3-р хэсэг: 2 дахь өдөр
1 Нифай 8
Оршил
1 Нифай 8-аас бид Лихайн зүүд болох амьдралын модны тухай уншдаг. Тэрээр Цагаатгалын адислалуудын бэлгэдэл болох уг модны жимснээс идээд агуу баяр баясгаланг мэдэрчээ. Тэгээд тэр амьдралын мод болон үүний жимсэнд ялгаатайгаар хандаж байгаа өөр өөр хүмүүсийг харжээ. Та энэ хичээлд өөрийгөө бэлтгэхийн тулд “The Iron Rod” [“Төмөр бариул”] (Hymns, no. 274) дууллыг дуулах эсвэл үгийг нь уншиж болно. Энэ бүлгийг судлахдаа Цагаатгал танд хэрхэн агуу баяр баясгалан авчирсныг, үүний бүх адислалыг одоо болон ирээдүйд хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо тунгаан бод. Эдгээр адислалуудыг авахын тулд ямар саад бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэйгээ тунгаан бод.
1 Нифай 8:1–18
Лихай амьдралын модны жимснээс идсэнийхээ дараа гэрийнхнийгээ мөн үүнээс идэхэд урьжээ.
Таныг хайрласан Их Эзэний хайрыг мэдэрсэн үеийнхээ тухай бод. Таны хийдэг сонголтууд Их Эзэнд ойр дотно байх болон Түүний хайрыг мэдрэх чадварт тань хэрхэн нөлөөлдгийг тунгаан бод. 1 Нифай 8-ыг судлахдаа энэ бүлэг Их Эзэнд ойр дотно болж, өөрийн амьдрал дахь Түүний хайрыг илүү их хүчтэйгээр мэдрэхийн тулд хийх ёстой болон зайлсхийх ёстой зүйлсээ олж мэд.
1 Нифай 8:2-ыг уншиж, цөлд байхдаа Лихайн биеэрээ үзэж туулсан зүйлсийг тодорхойл. 1 Нифай 8:5–12-ыг уншаад Лихайн зүүдний гол тусгал эсвэл анхаарал татсан зүйлийг ол.
Лихайн зүүдний гол тусгалыг олсны дараа 1 Нифай 8:10–11-т амьдралын модны жимсийг дүрслэхэд Лихайн ашигласан үг хэллэгүүдийг жагсаан бич.
Их Эзэн, мөнхийн үнэнүүдийг ойлгоход туслахын тулд бидний мэдэх юмсыг бэлгэдлүүдээр олонтоо дүрсэлдэг. Лихайн зүүдэн дэх мод жимс хоёр юуг төлөөлснийг ойлгохын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвэллийн дараах үгийг унш: “Амьдралын мод бол…Бурханы хайр юм (1 Нифай 11:25-ыг үзнэ үү). Есүсийг бидний Гэтэлгэгчээр Өөрийн бэлэг болгон өгсөнд Бурханы хүүхдүүдээ хайрлах хайр хамгийн гүнзгийгээр илэрдэг: ‘Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн’ (Иохан 3:16). Бурханы хайрыг хүртэнэ гэдэг бол Есүсийн Цагаатгал, [нүгэл хилэнцээс чөлөөлсөн] Түүний чөлөөлөлт, үүний авчирдаг баяр баясгалангаас хүртэнэ гэсэн үг юм “Lessons from Laman and Lemuel,” Ensign, 1999 оны 11-р сар, 8).
1 Нифай 8:10–12-т дүрсэлсэн сайн мэдээний нэгэн зарчмыг тодорхойлохын тулд 1 Нифай 8:11-ээс Лихай жимсийг яасныг мөн 1 Нифай 8:12-оос үүний үр дүнг олж доогуур нь зур. Лихай жимсийг “хүртсэн” шиг өөрөө Цагаатгалаас “хүртэж болох арга замуудын тухай бод.”
Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалаас хүртэх нь аз жаргалд хүргэдгийг Лихайн туршлага харуулж байна.
-
Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Аврагчийн Цагаатгал таны амьдралд аз жаргал, баяр баясгаланг хэзээ авчирсан бэ?
Цагаатгалын адислалуудыг өөрсдөө хүртсэний дараа бид яагаад Лихай шиг, өөрсдийн гэр бүл, найз нөхдийг тэдгээр адислалуудыг хүртээсэй хэмээн хүсэх хэрэгтэйг тунгаан бод. 1 Нифай 8:3–4, 13–18-ыг уншиж, Лихайн гэр бүлийн гишүүд амьдралын модны жимснээс хүртэх Лихайн урилгад хэрхэн хандсаныг ол.
Бусад хүмүүс Бурханы үгнээс хүртэхээр сонгох эсэхийг бид шийдэж чадахгүй. Гэвч бид Лихайн адил тэднийг урьж, урамшуулан дэмжиж чадна. Таньдаг хэн нэгнээ Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад хэрхэн урьж, урамшуулан дэмжих тухай бод.
1 Нифай 8:19–35
Зарим хүмүүс амьдралын мод руу тэмүүлж, жимснээс нь хүртэхэд амжилт олж байхад бусад нь бүтэлгүйтэж байхыг Лихай харжээ.
Та нар амьдралын модны тухай үзэгдэл Нифайд хэрхэн үзүүлэгдсэн тухай 1 Нифайгаас дараа унших болно. Уг үзэгдэл дэх олон бэлгэдэл болон дүрслэл ямар утгатайг тэрээр цэдэглэсэн байдаг. Бэлгэдлүүд болон тэдгээрийн тайллыг мэдэхийн тулд дараах хүснэгтийг ашигла. Дараах дасгалыг гүйцээхийн тулд судруудаа үз. Та нар эхний хоёр бэлгэдлийг аль хэдийн судалж, утгыг нь мэдсэн байгаа.
Лихайн зүүдэн дэх бэлгэдэл |
Нифайд өгсөн бэлгэдлийн утга |
---|---|
Мод (1 Нифай 8:10-ыг үз; үүнийг 1 Нифай 15:22-т амьдралын мод гэсэн байдаг) |
Бурханы хайр (1 Нифай 11:25-ыг үзнэ үү) |
Модны жимс (1 Нифай 8:10–12-ыг үзнэ үү) |
Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь Есүс Христийн Цагаатгалын адислалууд юм (1 Нифай 15:36-г үз) |
(Бохир) устай гол (1 Нифай 8:13-ыг үз) |
(1 Нифай 12:16; 15:27-г үз) |
Төмөр бариул (1 Нифай 8:19-ийг үз) |
(1 Нифай 11:25; 15:23–24-ийг үз) |
Харанхуй манан (1 Нифай 8:23) |
(1 Нифай 12:17-г үз.) |
Агуу хийгээд нүсэр барилга (1 Нифай 8:26-г үз) |
(1 Нифай 11:36; 12:18-ыг үз) |
Бэлгэдэл бүрийн утгыг (дээрх хүснэгтийн хоёр дахь баганын хариултууд) бичиж, бэлгэдлийг дурдсан шүлэг эсвэл шүлгүүдийн дэргэд (хүснэгтийн нэг дэх баганын шүлгүүд) судартаа тэмдэглэх нь тустай байж болох юм.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах эшлэлийг уншиж, Лихайн зүүдийг судлах нь бидэнд яагаад чухал болох тухай түүний хэлсэн үгийн доогуур зур:
“Лихайн зүүд эсвэл үзэгдэл өөрт тань онцын чухал биш юм шиг санагдаж мэднэ, гэвч тийм биш юм. Та энэ үзэгдэл дотор байгаа. Бид бүгд үүн дотор байгаа. …
“Төмөр бариулын тухай Лихайн зүүд эсвэл үзэгдэл дотор Хожмын үеийн Гэгээнтэн хүн, амьдралын сорилтыг ойлгоход хэрэгтэй бүх зүйл байдаг” (“Finding Ourselves in Lehi’s Dream,” Ensign, 2010 оны 8-р сар, 22).
1 Нифай 8-ын үлдсэн хэсгийг судлахдаа тэндээс сурч мэдсэн зүйл тань “амьдралын сорилтыг ойлгоход” танд хэрхэн туслахыг бод. 1 Нифай 8:21–33-ыг уншиж гол, харанхуй манан, агуу хийгээд нүсэр барилга Лихайн зүүдэн дэх хүмүүст, амьдралын модны жимснээс идэх эсвэл хүртэхэд нь хэрхэн саад болж байгааг ол. Эдгээр саад тотгоруудыг болон хүмүүст үзүүлдэг нөлөөнийх нь тухай дүрсэлсэн түлхүүр үг хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно.
Лихайн харсан саад тотгорууд өнөө үед бидний амьдралд хэрхэн тохиолдож болох вэ? Аврагчид ирж, баяр баясгаланг эдлэхэд саад учруулахыг харсан дараах саад тотгоруудын доогуур зур: Порнограф, бусдаас сайшаал магтаал хүлээх санаархал, донтолт, амин хувиа хичээх үзэл, шунал, бусдад атаархах, залбирахгүй бас судар судлахгүй байх, компьютерийн тоглоомоор хэт их тоглох, ямар нэг үйл ажиллагаа эсвэл спортод хамаг цагаа зориулах, шударга бус байх, бусдын хийдэг зүйлийг сохроор дагах. Өнөө үед бидэнд тохиолддог бусад саад тотгорын тухай бод.
1 Нифай 8:21–33 дахь саад тотгоруудаас сурч мэдсэн зүйлээ хураангуйлан дүгнэх нэг арга зам бол сайн мэдээний дараах зарчим юм: Бардамнал, дэлхийн зан авир, уруу таталтанд автагдах нь Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад танд саад учруулж болно.
-
Дээрх дүгнэлт болон үүний үнэн зөв байдлын талаарх мэдрэмжүүдээ бас үүнийг амьдралдаа хэрэгжүүлж болох арга замуудын тухай судрын тэмдэглэлдээ бич.
Дэлхийн бусармаг явдал, Сатаны уруу таталт, дэлхийн бардамнал бидний сүнслэг байдлын өсөлтийг хэрхэн удаашруулдгийг тунгаан бод.
1 Нифай 8:21–33-ыг дахин судал. Энэ удаад дараах асуултуудын хариултыг ол:
-
Судрууд дахь төмөр бариул (Бурханы үг, бошиглогчид болон Сүмийн бусад удирдагчдын сүнслэг нөлөө бүхий үгс, хувийн илчлэлт) амьдралын модны жимснээс хүртсэн хүмүүст яагаад маш чухал байсан бэ?
-
1 Нифай 8:30 дахь ямар хэллэг, Бурханы үг биднийг амьдралын мод руу аюулгүй удирдахын тулд бидний хийх ёстой зүйлийг дүрсэлж байна вэ?
-
Бурханы үг биднийг уруу таталтаас хамгаалахад хэрхэн удирдаж болохыг судрын тэмдэглэлдээ бич.
Эдгээр шүлгүүд сайн мэдээний дараах зарчмуудыг зааж байна: Хэрэв бид Бурханы үгнээс зууран барьвал энэ нь уруу таталт болон дэлхийн нөлөөг даван туулахад бидэнд туслах болно. Бурханы үгнээс зууран барих нь Их Эзэнд улам ойр дотно болж, Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад бидэнд тусалдаг.
-
Өөрийн амьдрал дахь эдгээр зарчмуудын нотолгоог харахын тулд дараах асуултуудаас нэг юм уу хоёрт нь судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Бурханы үг хэзээ таныг удирдаж, уруу таталт, бардамнал, дэлхийн зан авираас хамгаалсан бэ?
-
Бурханы үг Аврагчид ойр дотно болоход хэзээ танд тусалсан бэ?
-
“Тэднийг [Бурханы] үгийг дуулахыг энэрэлт эцгийн бүхий л сэтгэлээр” (1 Нифай 8:37) Лихай гэр бүлдээ ухуулж байв. Тэр гэрийнхнээ өөрийн адил Есүс Христийн Цагаатгалын баяр баясгалан болон адислалуудыг хүртэхийг хүсч байлаа.
-
Бурханы үгийг судлах зорилгоо хэрхэн сайжруулах тухай судрын тэмдэглэлдээ бич.
Бурханы үгнээс зууран барьж, дагаснаар та Цагаатгалын үр жимсийг хүртэж, жинхэнэ баяр баясгаланг эдэлж чадна.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 1 Нифай 8-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо) –нд дуусгалаа .
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: