21-р хэсэг: 4 дэх өдөр
Алма 59–63
Оршил
Хиламан ахмад Моронайд их цэргийнхээ хүч чармайлтын талаар захидал бичин, нифайчуудын засгийн газраас тусламж хүсчээ. Ахмад Моронай Хиламаны амжилтын талаар мэдээд баярласан ч засгийн газрыг нэмэлт хүч явуулахад хайхрамжгүй хандсаны улмаас уурладаг. Ахмад Моронай ерөнхий шүүгч Пахоранд түүнийг зэмлэсэн захидал илгээв. Пахоран засгийн газрын эсрэг гарсан бослогын тухай хариу захидалдаа өгүүлжээ. Моронай түүнд туслахаар очиж, босогчдыг дарав. Тэгснээр нифайчуудын их цэрэг нэгдмэл хүчээр леменчүүдийг ялах боломжтой болов. 14 жил үргэлжилсэн дайны дараа нифайчуудын нутагт амар амгалан дахин тогтож, Хиламан болон түүний ах дүүс Сүмийг төлөвшүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэв.
Алма 59
Нифайчууд бэхлэлтээ алдаж, ахмад Моронай хүмүүсийн ёс бусын улмаас гашуудан харамссан нь
Ахмад Моронай Хиламанаас их цэргийнхээ амжилтын талаар өгүүлсэн захидал хүлээн авч, Моронай болон түүний хүмүүс баярлажээ. Тэгээд Моронай нифайчуудын удирдагч Пахоранаас Хиламанд нэмэлт хүч, хүнс илгээхийг хүссэн захидал илгээжээ. Гэвч ямар ч нэмэлт хүч илгээсэнгүй. Тиймээс леменчүүд Нифайха хот руу дайрах үед Нифайхагийн хүмүүс зугтаж, леменчүүд хотыг эзэлдэг.
Леменчүүдийн ялалтад Моронайн үзүүлсэн хариу үйлдлийг мэдэхийн тулд Алма 59:9–12-ыг унш. Судрынхаа Алма 59:9 дэх дараах хэллэгийг тэмдэглэ: “Леменчүүдээс үүнийг дахин авах гэснээс уг хотыг тэдний гарт орохоос хамгаалах нь илүү амархан.” Бид дараах хэллэгээс энэ зарчмыг сурч болно: Итгэлтэй хэвээр үлдэх нь алдагдсаныхаа дараа дахин итгэлтэй болохоос илүү амархан бөгөөд илүү дээр юм.
-
Алма 59:9-д тэмдэглэсэн хэллэг болон өмнөх догол мөрөнд тодруулсан зарчмыг судал. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Донтолтоо даван туулахаас хор хөнөөлтэй донтуулагч зүйлсээс зайлсхийх нь яагаад илүү амархан байдаг вэ?
-
Гэрчлэлээ алдсаныхаа дараа эргэн олж авахаас гэрчлэлээ хэвээр хадгалах нь яагаад илүү амархан байдаг вэ?
-
Идэвхгүй болсныхоо дараа сүмд буцан ирэхээс сүмд идэвхтэй хэвээр байх нь яагаад илүү амархан бэ?
-
Алма 60–62
Моронай Пахоранаас засгийн газрын хайхрамжгүй байдлын шалтгааны талаар асуув
Нифайха хот леменчүүдийн гарт орсны дараа ахмад Моронай Зарахемлагийн ерөнхий шүүгч Пахоранд хандан захидал бичжээ. Алма 60:17–24-ийг уншиж, Пахоран болон Зарахемла дахь хүмүүсийн тухай Моронайн хэлсэн зэмлэлийг ол.
Алма 60:23-ыг дахин уншиж, эхлээд “дотоод хэсэг нь” цэвэршигдэж гэж хэлсэн ахмад Моронайн эшлэлийг анхаар. Тэр нифайчуудын засгийн газар болон төр засгийн эрх баригчдын дундах ялзралыг устгах хэрэгтэй гэж ярьж байв. Хэдий тийм ч энэ шүлэг бидний амьдралтай холбоотой байж болно. Нэг аяган дотор шороо эсвэл шавар хийлээ гэж төсөөлөн бод. Хэрэв та энэ аяганыхаа зөвхөн гадна талыг цэвэрлэсэн бол энэ аягаараа уухад таатай байх уу?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Хэрэв бид өөрсдийгөө “савнууд” гэж бодвол савны дотор талыг цэвэрлэх нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?
-
Савныхаа дотор талыг цэвэрлэх нь яагаад бидэнд Их Эзэний хаант улсын илүү агуу үйлчлэгчид байхад туслах вэ?
-
Алма 60:33–36-д цэдэглэснээр, ахмад Моронай Пахоранд хандан өөрийн ба Хиламаны их цэрэгт яаралтай нэмэлт хүн хүч болон хүнс илгээ гэжээ. Хэрэв Пахоран эдгээр зүйлүүдийг хийхгүй бол Моронай их цэргээ Зарахемлагийн зүг удирдаж, Пахоранаар эдгээр зүйлсийг хүчээр хийлгэх болно гэдгийг анхааруулсан байна. Пахоран Моронайн захидлыг хүлээж аваад түүнд яаралтай хариу бичив. Зарахемлад юу болж байсныг мэдэхийн тулд Алма 61:1–5-ыг унш.
Алма 61:9–14-ийг уншиж, Пахоран Моронайн зэмлэлд хэрхэн хандсаныг эргэцүүлэн бод. Пахораны агуу зан чанарыг харуулсан хэсгүүдийг тодруулан тэмдэглэж болно. Пахоран гомдохын оронд Моронайг дайсны эсрэг тулалдахад өөртэйгөө Их Эзэний хүчээр нэгдэхийг урив. Моронай Пахораны хариуг хүлээн аваад юу мэдэрснийг мэдэхийн тулд Алма 62:1-ийг унш.
Дараах үнэнүүдийг судар судлах тэмдэглэлдээ бичиж болно: Бид бусдын үг, үйлдэлд гомдохгүй байж чадна. Бид бусад хүмүүстэй зөв шударга байдалд нэгдсэнээрээ нүгэл хилэнцийн эсрэг тулаанд илүү хүчтэй байдаг.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар заасан нь:
“Та бид Есүс Христийн Цагаатгалын хүч чадал өгөгч хүчээр дамжуулан гомдохоос зайлсхийж, гомдлыг даван туулахаар адислагдаж чадна. ‘Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй’ (Дуулал 119:165). …
“… Моронай … Пахоранд бичихдээ түүнийг ‘зэмлэж’(Aлма 60:2) мөн түүнийг бодлогогүй, залхуу хойрго, хайхрамжгүй байна хэмээн хатуухан буруутгажээ. Пахоран Моронай болон түүний захиаг амархан эсэргүүцэж болох байсан ч зөрчил гомдлыг сонгосонгүй. …
“Бидний хувьд хүний сүнслэг байдлын төлөвшилтийн хамгийн агуу үзүүлэлтүүдийн нэг нь бид бусдын сул дорой, туршлагагүй байдал болон бусдын түрэмгий үйлдлүүдэд хэрхэн ханддагаар илэрдэг. Ямар нэгэн зүйл, үйл явдал эсвэл хэн нэгний илэрхийлэл биднийг гомдоохоор байж болох ч та бид бусдад гомдохгүй байж—мөн Пахоран шиг ‘энэ нь хамаагүй’ [Алма 61:9] гэж хэлж чадна” (“Тэднийг хэн ч гомдоохгүй,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 90–91).
-
Бусдын үг, үйлдэлд гомдохгүй байхыг сонгосон тохиолдлынхоо талаар бод. Бусдад гомдохгүй байхын ач холбогдлын талаар богинохон тэмдэглэл бич.
Алма 62-т цэдэглэснээр, хааныг өргөмжилж, леменчүүдтэй холбоотон болохыг хүсч байсан Нифайн тэрслэгчид буюу хааныг хүсэгч хүмүүсийг ялахад нь Пахоранд туслахын тулд ахмад Моронай их цэргээ Зарахемлад авчрав. Хааныг хүсэгч хүмүүс Моронай, Хиламан нарт цэрэг эрс, хангамжийн бусад зүйлсийг явуулахад нь Пахоранд саад учруулж байжээ. Дараа нь Моронай, Пахоран нар цэргүүдээ нэгтгэж, леменчүүдийг уг нутгаас хөөн гаргахын тулд нифайчуудын бусад армиас тусламж авчээ. Тухайн үед леменчүүдээс олон нь наманчилж, Аммоны хүмүүстэй нэгдэв.
Тийм дайны дараа гэр бүлүүд болон хувь хүмүүст тулгарсан байж болох бэрхшээлүүдийг төсөөлөн бод. Дайны бэрхшээлүүд нь нифайчуудад хэрхэн нөлөөлснийг мэдэхийн тулд Алма 62:39–41-ийг унш. Уншихдаа эдгээр шүлгүүдээс харж чадах үнэнүүдээ ол.
Судрынхаа Алма 62:39–41-р шүлгүүдийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ дараах үнэний зарчим эсвэл үнэнийг бич: Бид зовлон бэрхшээлийнхээ үед Их Эзэнд илүү ойртож чаддаг.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Зарим хүмүүс бэрхшээлтэй тулгарсан үедээ Их Эзэнээс нүүр буруулж байхад, яагаад зарим нь Түүнд илүү ойртдог гэж та боддог вэ?
-
Дайны талаарх бүлгүүд нь танд хэцүү эсвэл бэрхшээлтэй үед Есүс Христийн дагалдагч байх талаар юу заасан бэ?
-
Алма 63
Олон нифайчууд умард нутаг руу явав
Хиламаныг нас барсны дараа (Алма 62:52-ыг үзнэ үү), түүний дүү Шиблон ариун цэдгүүдийг хариуцаж авчээ. Шиблон ямар хүн байсныг мэдэхийн тулд Алма 63:1–2-ыг унш. Алма 63-т цэдэглэснээр Моронай, Шиблон нар нас барж, Моронайн хүү Моронайха нифайчуудын их цэргийн удирдлагыг авав.
Алма 63:10–13-ыг унш. Шиблон нас барахынхаа өмнө Хиламаны хүү Хиламанд ариун цэдгүүдийг хариуцуулан өгөв. Хиламан урьд нь бичигдсэн цэдгүүдийг хадгалж мөн Хиламаны ном болсон цэдгүүдээ үргэлжлүүлэн бичиж эхлэв.
Алма 63:5–8-д олон нифайчууд умард (хойд) нутаг руу завиар явснаас хойш тэдний талаар дахин сонсогдсонгүй хэмээн цэдэглэжээ. Мөн Алма 63-р бүлгийн төгсгөлд леменчүүд болон нифайчуудын хооронд дахин зөрчилдөөн гарч эхэлснээр энэхүү урт бөгөөд сүнслэг нөлөөлөл бүхий Алмагийн ном дуусдаг.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 59–63-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: