19-р хэсэг: 1 дэх өдөр
Алма 33–35
Оршил
Алма судрууд дахь сургаалуудыг ашиглан олон зорамчуудад нөхцөл байдлаас үл хамааран тэд Бурханыг шүтэн биширч болно гэдгийг ойлгоход нь тусалжээ. Тэр тэднийг Есүс Христэд найдвар тавин, Түүний Цагаатгалд итгэхэд урамшуулан дэмжсэн ажээ. Амюлек Алмагийн сургаалуудыг батлахын хамт Есүс Христийн тухай гэрчлэлээ тунхагладаг. Амюлек зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүн төрөлхтөн аврагдах боломжтой гэдгийг онцолсон. Хүмүүс наманчлалд хөтлөх итгэлээ ашигласнаар Есүс Христийн Цагаатгалын бүх адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг тэр амлажээ. Олон зорамчууд Амюлекийн сэрэмжлүүлгийг анхааран сонсож, наманчилж мөн нифайчуудтай эргэн нэгддэг.
Алма 33:1–10
Хүмүүс синагогуудаасаа гадуур Бурханыг шүтэн биширч болно гэдгийг Алма хэсэг зорамчуудад заав
Алма 32-т цэдэглэснээр, Алма Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгах болон Бурханы үгэнд итгэх итгэлээ үйлдэл болгох шаардлагатайг зорамчуудад заасныг сана. Алма 33:1-ийг уншиж, Алмагийн заасан зүйлсийн талаар зорамчуудад ямар асуултууд байсныг олж мэд.
-
Итгэлээ бодит болгохын тулд юу хийж эхлэх ёстой вэ гэсэн зорамчуудын асуултад та хэрхэн хариулахаа судар судлах тэмдэглэлдээ бич. Дараа нь та Алма 33–34-ийг судлахдаа Алма болон Амюлекийн зорамчуудад заасан зүйлүүдтэй өөрийнхөө хариултыг харьцуулж үзнэ үү.
Алма зорамчуудын асуултад хариулахдаа тэднийг итгэлээ бүрэн ашиглахад саад болж байсан, шүтлэг бишрэлийн талаарх тэдний буруу ойлголтыг залруулжээ. Алма 33:2-ыг уншиж, энэхүү буруу ойлголтыг олж тогтоо. Зорамчууд ядуусыг синагогууддаа орж шүтэн бишрэхийг хориглодог байсныг эргэн сана (Алма 32:1–3-ыг үзнэ үү). Алма 33:2-т цэдэглэснээр Алма энэхүү буруу ойлголтыг хэрхэн залруулах хариултыг олохын тулд хүмүүс юу хийх ёстой гэж хэлсэн бэ?
Алма Бурханыг шүтэн бишрэх талаарх зорамчуудын буруу ойлголтыг залруулахын тулд Зинос хэмээх бошиглогчийн бичсэн судраас эш татдаг. Зинос Хуучин Гэрээний үеийн Израилын хүмүүст зааж байсан боловч түүний бошиглолууд зөвхөн Мормоны Номд цэдэглэгдсэн байдаг. Алма 33:3-ыг уншиж, Алма шүтлэг бишрэлийг дүрслэхдээ ашигласан үгийг ол.
Дараах зарчмыг судрынхаа Алма 33:3-ын хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичиж болно: Бид залбирлаар дамжуулан Бурханыг байнга шүтэн биширч чадна.
Алма 33:4–11-ийг уншиж, Зиносын залбирсан бүх нөхцөл байдлыг тэмдэглэ. Их Эзэн Зиносыг залбирах бүрд юу хийсэн бэ? Эдгээр шүлгүүдийг амьдралтайгаа адилтгахад тань туслах дараах даалгаврыг хий. Та өөрийнхөө амьдралд байдагтай адилхан нөхцөл байдлыг Зиносын залбирч байсан нөхцөл байдлуудтай тохируулан хооронд нь зураасаар холбо. (Таны амьдралтай хамгийн их холбогдож байгаа нөхцөл байдлуудыг сонго. Энэ дасгалд буруу эсвэл зөв хариулт гэж байхгүй.)
Зиносын нөхцөл байдлууд |
Таны нөхцөл байдлууд |
---|---|
Аглаг буйдад |
Ажил дээрээ |
Дайснуудынхаа талаар санаа зовох |
Сүм дээр |
Талбайдаа байхад |
Гэр бүлийн залбирал |
Гэртээ байхад |
Та юу хийхээ мэдэхгүй байхад эсвэл айсан үед |
Гонхондоо байхад |
Та ганцаардах үед |
Их Эзэний цугларалтад |
Хувийн залбирал |
Хөөгдөж, гадуурхагдсан үед |
Таны бүх хэцүү нөхцөл байдлуудад |
Түүний бүх зовлон зүдгүүрт |
Та найзуудтайгаа асуудалтай байх үед |
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Дээрх бүх нөхцөл байдлуудад залбирах нь таны амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Та хэрхэн байнга залбирч болох талаар хувийн зорилгоо бич.
Алма 33:4–5, 8–9 дэх Бурханы нигүүлслийн талаарх хэллэгүүдийг тэмдэглэж, илүү ойр ойрхон залбирах нь танд Бурханы нигүүлсэл ба хайрыг мэдрэхэд хэрхэн туслахыг тунгаан бод. Алма 33-ыг үргэлжлүүлэн судлахдаа энэхүү нигүүлсэл нь яагаад боломжтой байдгийг олж мэдэхэд анхаар.
Алма 33:11–23
Алма зорамчуудад Есүс Христэд итгэхийг заасан нь
Зорамчуудын зарим нь Бурханыг хэрхэн шүтэн бишрэхийг мэдэхгүй байсан нэг шалтгаан нь тэд Есүс Христэд итгэх итгэлтэй байх ёстойг мэдэхгүй байсных юм. Тэд авралын төлөвлөгөөн дэх Түүний үүргийг ойлгохгүй эсвэл үүнд итгэхгүй байлаа (Алма 33:14-ийг үзнэ үү). Алма Зиносын заасан зүйлсийг ярилцаж, дараа нь Хуучин Гэрээний өөр нэг бошиглогч Зинокийн үгсийг тэдэнд танилцуулсныг Алма 33:12–16-гаас унш. Есүс Христийн ачаар бидэнд ирдэг Алмагийн тодорхойлсон адислалуудыг эрж ол. “Таны Хүүгийн учир” гэсэн хэллэг бүрийг та тэмдэглэх хэрэгтэй. Бид эдгээр шүлгүүдээс дараах үнэнийг ойлгодог: Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийг, түүний дотор өөрсдийн нүглийн уучлалыг хүлээн авдаг. Наманчлах чадвар болон нүглүүдээсээ уучлагдах гэх зэрэг Аврагчийн Цагаатгалын ачаар Тэнгэрлэг Эцэг танд соёрхсон нигүүлслийг тунгаан бод.
Алма зорамчуудад Зинос, Зинок нарын заасан зүйлсээс гадна тэдэнд Аврагчийн Цагаатгалын талаар Мосегийн зааж байсан үеийн тухай сануулжээ. Мосе болон Израилын хүүхдүүдийг аглаг буйдад байх үед хорт могойнууд хүмүүсийг хаздаг. Их Эзэн Мосед гуулин могой хийж, саваанд бэхлээд могойнд хатгуулсан израилчуудыг могой руу харахыг зарлиг болго гэсэн ажээ. Саваанд бэхэлсэн гуулин могой нь Есүс Христийн загалмай дээрх “хэв шинж” эсвэл бэлгэдэл байсан юм (Алма 33:19-ийг үзнэ үү).
Алма 33:19–20-ийг уншиж, хазуулсан үедээ гуулин могой руу харсан израилчуудад юу тохиолдсон мөн могойг хараагүй хүмүүст юу тохиолдсоныг олж мэд.
Дараах асуултуудын хариултуудыг тунгаан бод: Израилчуудын болон гуулин могойны талаарх цэдэг нь сүнслэг байдлын хувьд эдгээгдэхийн тулд бид юу хийх ёстойг зааж байна вэ? Аврагч танд сүнслэгээр тусалж болохын тулд та Түүн рүү харах ёстой. Та Түүн рүү харахын тулд юу хийж болох вэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та өдөр тутмын амьдралдаа Есүс Христ рүү харж болох ямар тодорхой арга замууд байна вэ?
Алма 33:22–23-ыг уншиж, Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгохын тулд Түүний тухай юунд бид итгэх хэрэгтэйг тэмдэглэ.
Алма 34:1–14
Амюлек зорамчуудад Есүс Христийн Цагаатгалын тухай заасан нь
Алма 34-т цэдэглэснээр зорамчуудад өгсөн Амюлекийн гэрчлэл Есүс Христийн талаарх Алмагийн гэрчлэлийн хоёр дахь гэрч юм. Алма 34:8–9 дэх Амюлекийн гэрчлэлийн нэг хэсгийг уншиж, Есүс Христийн Цагаатгал шаардлагатай талаар Амюлекийн заасан зүйлийг тэмдэглэж болно. Дараах асуултыг тунгаан бод: Есүс Христ ирж, онцгой үүргээ биелүүлээгүй бол миний амьдрал ямар байх байсан бол?
Алма 34:10–14-ийг уншиж, хэмжээлшгүй, мөнхийн гэсэн үгс орсон хэллэгүүдийг ол. Дараах үнэнүүдийг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Есүс Христийн хэмжээлшгүй, мөнхийн Цагаатгал нь бүх хүн төрөлхтөнд авралыг боломжтой болгосон юм.
Цагаатгал нь хэмжээлшгүй хийгээд мөнхийн юм гэдгийг ойлгоход бидэнд туслахын тулд Тэргүүлэх Бишопын зөвлөлийн Бишоп Ричард К.Эжли ийн заажээ: “Христийн Цагаатгалын талаар ярих үед толь бичигт хэмжээлшгүй, мөнхийн гэж тодорхойлсон нь надад таалагддаг. Учир нь энэ нь Бурханы илэрхийлэхийг хүссэн яг тэр хэлбэрээр тайлбарлагдсан гэдэгт би итгэдэг. Хэмжээлшгүй: ‘Ямар ч хил хязгааргүй.’ Мөнхийн гэдэг үгийн тайлбар: ‘Эхлэл ба төгсгөлгүй оршдог’ (The American Heritage Dictionary of the English Language, 4th ed. [2000], “infinite,” “eternal,” 898, 611)” (“For Thy Good,” Ensign, 2002 оны 5-р сар, 66).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Есүс Христийн Цагаатгал ямар байдлаар хэмжээлшгүй, мөнхийн байж болох вэ?
-
Цагаатгал хэмжээлшгүй, мөнхийн гэдгийг мэдэх нь Аврагчид талархах сэтгэлийг тань хэрхэн өсгөх вэ? Энэ нь Түүнд итгэх таны итгэлийг хэрхэн өсгөх вэ?
-
Алма 34:15–41
Амюлек Цагаатгалын адислалуудыг хэрхэн хүлээж авах тухай заасан нь
Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидэнд өгөхийг хүсдэг адислалуудыг хүлээн авахын тулд зорамчууд юу хийх ёстой талаар Амюлекийн тэдэнд заасан зүйлсийг мэдэхийн тулд Алма 34:15–17-г унш. Дараах үнэнийг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Бид Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээн авахын тулд наманчлалд хөтлөх итгэлээ ашиглах ёстой.
Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш:
“Бид наманчлах боломжтой байхын тулд Христэд итгэх хүчтэй итгэлтэй байх хэрэгтэй. … Хэрэв бид Бурхан бүх зүйлийг мэддэг, хайраар дүүрэн, нигүүлсэнгүй гэдэгт итгэвэл авралынхаа төлөө Түүнд огтхон ч эргэлзээгүйгээр найдвараа тавих боломжтой байх болно. Христэд итгэх итгэл нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бидний бодол санаа, итгэл үнэмшил, зан авирыг өөрчлөх болно.
“Жинхэнэ наманчлал нь биднийг зөв зүйл хийхэд буцаан авчирдаг. … Наманчлал гэдэг нь бодол санаа, зүрх сэтгэлийн өөрчлөлт бөгөөд буруу зүйл хийхээ больж, зөв зүйлсийг хийж эхэлдэг. Энэ нь Бурханд, өөртөө болон амьдралд ерөнхийд нь хандах шинэ хандлагыг бидэнд авчирдаг” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 100).
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Бид наманчлах үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн ашигладаг вэ?
Алма 34:17–27-г уншиж, бид хэзээ залбирах ёстой, юу гэж залбирах ёстой талаар Амюлекийн заасан зүйлийг олж мэд. Энэ зөвлөгөө долоо хоногт ганцхан удаа шүтэн биширч болно гэж бодож байсан зорамчуудад хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ? Ялангуяа танд тусалж чадна гэж бодож байгаа нэг шүлгийг сонго. Энэ шүлэг дэх залбирлын талаарх зөвлөгөөг та ирэх долоо хоногийн турш хэрхэн дагаж болохыг бод.
Бид наманчлалаа хойшлуулахынхаа оронд одоо нүглүүдээ наманчилснаар Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн зөвшөөрөх хүсэлтэй байх ёстой гэж Амюлек заажээ. Алма 34:30–35-ыг уншиж, бид яагаад наманчлалаа хойшлуулах ёсгүйг заасан үг хэллэгүүдийн доогуур зур. 31-р шүлгээс одоо наманчлахаар сонгосон хүмүүст ирэх болно гэж Амюлекийн заасан адислалуудыг ол. 32-р шүлгийг дахин анхааралтайгаар уншиж, дараах асуултын талаар бодож үз: Энэ шүлэг миний өдөр тутмын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж чадах вэ?
Алма 34:33-ыг эргэн харж, Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг бодож үз: “Сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхээ хойш тавих нь Эцэг болон Хүүгийн оршихуй дахь амьдрал буюу мөнхийн амьдралыг хулгайлдаг. Сайн мэдээний зарчмуудаар амьдрах болон зарлигуудыг дагахдаа яарах хэрэггүй гэж боддог олон хүн, бүр сүмийн гишүүд ч бидний дунд байдаг.
Алма 35
Наманчилсан зорамчууд зөв шударга хүмүүсийн дунд амьдарч байв
Олон зорамчууд наманчлалаа бүү хойшлуул гэсэн Амюлекийн сэрэмжлүүлэгт анхаарч, наманчилж, амьдралаа өөрчилжээ. Зорамчуудын удирдагчид тэднийг газар нутгаасаа хөөсөн учир тэднийг Жершоны нутагт ирэхэд Антай-Нифай-Лихайчууд буюу Аммоны хүмүүс халуун дотноор хүлээн авдаг (Алма 35:6–7-г үзнэ үү). Ёс бус зорамчууд болон леменчүүд Аммоны хүмүүст наманчилсан зорамчуудыг хүлээн авсанд нь уурлаж, нифайчуудын эсрэг дайтах бэлтгэлээ хийж эхэлжээ (Алма 35:8–11-ийг үзнэ үү).
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 33–35-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: