Семинар
4 Нифай


4 НИФАЙН ОРШИЛ

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Та 4 Нифайг судлахдаа Есүс Христийн сайн мэдээний дагуу нэгдмэл амьдарч байгаа хүмүүст ирдэг адислалуудыг харах болно. Энэхүү ном нь тэдний дунд хийсэн Аврагчийн үйлчлэлийн үеэр уг нутаг даяарх бүх хүн хөрвөгдсөн гэдгийг илчилдэг. Зарлигуудад дуулгавартай байснаар тэд амар амгалан байдал, хөгжил дэвшил, гайхамшигтай сүнслэг адислалуудад баясаж байв. Мормон ийн тунхаглав: “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд үүнээс илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” (4 Нифай 1:16). Мөн та энэ хүмүүсийн бузар, ёс бусын байдал руу алгуурхан унах уналтаас чухал сургамж авах болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон 4 Нифайн номыг гаргахдаа дөрвөн өөр зохиогчийн цэдгүүдийг нийлүүлэн хураангуйлсан. Эхнийх нь Нифай байсан бөгөөд энэхүү ном нь түүний нэрээр нэрлэгдсэн юм. Нифай бол Их Эзэний Лихайн үр удмын дунд хийсэн үйлчлэлийнхээ үеэр сонгосон 12 шавийн нэг Нифайн хүү билээ (3 Нифай 11:18–22; 12:1-ийг үзнэ үү). Нөгөө гурван зохиогч нь Нифайн хүү Амос, Амосын хүү Амос, Амосын дүү Аммарон нар байв (4 Нифай 1:19, 21, 47-г үзнэ үү).

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

4 Нифайн эх сурвалж болох анхны цэдгүүд нь МЭ34—МЭ321 оны хооронд бичигдсэн байх магадлалтай. Мормон тэдгээр цэдгүүдийг МЭ345—МЭ385 оны хооронд хураангуйлан бичжээ. Мормон энэ номыг хаана эмхэтгэснээ бичээгүй.