3-р хэсэг: 3 дахь өдөр
1 Нифай 10–11
Оршил
Амьдралын модны тухай Лихайн сургаалууд болон иудейчүүдийн тухай түүний бошиглолууд нь аавынхаа харсан зүйлүүдийг өөрөө үзэж, сонсон, мэдэх Нифайн хүслийг нэмэгдүүлжээ. Нифай аавынхаа хэлсэн зүйлсийг тунгаан бодсоны дараа “Их Эзэний Сүнсэнд автагдан алсад одож” (1 Нифай 11:1) aмьдралын модны тухай үзэгдлийг өөрөө харсан ажээ. Нифай харсан үзэгдэлдээ Аврагчийн амьдрал, үйлчлэл, үхлийг харж, биднийг хайрладаг Түүний хайрыг гэрчилжээ. Энэ хичээлийг судлахдаа хувиараа илчлэлт авахыг хүссэн Нифайн жишээнээс юу сурч болохыг тунгаан бод. Бас Аврагчийн амьдрал, Түүний үүрэг зорилго хийгээд бид бүгдийг хайрладаг агуу хайрынх нь тухай эргэцүүлэн бод.
1 Нифай 10:1–16
Лихай бошиглосон нь
Лихай амьдралын модны тухай үзэгдлээ ярьсны дараа ирээдүйн үйл явдлуудын тухай бошигложээ. Түүний бошиглолууд 1 Нифай 10:1–16-д цэдэглэгдсэн байдаг. 1 Нифай 10:4–6-г уншиж, дараах асуултуудын хариуг судартаа тэмдэглэ:
-
Мессиа болох Аврагч ирнэ гэдгийг Лихай хэзээ бошиглосон бэ?
-
“Энэхүү Гэтэлгэгчид тулгуурладаггүй” хүмүүст юу тохиолдоно гэж Лихай хэлсэн бэ?
1 Нифай 10:17–11:6
Нифай аавынхаа үзсэн мөнхүү тэр үнэнүүдийг өөрөө харж, сонсож, мэдэхийг хүссэн нь
Дараах зохиомол зүйлийг уншиж, яг адилхан нөхцөл байдалд хүмүүс хэрхэн өөр өөр ойлголт, туршлагатай байдгийг анхаар: Гурван залуу Сүмийн нэг цуглаанд оролцжээ. Тэдний нэг нь цуглааныг уйтгартай юм байна, цагаа дэмий үрлээ гэж бодсон гэнэ. Өөр нэг нь цуглаан сайхан боллоо, гэвч үүнээс юу ч сурсангүй хэмээн бодож. Гурав дахь залуу Ариун Сүнсээр нөлөөлөгдөж, цуглаан дээр заагдсан зүйлээс гадна сүнслэг нөлөө, удирдамж хүлээн авчээ.
1 Нифай 10:17–11:6 дахь Нифайн туршлагыг судлахдаа, Нифай, аавынхаа зааснаас гадна нэмэлт илчлэлт хүлээн авах боломжийг түүнд олгосон ямар үйлдэл хийсэнд анхаарлаа хандуул.
1 Нифай 10:17-г уншиж, Лихайн үзэгдлийг сонссоны дараа Нифайд ямар санагдсан тухай дүрсэлсэн хэсгийн доогуур зур.
1 Нифай 10:19-ийг уншиж, Бурханы нууцууд бидэнд хэрхэн илчлэгддэгийг заасан хэллэгийг ол.
1 Нифай 10:19-д өгүүлснээр үнэнийг шаргуу эрж хайдаг хүмүүс Бурханы нууцуудыг хүлээн авдаг. Үнэнийг шаргуу эрж хайх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?
Үнэнийг шаргуу эрж хайхын тун сайн жишээг Нифай харуулсан юм. 1 Нифай 10:17–19 мөн 11:1–6-г унш; доорх хүснэгтэд дурдсан гурван сэдэв: Хүсэл, итгэл, тунгаан бодолтоос хоёрыг нь сонгож, хүснэгтэн дээрх холбогдох асуултуудын хариултыг бич.
Хүсэл |
Нифай юу мэдэхийг хүссэн бэ? Бидний хүсэл илчлэлт хүлээн авах чадварт маань хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ? Та Их Эзэнээс юуны тухай мэдэхийг хүсдэг вэ? |
Итгэл |
Өөрийг нь илчлэлтэд хөтөлсөн ямар зүйлүүдэд Нифай итгэдэг байсан бэ? Эдгээр итгэл өнөө үед илчлэлт хүлээн авах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ? Их Эзэний танд илчилсэн зүйлд та итгэдэг үү? |
Тунгаан бодох (ямар нэг юмны тухай гүнзгийгээр эргэцүүлэн бодох; оюун ухаан, зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээх) |
Нифайг тунгаан бодож суухад нь юу тохиолдсон бэ? (1 Нифай 11:1-ийг үзнэ үү.) Тунгаан бодолт илчлэлт рүү хөтөлдөг гэж та боддог уу? Сайн мэдээ амьдралд тань ямар нөлөө үзүүлж байгааг тунгаан бодохын тулд та юу хийж болох вэ? |
Дараах өгүүлбэрийг гүйцээн бичиж, Нифайн туршлагаас сурч болох нэг зарчмыг гарга: Бурхан ______________бүх хүмүүст үнэнийг илчилдэг.
-
Дараах асуултуудаас нэг эсвэл хоёрт нь судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Их Эзэнээс тусламж эсвэл удирдамжийг хичээнгүйлэн эрэлхийлсэн үед Бурхан залбиралд тань хариулж байгааг эсвэл Сүнсний өдөөлтийг та хэзээ мэдэрсэн бэ?
-
Их Эзэнээс сүнслэг удирдамжийг хичээнгүйлэн эрэлхийлж болох нэг арга зам юу вэ?
-
1 Нифай 11:7–36
Бусдын төлөө хийсэн Есүс Христийн залбирлыг Нифай гэрчилсэн нь
Нифай үзэгдлийнхээ үед тунгаан бодож, бурханлаг удирдамж эрэлхийлэхээ үргэлжлүүлжээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах үгийг уншиж, Нифайн үзэгдлийн хамгийн чухал зүйл юу байсан гэж тэрээр хэлснийг ол.
Мессиа хүрч ирэх тухай бошиглолууд Хуучин Гэрээнд байдаг. Харин Мормоны Ном тэр үйл явдлын тухай, Хуучин Гэрээн дэх бошиглолтой огт адилгүй үзэгдлийн тухай цэдэглэсэн байдаг.
“Лихайн хүмүүс Иерусалимыг орхиж явсны дараа Лихай амьдралын модны тухай үзэгдлийг харсан юм. Түүний хүү Нифай үзэгдлийн утгыг мэдэхийн тулд залбирсан ажээ. Залбирлынхаа хариуд тэр Христийн тухай гайхамшигтай үзэгдэл хүлээн авсан юм.
“Нифай үзэгдлээр дараах зүйлсийг харсан юм:
-
Хүүхэд тэвэрсэн онгон бүсгүйг,
-
Замыг бэлтгэх ёстой нэгэн, Иохан Баптистыг,
-
Бурханы Хүүгийн үйлчлэлийг,
-
Мессиаг дагалдагч өөр арванхоёр хүнийг,
-
Тэнгэр нээгдэж, тэнгэр элчүүд тэдэнд үйлчлэхийг
-
Адислагдаж, эдгэрсэн олон түмнийг,
-
Христийн цовдлуулалтыг
-
Түүний ажлыг эсэргүүцэгч дэлхийн мэргэн ухаан хийгээд бардамналыг харжээ. (1 Нифай 11:14–36-г үзнэ үү.)
“Энэхүү үзэгдэл бол Мормоны Номын хамгийн чухал захиас юм” (“The Things of My Soul,” Ensign, 1986 оны 5-р сар, 60–61).
Нэгэн тэнгэр элч амьдралын модны утгыг тайлахад нь Нифайд тусалж, “Эцгийнхээ харсан тэр мод ямар учиртайг мэдэв үү, та?” гэж асуужээ. (1 Нифай 11:21). 1 Нифай 11:21–24-т Нифай болон тэнгэр элчийн амьдралын модыг дүрслэхэд ашигласан хэллэгийн доогуур зурж, утгыг дахин бод.
1 Нифай 11:16-г уншиж, Нифайгаас тэнгэр элчийн асуусан асуултын доогуур зур. Хүлцэл гэдэг үг бусдад туслах эсвэл тэднийг адислахын тулд өндөр байр сууринаасаа сайн дураараа бууж ирсэн гэсэн утгатайг судартаа бичиж болно.
1 Нифай 11:17-гоос тэнгэр элчийн асуултад хариулсан Нифайн хариултыг ол. Нифай юу мэдсэн бэ? Тэр юу мэдээгүй вэ? Нифайг хариулсны дараа тэнгэр элч, Бусдын төлөө хийсэн Есүс Христийн үйлчлэл биднийг хайрлах Бурханы хайрыг харуулдаг гэдгийг өгүүлжээ.
Хүлцэл гэдэг үгийн утгыг мэдсэний дараа 1 Нифай 11:13–21-ийг, дараа нь Далын гишүүнээр үйлчилж байсан Ахлагч Жэралд Н.Ландын дараах эшлэлийг уншиж, Аврагчийн төрөлт нь Түүний хүлцэл болон биднийг хайрлах Түүний хайрыг хэрхэн харуулдгийг тунгаан бод: “Бурхан тэргүүтний нэг гишүүн, Эцэгийн Ууган Хүү, Бүтээгч, Хуучин Гэрээний Иехова тэнгэр дэх бурханлаг ариун байдал, алдар суу, сүр жавхлан--энэ бүхнээ орхиод, Өөрийн эх, дэлхийн эцэг хоёроосоо бүрэн хамааралтай, өөдсийн чинээ бяцхан хүү болж, энэ дэлхийд ирсэн билээ. Тэрбээр дэлхийн хамгийн сайхан газар төрж, ягаан торгонд [хаан язгуурын бэлгэдэл] өлгийдүүлэн, эрдэнийн зүйлсэд булхаагүй юм. Харин малын даржин хашаанд мэндэлсэн нь гайхмаар биш гэж үү? Тэнгэр элч Нифайд, ‘Бурханы хүлцлийг болгоогтун’ хэмээн хэлсэн нь бага зэрэг гайхмаар юм.” (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 16).
-
Есүс Христ “тэнгэрлэг гэрээсээ ирсэн” (“Би гайхширна,” Сүмийн дуулал, х. 22 ) болон мөнх бус дэлхий дэх алдар суут байдлаасаа өөдсийн чинээ бяцхан хүү болон мэндэлсэн гэдэг нь таны хувьд ямар утгатай болохыг судрын тэмдэглэлдээ бич.
1 Нифай 11:27-г уншиж, Аврагчийн баптисм бас Түүний хүлцлийг хэрхэн харуулж байгааг тунгаан бод. Тэр хэдийгээр нүгэлгүй байсан ч Бурханы хуулиудад дуулгавартайгаа харуулахын тулд баптисм хүртсэн юм. Мөн энэ нь, дуулгавартай дагах үлгэр жишээг бидэнд өгснөөр биднийг хайрладаг Түүний хайрыг харуулж байна.
1 Нифай 11:28–31-ийг уншиж, Есүс Христийн бусдад үйлчилсэн амьдрал нь Түүний хүлцлийг хэрхэн харуулж байгааг эргэцүүлэн бод. Аврагч ямар хүмүүст үйлчилж, тэднийг эдгээж байсанд анхаарлаа хандуул.
-
1 Нифай 11:28–31-ээс уншсан зүйл тань, хүмүүсээ хайрладаг Аврагчийн хайрыг хэрхэн харуулж байгааг судрын тэмдэглэлдээ бич. Өнөөдөр энэ нь таны төлөөх Түүний хайртай холбогддогийг та хэрхэн мэдэрдэг вэ?
1 Нифай 11:32–33-ыг уншиж, Есүс Христийн цовдлуулалт нь Түүний хүлцлийг хэрхэн харуулж байгааг тунгаан бод. Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан Ахлагч Өөрл К.Тинжигийн дараах үгийг уншиж, Аврагчийн Цагаатгал Түүний хайрыг хэрхэн харуулж, таныг адисалдаг тухай тэр юу гэж хэлснийг ол.
“Есүс Христ Цагаатгалын шаардлагуудыг хангах хүнээр сонгогдсоны хувьд Түүнд уруу таталт, сорилт, доромжлол, шүүлт, цовдлолтыг зайлуулах эрх мэдэл болон хүч өгөгдсөн боловч иймэрхүү үйлдлүүдийг Тэрээр хүлцэн тэвчсэн юм.
“Ерөнхийлөгч Жон Тэйлор Христийн хүлцлийг дараах сайхан үгсээр дүрсэлжээ: ‘Тэрбээр бусад хүмүүсийг бүхнээс дээгүүр тавихын тулд Өөрөө бүхнээс доогуур бууж ирэх нь зайлшгүй байсан юм’ [The Mediation and Atonement (1882), 144].
“Гетсеманий Цэцэрлэг дэх Христийн зовлон шаналал нь Түүний бүх онцгой шинж чанаруудын хамгийн их сүр жавхлантай, Христийн төгс хайрын жишээг харуулдаг. Эндээс Тэрээр бид бүхнийг үнэхээр хайрладгийг бид хардаг. …
“Цагаатгал бол Бурханд өөрийгөө нийцүүлэх боломжийг бидэнд олгосон үйл явдал мөн. …Гэр бүлийн хувьд энэ нь гэр бүлийн гишүүд бие биетэйгээ болон Бурхантай бас Түүний Хүү Есүс Христтэй нэгдэн нийлэх гэсэн утгатай юм. Тусгаарлалтаас үүдэлтэй уйтгар гуниг эргэн нэгдэлтээр аз жаргал болдог” (“The Great Plan of Happiness,” Ensign ба Лиахона, 2006 оны 5-р сар, 73–74).
Есүс Христийн Цагаатгал нь Түүний хүлцлийн нэгэн чухал хэсэг бөгөөд биднийг хайрладаг Түүний хайрын хамгийн агуу илрэл юм.
-
Есүс Христийн хүлцлийн тухай мэдэх нь таны бодол санаа, Түүнийг хайрлах хайранд тань хэрхэн нөлөөлдгийг судрын тэмдэглэлдээ бич.
Өнөөдрийн хичээлээ “Би гайхширна” дууллыг дуулах, сонсох эсвэл үгийг нь уншиж дуусга (“Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 22) Өнөөдрийн сурч мэдсэн зүйлийг тань гэрчилж байгаа хэллэгүүдэд анхаарлаа хандуул. Есүс Христийн Цагаатгалын адислалууд яагаад “хамгийн ихээр хүслийг татагч,” “хамгийн их баясгалант” (1 Нифай 11:22–23-ыг үзнэ үү) байдгийг тунгаан бод. Хэрэв та Нифай шиг илчлэлтээр дамжуулан мэдлэгийг шаргуу эрэлхийлбэл Их Эзэнд улам ойртож, өөрийн амьдрал дахь Түүний хүч болон үүний авчирдаг баяр баясгаланг мэдрэх болно.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 1 Нифай 10–11-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: