11-р хэсэг: 2 дахь өдөр
Moзая 3
Оршил
Өөрийн хүмүүст хандан хэлэх үгээ үргэлжлүүлэхдээ хаан Бенжамин Есүс Христийн тохинууллын талаар тэнгэр элч түүнд ярьсан хэмээн хэлжээ. Нүгэл үйлдэгсэд нь Есүс Христэд итгэх итгэл ба наманчлалаар дамжуулан авралыг хүлээн авч чадна гэдгийг хаан Бенжамин гэрчилсэн. Түүнчлэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хувь хүн нь Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүнээ орхиж чадна хэмээн тэрээр заав.
Moзая 3:1–10
Хаан Бенжамин Цагаатгалын талаар тэнгэр элчийн үгийг хүргэв
Мозая 3-ыг судлахдаа “агуу их баясгалангийн баярт мэдээ”-ний эх сурвалж нь юу болохыг ол (Mозая 3:3).
Мозая 3:1–5-ыг уншаад, тэнгэр элч хаан Бенжаминд юу гэж хэлснийг ол. Тэнгэр элч хаан Бенжамины хүмүүст баясч, баяр баясгалангаар дүүргэгдэх шалтгаан байгаа хэмээн тунхаглажээ.
Тэнгэр элчийн мэдээнд нифайчуудыг баяр баяслаар дүүргэх юу байсан бэ?
Мозая 3:5–10-ыг уншаад, Аврагчийн мөнх бус тохинуулалд илүү талархалтай байхад тань туслах Аврагч болон Түүний тохинууллын тухай үг хэллэгүүдийг олж тэмдэглэ.
-
Тэмдэглэсэн хоёр өгүүлбэрээ сонгоод, тэдгээр нь Аврагчийн тохинууллыг илүү сайн ойлгож, үүнд илүү талархалтай байхад тань туслах юу зааж байгааг судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич.
Мозая 3:5–10-т олон сургаал болон зарчмуудыг заадаг. Хамгийн чухал зүйлсийн нэг нь: Есүс Христ зовж шаналсан болохоор бид нүглүүдээсээ аврагдах боломжтой гэдэг сургаал юм. Энэ сургаалыг судартаа Мозая 3:7–9-ийн хажууд бичих хэрэгтэй.
Мозая 3:7–9-ийг уншсаны дараа Лук 22:44 болон Сургаал ба Гэрээ 19:16–18-ыг унш. Мозая 3-р бүлэг ямар нэмэлт ойлголтыг өгдөг вэ? Аврагчид тохиолдсон зүйлд талархалтай байхад Мозая 3 бидэнд хэрхэн туслах вэ?
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс И.Талмэжийн Гетсемани цэцэрлэг дэх Аврагчийн шаналлын талаар хэлсэн дараах үгсийг унш.
“Цэцэрлэг дэх Христийн тарчлалын хэр хэмжээ болон учир шалтгааныг аль ч талаас нь эгэл хүний хязгаарлагдмал оюун ухаанаар ойлгох аргагүй юм. … Дэлхий дээр амьдарч байсан өөр ямар ч хүн дааж давж чадахааргүй тийм ачаан дор тэр зовон тарчилж байсан юм. Түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн тарчлал нь зөвхөн бие махбодын өвдөлт эсвэл оюун ухааны шаналлаас болоогүй, харин гагцхүү Бурхан л тэсэн гарч чадах бодгалийн шаналал байлаа. … Шаналлын тэрхүү мөчид Христ ‘энэ дэлхийн хун тайж’ [Иохан 14:30] Сатантай тулгарч, түүний учруулж болох бүхий л аймшгийг даван туулсан юм.
“… Аврагч Адамаас эхлээд дэлхийн төгсгөл хүртэл бүх хүн төрөлхтний нүглийн зовлонг Өөртөө хүлээн авсан нь зарим талаар энгийн хүмүүс ойлгох аргагүй явдал юм” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл. [1916], 613).
-
Есүс Христ бол Аврагч гэдгийг мэдэхэд тань тусалсан туршлагынхаа талаар судрын тэмдэглэлдээ бич. Энэ туршлагаа дурсан санах нь таны амьдралд баяр баяслыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Moзая 3:11–27
Хаан Бенжамин эгэл хүнээ хэрхэн орхихыг тайлбарлав
Хаан Бенжамин хүмүүстээ үргэлжлүүлэн заахдаа Цагаатгал нь Бурханы хүүхдүүдийг хэрхэн адисалдгийг заалаа. Түүнчлэн тэрээр Аврагчийн Цагаатгалаар дамжуулан бид хэрхэн эгэл хүнээ орхиж, гэгээнтнүүд болох боломжтойг заав.
Цагаатгал Бурханы хүүхдүүдийг хэрхэн адисалдгийг илүү сайн ойлгохын тулд дараах судрын хэсгүүдийг уншаад, уг шүлгийн гэрчилдэг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан адислагдах бүлэг хүмүүсийн дүрслэлийг бич.
Сургаалын мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийн нүглийг Есүс Христ цагаатгасан ч тэд аврагдахын тулд сүнсний дэлхийд байхдаа наманчилж, Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох ёстой гэдгийг мэдэх нь чухал (С ба Г 131:6; 138:31–34-ийг үзнэ үү). Түүнчлэн Бурханы мэлмийд хүүхдүүд гэнэн цагаахан төрдөг бөгөөд Сатан тэднийг уруу татах хүчгүй байдаг хэмээн Их Эзэн илчилсэн. Найман нас буюу хариуцлагын насанд хүртлээ бяцхан хүүхдүүд наманчилж, баптисм хүртэх шаардлагагүйгээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан аврагддаг ( Moронай 8:8–15; С ба Г 29:46–47; 137:10-ыг үзнэ үү).
Бид Есүс Христийн сайн мэдээний мэдлэгээ дагах ёстой. Мозая 3:12–13-ыг уншаад, бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчлах үед нүглүүдээсээ аврагдаж, баясах боломжтой гэдгийг заасан үг хэллэгүүдийн доогуур зур.
“Аз жаргалаар” дүүрсэн аяганы зургийг эргэн сана. Аврагчийн номлол болон цагаатгалыг ойлгосноор баяр баясал ирдэг хэмээн тунхагласан тэнгэр элчийн үгсийг сана (Moзая 3:4–5-ийг үзнэ үү). Энэхүү дүрслэлийн эсрэг утгыг ойлгохын тулд Мозая 3:24–27-г унш. Наманчлахгүй байхыг сонгосон хүмүүс шүүлтийн өдөр юу уухыг олж доогуур нь зур.
Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгохгүй, наманчлахгүй байхыг сонгох хүмүүст юу тохиолдох вэ?
Аврагчийн Цагаатгал ба наманчилж, Есүс Христэд итгэх итгэлтэй байхын хэрэгцээний тухай заасныхаа дараа хаан Бенжамин хүмүүстээ Цагаатгалаар дамжуулан өөрсдийн шинж чанарын нүгэлт хэсгийг орхиж, гэгээнтнүүд болох тухай заав.
Мозая 3:19-ийг уншаад, ойлгохгүй байгаа үг хэллэгээ тодорхойл. Судартаа энэ шүлгийн хажууд гурван тодорхойлолт бичих нь тустай байж болно. “Эгэл хүн” бол Ариун Сүнсний удирдамжаар биш, харин маханбодын хүсэл эрмэлзэл хийгээд дур таашаал, мэдрэмжээр нөлөөлөгдөхийг сонгодог хүн. “Автагдах” гэдэг нь хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлд захирагдах гэсэн утгатай. “Таталт” бол итгэл төрүүлэм, тааламжтай урилга юм. Moзая 3:19 бол төгс эзэмших судар юм. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэх хэрэгтэй.
-
Судрын тэмдэглэлдээ “Эгэл хүнээ орхих” гэсэн гарчиг тавь. Доор нь Мозая 3:19-д зааснаар бид “эгэл хүнээ” орхихын тулд юу хийх ёстойг жагсаан бич: Энэ удаа юун дээр ажиллах нь хамгийн чухал хэмээн бодож байгаагаа дугуйл. Энэ үйлдлийг хийх төлөвлөгөө гарга.
Moзая 3:19-д заадаг нэг зарчим бол хэрэв бид Ариун Сүнсний таталтанд автагдвал Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж чадна гэсэн зарчим юм.
“Ариун Сүнсний таталтанд” автагдах гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ?
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн эгэл хүнээ орхих талаар хэлсэн дараах үгсийг унш: “Хувийн зөв шударга байдал, шүтлэг, залбирал, судраас судлах зэрэг нь ‘эгэл хүнээ [орхиход]’ нэн чухал нь билээ (Moзая 3:19)” (“The Tugs and Pulls of the World,” Ensign, 2000 оны 11-р сар, 36).
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич: Та амьдралдаа ямар арга замуудаар Ариун Сүнсний таталтанд автагдахыг эрэлхийлж байгаа вэ?
-
Та амьдралдаа “Ариун Сүнсний таталтанд” бүрэн автагдахын тулд юу хийж болох вэ? Энэ долоо хоногт уг зүйл дээрээ сайжрахад туслах зорилго гарган судрын тэмдэглэлдээ бич. Та Мозая 3:19-д бичигдсэн хүүхэд шиг болоход бидэнд туслах зан чанаруудын нэг дээр ажиллаж болно. Жишээлбэл: илүү хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, Их Эзэн тань “дээр ноогдуулах” бүх зүйлийг хүлцэхэд бэлэн байх.
-
Амьдралд тань таныг сүнсний таталтанд автагдахад тань саад болдог зарим бэрхшээлүүдийг судрын тэмдэглэлдээ бич.
Төгс эзэмших судар—Moзая 3:19
-
Мозая 3:19-ийг санах эсвэл цээжлэхийн тулд үүнийг гурван удаа унш. Давтан унших нь шүлгийн агуулгатай илүү танил болоход тань тусална. Үүнийг хийснийхээ дараа судраасаа харалгүйгээр санаж байгаа бүх зүйлээ судрын тэмдэглэлдээ бичихийг хичээ. Алхаж байхдаа, дасгал хийж байхдаа эсвэл унтахаар бэлдэж байхдаа уг шүлгийг олон удаа давтан хэл. Хэдэн өдөр үүнийг хийвэл энэ шүлгийн чухал зарчмуудыг та санаж, мөн цээжилж чадна.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 3-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: