25-р хэсэг: 3 дахь өдөр
3 Нифай 14
Оршил
3 Нифай 14-р бүлэгт Eсүс Христ Ариун сүм дэх номлолоо үргэлжлүүлэв. Тэрээр хүмүүст бусдыг шүүх талаар болон Тэнгэрлэг Эцэгээсээ адислалуудыг залбирлаар дамжуулан эрэлхийлэхийг заав. Аврагч мөн тэднийг хуурамч бошиглогчдоос сэрэмжлүүлж, Бурханы хүслийг биелүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.
3 Нифай 14:1–6
Аврагч бусдыг шүүх талаар заасан нь
“Их Эзэн, таныг дагая” (Hymns, x. 220) дууллын хоёрдугаар бадгийн үгсийг унших эсвэл тохиромтой гэж үзвэл дуул:
Өөрөө би төгс биш байж
Өрөөлийг шүүх би хэн билээ?
Нүд үл харах уй гашуу
Тайван зүрхэнд далд нуугджээ.
Өрөөлийг шүүх би хэн билээ?
Их Эзэн, таныг дагая
3 Нифай 14-р бүлэгт цэдэглэгдсэнээр Аврагч ариун сүмд нифайчуудад үргэлжлүүлэн заав. 3 Нифай 14:1–2-ыг уншаад Аврагчийн энэхүү заавар таны уншсан дууллын хоёрдугаар бадагтай ямар уялдаатайг бод. (“Та ямар хэмжээгээр хэмжинэ” гэдэг хэллэг нь хүн бусад хүмүүсийг хэмжихдээ эсвэл шүүхдээ хэрэглэдэг жишгийг илэрхийлдгийг ойлгох хэрэгтэй.)
-
Дараах асуултуудын хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич.
-
3 Нифай 14:1–2-р шүлгүүд дэх Аврагчийн зөвлөгөө “Их Эзэн, таныг дагая” дууллын хоёрдугаар бадагтай хэрхэн холбогдож байна вэ?
-
Та 3 Нифай 14:2-т Аврагчийн заасан чухал үнэнийг хэрхэн өөрийнхөө үгээр илэрхийлэх вэ? (Та энэхүү үнэн эсвэл зарчмыг судрынхаа захад бич.)
-
3 Нифай 14:1-р шүлэг дэх “бүү шүүгтүн” гэсэн Аврагчийн зарлигийг ойлгоход бидэнд туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс үзэл бодлоо хуваалцжээ. Та уншихдаа биднийг зайлсхийх ёстой гэж түүний хэлсэн шүүлтийн төрлүүдийг болон яагаад гэдгийнх нь доогуур зур.
“Хоёр төрлийн шүүлт байдаг: Бид хийх нь хориотой эцсийн шүүлт ба зөв шударга зарчмууд дээр үндэслэн, хийхийг бидэнд зааварласан завсрын шүүлт гэж байдаг. …
“Эцсийн шүүлт … нь бид бүгд ажил үйлсийнхээ дагуу шүүгдэхээр Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ирээдүйн үйл явдал юм. … ‘Бүү шүүгтүн’ гэсэн судрын зарлиг нь энэхүү эцсийн шүүлттэй маш тодорхой холбоотой гэдэгт би итгэдэг. …
“… Аврагч яагаад биднийг эцсийн шүүлтийг хийхгүй байхыг зарлиг болгосон юм бол? Энэхүү зарлиг нь бид хэн нэгэн хүнийг аль нэг үйлдлийнх нь төлөө эсвэл тодорхой нэг цагт тамд (эсвэл тэнгэрт) очно гэж хэлэх юм бол эцсийн шүүлт хийх үүргийг өөртөө авч байгаа хэрэг болох учраас эцсийн шүүлтийг хийхгүй байх зарлиг өгөгдсөн гэдэгт би итгэдэг. Хэрэв бид ингэх юм бол өөрийгөө болон зүй бусаар шүүж буй тэр хүнийг гомдоох болно. Ийм уруу таталт их байдаг. …
“… Завсрын шүүлт шударга байх ёстой. Ийм шүүлт нь хэн нэг хүнийг өргөмжлөл хүртэнэ эсвэл тамын галд эргэлт буцалтгүйгээр хаягдана хэмээн мэдэгдэхээс татгалздаг. Хэн нэг хүнийг өргөмжлөлийн бүх боломжоо алдсан эсвэл Их Эзэний ажилд чухал үүрэг гүйцэтгэх боломжоо алдсан хэмээн мэдэгдэхээс татгалздаг. “Сайн мэдээ бол найдварын сайн мэдээ бөгөөд бидний хэн нь ч хувийн нүглүүдээс цэвэршүүлэх, уучлал болон зохих нөхцөл дэх амьдралын шинэчлэлтийг авчирдаг Цагаатгалын хүчийг үгүйсгэх эрхгүй” (“‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 7, 9).
Ахлагч Өүксийн хэлсэн үгс “бүү шүүгтүн” гэсэн Аврагчийн зарлигийг ойлгоход хэрхэн туслахыг тунгаан бод.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул: 3 Нифай 14:2-р шүлэг дэх Бид хэрхэн шүүдгийнхээ адил шүүгдэх болно гэсэн зарчим нь бусдын алдаа, сул талуудыг харах өнцгийг хэрхэн өөрчилж чадах вэ? 3 Нифай 14:12-р шүлгийг унш. Энэ шүлэг өмнө өгүүлсэн зарчимтай хэрхэн холбогдож байна вэ?
Сормуус эсвэл тоосонцор зэрэг жижиг зүйл таны нүдэнд орж байсан уу? Судрууд нүдэнд орсон зүйлийг үртэс гэдэг. Урт, зузаан модны тайрдсыг дүнз гэдэг. Бид бусдыг шударга бусаар шүүхэд эсвэл тэднээс зүй зохисгүйгээр алдаа дутагдал хайхад бий болох асуудлуудыг ойлгоход бидэнд туслахын тулд Аврагч эдгээр дүрслэлийг ашиглажээ. 3 Нифай 14:3–5-ыг уншаад үртэс болон дүнз юуг төлөөлж байгааг бод.
-
Судрын тэмдэглэлдээ 3 Нифай 14:4-т Аврагчийн дүрсэлсэн зүйлсийн зургийг зур. Тэгээд дараах асуултуудад хариул:
-
Үртэс юуг төлөөлдөг вэ?
-
Дүнз юуг төлөөлдөг гэж та бодож байна?
-
Яагаад үртэснээс илүү дүнз нь бусдыг шударга бусаар шүүсэн хүмүүсийн алдааг дүрслэхэд хэрэглэгддэг гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн адилтгал нүдэнд ордог зүйлс дээр төвлөрснийг ажигла. Тиймээс тэр зүйл нүдний хараанд нөлөөлдөг. Өөрийнхөө тухай дараах асуултуудыг тунгаан бод: Миний алдаа дутагдал бусдыг ойлгоход надад хэрхэн нөлөөлдөг вэ? Би 3 Нифай 14:5-р шүлэг дэх Eсүс Христийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Та бусад хүмүүсийн зан төлөвийг шүүмжлэх ер нь зохистой эсвэл шаардлагатай гэж бодож байна уу? Бошиглогч Иосеф Смит бид бусдыг шударга бусаар шүүх ёсгүй, харин шударгаар шүүхийг бидэнд зааварласан байдаг гэдгийг тайлбарласан юм (Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:1 [Maтай 7:1-ийн зүүлт тайлбар a]-г үзнэ үү).
Дараах тайлбар бусдыг шүүх тухай асуултад нэмэлт санааг өгдөг: “Заримдаа хүмүүс бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж үздэг. Та бусдыг шударга бусаар буруутгах эсвэл шүүх ёсгүй ч амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийн талаар шүүн тунгаах хэрэгтэй болно. Их Эзэн бидэнд шүүн тунгаахгүйгээр сахиж болохооргүй олон зарлигийг өгсөн билээ” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 90).
Зөв шударгаар шүүхийн чухлыг ойлгохын тулд 3 Нифай 14:6-г уншаад Eсүс Христ бидэнд хийхийг зааварласан зарим шүүлтийг олж мэд. Та уншихаасаа өмнө “ариун зүйлсийг нохдод … өгөх,” “гахайн өмнө сувд … хаях” гэдэг нь ариун нандин зүйлсийг үнэлдэггүй эсвэл ариун байдлыг нь ойлгодоггүй хүмүүстэй ямар нэг нандин зүйлийг хуваалцах ёсгүй гэсэн утгатайг ойлгох хэрэгтэй.
3 Нифай 14:6 зөв шударгаар шүүх шаардлагыг ойлгоход тань хэрхэн тусалдаг вэ? Бид зөв шударгаар шүүх ёстой бусад нөхцөл байдлуудын тухай ахлагч Даллин Х.Өүкс ингэж тайлбарлажээ:
“Бид бүгд найз нөхдөө сонгох, цаг зав, мөнгөө хэрхэн зарцуулахыг шийдэхдээ мөн мэдээж мөнхийн ханиа сонгохын тулд сайтар шүүн тунгаадаг. …
“… Зөв шударгаар дүгнэн шүүх нь уур хилэн, өс хонзон, атаа жөтөө, амин хувиа хичээсэн үзэл бодлоор бус харин Их Эзэний Сүнсээр удирдагдах ёстой” (“‘Judge Not’ and Judging,” 9).
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:
-
Найз нөхдөө сонгох, цаг зав, мөнгөө хэрхэн зарцуулахыг шийдэх, мөнхийн ханиа сонгох зэрэгт зөв шударгаар шүүн тунгаах нь яагаад чухал вэ? Бусдын талаар зөв шударгаар шүүх, тохиромжтой зарим жишээ юу байж болох вэ?
-
Та хэрхэн илүү зөв шударгаар шүүж болох вэ? Та илүү энэрэнгүй хандах эсвэл шударга бус шүүлт хийхээс татгалзах хэрэгтэй хүн байгаа эсэхийг тунгаан бод.
-
3 Нифай 14:7–12
Аврагч Тэнгэрлэг Эцэгээс адислалуудыг эрэлхийлэх тухай заасан нь
Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулсан тохиолдлуудын тухай бод. 3 Нифай 14:7–11-ийг уншаад Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахыг хүсдэг тухай Аврагч юу гэж заасныг олж мэд.
3 Нифай 14:7–11-р шүлгүүдээс бидний сурч болох нэг зарчим бол Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнээс тусламж гуйн залбирахад адислах болно гэсэн зарчим юм. Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулахаар тэсэн ядан хүлээж байдгийг мэдэх нь таны залбирах хандлагыг хэрхэн өөрчилж болох вэ?
-
Итгэл хүлээсэн насанд хүрэгчээс дараах асуултыг асуу: Та хэзээ Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулсан байдлаар нь таныг гэсэн Түүний хайрыг мэдэрсэн бэ? Судар судлах тэмдэглэлдээ түүний хариултыг болон түүнээс юу сурснаа хураангуйлан бич.
3 Нифай 14:13–27
Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биeлүүлэхийн ач холбогдлыг заасан нь
Аврагч ариун сүмд цугларсан нифайчуудад үргэлжлүүлэн заахдаа Түүний сургаалуудыг дагахын ач холбогдлыг ойлгоход бидэнд туслах хэд хэдэн зүйрлэлийг хэрэглэжээ. Зүйрлэл бүр нь нэг сайн, нэг муу жишээг агуулж байна.
-
Дараах судрын гурван хэсэг бүрд байгаа сайн ба муу зүйлийг судрын тэмдэглэлдээ энгийнээр дүрслэн зур. Мөн сайн ба муу жишээнүүдийг харьцуулснаар Аврагч биднийг юу сураасай гэж хүссэн тухай өөрийн бодлыг бич. Зургаа ангийнхандаа үзүүлж, эдгээр зүйрлэлээс юу сурснаа тайлбарлахад бэлэн бай.
3 Нифай 14:21–23-ыг уншаад Бурханы хаант улсад аврагдахын тулд таны хийх ёстой бүх зүйл бол би Eсүс Христэд итгэдэг гэж хэлэх явдал хэмээн ярьж байгаа хүнд та юу хэлэхээ бод.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
3 Нифай 14-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: