19-р хэсэг: 2 дахь өдөр
Алма 36
Оршил
Алма зорамчуудын дундах номлолоосоо эргэн ирснийхээ дараа гурван хүүгээ цуглуулаад тус бүрд нь зориулан зөвлөгөө өгчээ (Алма 35:16-г үзнэ үү). Хиламанд өгсөн түүний зөвлөгөө Алма 36–37-д, Шиблонд өгсөн зөвлөгөө нь Алма 38-д, Кориантонд өгсөн зөвлөгөө нь Алма 39–42-т цэдэглэгдсэн байна. Алма Хиламанд хандан Бурханд найдвараа тавьдаг хүмүүсийг Тэрээр чөлөөлөх болно гэдгийг гэрчилжээ. Алма энэхүү найдварыг дүрслэхийн тулд олон жилийн өмнө гэм нүглээсээ хэрхэн чөлөөлөгдсөн тухайгаа ярьжээ. Тэр Есүс Христийн нэрээр залбирсныхаа дараа Бурханаас төрж, баяр баяслаар дүүргэгдсэн ажээ. Тэгээд тэр бусдыг Есүс Христэд авчрахаар хөдөлмөрлөсөн юм.
Алма 36:1–5
Алма бидэнд зовлон бэрхшээл тохиолдох үед Бурханы хүч бидэнд тусалдаг тухай хүү Хиламандаа заажээ.
Гэр бүлийн гишүүн, найз эсвэл сүмийн удирдагчийн гэрчлэл эсвэл сургаж хэлсэн онцгой үгс амьдралыг тань хэрхэн адисалсныг тунгаан бод.
Алма 36:1–5-ыг уншиж, аавынхаа гэрчлэлийг сонсож байгаа Хиламаны оронд өөрийгөө тавьж төсөөлөн бод. Алма Хиламанаас юуг санаж явахыг хүссэн бэ? (2-р шүлгийг үзнэ үү.) Алма өөрөөсөө юу сурахыг Хиламанаас хүссэн бэ? (3-р шүлгийг үзнэ үү.)
Дараах зарчмыг судартаа Алма 36:3-ын хажууд бич: Бид Бурханд найдвараа тавих үед Тэр биднийг бүх зовлон бэрхшээл тохиолдсон үед дэмжиж тусалдаг. Амьдралдаа зовлон бэрхшээлтэй тулгарч байсан үеийнхээ тухай бод. Тэр үед Бурхан танд тусалж, дэмжиж байсан хэд хэдэн арга замыг доорх зайнд бич.
Алма 36:6–22
Алма эсэргүүцлийнхээ талаар ярьж, уучлалыг хэрхэн хүлээн авснаа тайлбарласан нь
Алма Бурхан өөрийг нь гэм нүглийн зовлон шаналлаас хэрхэн чөлөөлснийг хүү Хиламандаа дүрслэн ярьжээ. Алма 36:6–10-ыг уншиж, Алма өсвөр насандаа Мозаягийн хөвгүүдтэй хамт Сүмийг устгахыг эрэлхийлсэн үед түүнд юу тохиолдсоныг эргэн сана.
Мормоны Номд Алма болон Мозаягийн хөвгүүд дээр тэнгэр элч айлчлан ирсэн тухай гурван цэдэг байдаг. Алма 36-р бүлэгт Алма гурван өдөр, гурван шөнийн турш хөдөлж, ярьж чадахгүй байхад юу мэдэрсэн тухай хамгийн дэлгэрэнгүй цэдэглэгдсэн байдаг. (Бусад цэдгүүдийг уншихын тулд, Мозая 27 болон Алма 38-ыг үзнэ үү.) Алма 36:11–16-г уншиж, тэнгэр элч айлчилсны дараа өөрийнхөө мэдэрсэн айдас, зовлон шаналлын талаар Алмагийн дүрсэлсэн үг хэллэгүүдийг тэмдэглэ.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр тамлагдаж мөн тарчлагдаж гэсэн үгсийн утгыг ойлгоход бидэнд тусалсан юм:
“Тамлагдаж гэдэг нь ‘гэсгээгдсэн’ гэсэн утгатай. Эрт үеийн тамлах хэрэгсэл нь хэрэгтний хоёр бугуй болон шагайнаас бэхлэн, сунгаж татсанаар хүнийг тэсэхийн аргагүй өвтгөдөг хэрэгсэл байжээ.
“Борной бол хурц үзүүртэй төмрүүд доош нь харуулан бэхэлсэн төмөр хүрээ юм. Борнойг газар дээгүүр чирэхэд газрын хөрсийг сийрүүлж, сэндийчдэг. Гэм буруугийнхаа улмаас зүрх сэтгэл, оюун санаагаараа ‘тарчлан шаналдаг’ тухай судруудад олонтоо цэдэглэсэн байдаг” (“The Touch of the Master’s Hand,” Ensign, 2001 оны 5-р сар, 23).
-
Алма мэдэрсэн зүйлээ дүрслэхдээ яагаад ийм хүчтэй үгсийг ашигласан гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн эдгээр үгс нь нүгэл үйлдсэн, наманчлаагүй хүний гэм буруугийн мэдрэмж болон зовлон шаналлыг хэрхэн дүрсэлснийг бич.
Та дараах үнэнийг судартаа Алма 36:11–16-гийн хажууд бичих хэрэгтэй: Нүгэл нь зовлон шаналал, харамсалд хүргэдэг.
Алма 36:17–18-ыг уншиж, Алма эцгийнхээ бошиглолын талаар юу санасныг олж мэд. Алма өөрт нь эцгийнхээ заасан зүйлсийг санах үедээ юу хийснийг олж мэдэхэд анхаар.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Алмагийн туршлагын талаар дараах бодол санааг хуваалцжээ: “Алмад эцгийнх нь заасан зүйлүүд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бөгөөд тэрээр ‘дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн’ талаарх бошиглолыг санасан гэдэг нь нэн чухал юм. (Aлмa 36:17.) Энэ нь хүн бүрийн сонсох ёстой нэр ба захиас юм. Алма үүнийг сонсоод өөрийг нь шатаах мэт шаналгаж байсан тамын зовлон болон эдгэрэх аргагүй мэт санагдсан ухамсрынхаа шаналлын улмаас чангаар залбирчээ. ‘Ай Есүс, Бурханы Хүү та, … намайг нигүүлсээч.’ (Алма 36:18.) … Бидний хэлдэг өөр ямар ч залбирал, бидэнд байдаг бусад ямар ч хэрэгцээ, бүгд ямар нэгэн байдлаар: ‘Ай Есүс, Бурханы Хүү та, … намайг нигүүлсээч’ гэсэн энэхүү гуйлт дээр тулгуурладаг. Тэрбээр энэхүү нигүүлслээр хангахын төлөө бэлтгэгдсэн юм. Тэрбээр үүнийг боломжтой болгохын тулд амиараа төлөөсийг нь төлсөн юм” (However Long and Hard the Road [1985], 85).
-
Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг, түүний дотор нүглийн уучлалын адислалыг хүлээн авахын төлөө залбирсан үеэ эргэн сана. Их Эзэнээс Цагаатгалын адислалуудыг амьдралдаа гуйх нь яагаад чухал гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич.
-
Алма 36:19–22-ыг уншиж, Алма нигүүлслийн төлөө залбирсныхаа дараа хэрхэн өөрчлөгдсөнийг дүрсэлсэн үг хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр үг хэллэгүүдийн заримыг судар судлах тэмдэглэлдээ бичиж, тэдгээр нь Аврагчийн Цагаатгалын хүчний талаар юу зааж байгааг тайлбарла.
Эдгээр шүлгүүдээс бид дараах зарчмыг сурдаг: Есүс Христ биднийг Түүний Цагаатгалд итгэх итгэлээ ашиглахад нүглүүдийн маань шаналлаас чөлөөлж, баяр баяслаар дүүргэдэг. Та Есүс Христэд итгэх итгэлээ илүү их ашигласнаар Алмагийн адил нүглийнхээ зовлон шаналал, харууслын мэдрэмжээс чөлөөлөгдөхийн тулд юу хийж болохыг тунгаан бод.
Дараах нөхцөл байдлыг уншиж, та хэрхэн хандах талаараа бодож үз: Мормоны Номыг уншиж байгаа нэг найз тань танаас Алма 36:19 дэх Алмагийн үгсийг ойлгоход өөрт нь туслахыг хүсчээ. Найзын тань асуулт, “Би нүглүүдээ санаж, харамссан хэвээрээ байвал, уучлагдаагүй байна гэсэн үг үү?”
Тэргүүн зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах тайлбарыг уншиж, найзад тань тусалж болно гэж бодсон хэллэгүүдийнхээ доогуур зур:
“Бид нүглүүдээ санадаг учраас Сатан бидний нүгэл уучлагдаагүй гэж бидэнд итгүүлэхийг хичээх болно. Сатан бол худалч; тэрээр биднийг харалган болгож, биднийг наманчлал, өршөөлөөс холдуулахыг хичээдэг. Бурхан биднийг нүглүүдээ санахгүй гэж амлаагүй юм. Нүглүүдээ санаж байх нь урьдын алдаагаа дахин гаргахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Хэдий тийм ч бид үнэнч, итгэлтэй хэвээр байвал бидний нүглүүдийн дурсамж цагийн явцад багасах болно. Энэ нь эдгээлт болон ариуслын үйл явцын нэгэн чухал хэсэг байх болно. Алма нигүүлслийн төлөө Есүст хандан залбирсныхаа дараа нүглээ санаж байсан ч уучлагдсанаа мэдсэн учраас нүглийнх нь санамж түүнийг дахин тарчилгаж, зовоогоогүй юм (Алма 36:17–19-ийг үзнэ үү).
“Өнгөрсөн нүглийн дурсамжуудыг эргэн санагдуулах аливаа зүйлээс зайлсхийх нь бидний үүрэг юм. Бид үргэлжлүүлэн ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй’ (3 Нифай 12:19) байвал Бурхан ‘[бидний нүглүүдийг] цаашид санах нь үгүй’ [С ба Г 58:42] гэдэгт найдаж болно” (“Point of Safe Return,” Ensign ба Лиахона, 2007 оны 5-р сар, 101).
Мөн Алма нүглүүдээ дахин санаагүй гэж хэлээгүй, харин тэрээр нүглүүдийнхээ төлөөх зовлон шаналлыг цаашид санаагүй бөгөөд тэдгээрийг санаж дахин “тарчлаагүйг” анхаарах нь чухал юм (Алма 36:19). Жинхэнэ наманчлал нь нүглийн зовлон шаналал ба гэм буруугийн мэдрэмжийг зайлуулдаг (Инос 1:6–8-ыг үзнэ үү).
-
Ерөнхийлөгч Угдорфын тайлбараас сурсан зүйлсээ ашиглан дээр дурдсан найзынхаа асуултын хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич. Бид наманчлалынхаа дараа “нүглүүдийнхээ санамжид тарчлагдахгүй” (Алма 36:19) байж болох ч нүглүүдээ санаж байх нь яагаад адислал болдог гэж боддогоо хариултдаа оруулж бич.
Алма 36:23–30
Алма бусдыг наманчлалд авчрахын тулд яагаад үргэлжлүүлэн хөдөлмөрлөснөө тайлбарлав
Найзтайгаа амттай хоол хувааж идэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ? Та сэтгэл догдлуулсан мэдээ хүлээн аваад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ? Яагаад ихэнх хүмүүс сонссон зүйлээ тэр даруйд хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг гэж та боддог вэ? Алма 36:23–24-ийг уншиж, эдгээр асуултад дүрслэгдсэн мэдрэмжүүд нь Алмагийн хөрвөлтийн дараах туршлагуудтай ямар холбоотойг олж мэд. Алма бусад хүмүүсийг юу мэдрээсэй гэж хүссэн бэ?
Алма 36:25–26-г уншиж, сайн мэдээг заах Алмагийн хичээл зүтгэл өөрт нь болон бусдад хэрхэн нөлөөлснийг олж мэд. Эдгээр шүлгүүдээс сайн мэдээг хуваалцах талаар сурсан зүйлүүд дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээн бич: Бид сайн мэдээг бусадтай хуваалцсанаар хүлээн авдаг.
-
Гүйцээсэн зарчмаа судар судлах тэмдэглэлдээ бичиж, та яагаад энэ зарчим үнэн гэдэгт итгэдгээ тайлбарла. Тайлбарынхаа нэг хэсэгт та бусадтай сайн мэдээг хуваалцсанаар баяр баяслыг мэдэрсэн туршлагаасаа оруулж болно.
Аврагч болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай таны гэрчлэл хэрэгтэй байж болох өөрийнхөө мэддэг хэн нэгэн—найз, гэр бүлийн гишүүн, эсвэл тойрог, салбарынхаа аль нэг гишүүнийг бод. Та тэрхүү бодсон хүнтэйгээ Есүс Христ биднийг зовлон шаналлаас чөлөөлж, баяр баяслаар дүүргэх боломжтой талаар хэрхэн гэрчлэлээ хуваалцаж болох вэ гэдгийг тунгаан бод. Та тэр хүндээ хандан захиа эсвэл и-мэйл бичиж болно. Эсвэл тэр хүнтэйгээ ярилцахдаа бэлтгэхийн тулд бага зэрэг тэмдэглэл хийж болно.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 36-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: