Семинар
1-р хэсэг: 4 дэх өдөр, Мормоны Номын ерөнхий тойм


1-р хэсэг: 4 дэх өдөр

Мормоны Номын ерөнхий тойм

Оршил

Бошиглогч Иосеф Смит Мормоны Ном ирсэнтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудыг дүрсэлсэн. Энэ шастирыг судалснаар түүний бошиглогчийн дуудлага болон Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал Сэргээгдэхэд Мормоны Номын гүйцэтгэсэн тэнгэрлэг үүргийн тухай чиний гэрчлэл улам гүнзгийрнэ. Энэ хичээл Мормоны Ном эрт үед хэрхэн бичигдсэнийг мэдэхэд чинь туслах болно. Бошиглогч Мормон, Моронай нар алтан ялтсууд дээрх өөрсдийн болон бусад олон бошиглогчдын судруудыг бичиж, эмхэтгэх ажлыг Их Эзэний удирдлагаар хийснээ гэрчилсэн юм. Мормоны Номыг судлах явцдаа энэ номыг авчрахад Их Эзэний мутар хэрхэн оролцсон нотолгоог олж, амьдралыг чинь удирдахад Мормоны Номын гүйцэтгэсэн үүргийн тухай бич.

“Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”

“Танай Сүм Мормоны Номыг яаж олж авсан юм бэ?” гэсэн асуултад чи хэрхэн хариулах вэ?

Мормоны Номын эхэн дэх оршлын материалуудад байдаг “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл” нь Агуу Үнэт Сувдад байдаг Иосеф Смит—Түүхээс авсан хэсгийг агуулдаг. Энэ нь Мормоны Ном хэрхэн ирснийг Бошиглогчийн өөрийнх нь үгээр дүрслэн харуулдаг. Иосеф Смит—Түүх дэх түүний үгсийг бүхэлд нь өдөр бүрийн судар судлах цагаараа уншаарай.

“Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл” нь шүлгийн дугааргүй учраас энэ хичээлээр өөрт чинь унших даалгаврыг Иосеф Смит—Түүхээс өгнө. Эндээс унших даалгаврыг олох нь амархан байх болно. Бошиглогч Иосефын гэрчлэлийг судлахдаа Мормоны Ном Бурханы хүчээр ирсэн тухай нотолгоог ол.

Иосеф Смит—Түүх 1:29–35, 42–43-ыг уншиж, хэрэв чи тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр хүрч ирсэн тухай эдгээр үйл явдлуудыг өөр хүнд тайлбарлах хэрэгтэй болсон үед ашиглах үг хэллэгийн доогуур зур. Иoсеф Смит—Түүх 1:34-т, алтан ялтсууд дээр юу агуулагдаж байгаа гэж Моронай хэлсэн бэ?

  1. зургийн тайлбарДараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариул: Хэрэв чи энэ түүхийг өөр хүнтэй хуваалцах боллоо гэвэл Иосеф Смит—Түүх 1:29–35, 42–43-аас ямар зүйлийг онцгойлон авч үзэхийг хүсэх вэ? Энэ нь танд яагаад чухал вэ?

  2. зургийн тайлбарИосеф Смит—Түүх 1:51–54-ийг уншиж, дараах асуултуудын талаарх бодлоо судрын тэмдэглэлдээ бич: Иосеф Смит тэнгэр элч Моронайтай уулзсан эхний уулзалтуудаасаа юу сурсан бэ? Ялтсуудыг олж авч, орчуулахаас өмнө удирдамж авах дөрвөн жилийн хугацаа Иосефт яагаад чухал байсан гэж чи бодож байна?

Бэлтгэл болон удирдамжийн хугацаа дууссаны дараа 1827 онд Иосеф Смитэд ялтсуудыг өгснөөр тэрээр үүнийг Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулах үүргийг хүлээсэн. Иосеф Смит—Түүх 1:59–60-ыг уншиж, тэрээр алтан ялтсуудын талаар ямар үүрэг хүлээснийг ол.

“Мормоны Номын тухай товч тайлбар”

Мормон ялтсуудыг хураангуйлж байгаа нь

Мормоны Ном ямар зохион байгуулалттайг ойлгохын тулд “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”-ийн дараа байдаг “Мормоны Номын тухай товч тайлбар”-ыг унш. Уншсан зүйлээ энэ хичээлийн төгсгөл дэх зурагтай харьцуулж үз. Энэ зурагт олон өөр ялтсууд хэрхэн нийлж, Мормоны Номыг бий болгосныг харуулсан байгаа.

Нифайчууд болон леменчүүдийн түүхэнд олон хүн цэдэг хөтлөгчөөр үйлчилж байв. Тэд Лихайгаар эхэлж, түүнээс хойш 1000 гаруй жилийн дараа бошиглогч-түүхч Мормон түүний хүү Моронай нараар төгссөн юм. Эдгээр эртний бошиглогчдын бичсэн цэдгүүд болон түүний хүмүүсийн 1000 жилийн түүхийг товчлон хураангуйлахад Их Эзэн Мормоныг удирдан чиглүүлсэн ажээ. Түүний хураангуй Мормоны ялтсууд дээр цэдэглэгдсэн бөгөөд эдгээр ялтсуудыг алтан ялтсууд гэдэг. Мормоныг нас барсны дараа түүний хүү Моронай цэдгийг дуусгаж, нуусан ажээ. Энэ цэдэг Бошиглогч Иосеф Смитэд өгөгдөх хүртлээ газарт булаастай байсан.

Хиламан 3:13–15 бол Мормон нифайчуудын цэдгүүдийг хураангуйлсан тухай судрын нэлээд олон хэсгийн нэг нь юм. Үүнийг уншихдаа Мормон, Моронай хоёр алтан ялтсуудад оруулснаас илүү их зүйл бичигдсэнийг ажигла.

Мормоны Үгс 1:9, Moрмон 8:34–35-ыг унш. Их Эзэн Мормоны Номыг цэдэг болгон эмхэтгэхэд Мормон, Моронай нарт хэрхэн тусалж, тэднийг хэрхэн удирдаж байсныг дүрсэлсэн үгс буюу өгүүлбэрүүдийг будаж тэмдэглэ.

  1. зургийн тайлбарДараах асуултад судрын тэмдэглэлдээ хариул: Хэрэв чи Мормон эсвэл Моронай байгаад бошиглогчдын олон боть бичээсүүдийг энгийн цэдэг болгон хураангуйлах үүрэг хүлээвэл, энэ цэдэгтээ юуг оруулах вэ?

Мормоны Номыг бичигчид манай өнөө үеийг угтан харсан бөгөөд бидэнд хамгийн ихээр туслах зүйлүүдийг бичсэнийг бид эдгээр шүлгүүдээс харж болно. Чи үүнийг судартаа Moрмон 8:35-ын хажууд тэмдэглэж болно.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Ном “манай үеийнхэнд зориулагдан бичигдсэн”-ийг гэрчилж, үүнийг мэдэх нь Мормоны Номыг судлахад бидэнд хэрхэн тусалж болохыг тайлбарласан юм.

Эртний нифайчууд, леменчүүд аль алинд нь энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориулан бичсэн. Мормон нифайчуудын соёл иргэншлийн төгсгөлийн үед бичиж байв. Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнслэг нөлөөн дор тэрбээр хэдэн зууны цэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал үй олон түүх, хэлсэн үгс, үйл явдлуудаас сонгон авч товч хураангуйг хийсэн ажээ. …

Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон юм бол бид Мормоны Номыг судлах ёстой биш үү? Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэл Моронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ номоос би яг одоо юу сурч болох вэ? гэж бид өөрөөсөө үргэлж асуух ёстой” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 6).

Иймэрхүү асуултуудыг судар судалж байх үедээ өөрөөсөө асуух нь амьдралд чинь хамгийн их тустай байх болно хэмээн Их Эзэний мэдэж байсан зарчмууд болон сургаалуудыг нээхэд чамд туслах болно.

Яг одоо амьдрал чинь ямар байгааг бод. Өөрөөсөө асуултууд асуух буюу өөртөө тохиолдсон нөхцөл байдлын талаар тунгаан бодох нь Бурханаас удирдамж авах боломжийг чамд бүрдүүлж өгөх болно. Тэдгээр асуултууд буюу нөхцөл байдлуудаас нэг юм уу хоёрыг хувийн тэмдэглэлдээ (багшдаа үзүүлдэг судрын тэмдэглэлдээ биш) бич. Мормоны Номыг өдөр бүр судлах явцдаа дээрх нөхцөл байдлуудтай холбоотой удирдамж буюу зөвлөгөөг санал болгосон зарчмуудыг ол.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли судруудыг өдөр бүр судалж байх талаар ийн хэлсэн: “Та нар өөрийгөө дэндүү завгүй байдаг хэмээн боддог байж болох юм. Судруудыг ялангуяа Мормоны Номыг өдөрт арваас арван таван минут унших нь Бүхнийг Чадагч Өөрийн хүчээр хүүхдүүдээ адислахын тулд бэлтгэсэн мөнхийн агуу үнэнүүдийн тухай гайхамшигтай мэдлэгийг та нарт өгөх болно. Та нар судруудыг ийнхүү уншвал… , бидний авралын зохиогч болох Түүнд улам ойртох болно” (“Rise to the Stature of the Divine within You,” Ensign, 1989 оны 11-р сар, 97).

  1. зургийн тайлбарЭнэ жил Мормоны Номыг уншиж, судалснаасаа хамгийн их ашиг тусыг олоход туслах ямар зорилго тавихаа тунгаан бод. Тавьсан зорилгоо судрын тэмдэглэлдээ бич. Өөрийн өсөлт хөгжилтөд үнэлэлт өгөхийн тулд тогтмол цаг гаргаж болно.

  2. зургийн тайлбарДараах өгүүлбэрийг өнөөдрийн даалгаврынхаа доод талд судрын тэмдэглэлдээ бич:

    Би “Мормоны Номын ерөнхий тойм” хичээлийг (огноо)-нд судалж дуусгалаа.

    Багштайгаа хуваалцахыг хүссэн миний бодол санаа, ойлголтууд болон нэмэлт асуултууд: