17-р хэсэг: 1 дэх өдөр
Алма 17–18
Оршил
Алма 17–18-р бүлгүүд нь Мозаягийн хөвгүүдийн леменчүүдийн дунд хийсэн номлолын талаарх Мормоны бичээсийг агуулдаг. Эдгээр цэдгүүд өнөө үеийн номлогчид хэрхэн бэлтгэж, үйлчлэх ёстой талаар үлгэр жишээ болж чадна. Мозаягийн хөвгүүд сайн мэдээг леменчүүдэд номлохоор бэлтгэхдээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлжээ. Тэднийг тус тусын замаараа явахад нь Их Эзэн тэднийг тайтгаруулж, тэд Түүнд бодгалиудыг авчрах болно гэж амласан ажээ. Аммон Ишмэилийн нутагт очиж, леменчүүдийн хаан Лемонайд үйлчлэн, зааж эхлэв. Лемонай хаан хонин сүргийг нь Аммон хамгаалахад түүний хүч чадлыг гайхан бишрэв. Энэ үйлчлэл хаан болон түүний хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөллөжээ. Тэд Бурхан болон авралын төлөвлөгөөний талаар Аммоны заахыг сонсох болов. Лемонай хаан Аммоны заасан зүйлүүдэд итгэж, өөрт нь Аврагч хэрэгтэйг ойлгож, Их Эзэнээс нигүүлслийг гуйн залбирахад Сүнсээр дүүргэгдэв.
Алма 17:1–18
Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлоход бэлтгэв
Өнөө үеийн ахлагчид болон эгч нарын номлолдоо үйлчилдэг хугацааны талаар бод. Алма 17:4-ийг уншиж, Мозаягийн хөвгүүд леменчүүдийн дунд сайн мэдээг хэдэн жил заасныг доогуур нь зур.
Алма Мантайн нутаг руу явах замдаа Мозаягийн хөвгүүдийг урт удаан номлолоосоо буцаж явахад нь тааралдаж, бүгд баярлав. Алма 17:2–4-ийг уншиж, Мозаягийн хөвгүүд ямар номлогчид байсныг дүрсэлсэн үг хэллэгүүдийг тодруулан тэмдэглэ.
-
Алма 17:2–4. Дараах зүйлсийг судар судлах тэмдэглэлдээ бич:
-
Мозаягийн хөвгүүд үр дүнтэй номлогчид байхад бэлтгэхийн тулд юу хийснийг жагсааж, бэлтгэлийнх нь үр дүн ямар байсныг дүрслэн ярь.
-
Эдгээр номлогчдын хийсэн зүйлүүдээс амьдралдаа илүү сайн хийхийг хүсч байгаа зарим зүйлүүд эсвэл илүү бүрэн дүүрнээр хөгжүүлэхийг хүсч байгаа зан чанарыг сонго. Та үүнийг хэрхэн хийж болох талаараа тэмдэглэл бич.
-
Та хувиараа болон гэр бүлээрээ хэрхэн залбирдаг болон судраас суралцдаг талаараа тунгаан бодож, мацаг барих боломжуудынхаа талаар бод. Эдгээр дадал хэвшлүүд таныг “үнэний мэдлэгт хүчтэй” (Алма 17:2) болоход ямар арга замаар тусалсан бэ?
Бид Мозаягийн хөвгүүдийн жишээнээс дараах зарчмыг суралцдаг: Бид судруудаас судалж, залбирч, мацаг барьснаар Ариун сүнсийг хүлээн авч, сүнсний хүчтэйгээр зааж чадна. Бид Ариун сүнсийг хүлээн авснаар сайн мэдээг бусадтай хуваалцахад илүү сайн бэлтгэгдэж чадна.
Өсвөр үеийнхэнд номлогч болохын тулд бэлтгэх арга замуудын талаар Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг унш. Сайн мэдээг Мозаягийн хөвгүүд шиг хуваалцахад өөрийгөө бэлтгэх тодорхой арга замуудыг олж мэд.
“Та Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлж чадна (С ба Г 4:3-ыг үзнэ үү), мөн та номлогчдын боддогийг бодож, номлогчдын уншдагийг уншиж, номлогчдын залбирдаг шиг залбирч мөн тэдний мэдэрдэг зүйлийг мэдэрч чадна. Та Ариун Сүнснээс холдоход хүргэдэг дэлхийн нөлөөнүүдээс зайлсхийж, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрт хариулах итгэлтэй байдлаа өсгөж чадна. Та шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг хүлээн авч, ямар номлогч болохыг хүсдэг шигээ тийм номлогч болж мөн Аврагчийн танаас ямар номлогч болохыг хүсдэг шиг тийм номлогч болж чадна.
“Сургаалыг тунхаглах нь … Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бидний зүгээр л нэг хязгаарлагдмал цагт багтаан хийдэг эсвэл хийх ёстой ажил үүрэг төдий зүйл биш юм. Харин номлолын ажил нь бидний сүнслэг мөн чанар, үнэт өвийн илэрхийлэл юм” (“Номлогч болох нь,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 46–47).
Алма 17:9-ийг уншиж, Мозаягийн хөвгүүд номлолд үйлчлэхээр бэлтгэхдээ залбирсан зүйлүүдийнх нь доогуур зур. Алма 17:11-ийг уншиж, Их Эзэн тэдэнд хэрхэн Түүний мутар дахь зэмсгүүд байх талаар заасан зүйлсийг тунгаан бод. Эдгээр шүлгүүд нь дараах зарчмыг заадаг: Сайн үлгэр жишээ үзүүлсэн үед, ялангуяа зовлон зүдгүүр тохиолдсон үед Их Эзэн биднийг Өөрийн мутар дахь зэмсэг байлгаж чадна.
-
Та өөрийнхөө сайн үлгэр жишээ үзүүлж чадах нөхцөл байдлыг судар судлах тэмдэглэлдээ бич. Сургууль дээрх нөхцөл байдал, гэр бүлээрээ гэртээ байх эсвэл хамаатан саднуудтайгаа хамт байх мөн нүүр тулан ярилцсан эсвэл онлайнаар харилцсан нийгмийн нөхцөл байдлуудын талаар бод. Та эдгээр нөхцөл байдлуудад хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлэхээ дүрслэн бич.
Зарим нөхцөл байдлуудад сайн үлгэр жишээ үзүүлэх нь илүү хэцүү байдаг. Алма 17:12–16-д леменчүүдийг хэрхэн дүрсэлснийг харж, дараа нь энэ нөхцөл байдалд заахад Мозаягийн хөвгүүдэд яагаад хэцүү байсныг бод.
Мозаягийн хөвгүүд нифайчуудыг үзэн яддаг байсан хүмүүст туслахын тулд яагаад зовлон зүдгүүрийг туулахад бэлэн байсан гэж та бодож байна вэ? Мозаягийн хөвгүүд юу гүйцэлдүүлэхийг хүсэж байсныг ойлгоход тань туслах үүднээс Алма 17:16-гаас авсан хэсгийн хоосон зайнуудыг бөглө: Мозаягийн хөвгүүд леменчүүдийг авчрахыг хүсэв, учир нь тэд леменчүүдэд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлэхийг хүссэн юм.
Таныг хэрхэн бусдад сайн үлгэр жишээ үзүүлэхээ ойлгоход тань туслах дараах даалгаврыг ирэх хэдэн өдрийн дотор биелүүл: Гэр бүлийн нэг гишүүнээс эсвэл найзаасаа хэн нэгний Христийнх шиг үлгэр жишээ нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай ярихыг хүс.
Алма 17:19–39
Аммон Лемонай хааны зарц болж, хааны хонин сүргийг хамгаалав
Алма 17:19–39-ийг уншихдаа Аммон Лемонай хаанд болон түүний зарц нарт хэрхэн үйлчилснийг олж мэд. Аммоны үйлчлэл нь леменчүүдэд сайн мэдээг хүлээн авахад нь хэрхэн тусалсан талаар бод. Хааны хонин сүргийг Аммон хэрхэн хамгаалсан талаарх түүхийг гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцахаар төлөвлө. Түүхээ хуваалцах үедээ дараах үнэнийг тодотго: Бид үйлчлэлээр дамжуулан бусдад сайн мэдээг хүлээн авахад бэлтгэхэд нь тусалж чадна. Сүнслэг байдлын хувьд илүү хүчтэй болоход нь туслахыг хүсч байгаа нэг хүний талаар дээрх гэр бүлийн гишүүнтэй эсвэл найзтайгаа ярилц. Та тэр хүнд хэрхэн тусалж чадах талаар бодож, хэрхэн үйлчлэл хийхээ шийд.
Алма 18
Аммоны итгэлтэй байдал Лемонай хааныг гайхшруулж, Аммон түүнд сайн мэдээг заасан нь
Лемонай хааны зарц нар Аммон хааны хонин сүргийг хамгаалахын тулд юу хийснийг хаанд ярьжээ. Алма 18:4–6-г уншиж, Аммоны хийсэн зүйлд хаан ямар хариу үйлдэл гаргасныг олж мэд.
Хаан зарц нараасаа Аммоныг хаана байгааг асуухад тэд түүнд Нифайн нутаг болох эцгийнхээ амьдардаг газар руу явах аян замд унах морьдыг бэлдүүлэх хааны хүсэлтийг Аммон биелүүлж байгааг хэлжээ. Алма 18:12–15-ыг уншиж, Аммоны үйлчлэл Лемонай хаанд хэрхэн нөлөөлснийг олж мэд.
Алма 18:16–21-ийг уншиж, Аммоныг Лемонай хаанд заахад Их Эзэн түүнийг удирдаж байсан гэдгийн нотолгоог ол. Энэ нөхцөл байдалд Бурханы Сүнс Аммонд хэрхэн тусалсан талаар өгөгдсөн зайнд бич.
Алма 18:22–32-ыг уншихдаа Лемонай хаанд Аммоны заасан сайн мэдээний тодорхой үнэнүүдийг олж мэд. Та эдгээр үнэнүүдийг судартаа тэмдэглэх эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичиж авах хэрэгтэй. Аммон өөрийн болон Лемонайн итгэл дээр үндэслэн заажээ. Лемонай өөрийнх нь хувьд Агуу Сүнс байсан Бурханд—итгэдэг байсан ч Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгодоггүй байжээ.
Алма 18:33–35-ыг уншиж, хаан Аммонаас тэрбээр Бурханаас илгээгдсэн эсэхийг асуухад Аммон хэрхэн хариулсныг олж мэд.
-
Алма 17–18-ыг судалснаасаа Аммон Бурханы тусламжтайгаар леменчүүдийн дунд юу хийх боломжтой байсан талаар богинохон догол мөрийг судар судлах тэмдэглэлдээ бич.
Та дараах зарчмыг судартаа Алма 18:35-ын хажууд бичих хэрэгтэй: Бид Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд үйлчлэх үед Тэдний ажлыг хийх бидний чадварыг Тэд өсгөн нэмэгдүүлдэг.
-
Дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Дээрх зарчим нь сүм дэх одоогийн болон ирээдүйн үүрэгт ажлуудад тань хэрхэн туслах вэ?
-
Их Эзэний ажлыг хийх таны чадварыг Тэрээр өсгөн нэмэгдүүлэхийн тулд та Түүнд хэрхэн илүү итгэлтэйгээр үйлчилж чадах вэ?
-
Аммон итгэлтэй үлгэр жишээ болон үйлчлэлийнхээ ачаар Лемонай хаанд Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заах боломжтой байсан юм. Лемонай үйлдсэн аллагууддаа гэмшиж байсныг сана (Алма 18:4–6-г үзнэ үү). Алма 18:36–43-ыг уншиж, Лемонайд Аммон гэтэлгэлийн төлөвлөгөөг хэрхэн заасныг болон эдгээр сургаалд Лемонай хэрхэн хандсаныг олж мэд.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Есүс Христийн Цагаатгалыг ойлгох нь Лемонай хаанд яагаад нэн чухал байсан гэж та бодож байна вэ?
Бүтээлт, Уналт болон Цагаатгалын тухай сургаалуудаас суралцах нь Лемонайд Аврагч хэрэгтэйг ойлгоход нь хэрхэн тусалж болох байсныг тунгаан бод. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Брүс Р.Макконки Бүтээлт, Уналт болон Цагаатгалын ач холбогдлыг заажээ:
“Эдгээр гурван тэнгэрлэг үйл явдал нь—авралын мөнхийн төлөвлөгөө гэсэн нэгэн асар том уран хатгамалд хоорондоо салшгүйгээр хамт нэхэгдсэн—мөнх оршихуйн гурван багана юм. Бид Их Эзэн, Есүс Христийн Цагаатгалыг илчлэгдсэн шашныхаа гол цөм бөгөөд зүрх нь мөн гэж үздэг билээ. Энэ нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирдаг. Аврал Христээр дамжин ирдэг.
“Гэвч уналт байгаагүй бол Цагаатгал гэж байхгүй байх байсан. Адамын уналт биеийн ба сүнсний үхлийг дэлхийд авчирсан бол, хүн төрөлхтөн болон амьдралын бүх хэлбэр нь Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ачаар эдгээр үхлээс чөлөөлөгдсөн юм. Адам мөнх бус байдлыг, харин Христ үхэшгүй байдлыг авчирсан юм. Аврал нь уналт болон Цагаатгалын улмаас ирсэн юм.
“Хэдий тийм ч, хэрэв дэлхий хийгээд хүмүүн, мөн бүх амьд зүйлс нь өөрсдийн биет байдал болоод диваажингийн төрх буюу үхэшгүй байдалд бүтээгдээгүй бол уналт гэж байхгүй байх байсан. … Огторгуй ба дэлхий, эдгээрийн доторх болон дээрх бүх зүйлсийн бүтээлтэд, мөн үүгээр, мөн үүний улмаас аврал боломжтой болсон билээ. Аврал нь Бүтээлт, Уналт Цагаатгалын улмаас ирдэг; эдгээр гурван зүйл нь нэг тэнгэрлэг төлөвлөгөөний бие даасан хэсгүүд юм” (A New Witness for the Articles of Faith [1985], 81–82).
Бид Лемонайн туршлагаас дараах үнэнийг сурч болно: Бид Аврагчийг өөрсдөдөө хэрэгтэй гэдгийг ойлгосон үед наманчлахыг хүсэх болно.
Өнөөдрийн хичээлийг дуусгахдаа танд Арвагч хэрэгтэй гэдгийг санахад тань туслах ямар зүйлүүдийг хийж чадахаа тунгаан бод.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 17–18-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: