23-р хэсэг: 1 дэх өдөр
Хиламан 10
Оршил
Eрөнхий шүүгчийг хөнөөсөн хэрэг хаагдсаны дараа (Хиламан 7–9-ийг үзнэ үү), Нифай гэртээ харихаар явав. Тэр Их Эзэн өөрт нь үзүүлсэн зүйлсийг тунгаан бодож, мөн хүмүүсийн ёс бус явдлын талаар санаа нь зовж байлаа. Нифайг сэтгэлээр унасан үед Их Эзэн түүнтэй ярилцаж, лацдалтын хүчээр түүнийг үүрд адисалсан юм. Их Эзэн Нифайг үргэлжлүүлэн хүмүүст наманчлалыг номлохыг зарлиг болгоход Нифай тэр даруй уг зарлигийг дуулгавартай дагав.
Хиламан 10:1–11
Нифай лацдах хүчийг хүлээн авсан нь
Та зөв зүйлийг хийх гэж бүх чадлаараа хичээсэн үед бусад хүмүүсээс хүлээн авсан хариу эсвэл гарсан үр дүн нь өөрийн тань бодсоноос өөр байсан үeийн тухай бод. Та Хиламан 10-р бүлгээс Нифай хүнд нөхцөлд итгэлтэй хэвээр байсан учраас Их Эзэн түүнийг хэрхэн адисалсан тухай унших болно.
Нифай ерөнхий шүүгчийн амийг хөнөөсөн хэргээс цагаадсаныхаа дараа, хүмүүс Хиламан 9-р бүлэгт өгүүлсэн гэнэтийн үйл явдлуудыг нүдээр үзсэн хэрнээ итгэлтэй болж, наманчлаагүйг олж мэджээ. Нифай сэтгэлээр унан, гэртээ харив. Хиламан 10:1–3-ыг уншаад гэртээ харих замдаа Нифай юуны тухай тунгаан бодсоныг олж мэд. Та тунгаан бодох гэсэн үгийг эдгээр шүлгүүдэд гарах бүрд нь тэмдэглэж ав. Тунгаан бодох гэдэг нь судруудыг эсвэл Бурханы бусад зүйлсийн тухай бясалгах, олон талаас нь гүнзгий бодох гэсэн утгатай. Бурханы зүйлсийг залбиралтай нэгтгэвэл, тунгаан бодох нь илүү сайн ойлголтыг авчрах болно.
Дараах асуултуудын талаар бод:
-
Нифай юуны тухай тунгаан бодсон бэ?
-
Тэр яагаад “гутарсан” эсвэл гунигтай байсан бэ?
-
Түүнийг тунгаан бодох үед юу болов?
Хиламан 10:1–3-ыг харуулсан нэг зарчим бол: Их Эзэний зүйлсийг тунгаан бодох нь биднийг илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг гэсэн зарчим юм. Судрууд дахь бусад жишээнүүд бас энэ зарчмыг харуулдаг: Нифай, өөрийн эцэг Лихайн заасан зүйлсийг тунгаан бодож, тэдгээр нь үнэн зөв гэдгийг мэдсэн (1 Нифай10:17; 11:1-ийг үзнэ үү); залуу Иосeф Смит Иаков 1:5-р шүлгийг “дахин дахин тунгаан бодсон”-ы үр дүнд үнэн түүнд илчлэгдсэн билээ (Иосeф Смит—Түүх 1:11–19-ийг үзнэ үү); Жозеф Ф.Смит нас барагсдын гэтэлгэлийн талаарх судруудыг тунгаан бодож, бясалгахад түүнд үнэн илчлэгдсэн юм (С ба Г 138:1–6, 11-ийг үзнэ үү).
Хүмүүс ихэнх илчлэлтийг Их Эзэний зүйлсийг тунгаан бодох үедээ хүлээн авдаг ч эдгээр нь дуу хоолойг сонсох, үзэгдэл үзэх болон сэтгэл догдлом бусад арга замуудаар ирдэггүй. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын Ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарлажээ:
“Илчлэлтүүд нь зүүд, үзэгдэл, тэнгэр элчүүдтэй ярилцах, сүнсний өдөөлт зэрэг олон янзын арга замаар ирдэг. Зарим илчлэлтийг шууд, хүчтэй хүлээн авдаг бол зарим нь алгуураар, үлэмж нарийн мэдрэмжээр танигддаг. …
“… Ихэнх тохиолдолд илчлэлт нь бага багаар бидний хүсэл, зохистой байдал ба бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа нь эцэстээ “тэнгэрээс буух шүүдэр лүгээ адил [бидний сүнсэнд] намуухан буух болно” (С ба Г 121:45). Илчлэлтийн энэ хэв маяг нь Нифай Лебенээс гуулин ялтсуудыг амжилттай олж авахын өмнөх хэдэн удаагийн оролдлогод илэрдэг (1 Нифай 3–4-ийг үзнэ үү). …
“… Бошиглогч Иосeф Смитэд сэргээгдсэн сайн мэдээний үндсэн гол үнэнүүд Ариун ойн цоорхойд шууд нэг дор, бүгдээрээ өгөгдөөгүй юм. Эдгээр үнэлж баршгүй эрдэнэсийн сан хөмрөг нөхцөл байдал баталгаатай болсон үед зөв цагт илчлэгдсэн билээ.
“Eрөнхийлөгч Жозеф Ф.Смит илчлэлтийн энэ хэв маяг түүний амьдралд хэрхэн ирснийг тайлбарлахдаа: ‘Би хөвгүүн байхдаа … гэрчлэлтэй болохын тулд Их Эзэнээс зарим гайхамшгийг надад үзүүлэхийг … байнга хүсдэг байлаа. Гэвч Их Эзэн надаас гайхамшгуудыг нууж, үнэнийг надад бүрэн мэдүүлэх хүртэл, эргэлзээ ба айдас надаас бүрэн алга болтол үнэнийг шат шатаар үзүүлсэн юм … . …’ (Conference Report, 1900 оны 4-р сар, 40–41).
Сүмийн гишүүд бид гайхамшигтай бөгөөд үр нөлөө ихтэй сүнсний илэрхийллийн төлөө онцгойлон талархахаа мартаж, Ариун Сүнсээр гүйцэлдүүлдэг Түүний ажлын ердийн хэв маягийг анзааралгүй өнгөрөх хандлагатай байдаг” (“Илчлэлтийн Сүнс,” Ensign буюу Лиахона, 2011 оны 5-р сар, 88).
-
Хувиараа илчлэлт хүлээн авснаа мэдэрсэн үeийнхээ тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Илчлэлт ирэх ямар нөхцөлүүд бүрдсэн байв? Тунгаан бодох нь илчлэлт хүлээн авахад тань хэрхэн тусалсан бэ? (Илчлэлт олон арга замаар ирдгийг сана. Илчлэлт гэнэт ирэх эсвэл ойлголт, гэгээрлийн аажим, алгуурхан мөчүүдээр эсвэл амар амгалан болон өөртөө итгэлтэй байх мэдрэмжээр ирж болно.)
Сүмийн цуглаануудын үеэр, хувийн залбирал болон судраа судлахынхаа өмнө ба дараа, eрөнхий чуулганыг үзэх эсвэл сонссоны дараа, мацаг барьж байхдаа, эсвэл Хүндэтгэлийн өдрийг сахих үеэр гэхчлэн амьдралдаа байнга тунгаан бодох цаг гаргаж бай.
Таны хувьд их үнэ цэнэтэй нэг зүйлийг та өөр хүнд итгэмжлэл хүлээлгэн үлдээх хэрэг гарчээ гэж бод. Та хэнд үүнийг итгэмжлэл хүлээлгэн үлдээх вэ? Та яагаад тэр хүнийг сонгох вэ? Тэр хүн таны итгэл найдварыг хүлээх юу хийсэн бэ?
Хиламан 10:4–5-ыг уншиж, Их Эзэн яагаад Нифайд итгэснийг олж мэд. Цуцашгүй гэдэг үг нь “хэзээ ч ядардаггүй” гэсэн утгатай. Ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан Их Эзэнд цуцашгүй үйлчилдэг, өөрийнхөө мэддэг хүмүүсийн үлгэр дуурайлыг тунгаан бод.
Хиламан 10:4-т Нифайд Их Эзэний өгсөн хариулт дараах зарчмыг зааж байна: Бид өөрийн ашиг сонирхлыг биш, харин Их Эзэний хүслийг урьтал болговол Тэр бидэнд адислалууд болон үүрэг хариуцлагуудыг итгэл хүлээлгэн өгөх болно.
-
Дараах асуултуудын нэгэнд эсвэл түүнээс олонд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Таны амьдралын талаарх Их Эзэний хүсэл юу болохыг та ямар арга замаар мэдэж болох вэ?
-
Түүний хүсэл таныхаас хавьгүй чухал бөгөөд үүнийг үргэлж баримтална гэдгээ Их Эзэнд харуулах ямар зүйлийг та саяхан хийсэн бэ?
-
Та амьдралынхаа ямар зүйлд өөрийнхөө хүслийг биш харин Их Эзэний хүслийг эрэлхийлж, дагахыг улам илүү хичээх хэрэгтэй вэ?
-
Хиламан 10:5–7-г уншаад Нифай итгэл хүлээсэн учир Их Эзэнээс түүнд өгсөн адислалууд ба амлалтуудыг олж мэд. Алислалууд ба амлалтуудыг холбогдох шүлгийнх нь хажууд бич:
Хиламан 10:7-р шүлэг дэх адислал нь Eсүс Христийн сайн мэдээний гол сургаал юм: Лацдах хүч нь дэлхий дээр болон тэнгэрт холбодог мөн цуцалдаг. Судар дахь өөр ямар хүмүүст энэхүү лацдах хүч өгөгдсөнийг та мэдэх үү? Хиламан 10:7-г дараах судруудын холбогдох эшлэлтэй жишиж болно: 1 Хаадын Дээд 17 (Eлиа); Mатай 16:15–19 (Пeтр); Сургаал ба Гэрээ 132:46 (Иосeф Смит).
Сургаал ба Гэрээ 128:9-ийг уншаад Бошиглогч Иосeф Смит лацдах хүчийн тухай юу заасныг олж мэд.
Өнөөдөр Eсүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүмийн Eрөнхийлөгч мөн ийм лацдах хүчийн түлхүүрүүдийг атгадаг. Их Эзэн Нифайд итгэснийхээ нэгэн адил сүмийн Eрөнхийлөгч энэхүү хүчийг Түүний хүсэлд харшлах аливаа арга замаар хэрэглэхгүй гэдгийг мөн мэддэг. Энэхүү лацдах эрх мэдэл нь дэлхий даяарх бусад зохистой санваартнуудад өгөгдөн дэлхий дээр болон тэнгэрт санваарын ёслолуудыг холбох боломжийг тэдэнд олгодог.
Энэхүү лацдах хүчний ач холбогдлын тухай Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах үгсийг бод:
Энэ хүчээр лацдагдаагүй бүх зүйлс тэднийг нас барахад дуусгавар болдог. Баптисмд энэхүү бөх бат лацдалт байхгүй бол тухайн хүн селестиел хаант улсад орохгүй, мөнхийн гэрлэлтийн гэрээ энэхүү эрх мэдлээр лацдагдахаас нааш гэрлэгч хосууд селестиел дэлхийн хамгийн дээд тэнгэрт өргөмжлөлийг хүртэхгүй.
“Энэхүү лацдах хүчийн ачаар бүх зүйлс төгсөшгүй хүчтэй бөгөөд хүчин төгөлдөр болдог” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 683).
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Ахлагч Макконкигийн хэлснээр, тухайн ёслол зохих эрх мэдлээр лацдагдаагүй бол юу тохиолдох вэ?
-
Лацдах хүч таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ хүч ирээдүйн амьдралыг тань хэрхэн адислаасай гэж та хүсдэг вэ?
-
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Бурханы лацдах хүч сэргээгдсэнийг батлан ийн хэлжээ: “Ариун сүм, ёслолууд, гэрээнүүд, хишиг хүртэлт болон лацдан холболт нь яг бошиглогдсоныхоо дагуу сэргээгдсэн юм. Ариун сүмийн ёслолууд Их Эзэнтэй эвлэрэх явдлыг хангаж, гэр бүлүүдийг үүрд мөнх лацдан холбодог. Ариун сүмд хийгддэг ариун нандин гэрээнүүдэд дуулгавартай байх нь хүмүүнд өгдөг Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авахад биднийг тэнцэхээр болгодог” (“Prepare for the Blessings of the Temple,” Ensign, 2010 оны 10-р сар, 42).
Ахлагч Нэлсонгийн хэлснээр, юу биднийг лацдах хүчийн амлагдсан адислалуудыг хүлээн авахад тэнцэхээр болгодог вэ?
Хиламан 10:12–19
Нифай хүмүүст наманчлалыг номло гэсэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагав
Эцэг эх, ажил олгогч эсвэл удирдагчийнхаа хүссэн зүйлийг хийхийг хойш тавьсан эсвэл хийгээгүй тохиолдол танд бий юү? Та өөрөөсөө хүссэн зүйлийг хийхээ хойш тавьснаар бусдад ямар сэтгэгдэл үлдээдгээ эргэцүүлэн бод.
Хиламан 10:11–12-ыг уншиж, Нифай хүмүүст наманчлалыг номло гэсэн Их Эзэний зарлигт хэрхэн хандсаныг олж мэд. Бид Их Эзэний зөвлөгөө, зарлигуудад тэр даруй хурдан хариулснаар Түүнд юуг харуулдаг вэ?
-
Хиламан 10:13–18-ыг унш. Тэгээд, Их Эзэний зарлигт хариулсан Нифайн жишээнээс юу сурч мэдсэн зүйлээ судар судлах тэмдэглэлдээ цөөн өгүүлбэрт багтаан бич. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх нэг арга замыг бич.
Нифайн итгэлтэй байдал Их Эзэн түүнд итгэл хүлээлгэж болохыг харуулсан бөгөөд Нифай агуу хүч ба хамгаалалтаар адислагджээ.
Төгс эзэмших судрын давтлага
Төгс эзэмших судрын давтлага болгож 1 Нифай 3:7; 2 Нифай 2:27; 2 Нифай 31:19–20; ба Мозая 2:17-г унш. Эдгээр төгс эзэмших судрын шүлгүүд Хиламан 10-р бүлэг дэх Нифай болон түүний үйлчлэлтэй хэрхэн холбогдож байгааг эргэцүүлэн бод.
Их Эзэний хүслийг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж, дагахдаа түргэн шуурхай байх арга замуудыг эрэлхийл. Та Нифайн адил Их Эзэнд итгэлтэй үйлчилбэл Тэр танд итгэл хүлээлгэж, таныг адислах болно.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Хиламан 10-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: