8-р хэсэг: 4 дэх өдөр
2 Нифай 31
Оршил
Нифай Христийн сургаалыг заав: Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, нүглүүдээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих ёстой. Бид эдгээр сургаалыг дагавал Бурхан биднийг Ариун Сүнсний нөхөрлөлөөр адисалж, мөнхийн амьдрал руу удирдана хэмээн тэр гэрчилжээ.
2 Нифай 31:1–21
Аврагч бидэнд төгс жишээг үзүүлсэн хэмээн Нифай заав
Есүс баптисм хүртэхээр Иохан Баптист руу очжээ. Есүс ямар ч гэм нүгэл үйлдээгүй атлаа яагаад баптисм хүртсэн гэж та бодож байна? Та яагаад баптисм хүртсэн бэ? Эдгээр асуултуудын талаар тунгаан бодох нь энэхүү хичээлд бэлтгэхэд тань тус болно.
2 Нифай 31:2, 21-ийг уншаад, “Христийн сургаал” гэсэн хэллэгийг тэмдэглэ. 2-р шүлэгт Нифай өөрөө “Христийн сургаалын талаар ярих ёстой” хэмээн хэлснийг ажигла. Дараа нь 21-р шүлэгт тэрээр “Христийн сургаалын” талаар ярилаа хэмээсэн байдаг. 2 Нифай 31:3–20-д Нифайн нэрлэснээр “Христийн сургаал” гэгдэх үнэнүүдийн талаар бид суралцах болно. Бидний сурах хоёр үнэн: Есүс Христ Эцэгийн бүх зарлигуудыг дуулгавартай дагаснаар бүх зөв шударгыг гүйцэлдүүлсэн, мөн бид баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авснаар Есүс Христийн дуулгавартай байдлын жишээг дагах ёстой.
-
Судрын тэмдэглэлдээ дараах гарчгуудыг зэрэгцээ эгнээнд бич: Есүсийн баптисм хүртсэн шалтгаанууд болон Бидний баптисм хүртэх шалтгаанууд. Дараа нь 2 Нифай 31:4–12-ыг уншаад, эдгээр гарчгуудаас тус бүр юу сурснаа жагсаан бич.
2 Нифай 31:11-т хэлсний дагуу баптисмын өмнө юу байх ёстой вэ?
Баптисм нь яагаад усаар хийгдэх шаардлагатайг ойлгоход тань туслах Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг уншина уу: “Баптисм бол бид Бурханы тааллыг хэрэгжүүлж байгаагийн, хүмүүн Түүнд ирж аврагдах, Бурханы хаант улсад орох Бурханы тогтоосон өөр зам тэнгэрийн доор байхгүйг Бурханд, тэнгэр элчүүдэд, түүнчлэн тэнгэрт харуулах тэмдэг мөн. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, нүглээс ангижрахын төлөөх баптисмгүй бол бусад аливаа зам хий хоосон юм. Итгэл, наманчлал, баптисмын замыг дагасны ачаар Ариун Сүнсний бэлгийн амлалт та нарт байх болно” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит[2007], 105-106).
-
Сүмийн гишүүн бус найз тань танаас баптисм яагаад тийм чухал юм бэ хэмээн асуусан гэж төсөөл. Түүний асуултад хэрхэн хариулахаа судрын тэмдэглэлдээ бич.
-
Баптисм хүртэж, Есүс Христийн жишээг дагах нь таны амьдралд хэрхэн нөлөөлж, мөн адисалж байгааг судрын тэмдэглэлдээ бич.
Баптисм хүртсэний дараа бидэнд хийх зүйл их байдаг. 2 Нифай 31:13-ийг уншаад, Аврагчийн жишээг дагахад байх ёстой хандлага, зан чанарыг тодорхойлсон хэллэгүүдийг тэмдэглэ.
2 Нифай 31:13-т хэлсний дагуу бид гэрээгээ бүх зүрх сэтгэлээрээ, үнэн санаатайгаар гүйцэлдүүлсний хариуд Тэнгэрлэг Эцэг маань бидэнд юу амладаг вэ? (Үүнийг судартаа тэмдэглэх хэрэгтэй.) 2 Нифай 31:17-гийн сүүлийн өгүүлбэрийг уншаад, бид яагаад Ариун Сүнсийг хүлээн авах хэрэгтэйг тодорхойл. Дараах зайнд Ариун Сүнс бидний төлөө юу хийдгийг тайлбарласан сударт үндэслэсэн сургаал эсвэл зарчмыг бич.
Металлын төрлийн материалуудыг ариутгахын тулд галыг ашигладаг. Гал нь бохир зүйлсийг шатааж гаргаад цэвэр материалыг цэвэршүүлдэг. Ариун Сүнсний бэлгийг хүлээж авахад бидний сүнслэг байдалд иймэрхүү зүйл тохиолддог юм. Үүнийг бас “галын баптисм” гэдэг. (2 Нифай 31:13-ыг үзнэ үү). Ариун Сүнс нь Эцэг мөн Хүүг гэрчилдэг бөгөөд нүглүүдийн ангижралыг авчирдаг. Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Энэхүү галын болон Ариун Сүнсний баптисм нь … бодгалийг цэвэршүүлж, эдгээж мөн ариусгадаг” хэмээн заажээ (Learning for the Eternities, comp. George J. Romney [1977], 133).
Христийн сургаалын өөр нэгэн хэсгийг олохын тулд 2 Нифай 31:15–16-г уншаад, олсон зүйлээ тодруулан тэмдэглэ. 2 Нифай 31:13-аас олсон хэллэгээ 2 Нифай 31:15–16-д өгөгдсөн заавартай холбож, та хэрхэн “үнэн санаатайгаар”, “бүх зүрх сэтгэлээрээ” эцсээ хүртэл тэвчиж чадах тухайгаа бод.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
“Бүх зүрх сэтгэлээрээ”, “хоёр нүүр гаргахгүй”, “үнэн санаатайгааар” зэрэг хэллэгүүд нь өдөр бүр судар судлах, сүмийн цуглаанд оролцох зэрэг үйл ажиллагаануудад хэрхэн хамаарах вэ?
-
“Залбирлаа хэлдэг” болон “бүх зүрх сэтгэлээрээ” залбирдаг хүмүүсийн хоорондын ялгаа юу вэ?
-
“Ариун ёслолоос хүртдэг” болон ариун ёслолоос “үнэн санаатайгаар” хүртдэг хүмүүсийн хоорондын ялгаа юу вэ?
-
2 Нифай 31:18-ыг уншаад, бид наманчлал болон баптисмын хаалгаар орсны дараа хаана байгааг ол. Бид итгэлээ бодитой болгож, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээж аваад “давчуу бөгөөд нарийн замд” ордог. Давчуу гэдэг нь нарийн, хатуу, хэцүү, гажилтгүй гэсэн утгатай. 2 Нифай 31:18-д хэлсний дагуу бид давчуу бөгөөд нарийн зам дээр байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
Ариун Сүнсний бэлгийг мэдэрнэ гэдэг нь бидний хааяа хааяа мэдэрдэг энгийн сайхан мэдрэмж биш юм. Ариун Сүнсний хамтрал бол биднийг мөнх амьдрал руу хөтөлдөг зам дээр байгааг гэрчилдэг Бурханы гэрч юм.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэхэд тань Ариун Сүнсний хамтрал танд хэрхэн тусалсан бэ?
-
Өөр ямар замуудаар Ариун Сүнс таны амьдралыг адисалсан бэ?
-
2 Нифай 31:19–21-ийг уншаад, зам дээр үлдэхийн тулд бидний хийх ёстой бусад зүйлсийг судартаа дугаарлан, жагсаалт гарга. (2 Нифай 31:19–20 нь төгс эзэмших судар гэдгийг анхаар. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэж болно.)
-
“Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” гэдэг нь таны хувьд ямар утгатай болохыг тайлбарласан нэг өгүүлбэр судрын тэмдэглэлдээ бич (2 Нифай 31:20).
Дараах зайд 2 Нифай 31:19–20-ийн зарчмыг товчлон бич:
Хэрвээ бид , дараа нь бид. (Үүнийг та судартаа бичих хэрэгтэй.)
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон өөрсдийгөө давчуу бөгөөд нарийн замаас хазайсан гэж бодож байгаа хүмүүст энэхүү итгэл найдвар төрүүлсэн зөвлөгөөг өгсөн юм: “Амьдралынхаа аялалд та олон саад бэрхшээлтэй тулгарч, зарим нэг алдаа гаргадаг. Судрын удирдамж нь алдаагаа ухаарч, шаардалагатай зүйлийг засахад тань тусалдаг. Та буруу чиглэлээр явахаа болино. Та анхааралтайгаар судрын газрын зургийг судалж эхэлнэ. Тэгээд та ‘мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд’ ороход шаардлагатай наманчлал, нөхөн төлөлт зэргийг хийдэг [2 Нифай 31:18]” (“Living by Scriptural Guidance,” Ensign, 2000 оны 11-р сар, 17).
Энэхүү хэлсэн үг болон өнөөдөр судалсан судрууд танд хэрхэн “найдварын гэрлийг” авчирсан талаар тунгаан бод (2 Нифай 31:20).
Төгс эзэмших судар—2 Нифай 31:19–20
-
2 Нифай 31:20-ийг цээжлэхэд таван минут зарцуул. Гэр бүлийн гишүүн юмуу найзаараа судрын мэдлэгээ шалгуул, эсвэл уг шүлгийг гараараа халхлаад, харахгүйгээр уншихыг хичээ. Цээжилснээ судрын тэмдэглэлдээ бичихийг оролдоод үз.
-
2 Нифай 31:20-ийг ашиглан, зөв зам дээр үлдэхийн тулд хийх ёстой зүйлсээс өөрийнхөө хамгийн сайн хийж байгаа нэг зүйлийг сонго. Үүнийг хэрхэн хийж байгаагаа судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич. Дараа нь сайжруулах хэрэгтэй нэг зүйлээ сонгоод, хэрхэн сайжруулах тухайгаа бич.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Бид хоёр нүүр гаргахаас хэрхэн зайлсхийх вэ?
2 Нифай 31:13-р шүлэгт Нифай хоёр нүүр гаргахгүй байхыг сэрэмжлүүлсэн. Хоёр нүүр гаргах гэдэг нь жинхэнэ байдлаа үзүүлэхгүй, өөр дүрд тоглож, дүр эсгэхийг хэлдэг. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин хоёр нүүр гаргахгүй байх талаар ярьсан юм.
“Бид үнэхээр сургаалын дагуу амьдарч байна уу, эсвэл зүгээр л эргэн тойрны маань хүмүүс биднийг итгэлтэй гэж бодож болохын тулд зөв шударга мэт дүр эсгэж байна уу? Үнэн хэрэгтээ бидний зүрх сэтгэл, нүднээс далд хийдэг үйлдлүүд маань Их Эзэний заасан зүйлсэд үнэнч биш байна уу?
Бид ‘бурханлиг байдлын’ дүртэй боловч ‘түүний хүчийг’ үгүйсгэж байна уу [Иосеф Смит—Түүх 1:19-ийг үзнэ үү]?
Бид үнэхээр зөв шударга уу, эсвэл зөвхөн бусад хүн намайг харж байна гэж бодсон үедээ дуулгавартай мэт дүр үзүүлдэг [дүр эсгэдэг] үү?
“Их Эзэн харагдах байдлаар хууртахгүй хэмээн тодорхой хэлсэн бөгөөд Түүнд болон бусдад худалч байж болохгүй хэмээн сануулсан. Бараан үнэнээ нуун шударга царай гаргасан хуурамч төрхтэй тэднээс болгоомжлохыг Тэр бидэнд сануулсан. Их Эзэн ‘гаднах төрхийг’ биш, ‘зүрх сэтгэлийг хардаг’ гэдгийг бид мэднэ [1 Самуел 16:7]” (“True to the Truth,” Ensign, 1997 оны 5-р сар, 15–16).
Бид яаж “эцсээ хүртэл тэвчих” вэ?
“Эцсээ хүртэл тэвчих” (2 Нифай 31:16) хэмээх хэллэгийг ихэвчлэн амьдралынхаа турш бэрхшээл зовлонг тэвчээртэйгээр даван туулахыг зөвлөхдөө ашигладаг. Ахлагч Жозеф Б.Вөртлин эцсээ хүртэл тэвчих гэдгийг бас амьдралынхаа эцсийг хүртэл Христэд итгэлтэйгээр үргэлжлүүлэх гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ.
Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авалтаар зам дээр гарч ирсний дараа мөнх амьдрал руу удирддаг зам дээр үргэлжлүүлэн явах сургаалыг хэлнэ. Эцсээ хүртэл тэвчих нь биднээс бүх зүрх сэтгэлээ зориулахыг шаарддаг. …
“Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь бид сайн мэдээний хөрсөн дээр амьдралаа баттайгаар суулгаад, сүмийн баримталдаг зарчмаар үргэлжлүүлэн, бусдадаа даруухнаар үйлчилж, Христ шиг амьдарч, гэрээнүүдээ сахих гэсэн утгатай. Тэвчдэг тэд нь тогтвортой, тууштай, даруу, байнга хөгжин дэвшдэг мөн заль мэхгүй байдаг. Тэдний гэрчлэл нь дэлхийн шалтгаанууд дээр биш үнэн, мэдлэг, туршлага болон Сүнсэнд тулгуурласан байдаг.(“Press On,” Ensign, 2004 оны 11-р сар, 101).
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 2 Нифай 31-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: