Семинар
1 Нифай


1 Нифайн оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Та нар 1 Нифайг судалснаар, “итгэлийнх нь учир тэднийг хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдаг” (1 Нифай 1:20)-ийг илрүүлэн нээх болно. Жишээ нь: Та нар, Нифайн гэр бүл судруудтай байхын төлөө Бурхан Нифайд гуулин ялтсуудыг олж авахад нь хэрхэн тусалсныг, Нифайн амь насанд аюул учрах үед хэрхэн аварсныг мөн Лихай болон түүний хүмүүсийг цөлд өлсгөлөнгөөс бас далайд живж үхэхээс хэрхэн аварч, тэднийг амлагдсан нутагт хэрхэн эсэн мэнд хүргэснийг мэдэх болно.

Лихай болон түүний хүмүүс зарлигуудыг сахиснаар Бурханы нигүүлсэл ба тусламжийг биеэрээ мэдэрсэн юм. Лихай Нифай хоёр Бурханаас удирдамж хүсч үүнийгээ судрууд, зүүд, үзэгдэл болон Лиахонагаар дамжуулан хүлээж авдаг байлаа. Нифай, Бурханы бүхнийг мэдэгч хүчийг түүнд харуулсан дэлхийн түүхийн тухай үзэгдлийг хүлээн авч мөн тэмдэглэсэн юм. Нифай үзэгдлүүдээр дамжуулан Есүс Христийн ирээдүйн баптисм, үйлчлэл ба цовдлуулалтыг харсан ажээ.

Та нар энэ номон дахь Нифай Лихай нарын туршлагыг судалснаар, тэнгэрийн адислалуудыг амьдралдаа хүлээж авахын төлөө хэрхэн хичээн зүтгэвэл зохихыг мэдэж чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Лихайн хүү Нифай энэ номыг, хүмүүсийнхээ цэдэг хөтлөх тухай Их Эзэний зарлигийн хариуд бичсэн юм. Нифай Иерусалимын ойролцоо төрсөн бололтой. Тэрээр, бошиглогч Иеремиагийн үйлчлэл болон Хаан Зедикаягийн хаанчлалын үед амьдарч байжээ.

Нифай, Иерусалим устгагдах тухай болон гэр бүл нь яагаад тэндээс явах хэрэгтэй болсон талаарх аавынхаа үгсийн тухайд өөрийн гэрчлэлтэй болохыг хүсч байлаа. Нифай Их Эзэний зөвлөгөөг эрэлхийлж дагахын хэрээр Бурханы мутарт зэмсэг нь болсон юм. Тэр ах нартайгаа хамт Иерусалимд хоёр удаа—эргэж очсон бөгөөд эхний удаа гуулин ялтсуудыг олж авахын тулд, хоёр дахь удаад Ишмэилийн гэр бүлийг цөлд Лихайн гэр бүлтэй нэгдэхийг ятгахаар дуулгавартайгаар буцаж очжээ. Далайг гатлан амлагдсан нутаг руу гэр бүлийг нь авч явсан усан онгоцыг Нифай Их Эзэний тусламжтайгаар барьсан юм. Лихайг нас барсны дараа Нифай түүний хүмүүсийн удирдагч болов.

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Энэхүү шастирыг Нифай ойролцоогоор МЭӨ 570 оны орчим—түүний гэр бүл Иерусалимыг орхин явснаас хойш 30 жилийн дараа бичжээ (2 Нифай 5:28–31-ийг үзнэ үү). Тэр үүнийг Нифайн нутагт байхдаа бичсэн ажээ.