Семинар
16-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 14–16


16-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 14–16

Оршил

Алма, Амюлек хоёрын заасан зүйлийг сонссоны дараа Зиезром болон Аммонайхагийн хүмүүсийн зарим нь итгэж наманчлав. Бусад нь уурлаж, Алма Амюлек нарыг шоронд хорихоор болгов. Аммонайхагийн ёс бус хүмүүс итгэлтэй хүмүүсийг хөөн гаргаж, эхнэр хүүхдүүдийг нь шатаажээ. Их Эзэн олон өдрийн дараа Алма, Амюлек хоёрыг шоронгоос суллан, Аммонайхагийн ёс бус удирдагчдыг устгажээ. Зиезром Сайдомд байхдаа биеэрээ мөн сүнсээрээ зовж байв. Тэр Есүс Христэд итгэх итгэлээ Алмад илчилж эдгээгдэв. Леменчүүдийн их цэрэг Аммонайха хотыг устгаснаар бошиглол биелэгдэв. Алмагийн бошиглолын удирдамж нь Нифайн цэргүүдэд леменчүүдийн дайралтыг зогсоох боломж олгожээ. Алма, Амюлек болон бусад олон хүмүүс нифайчуудын нутаг даяар Сүмийг бэхжүүлжээ.

Алма, Амюлек хоёр шоронд байгаа нь

Алма 14

Алма Амюлек хоёр шоронгоос суллагдаж, итгэгчид хөөгдөн шатаагдав

Хэн нэгэн гэмгүй хүн өөр хүний гарт зовж байгааг харсан эсвэл сонссон тухайгаа бод. Жишээ нь итгэлээсээ болж хавчин гадуурхагдсан хэн нэгний тухай. Дараах асуултуудыг тунгаан бод:

  • Зовж шаналсан хүний төлөө та ямар мэдрэмжтэй байсан бэ?

  • Бусдад зовлон учруулсан хүний тухайд та юу мэдэрсэн бэ?

  • Гэмгүй, зөв шударга хүмүүст заримдаа яагаад муу зүйлүүд тохиолддог гэж та боддог вэ?

Алма 14-р бүлгийг уншихдаа эдгээр асуултуудыг Алма, Амюлек хоёрын туршлагатай холбон бод.

Алма 14:1–10-ыг уншаад хэн, яаж зовсныг олж мэд. Тэгээд дараах хүснэгтийг бөглө:

Хэн зовсон бэ?

Тэд хэрхэн зовсон бэ?

Алма 14:10-т цэдэглэснээр Амюлек юу хийхийг хүссэн бэ? Алма 14:11-ийг уншиж, заримдаа яагаад гэм зэмгүй эсвэл зөв шударга хүмүүсийг ёс бус хүмүүс зовоохыг зөвшөөрдгийг ойлгоход хүндрэлтэй байгаа хэн нэгэнд тусалж чадах үнэнийг олж мэд.

Алма 14:11 дэх үнэнийг илэрхийлэх нэг арга нь: Их Эзэн Өөрийнх нь шүүлт шударга байхын тулд зөв шударга хүмүүс ёс бусчуудын гарт зовохыг зөвшөөрдөг. Нас барсан дээрх хүмүүс Их Эзэний “алдар суунд” хүлээн авагдсан нь Алмад илчлэгдсэнийг анхаар (Алма 14:11). Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг энэхүү үйл явдлыг мөнхийн хэтийн төлөвөөс нь ийн заажээ: “Бурханы нинжин сэтгэл ба шударга ёсыг аймшигтай эмгэнэлт байдалд харахаар Амюлек адислагдсан юм” гэжээ (“Amulek: The Blessings of Obedience,” Heroes from the Book of Mormon [1995], 110).

Алма 60:12–13-ыг Алма 14:10–11-ийн холбогдох эшлэл болгон тэмдэглэ. Зөв шударга хүмүүсийг зовлонд унахаар болгодог шалтгаануудын дотор, тэд гэрчлэлээ амьдралтайгаа лацдан (С ба Г 135:3-ыг үзнэ үү), ёс бусчуудын эсрэг гэрч болон зогсох явдал байдгийг бид мэддэг билээ.

Бурхан яагаад зөв шударга хүмүүсийг зовохыг зөвшөөрдгийг ойлгох нь бидний хувьд ойлгоход хэцүү зарчим байж болох юм. Бурхан хүмүүсийг буруу сонголт хийх байсан ч өөрсдийн сонгох эрхээ ашиглахыг нь яагаад зөвшөөрдгийг илүү сайн ойлгохын тулд Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг тунгаан бод.

“Хэрэв бид мөнх бус амьдралыг бүхэлд нь нэгэн оршихуй гэж үзвэл өвдөлт, зовлон, алдаа дутагдал болон богинохон амьдрал нь маш хэцүү санагдах болно. Харин бид амьдралыг мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас үхлийн дараах мөнхийн ирээдүйг хүртэл мөнхийн цар хүрээгээр нь харвал бүхий л зүйлс зохих байрандаа тавигдах болно. …

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“… Хэрэв бүх зөв шударга хүмүүс хамгаалагдаж, ёс бусчууд устгагдвал Эцэгийн төлөвлөгөө бүхэлдээ ашиггүй болж, сайн мэдээний үндсэн зарчим болох чөлөөт сонголт нь төгсгөл болно. Хэн ч итгэлээр амьдрах шаардлагагүй байх байсан” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 14:11-ээс сурсан үнэнүүд болон Ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн үг Бурхан яагаад зарим үед зөв шударга хүмүүсийг ёс бус хүмүүсийн гарт зовохыг зөвшөөрдгийг ойлгоход тань хэрхэн тусалсныг судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 14:12–13-ыг уншиж, Алма тэдний туулж байсан зовлонгуудыг давж гарахад нь Амюлект туслахын тулд түүнд юу заасныг олж мэд. Алма яагаад тийм итгэлтэйгээр хариулах боломжтой байсан гэж та бодож байна вэ?

Алма Амюлект Их Эзэнд найдах талаар юу заасныг ойлгоход тань туслах Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах үгсийг унш: “Энэ амьдрал бол гүн итгэл найдварын туршлага буюу Есүс Христэд итгэн найдах, Түүний сургаалуудад итгэн найдах, энэ амьдрал дахь аз жаргалын төлөө бас зорилго чиглэлтэй, дээдийн дээд аз жаргалтай мөнх оршихуйн төлөө бид эдгээр сургаалуудыг дуулгавартай дагахад Ариун сүнсээр удирдуулах чадвартаа итгэн найдах туршлага юм. Итгэн найдах гэдэг нь эхлэлээс төгсгөлийг нь хүртэл мэдэлгүйгээр сайн дураараа дуулгавартай дагах гэсэн утгатай юм (Сургаалт Үгс 3:5–7-г үзнэ үү). Үр дүн гаргахын тулд таны Их Эзэнд найдах найдлага, хувийн мэдрэмж, өөрийнхөө туршлагад итгэх итгэлээс тань илүү хүчтэй бөгөөд гуйвшгүй байх ёстой” (“Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 17).

Судрынхаа Алма 14:12–13-р шүлгийн хажууд энэ үнэнийг онцлон бичих хэрэгтэй: Бид Их Эзэнд найдахад Тэр биднийг зовлон бэрхшээл тулгарсан үед хүчирхэгжүүлдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах нөхцөлүүдээс нэгийг эсвэл илүү олныг сонгож, таны судартаа бичсэн зарчим нь энд дүрсэлсэн хүмүүст хэрхэн тусалж чадах талаар судар судлах тэмдэглэлдээ тайлбар бич:

    1. Нэг залуу эрэгтэйн спортын багийн хэдэн тоглогч түүнийг илт гадуурхдаг бөгөөд түүнийг сайн мэдээний жишгүүдийг баримталдаг талаар нь шоолж, дооглодог ажээ. Тэр залуу итгэл үнэмшлээсээ болоод бусад залуустай хамт оролцох боломжгүй үйл ажиллагаануудыг тэд зориудаар төлөвлөдөг байжээ.

    2. Нэг залуу эмэгтэй сайн найзынхаа ажилладаг дэлгүүрт ажилд орох өргөдөл өгчээ. Тэр ажилд орж чадаагүй бөгөөд нөгөө дэлгүүрийн эзэн Мормон хүнийг хэзээ ч ажилд авахгүй гэснийг найз нь түүнд дараа нь хэлжээ.

    3. Нэг залуу эрэгтэй сургууль дээрээ хэсэг залуу эрэгтэйчүүдэд түүний дэргэд бүдүүлэг үг хэлэхээ болихыг хүсэхэд тэд түүнийг бие бие рүүгээ түлхэж, хэрэв яаж ярихыг тэдэнд дахиж заах юм бол түүнийг бүр илүү өвтгөнө гэж сүрдүүлжээ.

Алма 14:14–17-г уншиж, Алма, Амюлек хоёр Аммонайхагийн ёс бус удирдагчдын гарт цаашид зовсоор байхад тэдний итгэл тэдэнд хэрхэн тусалсан талаар бод. Тухайн нөхцөлд ямар ч хариу өгөхгүй байсан нь яагаад хамгийн сайн арга байсан гэж та бодож байна вэ? (Мөн Матай 27:11–14-ийг үзнэ үү.)

Алма 14:18–28-д Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлж, Аммонайхагийн маш олон ёс бус удирдагчдыг устгахаас өмнө тэд их зовлонг хэрхэн туулсан тухай өгүүлдэг. “Шүдээ хавирцгааж” (21-р шүлэг) гэсэн хэллэг нь уурласандаа эсвэл уур хилэндээ шүдээ хавирах гэсэн утгатай юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 14:18–25-д Алма, Амюлек хоёрын туулсан зовлонгуудын аль нь таны хувьд хамгийн хэцүү байх байсан гэдгийг судар судлах тэмдэглэлдээ тайлбарлан бич. Дараа нь шударга амьдрахыг хичээсэн ч зовлон бэрхшээлүүдтэй тулгарсан хувийн туршлагаа эсвэл өөрийнхөө мэддэг хэн нэгний туршлагын талаар бич.

Алма 14:25-д цэдэглэснээр юу Алма, Амюлек хоёрыг хөл дээрээ зогсохыг нь боломжтой болгосон бэ? Алма 14:26–29-ийг уншиж, энэхүү үнэнийг хамгийн сайн баталж байна гэж бодсон үг хэллэгүүдийгээ тэмдэглэ: Хэрэв бид итгэлтэйгээр Их Эзэнийг дуудвал, Тэр биднийг зовлон зүдгүүрийн үед хүчирхэгжүүлж, Өөрийн арга замаар, Өөрийн цагт биднийг чөлөөлнө.

Их Эзэн хүчээ үзүүлэн таныг саад бэрхшээлүүд болон зовлон зүдгүүрүүдээс тань Өөрийн арга замаар, Өөрийн цагт чөлөөлж чадна. Бид Их Эзэний хүсэлд найдаж сурснаар амьдралынхаа турш хэцүү зүйлүүдийг даван гарах илүү агуу хүч чадал, эрч хүчийг олох болно.

Алма 15–16

Зиезром эдгээгдэж, леменчүүдийн их цэрэг Аммонайхаг устгаж, Алма, Амюлек хоёр үргэлжлүүлэн нифайчуудад номлов

Алма, Амюлек хоёр Аммонайхаг орхисныхоо дараа Зиезромыг оролцуулан Аммонайхагаас итгэгчдийг олсон ойролцоох хот болох Сайдом руу явжээ. Зиезромын нөхцөл байдлыг мэдэхийн тулд Алма 15:3–5-ыг унш.

Дараах зүйлийг бодож үз: Зиезромыг юу өвдөх болгосон бэ? Зиезром тусламж болон амар амгаланг олж авахын тулд юу хийсэн бэ?

Алма 15:6–10-ыг анхааралтай уншиж, Алма Зиезромд Есүс Христ болон Түүний Цагаатгал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалсныг харуулсан хоёр юмуу гурван хэллэгийн доогуур зур. Цагаатгалаар дамжуулан нигүүлслийг хүлээн авахад нь хүмүүст тусалдаг санваарын удирдагчдын ашигладаг нэг арга замыг ойлгохын тулд Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Жэй Э.Жэнсэний дараах туршлагыг унш:

“Би бишопоор үйлчилж байхдаа ноцтой гэм нүгэл үйлдсэн сүмийн гишүүдийн амьдралд ирдэг Цагаатгалын адислалуудын гэрч болсон юм. …

“Манай тойргийн нэгэн ганц бие залуу нэг залуу эмэгтэйтэй болздог байлаа. Тэр хоёр хайр сэтгэлдээ шатаж, биеэ барих, үйлдлээ хянах чадваргүй болсон байлаа. Тэр залуу надаас зөвлөгөө, тусламж авахаар ирсэн юм. Тэр гэм буруугаа хүлээсэн болон надад төрсөн Сүнсний мэдрэмж түүнчлэн бусад зүйл дээр үндэслэн, би түүнийг хэсэг хугацаанд ариун ёслолоос хүртэхийг зөвшөөрөөгүй. Бид түүний наманчлал бүрэн хийгдэхэд анхаарахын тулд ойр ойрхон уулздаг байсан бөгөөд тохиромжтой хугацааны дараа би түүнд ариун ёслолоос дахин хүртэх эрх олгосон юм.

“Би ариун ёслолын цуглаанд индэр дээр сууж байхдаа ариун ёслолыг зохистойгоор хүртэж байгаа түүнийг харлаа. Би амлагдсан уучлал, амар амгалан, аз жаргал үр дүнд нь ирдэг Цагаатгалын эдгээгч хүч түүний бодгалийг дулаацуулж, ачааг нь өргөснөөр энэрэл, хайр, хамгаалалтын гар түүнийг тэврэхийг гэрчилсэн билээ” (“Arms of Safety,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 49).

Нэгэн эмэгтэй Христийн нөмрөгөнд хүрсэн нь

Бишоп болон санваарын бусад удирдагчид биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нигүүлсэл болон өөртөө хэрэгтэй хүч чадлыг олж авахад тусалж чадна. Та Алма 15:11–12-оос Зиезром наманчилж, Их Эзэний нигүүлслийг хүлээн авсан гэсэн ямар нотолгоог олсон бэ?

Алма 15:6–12-ын талаар судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ таны бичиж болох нэг зарчим бол: Бид Есүс Христэд итгэх итгэлээрээ эдгээгдэж, хүчирхэгжиж чадна. Алма 15:16, 18-д цэдэглэснээр энэ зарчим Амюлекийн амьдралд хэрхэн батлагдсан бэ?

Алма, Амюлек хоёр Сайдомын хүмүүсийн дунд сүм байгуулаад Зарахемла руу буцав.

Бид Алма 16-р бүлгээс, хэрэв хүмүүс наманчлахгүй бол тэд устгагдах болно гэсэн Алма, Амюлек нарын бошиглолын биелэлт болох леменчүүдийн их цэрэг нифайчуудын газар нутгийг булаан эзэлж, Аммонайха хотыг устгасан тухай уншдаг (Aлма 9:12-ыг үзнэ үү). Алма 16-р бүлгийг уншихдаа нифайчууд леменчүүдийн их цэргийг ялахын тулд хэнээс тусламж хүссэнийг олж мэд. Энэ туршлагыг хувийн тулалдаан болон дайснуудтайгаа адилтга.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 14–16-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: