсан нь танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-
Бурханаас ирсэн илчлэлтүүд түүнд итгэл, урам зориг өгснийг Лихайн үгс хэрхэн харуулж байна вэ?
1 Нифай 5:6-д өгүүлснээр Лихайн гэрчлэл Сариад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Бид Лихай Сариа нарын энэ туршлагаас хоёр үнэнийг сурч болно. Үүнд: Хэрэв бид Их Эзэнээс ирсэн Сүнсний удирдамжийг дагах юм бол Тэр биднийг санаа амар байх боломжоор адислах болно. Мөн бид Бурханд итгэх итгэлээ илэрхийлснээр бусдыг тайтгаруулж, тэднийг хүчирхэгжүүлэх болно.
-
Хүнд сорилт тулгарсан үед Бурханы тайтгаруулагч нөлөөг мэдэрсэн үеийнхээ тухай, өөр хэн нэгнийг тайтгаруулж, хүчирхэгжүүлэхийн тулд гэрчлэлээ хуваалцсан эсвэл өөрөө хэн нэгний итгэлийн үгсийг сонсож тайтгаран, хүч чадлыг олж авсан тухайгаа судрын тэмдэглэлдээ бич.
1 Нифай 5:7–9-ийг уншиж, энэ туршлага Сариагийн итгэлд хэрхэн нөлөөлснийг ол.
-
Сариа энэ туршлагаас юу сурсан бэ?
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: 1 Нифай 5:8 дахь Сариагийн гэрчлэл 1 Нифай 3:7 дахь Нифайн гэрчлэлтэй юугаараа адилхан байна вэ?
1 Нифай 5:10–22
Лихай гуулин ялтсуудыг судалсан нь
Нифай болон түүний ах нар амь насаараа дэнчин тавьж, гэр бүлийнхээ эд хөрөнгийг золиослон, хол газар явж, гуулин ялтсуудыг авчрахад нь Бурхан тэднийг хамгаалсан юм. Хэрэв та Лихайн гэр бүлийн гишүүн байсан бол тэдний хүч чармайлт гуулин ялтсууд дээрх цэдгийг судлах хүсэл эрмэлзэлд тань хэрхэн нөлөөлөх байсан бэ?
Лихай, хөвгүүд нь эсэн мэнд эргэж ирсний дараа гуулин ялтсууд дээрх цэдгүүдийг судалж эхэлсэн ажээ. 1 Нифай 5:11–14-ийг уншихдаа гуулин ялтсуудын агуулдаг зүйлсийн доогуур зур.
1 Нифай 5:17–20-ийг уншиж, гуулин ялтсуудыг судалсан нь Лихайд хэрхэн нөлөөлснийг ол. Эдгээр шүлгүүдээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг хэрхэн гүйцээж болох вэ? (1 Нифай 5:17-г үз): Бид судруудыг судалснаар
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Робэрт Д.Хэйлс дараах үнэнийг нотолсон юм:
“Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Мөн Түүнээс бидэнд хандан ярихыг хүсэх үедээ бид судруудыг судалдаг; учир нь Түүний үгс бошиглогчдоор дамжин бидэнд ирдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг анхааран сонссон үед Тэрбээр бидэнд заах болно.
“Хэрэв танд хандан ярьсан Түүний дуу хоолойг та сүүлийн үед сонсоогүй бол өөр мэлмий, соргог сонортойгоор судруудад эргэн ханд. Судрууд бол бидний сүнслэг тусламж юм” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign ба Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27).
-
Судруудыг судалж байхдаа Их Эзэний Сүнсийг мэдэрсэн үеийнхээ тухай судрын тэмдэглэлдээ бич.
1 Нифай 5:21–22-ыг уншиж, ялтсууд яагаад Лихай болон түүний гэр бүлд “агуу эрхэм үнэт” зүйл байсныг олж мэд.
“As I Search the Holy Scriptures” (Би ариун судруудыг судалдаг) дууллыг гаргаж, судруудыг судалснаас ирдэг адислалуудад анхаарлаа хандуул (Hymns, no. 277). Судруудыг хэрхэн өдөр бүр уншиж судалдгаа тунгаан бод. Судар уншиж судлахаа хэрхэн сайжруулж болох вэ?
Мөнх бус амьдрал дахь аяныхаа үед судруудыг мэргэн ухаанаар судлах боломж бидэнд бий. Итгэл, золиослолын ачаар олж авсан гуулин ялтсуудгүйгээр Лихай болон түүний гэр бүл аян замдаа хэрэгтэй байсан адислалуудыг хүлээн авч чадахгүй байсныг сана (1 Нифай 5:22-ыг үзнэ үү). Та судруудыг судалснаар Их Эзэний Сүнсээр дүүрч, Түүний зарлигуудыг сахих хүч чадал, итгэлийг хүлээн авах болно.
1 Нифай 6:1–6
Нифай, бүх хүмүүсийг Есүс Христэд ирэхийг ятгахын тулд бичсэн юм
Гэртээ байгаа номуудаас нэгийг сонго эсвэл уншсан нэг номынхоо тухай бод. Энэ номыг зохиогч нь ямар зорилгоор бичсэн гэж та бодож байна? Зохиогчийн зорилгыг мэдэх нь уг номыг уншихад өөрт тань хэрхэн туслах вэ?
1 Нифай 6:3–6-г уншиж, энэ цэдгийг бичсэн Нифайн зорилгын доогуур зур. “Абрамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” (4-р шүлэг) хэмээх хэллэг нь Есүс Христ болох Иеховаг хэлж байгаа юм. Нифайн зорилго бол Мормоны Номон дахь бүх бичээсийг бичсэн хүмүүсийн зорилго болон үргэлжилдэг. Үүнд: Мормоны Номын нэг зорилго бол Есүс Христэд ирэхэд бүх хүмүүсийг ятгах явдал мөн.
-
Нифайн цэдгээ бичсэн зорилгыг ойлгох нь Мормоны Номыг судлах арга барилд тань хэрхэн нөлөөлж болохыг судрын тэмдэглэлдээ бич.
1 Нифай 9
Нифай хоёр хэсэг ялтсуудыг бүтээжээ
1 Нифай 9-д (мөн 6-р бүлгийг үз) Нифай хоёр цэдэг бүтээхийг өөрт нь зарлиг болгосон тухай өгүүлжээ. Эдгээр цэдгүүдийг Нифайн бага болон их ялтсууд хэмээн нэрлэдэг. Бага ялтсууд нь түүний хүмүүсийн ариун нандин түүх, бошиглогчдын үйлчлэл, Их Эзэний илчлэлтүүдийг агуулдаг бол их ялтсууд нь төр засаг, иргэний түүхийг агуулдаг (1 Нифай 9:2–4 -ийг үзнэ үү). Их Эзэн түүнд хоёр хэсэг ялтас бүтээхийг зарлиг болгосон учир Нифай “эдгээр ялтсууд,” “нөгөө ялтсууд” гэдэг хэллэгийг хэрэглэсэн ажээ. Судрынхаа зах дээр 1 Нифай 9-ийн хажууд, Нифай ямар ялтсын тухай өгүүлснийг санахад тань туслах дараах тэмдэглэлийг хий: “эдгээр ялтсууд” = бага ялтсууд (ариун); “нөгөө ялтсууд” = их ялтсууд (төрийн).
Мормоны Номыг судалснаар Нифай яагаад хоёр хэсэг цэдэг хөтөлснийг та ойлгох болно. Нифай бага ялтсууд дээрх аавынхаа шастираас (1 Нифай 1–8-д байгаа) хураангуйлсан буюу товчилсон цэдэг бүтээхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн ажээ. Ойролцоогоор 1000 жилийн дараа бошиглогч Мормонд Нифайн бага ялтсуудыг алтан ялтсуудтай нэгтгэхийг Их Эзэн даалгасан байна (Мормоны Үгс 1:7-г үзнэ үү). Хоёр бошиглогч яагаад ингэх ёстойг мэдэхгүй байсан ч Их Эзэний зарлигийг биелүүлжээ (1 Нифай 9:5-ыг үзнэ үү).
-
1 Нифай 9-ийг судлах явцдаа бид Их Эзэний шалтгааныг бүрэн ойлгохгүй байлаа ч Түүнийг дуулгавартай дагах нь яагаад чухал болохыг тунгаан бодож, судрын тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 1 Нифай 5–6, 9-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: