9-р хэсэг: 1 дэх өдөр
2 Нифай 32
Оршил
Нифай “мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам”-ын (2 Нифай 31:18) талаар заасныхаа дараа түүний хүмүүс тэрхүү зам дээр гарсныхаа дараа юу хийх талаар гайхашран байгааг харав. Тэрээр тэдний асуултад “Христийн үгэн дээр найрла”, “үргэлж залбир” хэмээн урамшуулан хариулав (2 Нифай 32:3, 9). Хэрэв тэд эдгээр зүйлийг хийх аваас Ариун Сүнс тэдэнд юу хийх хэрэгтэйг мэдүүлэх болно хэмээн тэр амлав.
2 Нифай 32:1–7
Нифай бидэнд Есүс Христийн үгсээр дамжуулан бурханлаг удирдамжийг эрэлхийлэхийг зөвлөдөг
Хэн нэгэн танд нэг газраас нөгөө газар руу очих зам зааж өгч байсан тухай бод. Тэрхүү зааврыг ойлгоход амархан байсан уу, хэцүү байсан уу? Бидэнд ойлгомжтой заавар өгдөг хэн нэгэн байх нь яагаад чухал вэ?
Өмнөх хичээлд та Нифайн өөрийн хүмүүст өгсөн зарим зааврын талаар суралцсан. Эдгээр зөвлөгөөг өгснийхөө дараа “зам нь энэ” хэмээн тэрээр хэлжээ (2 Нифай 31:21). 2 Нифай 31:17–18-ыг түргэн судлаад, мөнх амьдрал руу хөтөлдөг замыг хэрхэн эхэлдэг талаар дахин үз. Дараа нь 2 Нифай 32:1-ийг уншаад, Нифайн заасан зүйлийн талаар хүмүүс дотроо ямар асуулттай байсныг ол. Хүмүүсийн асуултыг өөрийн үгээр тайлбарла:
2 Нифай 32:2–3-ыг уншаад, уг зам дээр гарсныхаа дараа Нифайн хэлснээр бид юу хийх ёстойг ол. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсний дагуу тэнгэр элчийн хэлээр ярих гэдэг нь “та Ариун Сүнсний хүчээр ярина” гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болох юм (“The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, 2006 оны 8-р сар, 50).
Та 2 Нифай 32:3-т гардаг “Христийн үгэн дээр найрла” хэмээх хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй (энэ шүлэг нь төгс эзэмших судар юм). Нифай Ариун Сүнсний нөлөөллөөр заасан зүйлсийг тайлбарлахдаа “Христийн үгс” гэсэн үгийг ашиглажээ. Та Ариун Сүнсний нөлөөллөөр заасан зүйлсийг уншиж, сонсож, хүлээн авч болох арга замууд эсвэл газруудыг жагсаан бич.
Христийн үгс гэдэгт судрууд болон өнөө үеийн бошиглогчдын үгс багтана. “Христийн үгэн дээр найрла” гэдэг нь ямар утгатай болох талаар тунгаан бодоход тань туслах дараах эшлэлүүдийг унш:
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон заахдаа: “Найрлах, зооглох гэдэг нь амсах гэдгээс илүү гэсэн утгатай. Зооглох гэдэг нь амтархан идэх, шимтэх гэсэн утгатай. Бид шинэ зүйлийг олж нээгээд түүндээ баясах хандлагаар, итгэлтэй дуулгавартай байдлаар судраас судалснаар шимтэж, амтархан суралцдаг. Бид Христийн үгэн дээр найрлах үед тэдгээр нь … бидний мөн чанарын салшгүй нэгэн хэсэг болдог” гэжээ (“Living by Scriptural Guidance,” Ensign, 2000 оны 11-р сар, 17).
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн хэлжээ: “Хэрэв та бид Христийн үгэн дээр найрлах гэж байгаа бол судраас суралцаж, тэдгээрийн талаар тунгаан бодож, бодол санаа, үйлдэл бүрийнхээ нэг хэсэг болгон Түүний үгсийг шингээж авах ёстой” (“Healing Soul and Body,” Ensign, 1998 оны 11-р сар, 15).
-
Христийн үгэн дээр найрлах гэдэг нь таны бодлоор ямар утгатай болохыг өөрийн үгээр тайлбарлан судрын тэмдэглэлдээ бич.
Зооглох, зууш идэх болон өлсөх гэсэн үгсийн ялгааг тунгаан бод. Христийн үгсээс үр дүнгүй суралцахыг хэрхэн зууш идэх эсвэл бүр өлсөхтэй харьцуулж болохыг хэсэг зуур тунгаан бод.
2 Нифай 32:3-т хэлсний дагуу дараах зарчмуудыг нөхөж бич: Бид Христийн үгэн дээр найрлах үед Христийн үг нь .
-
Христийн үгэн дээр найрлах нь амьдралдаа юу хийхээ мэдэхэд тань тусалсан үе, эсвэл одоо тохиолдож байгаа нөхцөл байдалд тань Христийн үгэн дээр найрлах нь тус болж болох талаар судрын тэмдэглэлдээ бич.
Дараах хоосон зайнд та Христийн үгсээс хэр сайн зооглож байгаа болон хэрхэн сайжрахаа дүгнэ. Дараах жишээ бүрд зооглох, зууш идэх эсвэл өлсөх гэсэн үгсээс Христийн үгийг хэр сайн эрэлхийлдгийг тань хамгийн сайн дүрслэх үгийг сонгож бич. Жишээлбэл, та хувийн сургалтаараа судраас зооглодог, харин ерөнхий чуулганаар Христийн үгсээс зууш идэж байгаа мэт суралцдаг байж болно.
Хувийн судрын сургалт:
Ариун ёслолын цуглаан:
Ерөнхий чуулган:
Гэр бүлийн судрын сургалт:
Семинар:
Гэр бүлийн үдэш:
Аароны санваарын чуулгын цуглаан эсвэл Залуу эмэгтэйчүүдийн анги:
Ням гаргийн анги:
Хувийн залбирал:
-
Та “зууш идэх” эсвэл “өлсөх” гэж бичсэн үйл ажиллагаанаасаа нэгийг нь сонго. Тэр үйл ажиллагаанд Христийн үгэн дээр хэрхэн илүү сайн найрлахаа судрын тэмдэглэлдээ бич. Дараа нь үүнийгээ дага мөн хий.
2 Нифай 32:4–7-г уншаад, дараах асуултуудын хариултыг тунгаан бод (4-р даалгаварт нэг асуултын хариултыг бичих болно):
-
4-р шүлэгт гарсан “асуух” эсвэл “тогших” гэдэг үгс нь таны бодлоор ямар утгатай вэ? Залбирах нь хэрхэн асуух эсвэл тогшихын сайн жишээ байж болох вэ?
-
Түүнчлэн 4-р шүлэгт асууж мөн тогшдоггүй хүмүүст ирэх үр дагавар нь юу байх болно гэж Нифай хэлсэн бэ?
-
5-р шүлэгт, бид Ариун Сүнсийг хүлээж аваад ямар адислалуудыг авах боломжтой гэж Нифай амласан бэ?
-
7-р шүлэгт, Нифайн хүмүүсийн ямар зан чанар, хандлага нь Нифайг гашуудахад хүргэсэн бэ? Яагаад эдгээр зан чанар, хандлага нь “агуу мэдлэгийг” ойлгох мөн эрэлхийлэхэд нь хүмүүст саад болж байна вэ?
-
2 Нифай 32:4-өөс сурсан нэгэн үнэнийг судрын тэмдэглэлдээ бичиж, энэхүү үнэн нь яагаад таны амьдралд чухал болохыг тайлбарла.
Төгс эзэмших судар—2 Нифай 32:3
-
Хэрвээ та хоол идэх бүрдээ давтвал 2 Нифай 32:3-ыг цээжлэхэд хэр хугацаа зарцуулна гэж бодож байна? Шүлгийг жижиг цаасан дээр бичээд, биедээ авч яв. Дараагийн хэдэн өдөр, хоол идэхийн өмнө ба дараа 2 Нифай 32:3-ыг цээжлэхийг хичээн Христийн үгэн дээр найрла. Уг судрыг цээжлэх хүртэл хэдэн удаа хоол идсэнээ судрын тэмдэглэлдээ бич.
2 Нифай 32:8–9
Нифай бидэнд үргэлж залбирахыг зөвлөв
Олон хүн нүгэл үйлдсэнийхээ дараа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирмааргүй байна гэж хэлдэг. Яагаад тэгдэг талаар бодож үз. Ялангуяа нүгэл үйлдсэний дараа хэн таныг хэзээ ч битгий залбираасай гэж хүсдэг вэ? Яагаад? 2 Нифай 32:8-д залбирлын талаар Ариун Сүнс бидэнд юу хийх хэрэгтэй гэж заасныг ол. Дараах асуултуудыг тунгаан бод: Их Эзэн яагаад таныг залбираасай хэмээн хүсдэг гэж та бодож байна? Сатан яагаад таныг битгий залбираасай хэмээн хүсдэг гэж та бодож байна?
2 Нифай 32:9-ийг уншаад, бид хэр ойр ойрхон залбирах хэрэгтэй, залбирвал Их Эзэн бидэнд ямар адислалуудыг амладаг болохыг ол. Энэхүү шүлгийг уншихад ариулах гэдэг нь Бурханы үйлчлэлд зориулах эсвэл ариун болгох гэсэн утгатайг мэдэх нь танд тус болж болох юм.
2 Нифай 32:9-өөс бид дараах зарчмыг сурдаг: Бид үргэлж залбирах аваас бодгалийнхаа зол жаргалын тулд Их Эзэний биднээр үйлдүүлэх бүхий л зүйлийг үйлдэх боломжтой байх болно. 2 Нифай 32:8–9 нь төгс эзэмших судар гэдгийг анхаар. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэх хэрэгтэй.)
Үргэлж залбирах гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бод. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг уншихдаа “үргэлж залбир” хэмээх зарлигийг бид гүйцэлдүүлж болох нэг юмуу түүнээс дээш арга замын доогуур зур.
“Тэнгэрлэг Эцэгтэй зөвлөлдөх бидний өглөөний залбиралд зан төлөв, биеэ авч явах байдал, эсвээс бидний сүнслэг байдлын өсөлттэй холбоотой зөвлөгөө авах зүйлүүд байж болно. Бид хүлээн авсан адислалуудынхаа төлөө зохих ёсоор талархал илэрхийлсний дараа өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй байгаа зүйлсээ хийхэд ухаарал, чиглэл, тусламж гуйдаг. …
“Тусламж, удирдамж байнга авч байхын төлөө бид залбирлаа өдрийн турш тээж явдаг билээ. …
“Хатуу үг хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрсөн, уурлаж уцаарламаар санагдсан ч биеэ бариад өнгөрөх тийм өдрүүд бидэнд байдаг. Бид тэнгэрлэг тусламж, хүч чадлыг ойлгон, залбирлынхаа хариуг даруухнаар танин мэддэг. Бид ойлголт ухаарлын энэхүү агшинд талархлын залбирлыг чимээгүй өргөдөг билээ.
“Орой болоход бид дахин өвдөг сөгдөж Эцэгтээ эргэн тайлагнадаг. Бид тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж, хүлээн авсан адислалууд болон тусламжийн төлөө зүрх сэтгэлийнхээ талархлыг өргөдөг билээ. Бид наманчилж, Их Эзэний тусламжтайгаар маргааш нь илүү сайнаар үйлдэх арга замуудыг мэддэг. Тийнхүү бидний оройн залбирал маань өглөөний залбирал дээр тулгуурлагдан үргэлжилдэг. Үүний хамт бидний оройн залбирал маргааш өглөөний утга учиртай залбирлын бэлтгэл болдог юм.
“Өглөө оройн залбирал, тэрчлэн эдгээрийн хоорондох бүх залбирал нь хоорондоо холбоогүй, салангид тусдаа үйл явдлууд биш, харин өдрийн турш, долоон хоног, сарын турш, тэр ч байтугай олон жилийн турш хоорондоо нягт холбоотой байдаг юм. Энэ бол ‘үргэлж залбир’ хэмээсэн судрын анхааруулгыг бид хэрхэн биелүүлдгийн жишээ юм. (Лук 21:36; 3 Нифай 18:15, 18; C ба Г 31:12). Ийм утга учиртай залбирал нь Бурхан Өөрийн итгэлтэй хүүхдүүдэд зориулж нөөцөлсөн хамгийн дээд адислалуудад хүрэх зэмсэг юм. (“Үргэлж залбир,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 41–42).
-
Ахлагч Бэднарын хэрхэн “үргэлж залбирах” тухай зөвлөгөөг дагах нь амьдралд тань хэрхэн тус болох талаар судрын тэмдэглэлдээ бич.
Энэхүү хичээлийг төгсгөхдөө далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Спэнсэр Ж.Кондигийн Христийн үгэн дээр найрлах тухай дараах гэрчлэлийг унш: “Та номлол, ирээдүйн мэргэжил, цаашлаад гэрлэлтийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй байгаа байж болох юм. Судраас уншиж, заавар зөвлөгөө эрэлхийлэн залбирахдаа та цаасан дээр хэвлэсэн хариултыг харахгүй байж болно, харин та уншвал онцгой сэтгэгдэл, мэдрэмж хүлээж авах ба амлагдсаны дагуу Ариун Сүнс ‘та нарын хийвэл зохих тэр бүхнийг та нарт үзүүлэх болно’ [2 Нифай 32:5]” (“Becoming a Great Benefit to Our Fellow Beings,” Ensign, 2002 оны 5-р сар, 45).
Төгс эзэмших судар—2 Нифай 32:8–9
-
Одооноос эхлэн 24 цагийн турш “үргэлж залбирах” тухай сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээ. Дараагийн хичээлийн эхэнд энэхүү туршлагынхаа талаар бодол санаа болон мэдрэмжээ хуваалцахад таныг урих болно. “Үргэлж залбирах”-ыг хичээх нь залбирлыг тань хэрхэн өөрчилж болдгийг судрын тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 2 Нифай 32-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: