14-р хэсэг: 4 дэх өдөр
Алма 1–4
Оршил
Алмаг ерөнхий шүүгчээр томилогдсоны дараахан Нихор хэмээх нэгэн хүн нифайчуудын дунд буруу сургаал зааж, санваараар мэргэшихийг зааж эхэлжээ. Тэрээр нэгэн зөв шударга хүнийг алж, үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө цаазлуулдаг. Хэдэн жилийн дараа Амлисай нифайчуудын хаан болохоор оролдсон нь амжилтгүй болжээ. Хүмүүс түүнийг хаан болгохгүй хэмээн санал өгөхөд тэрээр нифайчуудын эсрэг дайтахаар—амлисайчууд хэмээн нэрлэгдэх— дэмжигчдээ цуглуулав. Нифайчууд ялсан ч, хэдэн арван мянган хүн алагджээ. Нифайчууд дайнаар даруусгагдаж, олон нь үүргээ санаж, мянга мянгаараа сүмд нэгддэг. Гэвч ганцхан жилийн дотор сүмийн олон гишүүд бардам болж, бусдыг хавчиж эхлэв. Алма ерөнхий шүүгчийн үүргээсээ татгалзаж, Есүс Христийн сайн мэдээг гэрчлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээр шийддэг.
Aлмa 1
Санваараар мэргэших явдал, мөрдлөг хавчлага газар авсан ч сүмийн гишүүд хөгжин дэгжив
Хүмүүс заримдаа нэр хүндтэй болохыг эрэлхийлдэг. Ийм хүслээс үүдэлтэй болзошгүй аюулын тухай тунгаан бод. Хэрэв та Бурхан таныг юу гэж бодох бол гэдгээс илүүтэйгээр найзууд тань юу гэж бодох бол гэдэгт анхаарлаа төвлөрүүлбэл юу болох вэ?
Алма 1-т цэдэглэснээр Нихор гэгч хүн хэсэг хүмүүсийн дунд маш их нэр хүндийг олжээ. Алма 1:2–6-г уншиж, Нихорын юу заасан болон хүмүүс үүнд нь хэрхэн хандаж байсныг олж мэд.
Алма 1:12-ын эхлэл хэсгийг судалж, Нихорын заасан зүйлсийг нифайчуудад тайлбарлахдаа Алма ямар үгс ашигласныг хайж ол. Дараа нь зүүвэр тайлбар 12a.-г үзээрэй. Зүүвэр тайлбарын хамгийн эхний холбогдох эшлэл 2 Нифай 26:29-ийг уншиж, санваараар мэргэшигчид юу хийдэг мөн юу хийдэггүйг олж мэд.
Санваараар мэргэших гэдэг нь хүмүүс “хуурамч сургаалыг … баялаг болоод алдрын төлөө” номлож, “өөрсдийгөө хорвоогийн гэрэл болгох” явдал юм (Алма 1:16; 2 Нифай 26:29). Тэд өөрсдийн номлолоор дамжуулан Бурханы хаант улсыг байгуулахыг хүсдэггүй. Харин тэд эд баялаг, нийгмийн давуу байдал, эсвэл бусдыг захирах эрх мэдэлтэй болж, бусад хүмүүсийн зүгээс магтаал сайшаал олохыг хүсдэг. Тэд Бурхан болон түүний сайн мэдээнд бус, харин өөртөө бусдын анхаарлыг татахыг хүсдэг. Алма Нихорт хандан “санваараар мэргэших нь энэ хүмүүсийн дунд албаар тулгагдваас энэ нь тэдний бүрэн устгалын шалтгаан болохсон” (Алма 1:12) гэж тодорхой хэлсэнчлэн санваараар мэргэших нь Бурханы мэлмийд ноцтой нүгэл юм.
Нихор “сүмийн хүмүүсийг зайцуулан удирдахыг” хичээсэн үед, Гидеон гэгч нэгэн зөв шударга хүн “Бурханы үгсээр түүнийг зэмлэн эсэргүүцэв” (Алма 1:7). Хариуд нь Нихор сэлмээ сугалан Гидеоныг хөнөөв. Нихор гэмт хэргийнхээ төлөө шүүгдэхээр зогсож, цаазлуулжээ. Нифайчуудын дундах санваараар мэргэших явдал нь Нихорын үхлээр төгсгөл болсон эсэхийг олж мэдэхийн тулд Алма 1:16-г унш.
Алма 1:26–27-г уншиж, Бурханы нифай пристүүд Нихор болон санваараар мэргэшигч бусад хүмүүсээс өөр байдлаар үйлдсэн арга замуудыг тодорхойл.
-
Нифай пристүүд хэрхэн үйлдэж байсныг судар судлах тэмдэглэлдээ бич. Нифай пристүүдийн үйлдлүүд санваараар мэргэшигчдийн үйлдлүүдээс юугаараа ялгаатай байсан бэ?
Тус нутаг даяар санваараар мэргэших явдал тархахад олон хүмүүс Сүмийн итгэлтэй гишүүдийг хавчин гадуурхаж эхэлсэн ажээ. Алма 1-ийн үлдсэн шүлгүүдийг судлахад бэлтгэхийн тулд Бурханы зарлигуудыг дагадаг хүмүүсийг бусад хүмүүс шоолж, эсвэл хавчин гадуурхаж байгааг харсан тухайгаа бод.
Алма 1:19–20-ийг уншиж, сүмийн гишүүдийг зарим хүмүүс яагаад хавчин гадуурхаж байсныг олж мэд. Алма 1:21–31-д сүмийн гишүүд хавчлагад хэрхэн хандсаныг цэдэглэсэн байдаг. Доорх судрын хэсгүүдийг уншиж, хүснэгтийг бөглө:
Зарим гишүүд хавчлагад хэрхэн хандсан бэ? |
Сүмийн бусад гишүүд хэрхэн хавчлагыг эс хайхран амьдарсан бэ? |
Тэдний үйлдлүүдийн үр дагавар юу байсан бэ? |
Тэд ямар адислалууд хүлээн авсан бэ? |
Энэ хүснэгтийг судалснаар сурсан зарчмаа бич:
Таны олсон байж болох зарчмуудын нэг нь: Хэрэв бид сайн мэдээний дагуу амьдарвал, хавчин гадуурхагдсан ч бидний амьдрал амар амгалан байх болно гэдэг зарчим юм.
-
Хавчлага эсвэл зарлигуудад дуулгаваргүй байлгах дарамт шахалттай тулгарах үед сайн мэдээн дээрх зарчмууд танд хэрхэн тусалж болохыг судар судлах тэмдэглэлдээ тайлбарла. Тэгээд дараах асуултуудын нэгэнд хариул:
-
Та хэзээ хавчлага, дарамт шахалтыг эс хайхран зарлигуудыг дагаж байсан бэ, тэгснээр та ямар адислалууд хүлээн авсан бэ?
-
Та дайснууддаа хэрхэн хандах вэ?
-
Алма 2
Амлисайчууд болон леменчүүд нифайчуудын эсрэг дайтахаар нэгдсэн нь
Алма 2-т нифайчуудад тулгарсан сорилтуудын талаар өгүүлдэг. Амлисай хэмээх хүн болон түүний дагалдагчид нифайчуудыг хэрхэн эсэргүүцсэнийг олж мэдэхийн тулд уг бүлгийн тоймыг унш. Амлисай нифайчуудыг захирах хаан болохыг хүссэн ч, нифайчууд саналаа өгөхөөр нэгдэн цугларч, түүнийг эсэргүүцэн, шүүгчдийн засаглалаа хэвээр үлдээхээр сонгожээ. Амлисайн дагалдагчид нэгдэн цугларцгааж, түүнийг хаанаа болгов. Амлисай дагалдагчдадаа нифайчуудтай дайтахаар явахыг тушаасан бөгөөд удалгүй леменчүүд, нифайчуудтай тулалдахаар амлисайчуудтай нэгдсэн ажээ.
Нифайчууд Их Эзэнд итгэлтэй байсан учраас Их Эзэн тэдэнд амлисайчууд болон леменчүүдийн эсрэг дайтахад нь тусалсан юм. Алма 2:18, 28–31, 36-г уншиж, хүчирхэгжүүлсэн, хүчирхэгжсэн гэсэн үг бүрийг тэмдэглэ. Их Эзэн нифайчуудыг хэрхэн хүчирхэгжүүлснийг олж мэд.
-
Таныг зөв зүйл хийхийг хичээх үед, Их Эзэн таныг хүчирхэгжүүлснийг мэдэрсэн үеийнхээ тухай судар судлах тэмдэглэлдээ бич.
Алма 3
Амлисайчууд өөрсдийгөө Бурханаас тусгаарласан нь
Зарим хүмүүс хувцаслалт, үс засалт, ээмэг, бусад зүүлт чимэглэл, шивээс, биеэ цоолсон байдлаараа өөрийгөө илэрхийлдэг. Тэдгээр зүйлсийн тухай эргэцүүлэн бод.
Алма 3:4-ийг уншиж, амлисайчууд гадаад төрхөө хэрхэн өөрчилснийг тодорхойл.
Амлисайчууд хэнээс “онцлогдсон” бэ?
Тэд хэнтэй илүү адилхан харагдахыг хүссэн бэ?
Амлисайчуудын харагдах байдлын өөрчлөлт нь тэдний эсэргүүцлийн илрэл байв. Алма 3-т цэдэглэснээр леменчүүд хэдэн зуун жилийн өмнө Бурханыг эсэргүүцсэний улмаас тэдний дээр ирсэн зүхэл болох тэрхүү тэмдгийн талаар Мормон бидэнд сануулсан юм (Алма 3:6–10-ыг үзнэ үү; мөн 2 Нифай 5:20–24-ийг үзнэ үү). Амлисайчууд сайн дураараа духан дээрээ тэрхүү тэмдгийг тавьсан ч уг тэмдэг нь леменчүүд дээр Их Эзэний тавьсан тэмдэгтэй төстэй зорилгыг агуулсан ажээ.
Алма 3:18 дахь Бурханд хандах амлисайчуудын хандлагыг дүрсэлсэн хэллэгийг тэмдэглэ. Мөн Алма 3:19-д амлисайчууд эсэргүүцлийнхээ улмаас өөрсдийнхөө дээр юу авчирсныг тэмдэглэ.
Та Их Эзэнээр зүхэгдсэн хүмүүсийн талаар Алма 3:18–19-өөс юу сурч мэдсэн бэ? (Бурханы эсрэг илэрхий тэмцдэг хүмүүс өөрсдийн дээр зүхлийг авчирдаг.) Зүхэл нь “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдах” (2 Нифай 5:20) явдал гэдгийг ойлгох нь чухал юм. Амлисайчууд өөрсдийн үйлдлүүдээр өөрсдийгөө Бурханаас тусгаарлажээ.
Бурханаас өөрсдийгөө тусгаарлах нь бидний өөрсдийн сонголт байдгийг бид амлисайчуудын жишээнээс сурлаа. “Бурханы эсрэг илэрхий эсэргүүцэлд гарч ирсэн” хүмүүс (Алма 3:18) өөрсдийгөө Бурханаас тусгаарласан юм. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн дээр зүхлийг авчирсан юм.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Амлисайчуудын хийсний эсрэгээр таны хийдэг зүйлс таныг Бурханаас тусгаарлахгүй байхад анхаарахын тулд та одоо амьдралдаа юу хийж болох вэ?
Алма 3:20–25-д нифайчууд өөр нэгэн дайнд леменчүүдийг хэрхэн ялсан тухай, мөн хоёр талаас олон хүн дайнд алагдсан тухай өгүүлдэг. Алма 3:26–27-г уншиж, амлисайчуудын шастир болон нифайчууд ба леменчүүдийн хоорондох дайн тулаануудаас Мормон бидэнд заахыг хүссэн гол сургамжийг олж мэд.
Алма 3:26–27-оос уншсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээн бич: Бид …–аасаа хамаарч аз жаргалыг эсвэл зовлонг хүлээн авдаг.
Та амьдралдаа хэнийг дагахаар сонгохоо хэсэг хугацаанд тунгаан бод. Дараах асуултуудыг тунгаан бод: Сатан өөрийг нь дагадаг хүмүүст ямар хөлс, шан харамж санал болгодог вэ? (Тэдгээр шагнал, шан харамж нь эхлээд хорхой хүрмээр сайхан санагддаг ч эцэстээ аз жаргалгүй байдал, донтолтод хүргэдэг.) Үүний эсрэгээр, та Их Эзэнийг дагахаар сонгосноороо ямар шагнал хүлээн авсан бэ?
-
Их Эзэнийг дагаснаар аз жаргалтай байсан үеийнхээ талаар судар судлах тэмдэглэлдээ бич.
Алма 4
Хэсэг хугацаанд сүм хөгжин дэгжсэний дараа, сүмийн гишүүд бардамналд хөөрч, Алма тэднийг наманчлалд дуудахын тулд ерөнхий шүүгчийн суудлаа шилжүүлдэг.
Нифайчууд, леменчүүд болон амлисайчуудтай хийсэн дайны дараа “үүргийнхээ санамжид сэрээгдэж,” тэд “сүмийг илүү бүрнээр нь байгуулж эхлэв” (Алма 4:3–4). Үүний үр дүнд 3500 орчим хүн сүмд нэгдэв (Алма 4:5-ыг үзнэ үү). Харамсалтай нь, ганцхан жилийн богино хугацаанд сүмийн олон хүмүүс бардамнаж эхлэв. Алма 4:8–12-ыг уншиж, сүмийн гишүүдийн дундах бардамналын улмаас гарсан ёс бус үйлдлүүдийг тодорхойл. Энэхүү судрын хэсгээс бидний сурч болох зарчим бол: Хэрэв бид буруу үлгэр жишээ үзүүлбэл, бидний үйлдлүүд сайн мэдээг хүлээн авахад нь бусдад саад болж мэднэ гэсэн зарчим юм. (Алма 4:10-ыг үзнэ үү.)
-
Нифайчуудын Алма 4:8–12-т үзүүлсэн ёс бус үйлдэл эсвэл тэдний ёс бус зан авирын тухай жишээнүүдийн нэгийг судар судлах тэмдэглэлдээ бич. Өнөөдөр сүмийн гишүүн ийм үйлдэл эсвэл ийм зан авираас зайлсхийх нь яагаад чухал болохыг тайлбарла.
Сүм дэх ёс бус байдлын улмаас, Алма сүмийн дээд пристийн дуудлагадаа бүх цаг заваа зориулж, “шударга гэрчлэлийг үзүүлснээр” бардамнал болон нүглүүдээ даван туулахад нь гишүүдэд туслахын тулд ерөнхий шүүгчийн суудалд өөрийнхөө оронд өөр хүнийг томилов (Алма 4:19). Алма 4:19-ийг уншиж, Алма хүмүүстээ туслахын тулд юу хийхийг хүссэн тухай хэсгийн доогуур зур.
Алма 4:19-д дараах зарчмуудыг тайлбарладаг: Сүнслэг үүргүүдээ биелүүлэх нь биднээс золиослолыг шаардаж болно. Их Эзэний үйлчлэгчид гэрчлэлээ хуваалцаж, нүгэлтнүүдийг наманчлалд дууддаг. Шударга гэрчлэлийг хуваалцах нь бусдыг Бурханд илүү ойртоход тусалдаг.
Та хэн нэгнийг номлолд үйлчлэхийн тулд улсын ерөнхийлөгч мэт нэр хүндтэй, улс төрийн албан тушаалаа орхиж байгаагаар төсөөлж чадах уу? Алма тэгсэн юм!
-
(Алма 4:19)-д Алмагийн хэрхэн заах талаар дурдсан “шударга гэрчлэлийг үзүүлэх” гэсэн хэллэгийн талаар юу бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн хэн нэгнийг сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцахыг сонсох нь танд өөрийгөө өөрчлөх эсвэл хурцлахад хэрхэн нөлөөлсөн тухайгаа бич.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 1–4-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: