9-р хэсэг: 3 дахь өдөр
Иаков 1–2
Оршил
Нифайг нас барсны дараа нифайчууд шинэ хааны хаанчлал дор “ёсон бус дадлуудад өөрсдийгөө өөгшүүлж эхэлсэн” (Иаков 1:15). Иаков, Иосеф хэмээх хоёр дүүгээ хүмүүсийн прист болон багш байхаар Нифай томилсон бөгөөд тэд наманчилж, Христэд ирэхийг хүмүүст уриалан, хичээнгүйлэн хөдөлмөрлөж байв. Нандин сургаалууд, илчлэлтүүд болон бошиглолуудыг жижиг ялтсан дээр цэдэглэ хэмээх Нифайн тушаалыг Иаков дуулгавартайгаар биелүүлсэн. Иаков тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлагадаа үнэнч байж, өөрийн хүмүүсийг наманчлалд дуудаж, тэдэнд бардамнах нүгэл, эд баялагт татагдан шунах, садар самуун байдлын талаар сэрэмжлүүлэв. Тэрээр энэхүү гурван өргөн дэлгэрсэн нүглийн аюул болоод үр дагавруудын талаар заажээ.
Иаков 1:1–2:11
Иаков хүмүүст тэдний ёс бус явдлыг сануулдаг
Та дараах нөхцөл байдалд юу хэлэх тухайгаа эргэцүүлэн бод: Сүм дээр нэг найз тань санваарын удирдагчдынхаа талаар сөрөг үзэл бодлоо илэрхийлэн “Тэд жинхэнэ ертөнцтэй холбоогүй байдаг юм шиг ээ. Тэд тийм ч сүртэй биш сонголтуудын талаар сэрэмжлүүлсээр л байх юм. Зайлсхийх хэрэгтэй бүхий л муу зүйлсийн талаар бидэнд хэлж хамаг цагаа барахаа болиосой гэж би хүсч байна. Тэд эерэг зүйлсийн талаар ярих хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Санваарын удирдагчид заримдаа яагаад нүглийн эсрэг сэрэмжлүүлэг өгдөг талаар бод. Нифайн үхлийн дараа (Иаков 1:9-ийг үзнэ үү) хүмүүс ёс бус дадлуудад анхаарлаа хандуулж эхэлсэн тухай Иаков цэдэглэв. Иаков 1:15–16-г уншаад, Иаковын санааг зовоосон юуг хүмүүс хийж байсныг тодорхойл.
Иаков 1:15–16-д гардаг эхэлсэн гэдэг үгийг дугуйлах хэрэгтэй. Асуудал гарах үед эсвэл бүр гарахаас нь өмнө бидэнд сэрэмжлүүлж байдаг санваарын удирдагчидтай байх нь яагаад адислал болдог вэ?
Иаков 1:6–8-ыг уншаад, Иаков болон түүний хамтран удирдагчид яагаад Нифайн хүмүүст нүглийн эсрэг зөвлөж байсныг тодорхойл. Гэр бүл дэх мөн харьяа болон ерөнхий санваарын удирдагчид тань яагаад нүглээс сэрэмжлүүлж, сайн мэдээг танд хичээнгүйлэн заадаг гэж та бодож байна вэ? Дараах үнэний тухай Иаков 1:7-д заадаг өгүүлбэрийг тэмдэглэх хэрэгтэй: Санваарын удирдагчид Христэд ирэхэд бидэнд туслахын тулд хичээнгүйлэн ажилладаг.
Иаков 1:17–19-ийг уншаад, яагаад Иаков болон түүний дүү Иосеф хоёр хүмүүст заахын тулд хичээнгүйлэн ажиллаж байсан нэмэлт шалтгаануудыг ол.
“Их Эзэнээс үүрэг даалгавар” авах гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна (Иаков 1:17)?
Дараах зарчмыг заахад тус болох өөр хэллэгүүдийг тэмдэглэх хэрэгтэй: Санваарын удирдагчдад Бурханы үгийг заах, нүглийн эсрэг сэрэмжлүүлэх тэнгэрлэг үүрэг хариуцлага өгөгдсөн байдаг.
Их Эзэний биднийг мэдээсэй хэмээн хүсдэг зүйлсийг заах гэж хичээн зүтгэх үүрэг хариуцлага нь сүмийн удирдагчдад өгөгдсөн гэдгийг ойлгох нь яагаад чухал болохыг хэсэг зуур тунгаан бод.
Иаков 2:1–3, 6–7, 10–11-ийг уншихдаа, өөрийн хүмүүсийг наманчлалд дуудах хэцүү даалгаврынхаа талаар Иаков юу мэдэрч байсныг илтгэх хэллэгийг ол.
-
Хэцүү даалгавраа биелүүлэх Иаковын учир шалгааныг танд заах дараах өгүүлбэрийн талаар эргэцүүлэн бод: “Би энэ өдөр өдийг хүртэл байснаас үлэмж илүүгээр та нарын бодгалиудын аз жаргалын төлөө хүсэл тэмүүлэл хийгээд зовнилдоо дарагдан байна” (Иаков 2:3) болон “Би Бурханы чанд зарлигуудын дагуу үйлдэх ёстой” (Иаков 2:10). Дараах асуултуудад хариулж, судрын тэмдэглэлдээ бич:
-
Та хэзээ санваарын удирдагчийнхаа хайр болон таны төлөө санаа тавихыг мэдэрсэн бэ?
-
Та хэзээ санваарын удирдагчийн тань хэлсэн үгс болон үйлдэл нь танд туслахаар Бурханаар нөлөөлөгдсөн байгааг мэдэрсэн бэ?
-
Хичээлийн эхэнд танилцуулсан нөхцөл байдлын талаар дахин эргэцүүлэн бод. Өнөөдрийн суралцсан зүйлс дээрээ тулгуурлан найздаа юу гэж хариулах тухайгаа бод.
Иаков 2:12–21
Иаков бардамналынх нь улмаас өөрийн хүмүүсийг зэмлэв
Их Эзэн Иаковт юу заахыг зарлигласан тухай суралцахаар бэлтгэхэд тань туслах дараах зүйлүүд дээр Их Эзэний танд өгсөн адислалуудын талаар бод: гэр бүл, найзууд, сүмийн удирдагчид болон багш нар, урлагийн болон хөгжмийн ур чадвар, спортын ур чадвар, авьяас, сурлага, өсөж хөгжих боломжууд, сайн мэдээний мэдлэг болон материаллаг хэрэгцээнүүд. Их Эзэн таныг адисалсан бусад арга замуудыг бод.
Иаков 2:12–13-ыг уншаад, нифайчууд юу эрэлхийлж байсныг тодорхойл. “Хангагч ариун мутар” нифайчуудыг эд баялгаар адисалсан хэмээн Иаковын заасныг анхаар. Энэхүү хэллэг нь Тэнгэр дэх Эцэгийг хэлж байгаа билээ.
-
Их Эзэн танд байгаа адислал болон авьяас чадваруудыг өгсөн гэдгийг санах нь яагаад чухал болохыг судрын тэмдэглэлдээ бич.
Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол нифайчуудын адил эрэлхийлж байсан адислалуудаа авсны дараа бид өөрсдийгөө бардамналд өргөх болно. Дараах зайд “зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөнө” гэдэг нь ямар утгатай болохыг өөрийн бодлоор бич.
Иаков 2:13-т цэдэглэгдсэнээр, нифайчуудын бардамналд унах болсон шалтгаанууд нь юу байсан гэж Иаков хэлсэн бэ?
Өнөө үед бусдаас “илүү баялаг эзэмшсэний” улмаас бусдыг ад үзэж, үл ойшоож, хавчдаг хүн эсвэл бүлэг хүмүүсийн талаар бод (Иаков 2:13). Жишээлбэл, зарим хүн бусдаас илүү мөнгө, илүү олон найз, илүү спортын авьяас, бүр сайн мэдээний илүү мэдлэгтэйнхээ улмаас өөрсдийгөө бусдаас илүү сайн гэж андууран боддог эсвэл бүр бусдыг хавчин гадуурхдаг байж болох юм. Та амьдралдаа бардам зан гаргаж байсан үе байвал тэрхүү үеийнхээ талаар тунгаан бод.
Иаков 2:17–21-ийг уншаад, бардамнахгүй байхад тань туслах өгүүлбэрүүдийг олж тэмдэглэ.
-
Иаков 2:17–21-р шүлгүүдээс олсон хоёр юмуу түүнээс дээш өгүүлбэрээ судрын тэмдэглэлдээ бичээд, бардамналаа давж гарахад эдгээр өгүүлбэрүүд танд хэрхэн туслахыг тайлбарла. Дараах асуултуудын зарим нь энэхүү даалгаврыг гүйцэтгэхдээ эргэцүүлэн бодоход тань тусалж болно: Бурханы хаант улсыг эрэлхийлэх гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна? Христэд найдах найдварыг олж авах гэдэг нь ямар утгатай вэ? Бурханы хаант улсыг эрэлхийлэх, Христэд найдах найдварыг олж авах нь бусдыг үзэх үзэл, тэдэнд хандах хандлагад тань хэрхэн нөлөөлөх вэ?
Аав, ээж эсвэл удирдагч тань танаас өнөөдөр юу сурсан бэ гэж асуусан гэж төсөөл. Тэдний асуултад хариулж болох нэг зарчмыг Иаков 2:17–21-р шүлгүүдээс бичиж ав.
Иаков 2:17–21 дэх нэг зарчим бол Бид бусад бүх сонирхлуудаасаа дээгүүр Бурханы хаант улсыг эрэлхийлэх хэрэгтэй.
-
Их Эзэний танд өгсөн адислал ба боломжуудыг Бурханы хаант улсыг байгуулахад туслах болон бусдын амьдралыг адислахдаа ашиглаж болох нэг арга замыг судрын тэмдэглэлдээ бич.
Иаков 2:22–30
Иаков өөрийн хүмүүсийн садар самуун явдлыг буруушаав
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон дараах үгсийг хэлжээ. Хоосон зайд ямар гурван үг бичих ёстойг таа:
“Энэ үеийнхний нүгэлт тахал бол ” (“Cleansing the Inner Vessel,” Ensign, 1986 оны 5-р сар, 4; хичээлийн төгсгөлөөс зөв хариултыг хараарай).
Иаков 2:22–23, 28-ыг уншаад, ноцтой садар самуун явдлыг дүрслэхдээ Иаковын ашигласан үгсийг олж тэмдэглэ. Завхайрал гэдэг нь садар самууныг үйлдэх нүгэл гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болно.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт нь Их Эзэний өгсөн ариун явдлын хуулийг зөрчих зарим үйлдлүүдийг тайлбарласан юм: “Гэрлэлтийн харилцаанаас гадуурх аливаа бэлгийн дотно харилцаа, өөрөөр хэлбэл бусдын биеийн нууцлаг далд, ариун хэсгүүдэд хувцасны гаднаас болон дотуур санаатайгаар хүрэх нь Бурханаар хориглогдсон бөгөөд энэ нь нүгэл юм. Өөрийнхөө биед иймэрхүү мэдрэмжийг санаатайгаар өдөөх нь түүнчлэн зөрчил мөн” (“Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 38).
Ижил хүйстэнтэйгээ хийх аливаа үйлдлүүд болон порнограф үзэх нь Их Эзэний ариун явдлын хуулийг зөрчсөн хэрэг болно.
Иаков 2:23–24-т цэдэглэгдсэнээр нифайчууд хэрхэн өөрсдийн нүглийг зөвтгөж байсныг анхаар. Өнөөдөр хүмүүс хэрхэн садар самуун явдлаа зөвтгөхийг эрэлхийлж байгаа тухай бод.
Нифайчуудын үйлдсэн нүглүүдийн нэг нь зөвшөөрөгдөөгүй олон эхнэртэй байх явдал байлаа. Иаков эрэгтэй хүн нэг эхнэртэй байх ёстой хэмээх Их Эзэний зарлигийг заав (Иаков 2:27-г үзнэ үү). Их Эзэний томилогдсон санваарын удирдагчаар дамжуулсан Түүний зөвшөөрөлгүйгээр нэгээс олон эхнэртэй байх нь садар самууныг үйлдсэн нүглийн нэг жишээ байв. Садар самууныг үйлдсэн нүгэл нь Бурханы мэлмийд ноцтой билээ (Алма 39:5-ыг үзнэ үү).
Зөвхөн Их Эзэн зарлигласан үед Түүний хүмүүс олон эхнэртэй байж болно (Иаков 2:30-ийг үзнэ үү). Дэлхийн түүхийн тодорхой цаг үеүдэд Их Эзэн Өөрийн хүмүүст олон эхнэртэй байхыг зарлиглаж байсан. Жишээлбэл, Хуучин Гэрээний Абрахам ба Сариа нарын үед (Эхлэл 16:1–3; C ба Г 132:34–35, 37) мөн тэдний ач хүү Иаков (C ба Г 132:37), түүнчлэн Иосеф Смитээс эхлэн Сүм сэргээгдсэний дараахан олон эхнэртэй байх тушаал нь мөрдөгдсөн (C ба Г 132:32–33, 53-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Бурхан өөрийн бошиглогч Вилфорд Вүдраффт олон эхнэртэй байх тушаалыг мөрдөхөө зогсоо хэмээн зарлигласан (Сургаал ба Гэрээн дэх Албан тунхаг 1).
Иаков 2:31–35-ыг уншаад, бэлгийн нүглийн зарим сөрөг үр дагавруудыг үзүүлсэн өгүүлбэрүүдийг тэмдэглэ.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Иаковын хэлснээр садар самуун явдал нь гэр бүлүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Зарим өсвөр насны хүүхдүүд гэрлээгүй мөн хүүхэдгүй болохоор садар самууныг үйлдэж болно, энэ нь эхнэр юмуу нөхрөө хуурсан хэрэг биш гэж боддог. Садар самуун явдал өсвөр үеийнхнийг болон тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Их Эзэн яагаад садар самуун явдлыг тийм ноцтой нүгэл хэмээн үздэг гэж та бодож байна вэ?
-
Иаков 2:28-ын эхний хэсгийг дахин үзээд, Их Эзэн юунд баясдагийг олж тэмдэглэ. (Энэхүү шүлэгт Иаков хэдийгээр эмэгтэй хүн хэмээн онцолж хэлсэн ч Их Эзэн эрэгтэй хүний ариун явдалд мөн адил баясдаг нь үнэн гэдгийг анхаар.) Энэ шүлэг дараах зарчмыг заадаг: Их Эзэн ариун явдалд баясдаг.
Өнөөдөр сурсан зүйлдээ тулгуурлан Их Эзэн яагаад Өөрийн хүүхдүүдийн ариун явдалд баясдаг болохыг эргэцүүлэн бод. Өөрийн гэр бүл болон ирээдүйн гэр бүлийнхээ тухай бод. Бурханы ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь таныг болон гэр бүлийг тань хэрхэн адислах вэ? Таны ариун явдал болон цэвэр ариун байхаар хийж буй сонголтууд Их Эзэнийг хэрхэн баясгаж байгаа тухай тунгаан бод.
Та цэвэр ариун үлдэж чадна. Хэрвээ та ариун явдлын хуулийн эсрэг нүгэл үйлдсэн бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж, цэвэр болох боломжтой. Ариун явдлын хуулийг зөрчихгүйн тулд өөрийгөө илүү сайн хамгаалах нэг юмуу илүү олон аргыг бодож олохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Хэрэв та садар самуун явдлыг ямар нэгэн байдлаар үйлдсэн бол бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзан Их Эзэний ариун явдлын хуулийг зөрчих ямар үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагатай бүх зүйлийг хий.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Иаков 1, 2-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:
Хичээлийн эхэнд гарсан эшлэлийг гүйцээж бичих дасгалын хариу: Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Энэ үеийнхний нүгэлт тахал бол садар самуун явдал юм” гэж хэлжээ.