Семинар
28-р хэсэг: 4 дэх өдөр, Мормон 7:1–8:11


28-р хэсэг: 4 дэх өдөр

Moрмон 7:1–8:11

Оршил

Нифайчууд, леменчүүдийн хоорондох сүүлчийн тулааны дараа Мормон өөрсдийгөө хэн гэдгийг мэдэж, аврагдахын тулд юу хийх ёстойгоо мэдэхийн ач холбогдлыг Мормоны Номын хүмүүсийн ирээдүйн үр удамд зориулж бичжээ. Мормон дайсныхаа ирээдүйн үр удмыг хайрлах үлэмж их хайрыг агуулан Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын ач холбогдлыг, энэ нь “шүүлтийн өдөр та нарын хувьд сайн байх болно” хэмээн заасан (Мормон 7:10). Мормоныг нас барсны дараа Моронай өөрийн хүмүүсийн устгалын талаар бичихээр ганцаараа үлдсэн байлаа.

Moрмон 7

Мормоны сүүлийн гэрчлэлд тэр леменчүүдийн үлдсэн хүмүүсийг Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээг дагахыг ухуулдаг

Зураг
Мормон нэгэн цагт агуу байсан үндэстнийг үдсэн нь

Мормон 6-аас та леменчүүдтэй байлдсан сүүлчийн тулаанд 230,000 нифайчууд амь үрэгдсэн гэдгийг мэдэж авсан. Та ийм тулаанаас амьд үлдсэн боловч найзууд болон гэр бүлийн гишүүд тань үлдээгүй хэмээн төсөөлөн бод. Таны хайртай хүмүүсийг алж, улс үндэстнийг тань эзэлсэн хүмүүсийн үр удмын талаар та ямар сэтгэгдэлтэй байх вэ? Мормон 7:1–4-ийг уншаад леменчүүдийн үр удамд зориулж Мормон юу бичсэнийг олж мэд.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Леменчүүд болон тэдний үр удмыг юуг мэдээсэй хэмээн Мормон хүсч байсан бэ?

    2. Энэ нь найзууд болон гэр бүлийн гишүүдийг тань алсан хүмүүсийн үр удмын тухай ямар мэдрэмжтэй байх байсан таны төсөөллөөс хэр зэрэг ялгаатай байна вэ?

    3. Дайснууддаа хандсан Мормоны үгсээс Аврагчийн ямар зан чанарыг та харж байна вэ?

Мормон леменчүүдийн үр удамд зориулж бичихээ үргэлжлүүлэв. Moрмон 7:5–7-г уншаад леменчүүдийн үр удамд Аврагч Есүс Христийн тухай итгүүлэхээр Мормоны ухуулгаас дор хаяж гурван үнэнийг олж тэмдэглэ.

  1. Өөрийн тодорхойлсон Есүс Христийн тухай үнэнүүдээс нэгийг нь сонгоод тэрхүү сургаалд итгэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлснийг судар судлах тэмдэглэлдээ бич.

Мормон өөрийнх нь хүмүүсээс олныг алсан леменчүүдэд хандахдаа буруушаасан үгс хэрэглэхдээ өөрийгөө зөвтгөсөн байж болох юм. Гэвч тэр үнэнийг мэддэг байсан учраас шүүлтийн тавцан дээр Бурханы өмнө гэм буруугүй болж болохын тулд юу хийх ёстойг тэдэнд (бидэнд) заан бичсэн. Moрмон 7:8–10-ыг уншаад хүн юу хийх ёстой тухай Мормоны гэрчилснийг ол. Та тодорхойлсон зүйлсээ судартаа тэмдэглэх хэрэгтэй.

Эдгээр шүлгүүд нь Их Эзэн бүх хүмүүнд авралыг санал болгодог бөгөөд Түүний сайн мэдээний зарчим, ёслолуудыг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг гэтэлгэх болно хэмээн заадаг. Та энэхүү зарчмыг судартаа бичих хэрэгтэй. Энэхүү зарчмын дагуу хэрхэн амьдрахаа мэдэх арга зам бол судруудаас суралцах юм хэмээн Мормоны заасныг анзаар (Moрмон 7:8-ыг үзнэ үү). “Энэ цэдэг” хэмээх хэллэг нь Мормоны Номыг, “Иудейчүүдээс харийнханд ирэх тэр цэдэг” гэдэг нь Библийг төлөөлж байгаа гэдгийг ойлгох нь тустай байж болох юм. Үүний адил Moрмон 7:9 дэх “үүнд” гэдэг нь Мормоны Номыг, “түүнд” гэдэг нь Библийг төлөөлж байгаа юм. Та эдгээр ялгаатай шинжүүдийг судартаа тэмдэглэх хэрэгтэй.

Moрмон 7-г дүгнэхдээ Мормон хорсолт дайснуудынхаа үр удамд зориулсан урамшуулал болон найдварын захиас зэрэг бичиглэл дэх Христийн нинжин сэтгэл, энэрлийн жишээний талаар хэдэн хором тунгаан бод.

  1. Дараах асуултын талаарх өөрийн бодлыг судар судлах тэмдэглэлдээ бич: Би хэрхэн Мормоны жишээг дагаж, намайг ад үздэг хүмүүс болон бусад хүмүүст тэдний мөнхийн үнэ цэнийн талаас нь хандаж чадах вэ?

Moрмон 8:1–11

Мормон эцгийнхээ үхэл, өөрийн хүмүүсийн устгал болон ганцаар үлдэж байгаа тухайгаа бичив

Ганцаараа байсан үеийнхээ тухай бод. Ганцаараа байхад танд ямар санагдсан бэ? Олон жил ганцаараа байна гэж төсөөл.

Moрмон 7 болон 8-р бүлгүүдийн тойм эсвэл хуудасны доод хэсэг дэх оныг хар. 7 -р бүлэг дэх Мормоны сүүлчийн үгсээ бичсэн цагаас 8 -р бүлэг дэх Моронайн ялтсууд дээр бичиж эхэлсэн цагийн хооронд хэдэн жил өнгөрсөн байна вэ?

Зураг
Моронай Мормоны төлөө гашуудаж байгаа нь

Moрмон 8:1–2-ыг уншаад Кумора дахь агуу тулааны дараа юу тохиосныг олж мэд. Дараа нь Moрмон 8:3–9-ийг уншаад хүмүүсийнх нь устгалын дараах Моронайн нөхцөл байдлыг тодорхойлсон хэллэгүүдийг тэмдэглэ. Та үүнтэй төстэй нөхцөл байдалд орсон бол юу мэдрэх байсан тухайгаа тунгаан бод.

Итгэл, жишгүүддээ ганцаардлыг мэдэрч байсан үеэ бод. Тэр үед Аврагчийг дагаж, Түүний зарлигуудыг сахих шийдвэр тань өссөн үү, хэвээр байсан уу, эсвэл буурсан уу? Яагаад?

Моронай өөрийн нөхцөл байдлаас үл хамааран юу хийхээ шийдвэрлэснийг олохын тулд Moрмон 8:1, 3-ыг дахин хар. Моронайн үлгэр жишээ та ганцаараа байсан ч итгэлтэй хэвээр үлдэхийг сонгож болно гэдгийг үзүүлдэг. Та энэ үнэнийг судартаа бичих хэрэгтэй.

Мормоны Номонд Моронайн адил ганцаараа үлдсэн ч итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүс байдаг. Абинадай Ноа хаан болон түүний пристүүдийн өмнө ганцаар зогсож, гэрчилсэн (Moзая 12–17-г үзнэ үү). Алма бол Абинадайн үгсэд итгэж, түүнийг хамгаалахыг оролдсон ганц прист юм (Moзая 17:1–4-ийг үзнэ үү).

Ахлагч Ричард Г.Скотт ганцаар зогсож байсан ч итгэлтэй байхыг сонгосон залуу эрэгтэйн тухай дараах түүхийг хуваалцжээ:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“[Энэ] залуу эрэгтэйн үлгэр жишээг эргэцүүлэн бодоорой. Эцэг эх нь түүнд он жил улиран тохиох явцад нялх байхаас нь эхлээд Бурханы зарлигуудын дагуу гуйвшгүйгээр амьдрахыг зааж байгааг би харсан юм. Тэд үлгэр жишээ, заавраараа түүнийг болон бусад хүүхдүүдээ үнэнд хүмүүжүүлж байлаа. Тэд сахилга батын өсөлт, зөв зохистой зорилгуудаа хэрэгжүүлэх золиослолыг дэмжиж байв. Энэ залуу эрэгтэй эдгээр чанаруудыг зан төлөвтөө суулгаж өгөхийн тулд сэлэхийг сонгов. Өглөө эрт хийдэг дасгал нь сахилга бат, золиослолыг шаардаж байлаа. Цагийн явцад тэрээр энэ спортод онцгой сайн болох нь тэр.

“Тэгээд сорилтуудтай тулгарч эхлэв. Жишээ нь, аварга шалгаруулах тэмцээн Ням гарагт болдог байжээ. Тэр оролцсон болов уу? Аварга шалгаруулах тэмцээнд багаа хожиход нь туслахын тулд тэр Ням гарагт сэлэхгүй байх дүрмээ дагахгүй байх шалтаг тоочсон болов уу? Үгүй, тэр хүчтэй дарамтан дор байсан ч тэгээгүй. Тэрээр доромжлуулж, бүр бие махбодын хүчирхийлэлд автсан. Гэвч тэр бууж өгөөгүй юм. Найзуудын үл ойшоох, ганцаардал, дарамт шахалт түүнийг гуниглаж, нулимс унагахад хүргэж байв. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Тэрээр бидний хүн нэг бүр юу мэдэх ёстойг буюу ‘Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүмүүс хавчигдах болно’ хэмээх Тимотод зориулсан Паулын зөвлөгөөний үнэн мөнийг сурч байсан (2 Tимот 3:12). Он жилийн явцад зуу зуун зөв шийдвэрээр сүлжигдэн бий болсон зөв шударгаар амьдрах тогтмол хэв маяг нь хүч чадал, чадварыг хөгжүүлсэн байна. Тэдгээр шийдвэрийн заримыг агуу сорилтуудтай нүүр тулан байж гаргаж байсан юм. Одоо тэрээр номлогчийн хувьд ажиллах ур чадвар, үнэний мэдлэг, гуйвшгүй үнэнч байдал, сайн мэдээг хуваалцах шийдэмгий байдлаараа бусдаар хүндлүүлж байна. Нэгэн цагт эргэн тойрон дахь хүмүүсээрээ ад үзэгдэж байсан эрэгтэй бусдынхаа хүндэтгэлийг хүлээсэн удирдагч болоод байна” (“First Things First,” Ensign, 2001 оны 5-р сар, 8).

Moрмон 8:10–11-ийг уншаад Их Эзэн хэцүү нөхцөл байдалтай тулгарч байх үед нь Моронай, Мормон (нас барахаас нь өмнө) нарыг дэмжиж байсан нэг арга замыг тодорхойл. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах урамшуулал нь ганцаардсан үедээ хүртэл итгэлтэй хэвээр үлдэх шийдвэр гаргахад тань туслах болно.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бидний өдөр тутмын амьдралд итгэл маань соригдох нь зайлшгүй юм. Заримдаа бид хийж болох ба болохгүй зүйлсийн тал дээр цөөхүүлээ эсвэл бүр ганцаараа байр сууриа хамгаалан зогсох шаардлага ч гарч болно. Хэдийгээр цор ганцаар зогсох байсан ч итгэлийнхээ төлөө бат зогсох ёс суртахууны зориг бидэнд бий юү?

“… Бид өөрсдийнхөө итгэдэг зүйлсийнхээ төлөө зогсох зоригтой мөн бэлтгэлтэй байх болтугай. Хэрэв бид ганцаар зогсох хэрэгтэй бол зоригтойгоор Тэнгэрлэг Эцэгтэйгээ байхад би хэзээ ч ганцаардахгүй гэсэн бодит мэдлэгээр хүчирхэгжиг” (“Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 74, 78).

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Цор ганцаар зогсож байсан ч итгэлтэй байдлын жишээ болох өөр хүнийг та таних уу?

    2. Ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгс ганцаараа байхдаа ч итгэлтэй хэвээр үлдэх шийдвэр гаргахад тань хэрхэн туслах вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мормон 7:1–8:11-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх