17-р хэсэг: 3 дахь өдөр
Алма 21–22
Оршил
Аммоны дүү нарын нэг Аарон Есүс Христ болон Цагаатгалын талаар амаликайчууд болон амюлончуудад заахыг хичээсэн ч, хүмүүс түүнийг эсэргүүцдэг. Эцэст нь Аарон болон түүний хамтрагчдын зарим нь Миддонайн нутаг дахь шоронд хоригджээ. Тэд гай зовлон тохиолдсон үед итгэлтэй хэвээр үлддэг. Аммон болон Лемонай хаан тэднийг чөлөөлсний дараа Аарон Лемонайн эцэгт хэрхэн “Бурханаар төрөх” (Алма 22:15) тухай заадаг. Хаан нүглүүдээ наманчилснаар Бурханы талаарх мэдлэгтэй болж, эцэст нь мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг суралцдаг. Аарон болон түүний ах дүү нарын итгэл бишрэл олон леменчүүдийг Бурханы тухай мэдэж, Түүний гэтэлгэлийн зам дээр гарахад тусалсан ажээ.
Алма 21:1–23
Аарон болон түүний ах дүү нар зовлон зүдгүүр болон шоронд хоригдохыг эс хайхран сайн мэдээг номлов
Зарлигуудыг дагахыг маш их хичээсэн ч бэрхшээлүүдтэй тулгарч байсан үеийнхээ талаар бод. Тэгээд дараах асуултуудыг тунгаан бод: Та туулсан зовлон зүдгүүрүүдээ үл харгалзан итгэлтэй байхын тулд юу хийсан бэ? Та энэхүү туршлагаа эргэн хараад Их Эзэн таныг тэр үед хэрхэн адисалсан гэж боддог вэ?
Аммоныг Лемонай хаан болон түүний хүмүүст зааж байх үед (Алма 17–19-ийг үзнэ үү) Аарон болон түүний хамтрагчид уг нутгийн өөр хэсгүүдэд заахыг хичээж, их зовлон үздэг. Аарон болон түүний хамтрагчид шоронд зовж байсныг эргэн харахын тулд Алма 20:28–30-ийг унш. Дараа нь доорх үйл ажиллагаанд харуулсан Алма 21:1–17 дахь захиасыг унш. Аарон болон түүний ах дүү нар тохиолдсон зовлон зүдгүүрээ хэрхэн даван туулсныг олж мэд.
-
Дараах хүснэгтийг судар судлах тэмдэглэлдээ хуулж, судар болгоны ард сэтгэгдлээ бичих зай үлдээ:
Шалгуур эсвэл бэрхшээл
Аарон болон түүний хамтрагчид ямар хариу үйлдэл гаргасан бэ
Судрын хэсэг бүрийг уншсаныхаа дараа Аарон болон түүний хамтрагчдад тулгарсан шалгуур эсвэл бэрхшээлүүдийг хүснэгтийнхээ зүүн багананд бич. Аарон болон түүний хамтрагчид сорилт бэрхшээлүүдэд хэрхэн хандсаныг баруун талын багананд бич. Тэгээд дараах асуултуудад хариул:
-
Тэд шантарч, итгэл найдваргүй болж, нифайчууд тэдэнд илүү найрсаг ханддаг газарт буцах нь тэдний хувьд яагаад илүү амархан байх байсан гэж та бодож байна вэ?
-
Бид гишүүн номлогчийн хувьд энэ хэсгийг судалснаар хэрхэн ашиг тусыг олж чадах вэ?
-
Алма 21:16–17-г уншиж, Их Эзэн Аарон болон түүний ах дүүсийг итгэлдээ тууштай алхах үед Түүний ажлыг хийхэд тэдэнд хэрхэн тусалсныг олж мэд. Бид Аарон болон түүний ах дүүсээр дамжуулан дараах зарчмыг сурдаг: Хэрэв бид зовлон зүдгүүрийнхээ үед итгэлээрээ тууштай байвал, Их Эзэн бидэнд Түүний ажлыг хийхэд туслах болно. Та энэ зарчмыг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэрэгтэй.
Бурхан танаар одоо болон ирээдүйд ямар ажил хийлгэхээр бэлтгэсэн болон тэрхүү ажлыг биелүүлэхээр хичээх үед та ямар бэрхшээлүүдтэй тулгарч болохыг бод. Бид Их Эзэний ажлыг хийхээр хичээх үед бэрхшээлүүдтэй тулгарч болно гэдгийг заасан Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгсийг унш:
“Тэнгэрлэг Эцэг захиасаа хүргэхээр бэлтгэсэн онцгой бодгалиудад хүрч очиж, зааж, тэдэнд нөлөөлөх нь агуу чухал ажил юм. Амжилтад амар хялбар хүрэх нь ховорхон байдаг. Харин амжилтын өмнө ихэнхдээ нулимс, зовлон бэрхшээл, итгэл найдвар, гэрчлэл ирдэг. …
“… Бурханы үйлчлэгчид ‘Би та нартай үргэлж хамт байх болно’(Матай 28:20) гэсэн Их Эзэний амлалтаас тайтгарлыг олдог. Энэхүү агуу амлалт таныг дэмждэг юм. … Энэ нь таныг бүх хүмүүсийн адил урам хугаран шантрах үед таныг тайтгаруулдаг” (“Tears, Trials, Trust, Testimony,” Ensign, 1987 оны 5-р сар, 43).
-
Зовлон бэрхшээлийг итгэлтэйгээр даван туулсан нэг туршлагынхаа тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Эсвэл та одоо тулгараад байгаа бэрхшээлийг энэ хичээлийн зарчмыг ашиглан хэрхэн итгэлтэй байхаар төлөвлөж байгаагаа бичиж болно. Мөн ирээдүйд Их Эзэний ажлыг хийхэд тань бэрхшээлүүд тулгарч, тууштай байдлыг шаардаж магадгүй гэж бодож буй зарим нөхцөл байдлынхаа талаар бич.
Аарон болон түүний ах дүүсийг шоронгоос суллагдахад нь тусалсныхаа дараа Аммон юу хийснийг мэдэхийн тулд Алма 21:18–23-ыг унш. Аммон леменчүүдэд сайн мэдээг зааснаар тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэд.
Есүс Христийн сайн мэдээ таны мэддэг хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчилснийг бод. Өөрийнхөө таньдаг хэн нэгэнтэй сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох талаар тунгаан бод, эсвэл Аарон болон түүний ах дүүсийн үлгэр жишээ нь хэнд нөлөөлж болох талаар бод. Тэр хүнтэйгээ Аарон болон түүний ах дүүс Их Эзэний ажлыг хийхдээ итгэлээрээ тууштай байсан жишээнээс та юу сурснаа хуваалцахыг бод.
Алма 22
Лемонайн эцэг болох бүх нутгийн хаан Аароны заасан сайн мэдээнд итгэжээ
Өмнөх хичээлээр Аммон Лемонайн эцэгтэй хэрхэн уулзсаныг эргэн сана. Аммоноос гуйсан хааны тодорхой хүсэлтийг Алма 20:27-гоос дахин унш. Алма 22:1–3-ыг уншихдаа Аароны айлчлалд хаан хэрхэн хандсаныг олж мэд.
Алма 22:4–6-г уншиж, Лемонайн хаан эцгийг юу зовоож байсныг олж мэд. Алма 22:7–14-өөс Лемонайн эцэгт Аароны заасан үнэнүүдийг эрж ол.
Дараах асуултуудыг тунгаан бод (Алма 17–18 дахь Лемонай хааны тухай төстэй ярилцлагыг санаарай):
-
Хаан наманчлалыг ойлгохын тулд яагаад Бурханд итгэх хэрэгтэй байсан бэ?
-
Уналтыг мэдэх нь наманчлалыг ойлгоход хаанд хэрхэн тусалсан бэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Наманчлалыг ойлгохын тулд Адамын уналт болон Есүс Христийн Цагаатгалыг ойлгох нь яагаад чухал вэ?
Алма 22:15-ыг уншиж, Лемонай хааны эцэг баяр баясгалан, мөнх амьдралыг хүлээн авахын тулд юугаа орхиход бэлэн байсныг олж мэдээд, судартаа үүнийг тэмдэглэж болно.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Бурханы мэдэхийг хүсч байгаа хүн болгон Лемонай хааны эцэгтэй адил зан чанартай байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Хааны мөнх амьдралыг хэрхэн хүлээж авах талаарх асуултад Аарон хэрхэн хариулсныг мэдэхийн тулд Алма 22:16-г унш. (Энэ шүлэгт заагдаж байгаа чухал үнэнүүдийг судартаа тэмдэглэж болно.) Аароны заасан үнэнүүдийг хүлээн зөвшөөрч, үүгээр амьдрах нь мөнх амьдралыг хүлээн авахад хүнийг хэрхэн удирдаж чадах вэ?
Алма 22:17–18-ыг уншиж, Аароны зааварт хаан хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Дараах асуултыг тунгаан бод: Бид Бурханаас төрөх талаар Лемонай хааны эцгээс юу суралцаж болох вэ?
Та Алма 22:18 дахь дараах хэллэгийг судартаа тэмдэглэх хэрэгтэй: “Таныг мэдэхийн тулд … би бүх нүглүүдээ орхих болно.” Дараах үнэнийг тунгаан бодож, үүнийг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Бид сүнслэгээр өөрчлөгдөж, Бурханаас төрөхийн тулд бүх нүглээ орхих хүсэлтэй байх ёстой.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг унш: “Есүс Христийн сайн мэдээ биднийг өөрчлөгдөхөд урьдаг. ‘Наманчил’ гэдэг нь хамгийн их өгөгддөг урилга бөгөөд наманчлах гэдэг нь Бурханы зарлигуудтай зөрчилдөх бүх хувийн, гэр бүлийн, гарал угсаа болон үндэсний зан заншлаа орхих гэсэн утгатай юм. Сайн мэдээний зорилго нь ердийн бүтээлүүдийг селестиел иргэд болгох бөгөөд энэ нь өөрчлөлтийг шаарддаг” (“Repentance and Change,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 11-р сар, 37).
Та сүнслэгээр өөрчлөгдөхийн тулд одоо амьдралдаа юу хийх хэрэгтэйгээ тунгаан бод.
Хааны залбирлын дараа ямар үйл явдлууд болсныг мэдэхийн тулд Алма 22:19–22-ыг унш. Алма 22:23–27-г уншиж, Лемонайн эцэг зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүлээн авч, өөртөө Их Эзэний Сүнсийг мэдэрсний улмаас юу хийснийг олж мэд.
-
Та Лемонай хааны эцгийн тухай судалснаар дахин төрөх талаар мэдсэн зүйлээ судрын тэмдэглэлдээ бич. Одоогийн өсвөр үеийнхэнд Бурханаас төрөхөд нь туслах өөрчлөлтүүдийг амьдралдаа хийхэд нь түүний жишээ хэрхэн тусалж болохыг тэдэнд тайлбарла.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 21–22-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: