15-р хэсэг: 2 дахь өдөр
Aлмa 5:37–62
Оршил
Алма Зарахемла дахь номлолоо үргэлжлүүлж, түүний үгийг сонсох эсвэл эсэргүүцэх хүмүүсийн шийдвэрээс хамаарч тэд тодорхой адислалуудыг эсвэл сөрөг үр дагавруудыг хүлээн авах болно гэдгийг тэдэнд анхааруулав. Тэднийг араас нь дуудаж, сүрэгтээ буцаан авчрахыг хүсдэг Сайн Хоньчин, Их Эзэн Есүс Христийн дуу хоолойд хариулахыг Алма тэдэнд уриалжээ. Та энэ хичээлийг судлахдаа Сайн Хоньчны дуу хоолойг дагах нь дэлхийн бузар зүйлсээс зайлсхийж, Бурханд эргэн очиход тань хэрхэн тусалж болохыг бодож үзнэ үү.
Aлмa 5:37–42, 53–62
Алма бүх хүмүүсийг Аврагч, Сайн Хоньчныг дагахад урьдаг байв
Зарим үед судруудад Есүс Христийг “Сайн Хоньчин” хэмээн дүрсэлдэг (Иохан 10:11–15-ыг үзнэ үү). Та яагаад хоньчин нь Аврагчийг дүрслэх сайн бэлгэдэл гэж бодож байна вэ? Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон эртний хоньчдыг дараах байдлаар дүрсэлжээ:
“Есүсийн үед Палестин хоньчид сүргээ сайн хамгаалдгаараа алдартай байжээ. Өнөө үеийн хоньчдоос ялгаатай нь тэр үеийн хоньчин үргэлж сүргийнхээ урд явдаг байжээ. Тэр хонио удирдан өмнө нь явдаг байв. Хоньчин нь хонь бүрээ мэддэг бөгөөд ихэвчлэн хонь бүр нь нэртэй байжээ. Хонь нь хоньчныхоо дууг таньдаг, түүнд итгэдэг бөгөөд танихгүй хүнийг дагадаггүй байсан ажээ. Тиймээс түүнийг хонио дуудахад хонь нь түүн рүү хүрч ирдэг байв. (Иохан 10:14–16-г үзнэ үү.)
“Орой болоход хоньчид хонио хонины саравч гэж нэрлэгддэг хашаанд оруулдаг байв. Хонины саравчийг тойруулан өндөр хашаа барьдаг байсан бөгөөд зэрлэг амьтад болон хулгайчдыг хашаан дээгүүр давж орохоос сэргийлж өргөст тор татдаг байжээ.
“Гэсэн хэдий ч заримдаа өлсгөлөн зэрлэг амьтад хашаан дээгүүр үсрэн, хонины дунд орж, тэднийг үргээдэг байв. Ийм нөхцөл байдалд хонио хайрладаг—жинхэнэ хоньчин нь мөнгөний төлөө ажилладаг хөлсний хоньчноос ялгаатай нь харагддаг.
“Жинхэнэ хоньчин хониныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг. Тэр хониныхоо дунд орж, тэдний төлөө тэмцдэг. Харин хөлсний хоньчин өөрийнхөө аюулгүй байдлыг хониныхоо аюулгүй байдлаас дээгүүр тавьж, аюул тулгарахад ихэвчлэн зугтдаг.
“Есүс амьралынхаа өдрүүдэд Сайн Хоньчин, Жинхэнэ Хоньчин байсан гэдгээ харуулахын тулд энэхүү нийтлэг жишээг ашигласан ажээ. Тэр ах, эгч нартаа хайртай учраас Өөрийн амийг тэдний төлөө сайн дураараа, хүслээрээ өгсөн юм. (Иохан 10:17–18-ыг үзнэ үү.)” (“A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, 1983 оны 5-р сар, 43).
Гарын авлага дээрээ дараах асуултуудад товч хариулан бич:
-
Хэрэв хонь хоньчноо сонсохгүй бол тэдэнд юу тохиолдох вэ?
-
Бид хоньтой, харин Аврагч бидний хоньчинтой хэрхэн адилхан байж болох вэ?
-
Түүний сүрэг авчрагдах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Алма 5:60-ыг үзнэ үү.)
Алма 5:37-д Алма Зарахемлагийн хүмүүсийг “төөрч одсон” хонь хэмээн дүрсэлжээ. Алма 5:37–42-ыг уншиж, Алма Аврагчийн дуу хоолойг сонсох талаар юу заасныг олж мэд.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын хариултыг бич:
-
Алма 5:37–38-ыг судалж, Өөрийг нь дага хэмээн бидний араас дууддаг Аврагчийн хүч чармайлтын талаар Алмагийн заасан зүйлийг өөрийн үгээр тайлбарла.
-
Алма 5:41-т бид Сайн Хоньчны дуу хоолойг сонсож байгаа эсэхээ хэрхэн мэдэх талаар Алма юу гэж заасан бэ? Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн Сайн Хоньчныг дагаж байгааг харуулах тэдний “сайн үйлс” юу байж болох вэ?
-
Аврагчийн дуу хоолойг таньж, дагах нь үргэлж амархан байдаггүй. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах эшлэлийг тунгаан бод: “Бид мөнх бус амьдралд өөрсдийн сонсдог олон янзын дуу хоолойнуудын дундаас, тэнгэрлэг гэр рүүгээ дагаж явахыг уриалан дууддаг Сайн Хоньчны дуу хоолойг таних ёстой” (“Alternate Voices,” Ensign, 1989 оны 5-р сар, 27).
Алма 5:53–56-г уншиж, Аврагчийн дуу хоолойг сонсоход хүнд саад болдог зан авир, үйлдлүүдийг тэмдэглэ.
Өнөөгийн дэлхийд Аврагчийн дуу хоолойг сонсоход нь хүмүүст саад болдог өөр ямар зан авир болон үйлдлүүд байдгийг бод. Яагаад эдгээр зан авир, үйлдлүүд Аврагчийн дуу хоолойг сонсоход хүмүүст саад болдгийг товчхон тайлбарла.
Алма 5:57 дахь “сайн хоньчны дуу хоолойг дагахыг хүсэх та нар бүгд” гэсэн хэсгийг тэмдэглэ. Дараа нь 57-р шүлэг дэх Аврагчийн дуу хоолойг дагахын тулд та юу хийж болохыг өгүүлсэн өөр гурван хэллэгийг тэмдэглэ.
-
Танай сургууль эсвэл танай нутаг дахь хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн юу хийж болохыг харуулсан дараах гурван зүйл тус бүрд нэг нэг жишээ гаргаж, судар судлах тэмдэглэлдээ бич: (a) ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирцгээ, (б) тусдаа байгтун, мөн (в) цэвэр бус зүйлүүдэд бүү хүрэгтүн. Дараа нь өсвөр үеийнхэнд Сайн Хоньчны дуу хоолойг илүү сайн сонсоход нь туслах хоёр зөв шударга үйл ажиллагаа эсвэл хоёр дадал зуршлын талаар бод. Хэрэв эдгээр үйл ажиллагаа эсвэл дадал зуршлуудын нэг нь танд Аврагчийн дуу хоолойг сонсоход тусалсан бол энэ тухайгаа багш эсвэл ангийнхантайгаа хуваалцахын тулд судар судлах тэмдэглэлдээ бичиж болно.
Алма 5:58–60-д цэдэглэснээр Алма уг үнэнийг заасан байна: Хэрэв бид Их Эзэний (Сайн Хоньчны) дуу хоолойг дагавал Түүний хаант улсад цуглуулагдах болно. Бурханы баруун гар талд өвийг өвлөн авах хүмүүст ирэх амлалтууд эсвэл адислалуудыг Алма 5:58–60-аас тэмдэглэж ав.
-
Таны тэмдэглэсэн эдгээр амлалт эсвэл адислал бүр нь таны хувьд ямар ач холбогдолтойг бодож үзнэ үү. Дараа нь өөрийгөө ёс бус зүйлүүдээс тусгаарлах нь эдгээр адислалуудыг хүлээн авахад хүргэнэ гэж та яагаад бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич.
Та Аврагчийн дуу хоолойг дагаснаар эдгээр адислалуудыг хүлээн авч, эцэст нь өргөмжлөлийн адислалуудыг хүртэх болно.
Алма 5:43–52
Алма гэрчлэлээ хэрхэн олж авснаа өгүүлж, наманчлалын тухай заав
Та таван мэдрэхүй болох харах, сонсох, хүрэх, үнэрлэх, амтлах мэдрэмжүүдээр дамжуулан сурч мэдсэн зүйлийнхээ талаар бод. Танд мэдрэхүйн таван эрхтнийхээ аль нэгийг нь ашиглахгүйгээр ямар нэг зүйлийг мэдэх арга зам байдаг уу? Алма 5:45–48-ыг уншиж, Алма юуг мэдсэн болон үүнийг тэр хэрхэн мэдсэн талаараа юу гэж хэлснийг олж мэд.
Алма Алма 5:48-д Есүс Христийн талаар юу заасныг тэмдэглэ. Алма 5:45–48 дахь захиасыг ингэж нэгтгэн дүгнэж болно: Есүс Христ бол бүх хүмүүний Гэтэлгэгч гэдгийг бид өөрсдөө Ариун Сүнсний хүчээр мэдэж авч чадна.
Хүн бүр итгэл, гэрчлэлийнхээ эсрэг сорилт бэрхшээлтэй тулгардаг. Ариун Сүнсний хүчээр мэдэрсэн сайн мэдээний бүрэн байдлын талаар хувийн гэрчлэлтэй байх нь таныг эдгээр сорилт бэрхшээлийн үед хүчирхэгжүүлж чадна. Та Алмагийн адил Ариун Сүнсний талаарх хувийн гэрчлэлээ санах нь сорилт бэрхшээлийн үед гуйвшгүй бат зогсоход тань тусалж чадна. Мацаг барилт ба залбирал нь Сүнс үнэнүүдийг дахин баталж, бидний гэрчлэл улам хүчтэй болох хэрэгтэй үед тусалдгийг бид Алмагийн жишээнээс түүнчлэн сурч чадна.
Есүс Христийн талаарх хувийн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд биднийг уриалсан Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллардын дараах эшлэлийг уншихдаа өөрийнхөө гэрчлэлийг тунгаан бод: “Сайн мэдээний үнэний талаарх, ялангуяа Их Эзэн Есүс Христийн бурханлаг амьдрал болон зорилгын талаарх тусдаа хувийн гэрчлэлтэй байх нь бидний мөнх амьдралд нэн чухал. ‘Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь’ ‘мөнхийн амь мөн’ [Иохан 17:3] хэмээн Аврагч хэлжээ. Өөрөөр хэлбэл, мөнх амьдрал нь Тэнгэр дэх Эцэгийнхээ болон Түүний Ариун Хүүгийн талаарх бидний тус бүрийн хувийн мэдлэг дээр тулгуурлагддаг. Тэдний талаарх энгийн мэдлэг нь хангалттай бус юм. Бид өөрсдийгөө бат бөх итгэлтэй байлгах хувийн, сүнслэг туршлагатай байх ёстой” (“Feasting at the Lord’s Table,” Ensign, 1996 оны 5-р сар, 80).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагаануудын нэгийг эсвэл илүү олныг нь хий:
-
Есүс Христ бол хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг хэн нэгэн нь Ариун Сүнсний хүчээр гэрчилснийг сонссон тохиолдлынхоо тухай бич. Уг гэрчлэлийг сонсоод юу мэдэрснээ бич.
-
Алма 5:46-г уншиж, Алма Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн хүлээж авсныг өөрийн үгээр бич. Та гэрчлэлээ улам хүчтэй болгохын тулд Алмагийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаараа бодож, санаагаа нэмж бич.
-
Ариун Сүнс танд Есүс Христ бол дэлхийн Гэтэлгэгч гэдгийг гэрчлэхэд төрсөн мэдрэмжийнхээ талаар бич. Мацаг барих, илүү чин сэтгэлээсээ залбирах эсвэл судруудыг илүү нухацтайгаар судлах зэрэг Аврагчийн талаар гэрчлэлтэй болоход тань эсвэл энэхүү гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань туслах тодорхой нэг зорилго бич. Хэдийгээр үүнд “олон өдөр” шаардагдсан ч зорилгодоо хүрэхийн төлөө ажилла (Алма 5:46). (Энэ үйл ажиллагааг хийх нь Хувийн хөгжил дэвшил эсвэл Бурханы өмнө хүлээсэн үүрэг номууд дахь шаардлагуудыг биелүүлэхэд тань туслах болно.)
-
Алма 5:49–52-ыг уншиж, Алма хүмүүст наманчлалын талаар юу заасныг олж мэд. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хамт мөнх амьдрахын тулд бүх хүмүүс яагаад наманчлах ёстой гэж боддогоо доорх мөрүүдэд тайлбарлан бич:
Ахлагч Даллин Х.Өүкс биднийг наманчлал болон Бурханы хаант улсад ороход бэлтгэх талаар Алмагийн заасан зүйлсийг хэрэгжүүлэхэд тусалж болох хэдэн асуултыг эргэцүүлэн бодож үзэхэд урьжээ:
“Түүний ирэлтийн өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш —зуурдын үхлээр эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр—Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол, бид өнөөдөр юу хийх байсан бэ? Бид юуны төлөө наманчлах байсан бэ? Бид ямар зуршлуудаа хаях байсан бэ? Бид ямар асуудлуудаа шийдэх байсан бэ? Бид хэр зэрэг өршөөл үзүүлэх байсан бол? Бид ямар гэрчлэлүүдийг хуваалцах байсан бэ?
“Хэрэв бид эдгээр зүйлүүдийг хийх байсан бол яагаад эдгээрийг одоо хийж болохгүй байх билээ? Амар амгаланг олох боломжтой үедээ яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж? (“Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 9).
-
Ахлагч Өүксийн асуусан нэг асуултын талаар бод. Өдөр бүр Их Эзэнтэй уулзахаар бэлтгэж байгаа юм шиг амьдрах нь яагаад чухал гэж бодож байгаа талаараа судар судлах тэмдэглэлдээ бич.
Та өнөөдөр сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болох талаараа залбирч, тунгаан бод. Тэгснээр та Аврагчтай уулзахад мөн Түүний хаант улсад ороход бэлтгэгдэж чадна.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 5:37–62-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: