Семинар
28-р хэсэг: 2 дахь өдөр, Мормон 1–2


28-р хэсэг: 2 дахь өдөр

Moрмон 1–2

Оршил

Хэдийгээр Мормон агуу ёсон бусын цагт өссөн ч итгэлтэй байхыг сонгосон. Итгэлтэй байдлынхаа улмаас тэрээр нифайчуудын цэдгүүдийг хамгаалахаар дуудагджээ. Мормон 15 настай байхдаа “Их Эзэнээр зочлогдон, мөн Есүсийн сайн сайхныг амталж мөн мэдэв” (Moрмон 1:15). Тэр жил нь нифайчууд түүнийг их цэргийн удирдагчаараа томилсон байна (Moрмон 2:1-ийг үзнэ үү). Тэрээр нифайчуудад наманчлахад нь туслахыг хүссэн боловч Их Эзэн тэдний санаатай эсэргүүцлийн улмаас тэдэнд номлохыг хоригложээ. Нифайчууд Ариун Сүнсний бэлэг болон Бурханы бусад бэлгүүдийг алдсан бөгөөд леменчүүдтэй тулалдахдаа өөрсдийн хүчинд орхигдсон байлаа.

Moрмон 1:1–5

Мормонд ариун цэдгүүдийг авч явах үүрэг хариуцлага өгөгдсөн нь

Бусад хүмүүс таныг тодорхойлохдоо ямар үгсийг ашиглаасай гэж та хүсэж байна вэ?

Таныг урьд нь Мормон гэж тодорхойлж байсан уу? Хэн нэгэн таныг Мормон гэж тодорхойлох нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли зарим хүмүүсийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг тодорхойлохдоо хэрэглэдэг Мормон хэмээх хочийн талаар ярьсан юм:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Заримдаа хүмүүс энэ сүмийг зохих нэрээр нь нэрлэхгүй байгаад би харамсдаг боловч тэдний хэрэглэдэг хоч нь гайхалтай эрийн нэр мөн дэлхийн Гэтэлгэгчийн талаар хосгүй гэрчлэлийг өгдөг номын нэр байдаг нь агуу хүндэтгэлийн нэг хэмээн баяртай байдаг.

“Түүний үгсийг уншиж, тунгаан бодсоноор Мормон хэмээх эрийг хэн гэдгийг мэдэж авах хүн бүр түүний их хэмжээгээр цуглуулж, хамгаалсан түүхийн үнэт цуглуулгыг уншсан хэн боловч Moрмон гэдэг нь муу нэр биш, харин энэ нь хамгийн агуу сайн буюу Бурханы сайн зүйлийг төлөөлж байгааг ойлгон мэдэх болно” (“Mormon Should Mean ‘More Good,’” Ensign, 1990 оны 11-р сар, 52–53).

Бошиглогч Мормон уг нутагт бараг бүх хүн ёсон бус байдалд амьдарч байсан үед төрсөн. Тэр үед Аммарон хэмээх бошиглогч ариун цэдгүүдийг бүгдийг нь нуухаар зарлигдуулжээ (4 Нифай 1:47–49-ийг үзнэ үү). Аммарон 10 настай хүү Мормонтой уулзаж, цэдгүүдийг хариуцах түүний ирээдүйн үүргийн талаар заавар өгөв. Moрмон 1:2-ыг уншаад залуу хүү Мормоныг тодорхойлсон Аммароны үгсийг ол.

Мормоныг тодорхойлохдоо Аммароны ашигласан нэг үг бол хэрсүү гэдэг үг. Хэрсүү гэдэг үг нь буурь суурьтай, чин үнэнч, зөв шударга эсвэл бурханлаг гэсэн утгатай. Та судрынхаа хажуу талд энэ тодорхойлолтыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Амьдралын ямар тохиолдолд эсвэл ямар зүйл дээр та хэрсүү байх хэрэгтэй гэж бодож байна вэ? Хэрсүү хүмүүс хөгжилдөж, инээлдэж болох ч тэд ямар үед хөгжилтэй байж, ямар үед буурь суурьтай байх хэрэгтэйг мэддэг гэдгийг ойлгох нь чухал.

Түүнчлэн Аммарон Мормоныг “ажиглан ойлгохдоо түргэн” (Moрмон 1:2) гэж тодорхойлсон. “Ажиглан ойлгохдоо түргэн” байх гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ажиглан ойлгох гэдэг үгийг сударт хоёр янзаар ашигладаг гэдгийг тайлбарлажээ:

“Энгийн мэт санагдах, дутуу үнэлэгдсэн байж болох сүнсний бэлэг буюу ‘ажиглан ойлгохдоо түргэн’ (Moрмон 1:2) байх чадвар нь бидний амьдарч байгаа, цаашдаа амьдрах энэ дэлхий дээр танд болон надад амин чухал ач холбогдолтой юм. …

“Энэхүү чухал сүнслэг бэлгийн ач холбогдлын талаар эргэцүүлэн бодоорой. Сударт ажиглан ойлгох гэдэг үгийг хоёр янзаар ашигладаг. Эхнийх нь ‘харах’, ‘үзэх’ эсвэл ‘анзаарах’—гэж Исаиа 42:20-оос бид сурдаг. …

Ажиглан ойлгох гэдэг үгийн хоёр дахь хэрэглээ нь [Сургаал ба Гэрээ 54:6]-д тодорхойлсноор ‘дуулгавартай дагах’, ‘сахих’— гэсэн утгатай. …

“Тиймээс бид ажиглан ойлгоход түргэн байх үедээ түргэн харж, анзаарч мөн дуулгавартай дагадаг. —Харах болон дуулгавартай дагах—гэсэн үндсэн зарчмууд нь хоёулаа ажиглан ойлгохдоо түргэн байхад чухал юм. Бошиглогч Мормон үйлдлээрээ энэхүү бэлгийн гайхалтай жишээ болдог билээ” (“Quick to Observe,” Ensign, 2006 оны 12-р сар, 31–32).

  1. Ажиглан ойлгохдоо түргэн байх зан чанар нь таны өдөр тутмын амьдралд хэрхэн тусалж болох тухай өөрийн бодлыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Moрмон 1:3–5-ыг уншаад Мормонд өгсөн Аммароны зааврыг тодорхойл. Мормоны хэрсүү бөгөөд ажиглан ойлгохдоо түргэн зан чанар нь энэхүү үүрэг хариуцлагад нь хэрхэн тусалж болох вэ?

Moрмон 1:6–19

Хүмүүсийн санаатай эсэргүүцлийн улмаас тэдэнд номлох нь Мормонд Их Эзэнээр хориглогдов

Зураг
Мормон

Та маш их үнэ цэнэтэй зүйлээ алдаж байсан уу? Мормон өсвөр насандаа нифайчууд, леменчүүдийн дунд болсон олон тулаан болон уг нутаг даяар тархсан агуу их ёсон бусыг үзэв (Moрмон 1:6–13-ыг үзнэ үү). Нифайчуудын ёсон бус нь үлэмж их болсны улмаас тэд Их Эзэнээс ирэх олон үнэ цэнэтэй бэлгээ алдсан хэмээн Мормон цэдэглэв.

  1. Судар судлах тэмдэглэлдээ хоёр багана гарга. Эхний багананд “Нифайчуудын алдсан бэлгүүд” гэсэн гарчиг тавь. Moрмон 1:13–14, 18-ыг уншаад Их Эзэн ямар бэлгүүдийг нифайчуудаас авсан гэдгийг ол. Олсон зүйлсээ эхний багананд бич. Хоёр дахь баганыг “Их Эзэн яагаад тэдний бэлгүүдийг авсан бэ?” хэмээн гарчигла. Moрмон 1:14, 16–17, 19-ийг уншаад Их Эзэн Өөрийн бэлгүүдийг нифайчуудаас эргүүлэн авсан шалтгааныг ол. Олсон зүйлсээ хоёр дахь багананд бич.

Эдгээр шүлгүүдээс бид ёсон бус болон итгэлгүй байдал нь Их Эзэний бэлгүүд, Ариун Сүнсний нөлөөг биднээс холдуулдаг гэдгийг сурч болно. Нифайчуудын эсэргүүцэл туйлдаа хүрсэн байсан хэдий ч Их Эзэний зарлигуудад дуулгаваргүй байх үед энэ зарчим бидэнд мөн хамаатай.

Хэрэв та Мормоны үед амьдарч байсан бол Moрмон 1:13–14, 18-д дурдагдсан Бурханы бэлгүүдээс алийг нь алдахдаа хамгийн их харамсах байсан бэ?

Moрмон 1:15-ыг уншаад нифайчууд Ариун Сүнсний бэлэг болон Бурханы бусад бэлгүүдийг алдаж байхад Мормон юу мэдэрч байсныг ол. Мормон хэдийгээр агуу ёсон бусын дунд байсан ч сүнслэг туршлагуудыг хэрхэн авах боломжтой байсан гэж та бодож байна вэ?

Moрмон 2:1–15

Мормон нифайчуудын их цэргийг удирдаж, тэдний ёсон бусын төлөө харамсав

Дараах нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бод: 30 настай эр эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд ажил олж хийхгүй байхыг сонгожээ. Харин оронд нь эцэг эхээрээ тэжээлгэж, ихэнх цагаа видео тоглоом тоглох зэрэг үр ашиггүй үйл ажиллагаанд дэмий үрдэг. Moрмон 2-оос судлахдаа Мормон хүүг тодорхойлсон тодорхойлолтыг энэхүү хувилбартай харьцуул.

Moрмон 2:1–2-ыг уншаад Мормон ямар хариуцлага хүлээж авсан болон үүнийг хүлээж авахдаа хэдэн настай байсныг олж мэд.

Мормон нифайчуудын их цэргийн удирдагчаар томилогдоод удаагүй байхад леменчүүдийн хүчирхэг их цэрэг нифайчуудын дээр ирсэн бөгөөд тэд айж мөн ухрав. Леменчүүд нифайчуудыг бүгд нэг газар цугларах хүртэл нь хотоос хот руу хөөв. Эцэст нь Мормоны их цэрэг леменчүүдийн эсрэг зогсч, тэднийг зугтахад хүргэв (Moрмон 2:3–9-ийг үзнэ үү).

  1. Moрмон 2:10–15-ыг уншаад тулааны дараах нифайчуудын сүнслэг байдлыг олж мэд. Тэгээд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Нифайчууд яагаад гашуудаж байсан бэ?

    2. Moрмон 2:14-т өгүүлснээр хүмүүсийн харуусал жинхэнэ наманчлалын илрэл биш байсан гэдгийг Мормон хэрхэн мэдсэн бэ?

    3. Moрмон 2:13–14 дэх наманчлалд харууссан болон харуусал нь өөрсдийг нь яланд хүргэсэн (өсөлт хөгжил нь зогссон) хүмүүсийн хооронд ямар ялгааг та харж байна вэ?

Эдгээр шүлгүүд нь хэрэв нүглийн харуусал маань биднийг наманчлалд хүргэдэг бол даруу зүрх сэтгэлтэйгээр Христэд ирэхэд биднийг удирдах болно гэдгийг заадаг. Түүнчлэн зөвхөн нүглийнхээ үр дагаварт харуусах нь яллагдахад хүргэдэг (мөнх амьдралд хүрэх өсөлт хөгжил маань зогсоно) гэсэн зарчмыг тайлбарладаг.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Нүгэл хийсэн хүн дэлхийн харуусал буюу ял руу удирддаг харууслыг хэрхэн үзүүлж болох вэ?

    2. Нүгэл хийсэн хүн наманчлал руу хөтөлдөг харууслыг хэрхэн харуулж болох вэ?

Алдаа гаргасан эсвэл нүгэл хийсэн гэдгээ мэдэх үедээ та ямар үйлдэл хийдгээ тунгаан бод. Та даруу зүрх сэтгэлтэйгээр Аврагчид ирж, наманчлах аваас амар амгаланг мэдэрч, Бурханы хүсэлд нийцэх болно.

Moрмон 2:16–29

Мормон ялтсуудыг авч, өөрийн хүмүүсийн ёс бус байдлын талаар цэдэглэдэг

Мормон леменчүүдтэй хийх тулаанууд үргэлжилж байхад Аммарон нифайчуудын цэдгүүдийг нуусан тэр гүвээнд ойр байгаагаа мэдэв. Тэрээр Нифайн ялтсуудыг авч, хүүхэд байсан үеэс нь хойш уг хүмүүсийн дунд тохиолдсон зүйлсийг ажиглан ойлгосноо бичиж эхлэв (Moрмон 2:16–18-ыг үзнэ үү). Moрмон 2:18–19-ийг уншаад Мормоны өсөж торних үеийн сүнслэг нөхцөл байдлыг тайлбарласан зарим хэллэгүүдийг тэмдэглэ.

Мормоны талаар сурсан зүйлээс харахад тэр яагаад “эцсийн өдөр өргөгдөх болно” гэдэгтээ итгэлтэй байсан гэж та бодож байна вэ? (Moрмон 2:19). (Энэ нөхцөл байдалд “эцсийн өдөр өргөгдөх” гэдэг нь селестиел биетэйгээр амилуулагдаж, өргөмжлөгдөн Бурханы оршихуйд Түүнтэй хамт үүрд үлдэхээр авчрагдахыг хэлнэ.)

Мормоны амьдрал бол бид ёсон бус нийгэмд байсан ч зөв шударгаар амьдрахыг сонгож чадна гэдгийн гэрчлэл юм.

Дараах зөвлөгөөг эргэцүүлэн бод: “Та нар хийсэн сонголтуудынхаа хариуцлагыг хүлээдэг. Гэр бүлийнхэн, найз нөхөд тань сонгох эрхээ буруугаар ашиглаж байсан ч Бурхан та нарт санаа тавьж, зөв сонголтуудыг хийхэд туслах болно. Та ганцаараа үлдсэн байлаа ч Бурханы хүслийг дагахдаа шийдэмгий зоригтой бай. Та нар үүнийг хийх аваас бусдад сайн үлгэр жишээ болно” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 2).

  1. Найз эсвэл гэр бүлийн гишүүн тань хэдийгээр бусад нь Бурханы хүсэлд дуулгаваргүй байсан ч өөрөө дуулгавартай байдалд бат бөх зогсож байсныг харсан үеэ судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн тэр хүн болон Мормоны жишээ танд хэрхэн тус болж байгаа тухай өөрийн бодлыг бич.

Залуу Эмэгтэйчүүдийн уриа бол “үнэн болон зөв шударгын төлөө зогсох” явдал юм. Та залуу эмэгтэй эсвэл залуу эрэгтэйн аль нь ч байсан зөв зүйлийн төлөө зогсохдоо илүү шийдэмгий байж болох амьдралынхаа тодорхой нэг хэсгийг бод. Таны эргэн тойрон дахь хүмүүс зөв зүйлийн төлөө зогсохгүй байсан ч та үүний төлөө хичээн чармайх үед Их Эзэн танд туслах болно.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мормон 1–2-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх