Бусад эх сурвалж
Патриархын адислал


“Патриархын адислал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 149–151

“Патриархын адислал,” Итгэлдээ үнэнч байх нь, 149–151

Патриархын адислал

Томилогдсон патриарх патриархын адислалыг Сүмийн зохистой гишүүдэд өгдөг. Таны патриархын адислал Израилын угсаан дахь таны удмын овгийг тунхаглаж өгдөг бөгөөд Их Эзэнээс танд өгөх хувийн зөвлөгөөг агуулдаг.

Патриархын адислалаа судлахдаа түүнд агуулагдаж байгаа зөвлөгөөг дагавал энэ нь таныг удирдаж, тайтгаруулж, хамгаалах болно. Патриархын адислалаа хэрхэн хүлээн авахаа мэдэхийн тулд бишоптойгоо юм уу салбарын ерөнхийлөгчтэйгөө ярь.

Удмын овгийг тунхаглах

Патриархын адислалд тань Абрахамын үр удам, Иаковын тодорхой овогт хамааралтай болох таны Израилын угсааны овгийн тунхаг багтдаг. Олон хожмын үеийн гэгээнтэн Их Эзэний хожмын үеийн ажлыг удирдах үндсэн үүрэг хариуцлага хүлээсэн Ефраимын овгоос гаралтай байдаг.

Бидний хүн нэг бүрд олон тооны цус холилдсон байдаг учраас нэг гэр бүлийн хоёр гишүүн Израилын өөр өөр овгоос ирсэн байж болно.

Израилын угсаан дахь таны удам цусан төрлийнх байх эсвэл үрчлэлтээр байх нь хамаагүй юм. Сүмийн гишүүний хувьд та Абрахамын ур удам хэмээн тооцогдох бөгөөд Абрахамын гэрээнд багтсан бүх адислал хийгээд амлалтуудын өв залгамжлагч юм (“Aбрахамын гэрээ,” 4–5-р хуудсыг үзнэ үү).

Патриархын адислалаасаа суралцах

Та патриархын адислал хүлээн авсан бол үүнийгээ даруухнаар, залбиралтайгаар, тогтмол уншиж бай. Энэ нь таны хүч чадал, сул тал, мөнхийн боломжуудыг мэддэг Тэнгэрлэг Эцэгээс ирсэн хувийн илчлэлт юм. Патриархын адислалаараа дамжуулан Тэр танаас юу хүсэж байгааг мэдэхэд тань туслах болно. Таны адислал амлалт, зэмлэл, сануулга агуулж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам та хүлээн авсан илчлэлтийнхээ хүчийг ойлгон ухаарах болно.

Адислал доторх зөвлөгөөг дагавал харьцангуй бага бүдэрч төөрөлдөнө. Хэрэв та уг зөвлөгөөг дагахгүй бол амлагдсан адислалуудыг хүлээн авах боломжгүй байх болно.

Патриархын адислал бурханлагаар нөлөөлөгдсөн зөвлөгөө, амлалтуудыг агуулах боловч таны бүх асуултын хариултыг эсвэл амьдралд тань тохиох бүх зүйлийг дэлгэрэнгүй болгох хүлээлттэй байж болохгүй. Хэрэв адислалд тань бүрэн цагийн номлол эсвэл гэрлэлт зэрэг чухал үйл явдлыг дурдаагүй бол, та тэрхүү боломжийг хүлээн авахгүй хэмээн таамаглах ёсгүй.

Үүнтэй адилаар, патриархын адислал дээр дурдагдсан бүх зүйл энэ амьдралд биелэгдэх ёстой гэж таамаглах ёсгүй. Патриархын адислал мөнхийн бөгөөд үүний амлалтууд мөнхөд үргэлжилж болно. Хэрэв та зохистой бол бүх амлалт Их Эзэний цаг хугацааны дагуу биелнэ гэдэгт итгэлтэй бай. Энэ амьдралд биелээгүй нь ирэх амьдралд биелэгдэх болно.

Таны патриархын адислал ариун нандин бөгөөд хувийн чанартай юм. Та үүнийг гэр бүлийнхээ гишүүдтэй хуваалцаж болох хэдий ч олон нийтийн газар чанга унших эсвэл бусдаар уншуулах болон тайлбарлуулахыг зөвшөөрөх ёсгүй. Тэр ч байтугай патриарх, бишоп, салбарын ерөнхийлөгч тань үүнийг тайлбарлаж өгөх ёсгүй.

Патриархын адислалын үнэ цэнтэй үгсийг зүрх сэтгэлдээ нөөцөл. Тэдгээрийг тунгаан бод, мөн энэ амьдрал болон ирэх амьдралд амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд зохистой амьдар.

Хэвлэх