25-р хэсэг: 1 дэх өдөр
3 Нифай 11:18–12:48
Оршил
Өгөөмөр нутаг дахь ариун сүмд байсан хүн бүр Eсүс Христийн хавирга, гар, хөл дээрх шархны сорвиудыг тэмтэрч үзсэний дараа, Аврагч Нифай болон бусад хүмүүст баптисм хүртээх эрх мэдлийг өгөв. Аврагч мөн хүмүүст зөрчилдөөнөөс зайлсхийхийг анхааруулаад, сайн мэдээгээр амьдардаг хүмүүс Бурханы хаант улсыг өвлөх болно хэмээн амлажээ. Тэр мөн хүмүүст Түүний сайн мэдээний адислалуудыг хэрхэн хүлээн авахыг зааж, бусдад сайн нөлөө үзүүлдэг байхыг сургав. Аврагч Мосeгийн хуулийг гүйцэлдүүлснээ мэдэгдээд Тэрбээр хүмүүсийг Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэй адил болоход бэлтгэхийн тулд тэдэнд илүү өндөр түвшний хуулийг өгчээ.
3 Нифай 11:18–30
Eсүс Христ Нифай болон бусад хүмүүст баптисм хүртээх эрх мэдлийг өгч, зөрчилдөөнийг буруутгав
Өөрийнхөө баптисмд бэлтгэж байх үед эсвэл найз болон гэр бүлийн гишүүн тань баптисм хүртэхээр бэлтгэж байхад танд ямар бодол, мэдрэмж төрснийг санаж байна уу? Олон хүмүүс “Хэн надад баптисм хүртээж болох вэ?” “Баптисмын ёслолыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?” гэх мэт асуултуудыг асуудаг. Эдгээр асуултуудад та хэрхэн хариулахаа сайтар бод.
Та 3 Нифай 11:1–17-г судлаад “Өгөөмөр нутагт байрлах ариун сүмийн эргэн тойронд байсан Нифайн хүмүүс” (3 Нифай 11:1) дээр Eсүс Христ хүрч ирснийг мэдсэн билээ. Тэдгээр хүмүүс Түүний шархны сорвиудыг тэмтэрч үзэн Түүний амилалт болон бурханлаг чанарын талаар хувийн гэрчлэлтэй болсон байлаа. Энэхүү үйл явдлын дараахан Аврагч тэдэнд баптисмын тухай, хэн баптисм хүртээж болох, баптисмыг хэрхэн хүртээх талаар заажээ.
3 Нифай 11:18–22, 24–25-ыг уншаад “Хэн надад баптисм хүртээж болох вэ?” гэсэн асуултад хариулж бич.
3 Нифай 11-р бүлэгт цэдэглэгдсэнээр Аврагчийн хэлсэн болон хийсэн зүйлсээс бид дараах зүйлийг сурдаг: Баптисм нь зохих эрх мэдлийг атгадаг хүнээр хийгдэх ёстой. Орчин цагийн илчлэлтүүд нь баптисмыг зөвхөн Аароны санваарын пристийн албыг атгадаг хүн (C ба Г 20:46) эсвэл Мелкизедек санваартан гүйцэтгэж болохыг тодруулжээ (С ба Г 20:38–39; 107:10–11-ийг үзнэ үү). Түүнээс гадна уг хүн тухайн ёслолыг гүйцэтгэх зөвшөөрлийг олгоход шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчийн (бишоп, салбарын ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч эсвэл Ерөнхий эрх мэдэлтэн) удирдлага дор үйлдэх ёстой.
3 Нифай 11:23–27-г уншаад “Баптисмын ёслолыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?” гэсэн асуултад хариулж бич.
-
Яагаад баптисм нь Их Эзэний үзүүлсэн маягаар хийгдэх ёстой гэж боддогоо судар судлах тэмдэглэлдээ бич. Баптисмын үед баптисмын ёслолын үгсийг буруу хэлэх эсвэл баптисм хүртэж байгаа хүн усанд бүрэн дүрэгдээгүй бол яах вэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах багц асуултуудаас нэгд нь эсвэл түүнээс олонд нь хариулж бич.
-
Та яагаад баптисм хүртсэн, мөн баптисмын ёслолын талаар юу санаж байна вэ? Хэн танд баптисм хүртээсэн бэ? Та хэдэн настай байв? Баптисм хүртэх үед танд ямар мэдрэмж төрсөн бэ? Зохих санваартнаар, Их Эзэний үзүүлсэн маягаар баптисм хүртсэн гэдэг нь танд ямар утга учиртай вэ?
-
Та ойрд хэн нэгэн нь баптисм хүртсэнийг харсан уу? Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-
Хэрэв та Аароны санваарын пристийн албыг атгадаг бол, баптисм хүртээх эрх мэдэлтэйгээ мэдэх нь танд хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрэв танд хэн нэгэнд баптисм хүртээх боломж олдсон бол, уг туршлагын явцад юуг мэдэрч, юу сурсан бэ?
-
3 Нифай 11:28–30-д цэдэглэгдсэнээр Их Эзэн хүмүүсийг баптисмын тухай эсвэл уг сургаалын бусад хэсгүүдийн талаар хоорондоо зөрчилдөхгүй (маргалдахгүй) байхыг зөвлөжээ. Есүс Христ зөрчилдөөн чөтгөрөөс ирдэг бөгөөд үүнийг зайлуулах ёстой гэж заасан билээ.
3 Нифай 11:31–41
Eсүс Христ сургаалаа тунхагласан нь
Өнөөдөр хийсэн сайн үр дагавартай ямар нэгэн зүйлийнхээ (үйлдэл) тухай бод. Үйлдэл болон үр дүнг нь дараах жишиг зургийн холбогдох талуудад нь бич. Тэгээд өнөөдөр хийсэн муу үр дагавартай нэг үйлдлийнхээ тухай бод.
Үйлдэл ба үр дагаврын холбоог заримдаа ургац хураалтын хууль гэж нэрлэдэг. Орчин цагийн илчлэлтэд үүнийг: “Та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно; тиймийн тул, хэрэв та нар сайныг тарьвал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно” (С ба Г 6:33) гэж тайлбарлажээ.
3 Нифай 11:31-ийг уншаад Eсүс Христ хүмүүст хандан юуг тунхаглах гэж байсныг ол.
-
3 Нифай 11:32–39-д цэдэглэгдсэнээр Eсүс Христ “Эцэгийн [Түүнд] өгсөн” (3 Нифай 11:32 Өөрийн сургаалыг тунхагласан юм). Дараах хүснэгтийг судар судлах тэмдэглэлдээ хуулж бич. Судрын эшлэл бүрийг уншиж, Eсүс Христ Өөрийн сургаалтай холбогдуулан заасан үйлдлүүд ба тэдгээрийн үр дагавруудыг олж мэд. Жагсаалтаас олсон зүйлсээ судар судлах тэмдэглэлдээ бич.
Үйлдлүүд
Үр дагаврууд
Та нарын жагсаалтын дагуу Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд тэнгэрийн хаант улсад орохын тулд ямар чухал үйлдлүүдийг хийх ёстой хэмээн Eсүс Христ заасан бэ?
Та 3 Нифай 11:32-т Ариун Сүнс Тэнгэрлэг Эцэг, Eсүс Христ хоёрыг гэрчилдэг гэсэн байгааг анзаарсан байх. Хамгийн сүүлд Ариун Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Eсүс Христ хоёрын үнэн чанар болон хайрыг гэрчилсэн тохиолдлыг тунгаан бод.
3 Нифай 12:1–16
Eсүс Христ Өөрийнх нь сургаалын дагуу амьдарвал бидний хүлээн авах адислалуудын тухай цугласан олонд заав
Үнэн, худал гэсэн хоёр үгийн аль тохирохыг ашиглан доорх хариултуудыг дугуйл.
-
Тэнгэрлэг Эцэг биднийг төгс байхыг хүсдэг.
-
Бид сeлeстиeл хаант улсад орохын тулд энэ амьдралдаа төгс байх хэрэгтэй.
-
Бид төгс болж чадна.
Хариултуудыг шалгахдаа эхлээд 3 Нифай 12:48-ыг унш. (Энэ бол төгс эзэмших судар. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)
Төгс байх нь ямар учраас боломжтой байдаг вэ? Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон төгс байх зарлигийн талаар дараах үгсийг хэлжээ: “Төгс төгөлдөр болох бидний чин сэттгэлийн хүч чармайлт одоогоор хэрээс хэтэрсэн [дэндүү хэцүү] юм шиг, бүр эцэс төгсгөлгүй юм шиг санагдсан ч бид шантрах ёсгүй. Төгөлдөржилт бол хожим ирэх зүйл юм. Энэ нь зөвхөн Их Эзэнээр дамжин амилуулалтын дараа бүрэн хэрэгжих бөгөөд Түүнийг хайрладаг бөгөөд зарлигуудыг нь дагадаг бүх хүмүүсийг хүлээж байдаг” (“Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88).
Дараах асуултыг тунгаан бод: Төгөлдөржилт “зөвхөн Их Эзэнээр дамжин” ирнэ гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?
Өмнөх үнэн, худал гэсэн асуулт хариултыг эргэж хараад 3 Нифай 12:48 ба ахлагч Нэлсоны хэлсэн үгсээс сурсан зүйл дээрээ үндэслэн хариултаа өөрчил.
3 Нифай 12–14-р бүлгүүд дэх Eсүс Христийн сургаалуудыг заримдаа “ариун сүм дэх номлол” гэж нэрлэдэг. Учир нь тэдгээр нь уулан дээрх Аврагчийн алдартай номлолтой (Maтай 5–7-р бүлгүүдийг үзнэ үү) ойролцоо бөгөөд энэхүү номлолын талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлдэг билээ. Ерөнхийлөгч Харолд Б.Лий ингэж заажээ: “Эзэн уулан дээрх номлолдоо, Өөрийн төгс зан чанарын талаар бага зэргийн илчлэлт эсвэл ‘үгийн үe бүрийг үйлсээрээ бичсэн намтраа’ бидэнд өгсөн бөгөөд тэр нь бидний амьдралд даган дуурайх загвар болдог” (Decisions for Successful Living [1973], 56). 3 Нифай 12–14-р бүлгүүдийг судлахдаа төгс төгөлдөр болохыг хичээхдээ ямар арга замуудыг хэрэглэхийг Аврагч танаас хүссэнийг олж мэд.
Аврагч Уулан дээрх номлолдоо ашигласан шиг, итгэлтэй хүмүүст өгөгдсөн адислал ба баяр баясгалангийн амлалт болох нэлээд хэдэн eрөөлөөр нифайчуудад хийсэн номлолоо эхэлжээ (3 Нифай 12:1–12-ыг үзнэ үү). Та эдгээр ерөөлүүдийг уншихдаа Аврагч бидэнд ямар чанаруудыг хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэнийг, бид эдгээр чанаруудыг хөгжүүлснээр ямар адислалуудыг авна гэж Тэр амласныг олж мэд. Та уншихдаа эдгээр чанарууд болон амлагдсан адислалуудыг тэмдэглэж авах хэрэгтэй. Сүнсэндээ ядуу (3 Нифай 12:3) гэдэг нь даруу бөгөөд Бурханаас хамааралтай, гашуудах (3 Нифай 12:4) гэдэг нь гэм нүгэлдээ харамсах мэдрэмж бөгөөд тэр нь наманчлалд хүргэдэг, хүлцэнгүй номхон (3 Нифай 12:5) байх нь даруу, номхон дөлгөөн байх, Бурханы хүсэлд дуулгавартай байх эсвэл дургүйцэл гомдолгүйгээр шударга бус явдлыг даван туулахдаа тэвчээртэй байх гэсэн утгуудыг тус тус илэрхийлдэг.
-
Та сая уншсан чанаруудаас олж авахыг хүсч байгаа эсвэл олж авахаар хичээн чармайх нэг чанарыг олж мэд. Та уг чанарыг хөгжүүлснээр хүлээн авсан эсвэл хүлээн авна гэж найдаж байгаа адислалуудаа судар судлах тэмдэглэлдээ бич.
Хэрэв бид Есүс Христийн сургаалын дагуу амьдарвал адислагдаж, тэнгэрийн хаант улсад ороход бэлтгэгдэнэ гэдгийг 3 Нифай 12:1–12-р шүлгүүд дэх олон үнэнээс сурсан билээ. Бид ингэснээрээ дэлхийд үлгэр жишээ эсвэл гэрэл гэгээ байх болно (3 Нифай 12:14–16-г үзнэ үү).
3 Нифай 12:17–48
Есүс Христ Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болоход туслах илүү өндөр түвшний хуулийг цугласан олонд заав
Есүс Христ нифайчуудад наманчилж, Түүний зарлигуудыг дагаснаар хэрхэн Түүнд ирэхийг заасан (3 Нифай 12:19–20-ийг үзнэ үү). 3 Нифай 12-р бүлгийн үлдсэн хэсэгт, Тэр Мосегийн хуулийн заалтуудыг дурдаад дараа нь илүү өндөр түвшний хуулийг заажээ. Тэрээр Мосегийн хуулийн заалтуудыг танилцуулахдаа “хуучин цагийн тэднээр хэлэгдсэнийг” эсвэл “бичигдсэнийг” гэх мэт үгсийг ашигласан юм. Тэгээд Тэрээр өнөөдөр биднийг сахиж амьдраасай гэж хүссэн тэрхүү шинэ бөгөөд илүү өндөр түвшний хуулийг танилцуулахдаа, “би та нарт хэлнэ …” гэсэн хэллэгийг ашигласан байна.
-
Дараах судрын эшлэлүүдийг уншаад ямар зан төлөв төгөлдөржилтөд хүргэдэг гэж Аврагч хэлснийг судар судлах тэмдэглэлдээ бич:
-
3 Нифай 12:21–22. Хоосон толгой гэдэг үг нь басамжилсан, илт дургүйцсэн эсвэл үзэн ядалтыг илэрхийлсэн доромжилсон хэллэг болохыг ойлгох нь зүйтэй.
-
3 Нифай 12:23–24. 24a зүүлт тайлбарыг хэн нэгэнтэй эвлэрнэ гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэдэхэд ашигла.
-
3 Нифай 12:25. “Өстөнтэйгээ … хурдхан эвлэр” гэсэн нь бусадтай зөрчилддөг асуудлаа хурдан шийдвэрлэх, энэ нь цаашид үргэлжилж, илүү том асуудал болохгүй байх ёстойг хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Ахлагч Дэвид Ю.Сорэнсэн, Далын гишүүнээр үйлчилж байхдаа: “Энэ зарчим нь өөр юунаас ч илүүгээр бидний гэр бүлд хамаатай” хэмээн заажээ (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 11).
-
3 Нифай 12:27–30. Шунал тачаал нь зохисгүй, хилэнцэт, аминч хүслийг хэлдгийг ойлгох хэрэгтэй.
-
3 Нифай 12-р бүлгийн эдгээр шүлгүүдээс бидний сурч болох нэг зарчим бол: Бид Христэд ирж, Түүний зарлигуудыг сахивал төгс төгөлдөр хүмүүс болж, Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болж чадна гэсэн зарчим юм.
Бид энэ амьдралд биш ч гэсэн ирэх амьдралд төгс төгөлдөр болохын тулд одоо л энэ тал дээр ахиц дэвшил гаргахыг хичээх ёстой хэмээн Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст тайлбарласан юм: “Төгөлдөржилт нь мөнхийн зорилго юм. Бид мөнх бус амьдралдаа төгс төгөлдөр болж чадахгүй ч төгөлдөржилтийн төлөө хичээн чармайх нь Цагаатгалаар дамжуулан бидний сахиж чадах зарлиг юм” (“This Is Our Day,” Ensign, 1999 оны 5-р сар, 19).
Төгс эзэмших судар—3 Нифай 12:48
-
3 Нифай 12:48-р шүлгийг үг үсэгчлэн цээжлээрэй. Энэ шүлгийг цээжлээд судар судлах тэмдэглэлдээ бич.
Их Эзэн биднийг мөнх бус амьдралдаа бүх зүйлд төгс болохыг шаарддаггүй. Харин бид Түүнийг дагаж, Цагаатгалын адислалаас хүртэхийг хичээн чармайвал эцэстээ төгс төгөлдөр болно гэдгийг санагтун.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 11:18–12:48-р шүлгүүдийг судалж энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: