27-р хэсэг: 1 дэх өдөр
3 Нифай 23
Оршил
Есүс Христ Исаиагийн үгсийг эш татсаныхаа дараа нифайчуудад бошиглогчдын үгсийг судлахыг зарлиг болгов. Аврагч нифайчуудыг цэдэг хөтлөхдөө хичээнгүй биш байгааг мөн анхааруулав.
3 Нифай 23:1–5
Есүс Христ бошиглогчдын үгсийг судлахыг хүмүүст зарлигласан нь
Энэ жил судар судлах туршлага тань ямар байгааг бод. Судруудыг судалснаар таны амьдралд ирсэн адислалуудыг дүрсэлсэн цөөн үгс эсвэл богинохон өгүүлбэрүүдийг бич.
Жагсаалтаа хараад эдгээр адислалууд судар судлахын ач холбогдлын талаар танд юу зааж байгааг эргэцүүлэн бод.
Аврагч Исаиагийн үгсийг эш татсаныхаа дараа (3 Нифай 22-р бүлгийг үзнэ үү) Исаиагийн болон бошиглогчдын үгсийг хичээнгүйлэн судлахыг хүмүүст зарлиг болгов. Та 3 Нифай 23:1–5-ыг уншаад Аврагч биднийг яагаад Исаиагийн болон бошиглогчдын үгсийг судлах ёстой гэж хэлснийг олж мэд. Сурч мэдсэн зүйлсээ санахад тань туслах үг хэллэгүүдийг тэмдэглэж ав.
Исаиагийн үгсийг судлахыг бидэнд зарлиг болгосны нэг шалтгаан нь “Израилын угсаа болох [Их Эзэний гэрээт] хүмүүсийн талаар бүх зүйлийг … тэр ярьсан” (3 Нифай 23:2) явдал юм. Та Их Эзэнтэй гэрээ байгуулсан учир Израилын угсаанд харьяалагдана. Исаиагийн бичээсүүд танд хамаатай. Бид Исаиагийн үгсийг судлах ёстой өөр нэг шалтгаан бол тэдгээр нь бүгд биeлэгдэх учраас тэр юм (3 Нифай 23:3-ыг үзнэ үү).
Eсүс Христ 3 Нифай 23:1-т “[Исаиагийн үгсийг] хичээнгүйлэн судал” хэмээн нифайчуудад онцгойлон зарлиг болгожээ.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Бошиглогчдын үгсийг унших, тэдгээрийг хичээнгүйлэн судлахын хооронд ямар ялгаатай гэж та бодож байна вэ?
-
Исаиа болон бусад бошиглогчдын үгсийг илүү үр өгөөжтэй, утга учиртай судлахад тань судар судлах ямар аргууд тусалж чадах вэ? (Та зарим судар судлах тусламжуудыг санахын тулд,1-р хэсгийн нэг дэх өдрийн хичээлийн “Судруудыг судлах нь” хичээлийг давтах хэрэгтэй.)
-
Далын чөлөөлөгдсөн ахлагч Мэррилл Ж.Бэйтмэн, бошиглогчдын үгсийг судалснаар бидний амьдралд ирдэг зарим адислалуудыг ийнхүү онцлон тэмдэглэжээ: “Хүн судар судалснаар тодорхой адислалуудыг хүлээн авдаг. Хүн Их Эзэний үгсийг судалж, тэдгээрийг дагаснаар Аврагчид илүү ойртож, зөв шударга амьдралаар амьдрах илүү их хүсэлтэй болдог. Мөн уруу таталтыг эсэргүүцэх хүч нь нэмэгдэж, сүнслэг байдлын сул дорой байдлаа даван туулж, сүнслэг байдлын шарх нь эдгэрнэ” (“Coming unto Christ by Searching the Scriptures,” Ensign,1992 оны 11-р сар, 28).
3 Нифай 23:5-ыг уншаад хэрэв бид судрыг судалж, доторх урилгуудын дагуу үйлдсэн бол бид бүгдэд өгсөн Их Эзэний амлалтыг ол.
-
Таны найз эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн судруудыг тогтмол судалж чадахгүй байна гэж бод. 3 Нифай 23:1–5-р шүлгүүдээс сурсан зүйлээ ашиглан та энэ хүнд судруудыг хичээнгүйлэн судалж, үр нөлөө бүхий туршлагатай болоход нь урам дэм өгөхийн тулд хэлэх нэг зүйлийг бич.
3 Нифай 23:6–14
Eсүс Христ шавь нараа чухал үйл явдлуудыг цэдэглээгүйн улмаас зэмлэв
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгсийг унш:
“Их Эзэн Eсүс Христ Өөрөө нифайчууд ба леменчүүдэд цэдэг хөтлөхийн асар их ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ [3 Нифай 23:6–13-ыг үзнэ үү]. …
“Би өөрийн цэдгүүдийг тухай бүр бичиж хөтлөх үүргээ биeлүүлээгүйнхээ төлөө эeлдэг зөөлнөөр ч гэсэн зэмлүүлээгүйдээ баяртай байна. …
“… Аврагч чухал үйл явдлуудыг цэдэглээгүй хүмүүсийг зэмлэснийг санагтун” (“The Angels May Quote from It,” New Era, 2003 оны 2-р сар, 32, 34–35).
3 Нифай 23-р бүлгийн үлдсэн хэсэг нь Аврагч чухал үйл явдлуудыг цэдэгтээ оруулаагүйн төлөө нифайчуудыг зэмлэсэн тухай Ерөнхийлөгч В.Кимбаллын тайлбарыг агуулдаг. 3 Нифай 23:6–11-ийг уншаад нифайчууд юуг цэдэглээгүйг олж мэд. Нифайчуудад лемен үндэстэн Самуелын энэхүү бошиглолын биeлэлтийг бичих нь яагаад чухал байсан бэ? Мормоны Номд энэ цэдэг байгаа нь өнөөдөр бидэнд хэрхэн тусалж байна вэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Амьдралд тань тохиолдсон сүнслэг үйл явдлууд болон сүнсний өдөөлтүүдийг бичиж тэмдэглэх нь яагаад чухал вэ?
Амьдралд тань саяхан тохиолдсон сүнслэг үйл явдлыг тэмдэглээгүй байгаа бол, хувийн тэмдэглэлдээ одоо бич. Хувийн тэмдэглэл нь энгийн дэвтэр эсвэл салдаг хуудастай дэвтэр байхад болно. 3 Нифай 23:12–14-ийг уншаад нифайчууд лемен үндэстэн Самуелын бошиглолын биeлэлтийг бичих зарлигийг дагасны дараа Аврагч юу хийснийг олж мэд.
Аврагч “бүх судруудыг нэгтгэн тайлбарласан” гэдэг нь Тэр судруудын утгыг тайлбарласан гэсэн үг юм.
3 Нифай 24:1-ийг уншаад энэ шүлгийн эхний хэсэг, 3 Нифай 23:12–14-т өгүүлсэн зүйл хоёрын хоорондох төстэй зүйлсийг анхаар. Нифайчууд Eсүс Христийн заасан зүйлсийг цэдэглэсний дараа, Тэр тэдэнд тэдгээр зүйлсийг тайлбарлан илүү их мэдлэг болон илчлэлт өгснийг анзаараарай.
3 Нифай 23:6–14-р шүлгүүдээс сурсан зүйл дээрээ түшиглэн дараах зарчмыг гүйцээж бич: Би сүнсний ариун өдөөлтүүд болон үйл явдлуудыг тэмдэглэснээрээ урьдаг.
Та энэ зарчмыг өөр хувилбаруудаас гадна ийм байдлаар бичиж болох байсан: Би сүнсний ариун өдөөлтүүд болон үйл явдлуудыг тэмдэглэснээрээ Их Эзэнийг надад илүү олон илчлэлт өгөхөд урьдаг.
Та сурч мэдсэн үнэнээ илүү бүрэн ойлгохын тулд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах хоёр үгийг унш:
“Нягт нямбай хѳтѳлсѳн мэдлэг бол хэрэг болсон үед бэлэн байдаг мэдлэг юм. Та сүнслэг байдлын хувьд нарийн нандин мэдээллийг Их Эзэнтэй ойрхон ариун газар хадгалах хэрэгтэй. Ийм хэвшил нь таны гэрэл хүлээн авах цаашдын боломжийг нэмэгдүүлдэг” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 88).
… Сүнснээс сурсан чухал зүйлсээ найдвартай газарт тэмдэглэж бай. Та үнэ цэнэтэй сэтгэгдлүүдээ бичиж авах тусам илүү олноор ирэхийг харах болно. Мөн та олж авах мэдлэгээ амьдралынхаа турш ашиглах боломжтой байх болно (“To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Ensign, 2002 оны 7-р сар, 32).
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Их Эзэнээс хүлээн авсан илчлэлтүүдээ тэмдэглэж байх нь яагаад илүү олон илчлэлт авахад бидэнд тусалдаг гэж та бодож байна?
-
Бидний амьдрал дахь Их Эзэний нөлөөний тухай бичих цаг гаргах нь бид Түүнд адислалуудынхаа төлөө талархал илэрхийлэхэд хэрхэн тусалж болох вэ?
-
Та бичиж тэмдэглэхүйц онцгой эсвэл ариун нандин туршлага танд байхгүй хэмээн санаа зовж байж магадгүй. Далын чөлөөлөгдсөн ахлагч Жон Х.Гробэрг энэ талаар ийн хэлжээ: “Зарим хүмүүс, ‘Надад бичих юм юу ч байхгүй. Надад ямар ч сүнслэг зүйл тохиолддоггүй’ гэдэг. Харин би, ‘Бичиж эхэл, тэгвэл сүнслэг зүйлс тохиолдох болно гэж зөвлөе. Бичих зүйл үргэлж байдаг, харин бид тэдгээрийг бичсэнээрээ илүү мэдрэмтгий болдог’” (“Writing Your Personal and Family History,” Ensign,1980 оны 5-р сар, 48).
Та цаас, дэвтэр эсвэл тэмдэглэлээ ирэх долоо хоногийн турш биедээ авч явбал сүнслэг туршлагаа тэмдэглэж байх талаар сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж чадна. Сүнсний аливаа өдөөлт, сэтгэгдэл, туршлага эсвэл мэдрэмжүүдээ долоо хоногийн турш бичиж тэмдэглэ. Мөн хүлээн авсан сүнсний өдөөлтүүдээ хэрэгжүүлэх талаар юу бодож байгаагаа бич. Эдгээр үйлдлүүдийг хийснийхээ дараа туршлагаа бич.
Хэн нэгэнд (гэр бүлийн гишүүн, найз эсвэл сүмийн удирдагч) сүнслэг туршлагуудаа бичиж тэмдэглэх төлөвлөгөөнийхөө тухай ярь. Энэ хүнийг өөртэйгөө хамт сүнслэг туршлагаасаа бичихэд урь. Та өөр хүнийг ийм төлөвлөгөө хийхэд урьснаар та хоёр биe биeдээ урам дэм өгч, ахиц дэвшлээ хуваалцаж болно. Гэвч та ариун нандин туршлагаа бие биетэйгээ хуваалцах нь шаардлагагүй эсвэл зохимжгүй байж болохыг санах хэрэгтэй.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 23-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: