5-р хэсэг: 3 дахь өдөр
2 Нифай 2
Оршил
2 Нифай 2-р бүлэгт Тэнгэрлэг Эцэг яагаад Өөрийн хүүхдүүдийг зовлон зүдгүүр, харамсал гуниг, үхэл, нүгэл хилэнцээр дүүрэн дэлхий рүү илгээсэн тухай Лихай өөрийн хүү Иаковт заадаг. Тэрээр мөнх бус байдлын зорилгыг Иаковт ойлгуулахын тулд сонголт, Адамын уналт, Есүс Христийн Цагаатгал зэрэг гэтэлгэлийн төлөвлөгөөний үндсэн зарчмуудыг тайлбарлажээ. 2 Нифай 2-р бүлэгт заасан үнэнүүдийг суралцах нь Есүс Христийн Цагаатгал бидэнд Уналтын үр дагаврыг хэрхэн даван гарах болон мөнх амьдрал руу хөтлөх сонголтуудыг хүн бүрд боломжтой болгож өгсөн гэдэгт илүү талархалтай болоход тусалдаг.
2 Нифай 2:1–25
Лихай Адамын уналт болон Есүс Христийн Цагаатгалын талаар заав.
Сүүлийн үед өөрт тань тулгарч байсан асуудлуудын тухай бод. Та амьдралд яагаад иймэрхүү асуудлууд тулгардаг юм бол гэж бодож байсан уу? Та 2 Нифай 2:1-ийг унших үедээ Иаковын бага насны тухай дүрслэн хэлэхдээ ашигласан Лихайн үгс болон үг хэллэгүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Дараа нь 2 Нифай 2:2-ыг уншаад, зовлон зүдгүүрийнх нь үр дүн юу байх талаар Лихайн Иаковт амласан зүйлсийг тэмдэглэ. Ариулан адислах гэдэг үгийн нэг утга нь онцгойлон адислах эсвэл ариун болгох гэсэн үг юм. Лихай, Иаковын туйлын ашиг тусын тулд зүдгүүрүүдийг нь Их Эзэн онцгойлон адислах болно хэмээн Иаковт амлаж байна.
Лихай Адамын уналтын зайлшгүй байдал болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн Цагаатгал бидэнд шаардлагатай байсан талаар Иаковт заав. Уналт болон Цагаатгал нь бидэнд сонголтоо ашиглах боломжийг бий болгож өгсөн ба ингэснээр бид өсөж хөгжиж, мөнх амьдрал руу урагшилж чадна гэдгийг Иаков мэдээсэй хэмээн Лихай хүсч байв. 2 Нифай 2:15–18-ыг уншаад дараах асуултуудад товчхон хариулж бич:
-
Бурхан Адам Ева хоёрыг Едений цэцэрлэгт сонголтоо ашиглахыг нь зөвшөөрч юугаар хангасан бэ? (2 Нифай 2:15–16-г үзнэ үү.)
-
Сатан Едений цэцэрлэгт юу эрэлхийлж байсан бэ? (2 Нифай 2:17–18-ыг үзнэ үү.) Та Сатан энэхүү зорилгоо өнөөдөр хэрхэн үргэлжлүүлж байгааг харж байна уу?
-
Судрын тэмдэглэлдээ доорх хүснэгтийг зур. 2 Нифай 2:19–25-ыг уншаад хэрвээ Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс идээгүй, унаагүй байсан бол ямар үр дагавар гарах байсныг, түүнчлэн уналтаас болж ямар үр дүн гарсныг олж тодорхойл.
Адам, Ева хоёр унаагүй байсан бол (2 Нифай 2:22–23) |
Адам, Ева хоёр унаснаас болж (2 Нифай 2:19–20, 25) |
---|---|
Хүснэгтийг бөглөж дууссаныхаа дараа яагаад Адам, Евагийн уналт нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг болохыг тунгаан бод.
-
Найз тань Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртэж алдаа гаргасан хэмээн танд хэлж байна гэж төсөөл. 2 Нифай 2:19–25-р шүлгүүдээс сурсан зүйлсээ ашиглан, судрын тэмдэглэлдээ бидний авралын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Уналт яагаад чухал болохыг тайлбарлан бич.
Адам, Евагийн уналт нь бидэнд өсөж хөгжих замыг нээж өгсөн ч өөр бусад үр дагавруудыг авчирсан. Уналтаас өмнө Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт Бурханы оршихуйд байсан бөгөөд хориглогдсон жимснээс хүртсэнийхээ дараа Түүний оршихуйгаас явах хэрэгтэй болсон.
2 Нифай 2:5-ыг уншаад Уналтын дараа Адам, Ева хоёр Бурханы оршихуйгаас тусгаарлагдаж байгааг илэрхийлсэн үг хэллэгийг ол. “Зуурдын хууль” нь уналтын үр дүнд ирсэн бие махбодын хуулинд хамаардаг. Иймээс “зуурдын хуулийн” дагуу “тусгаарлагдах” гэдэг нь Адам, Ева хоёрын үр удмын хувьд бидний өвлөж авсан мөнх бус байдалд хамаарна. Эдгээр хуулийн улмаас бид Бурханы оршихуйгаас бие махбодын хувьд тусгаарлагдаж, харамсал гуниг, өвчин шаналал, зовлон зүдгүүр, биеийн үхлийн харьяат болсон юм. “Сүнсний хуулийн” дагуу “тусгаарлагдах” гэдэг нь өөрсдийн гэм нүглийн улмаас Бурханы оршихуйгаас тусгаарлагдахыг хэлнэ.
Дараах асуултуудад тулгуурлан уналтын үр дагавруудыг биеэрээ хэрхэн үзсэн талаар тунгаан бод:
-
Та энэ амьдралд ямар ямар зовлон зүдгүүр, өвчин шаналал, харамсал гунигийг амссан бэ?
-
Хэн нэгэн таньдаг хүн тань нас барсан уу? Тэр хүний үхэл танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Та хэзээ Бурханаас сүнслэгээр тусгаарлагдсан мэт мэдэрч байсан бэ?
2 Нифай 2:6–10-ыг унших үедээ Цагаатгалаар дамжуулан Есүс Христ биднийг Уналтын үр нөлөөнөөс гэтэлгэдэг бөгөөд нүглээс ангижрах боломжийг олгодог гэдгийг харуулсан түлхүүр үгс болон үг хэллэгийг олж, тэмдэглэх хэрэгтэй. 2 Нифай 2:9–10 дахь өмгөөлөл гэдэг нь өөр хэн нэгний ашиг тусын тулд үйлдэх гэсэн утгатай.
Төгс эзэмших судар—2 Нифай 2:25
Лихай Адамын Уналт болон мөнх бус амьдралд бидний биеэр амсдаг сөрөг зүйлсийн талаар Иаковт заахдаа бүх хүн төрөлхтөнд зориулсан Уналтын эерэг талуудыг онцлон хэлсэн.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Уналтын талаар сурсан зүйлс тань хүн төрөлхтөнд хэрхэн баяр баяслыг авчирдаг вэ?
-
Та Уналтын эерэг үр дагавруудаас баяр баяслыг хэзээ мэдэрч байсан бэ?
-
2 Нифай 2:11–18, 26–30
Лихай бидний сонгох эрх болон сонголтын үр дагаврын талаар заав
Сүүлийн үед хийсэн чухал сонголт болон уг сонголтоос ирж болох удаан хугацааны үр дагаврын талаар бод. Лихай Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх сонгох эрхийн гол ач холбогдлыг өөрийн хүмүүст заав. Бид эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй (2 Нифай 2:27-г үзнэ үү) гэдгийг ойлгоход тань туслах дараах дасгалуудыг хийж гүйцээ.
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө ([товхимол, 2011], 2–3)-оос авсан дараах мэдэгдэл тус бүрийг судрын тэмдэглэлдээ бич. Дараа нь 2 Нифай 2:11–18, 26–29-р шүлгүүдийг уншихдаа, мэдэгдлүүдийг баталж байгаа шүлгүүдийн дугаарыг ард нь бич. Шүлэг бүрийн дугаар аль нэг мэдэгдлийн ард бичигдсэн байх ёстой. Нэг мэдэгдэлтэй нэгээс илүү шүлэг, нэг шүлэгтэй нэгээс илүү мэдэгдэл тохирч болно. Жишээ нь: Эхний мэдэгдэлд тохирох шүлэг болох 2 Нифай 2:16-д Лихайн заасан нэгэн үнэн нь бидэнд өөрсдийнхөө төлөө үйлдэх чадвар олгогдсон явдал юм.
-
“Тэнгэрлэг Эцэг та нарт муугаас сайныг ялгах чадвар мөн өөрийнхөө төлөө сонголт хийх эрхийг өгсөн.” 2 Нифай 2:16
-
“Дэлхий дээр байх хугацаандаа та нар Бурханы зарлигуудыг дагаж, Түүнд хайраа үзүүлэхээр сонгох эрхээ ашиглах эсэхээ шалгуулдаг.”
-
“Хэдийгээр та нар чөлөөтэйгөөр сонгох эрхтэй ч үр дагавруудыг нь чөлөөтэй сонгож чадахгүй.”
-
“Нүгэлт … сонголтууд нь таны өсөлт хөгжилд саад тотгор учруулдаг бөгөөд харуусал гуниг, сэтгэлийн зовлон руу хөтөлдөг.”
-
“Зөв шударга сонголт нь байнгын аз жаргал болон мөнхийн амьдрал руу хөтөлнө.
-
2 Нифай 2:26–27-г унш. Та юуг чөлөөтэй сонгох эрхтэй вэ? 2 Нифай 2:28-ыг уншаад, Бурхан танд “мөнх амьдралыг сонгоход” туслах өөр юу өгснийг олж тэмдэглэ. Амьдралдаа хийж байсан сонголтуудаасаа мөнх амьдралыг сонгосон гэдгийг тань харуулах сонголтын талаар тунгаан бод.
Төгс эзэмших судар—2 Нифай 2:27
Төгс эзэмших судар 2 Нифай 2:27-г цээжил. Эхлээд энэ шүлгийг хэд дахин уншсаны дараа судраа хаагаад доор бичигдсэн уг шүлэг дэх үг бүрийн эхний үсгийг ашиглан өөртөө юмуу гэр бүлийнхээ хэн нэгэнд цээжээр уншиж өгөхийг хичээ. Цээжээр хэлж суртлаа энэ дасгалыг давт.
И т, х б м д ч б; м х ш б б з т ө б. М т б х а и З д, э ч б м а с э ч х м б д, б б ү с э; у т б х ө а з б б э б.
-
Дээр бичигдсэн 2 Нифай 2:27-р шүлгийн үг бүрийн эхний үсгүүдийг ашиглан энэхүү төгс эзэмших судрыг судрын тэмдэглэлдээ бич. Харж болохгүй шүү!
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 2 Нифай 2-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: