1-р бүлэг: 4 дэх өдөр
Судруудыг судлах нь
Оршил
Энэ хичээл нь судрыг хэрхэн илүү сайн ойлгох, улмаар доторх сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж тогтоон, тэдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлж сурахад тань туслах болно. Ингэснээр судрууд таны амьдралд илчлэлт мөн удирдамжийн агуу эх сурвалж болох болно.
Судруудыг семинарын хичээлээр судлах нь
Та хэн нэгэн хүнд гээсэн юмаа хайж олоход нь тусалж байсан уу? Хайж эхлэхийнхээ өмнө та хайж буй зүйл нь юу болох талаар мэдэж байсан уу? Хэрэв таныг юу хайж байгаагаа үнэхээр мэдэхгүй байх үед таны эрэл хэр амжилттай байсан бэ эсвэл эрэл хайгуул тань хэр амжилттай байж болох байсан гэж та бодож байна вэ?
Үүний адилаар, та судраас уншихдаа юу хайж байгаагаа мэдэж байх юм бол судрыг судлах явц тань илүү учир утгатай болох болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ судраас судлах үедээ юу олж мэдэхийг хүсэж найдаж буйгаа бич.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни дараах зүйлийг тайлбарласан. Тэрээр: “Хүн сайн мэдээний зарчмуудыг судлахгүйгээр судруудыг сайн судална гэж үгүй юм. Учир нь зарчмуудыг бидний тусын тулд судруудад бичсэн байдаг” гэжээ (“The Message of the Old Testament” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1979 оны 8-р сарын 17], 3, si.lds.org).
Ерөнхийлөгч Ромнигийн хэлснээр, судрууд ямар зорилгоор бичигддэг вэ?
Судрыг судлахдаа бид зөвхөн судар дахь үйл явдал, хүмүүсийн тухай биш, харин түүнээс илүү зүйлийг эрж хайх ёстой. Эртний бошиглогчдын үйл явдал, номлол мөн илчлэлтүүдээр дамжуулан сударт бичин хадгалсан сайн мэдээний үнэнүүдийг бид судраас олж авахыг хичээх хэрэгтэй. Эдгээр үнэнийг сургаалууд ба зарчмууд гэж нэрлэдэг.
Тэнгэрлэг Эцэг яс хийгээд махан бие махбодтой гэх мэт сургаал нь Есүс Христийн сайн мэдээний хувиршгүй суурь үнэн байдаг. Зарчмууд нь хөдөлшгүй үнэнүүд буюу шийдвэр гаргахдаа бидний хэрэглэж болох дүрмүүд бөгөөд энэ сургаалуудыг бид амьдралдаа ашигладаг билээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт хэрхэн сайн мэдээний зарчмууд бидэнд ашиг тустай байж болох талаар тайлбарласан. Тэрээр: “Зарчмууд бол олон төрлийн өргөн хүрээнд хэрэглэгдэхэд зориулан бэлдсэн, шигшигдсэн үнэн юм. Үнэн зарчим нь хамгийн эргэлзээтэй, хүнд нөхцөл байдалд ч гэсэн шийдвэрүүдийг тодорхой болгодог” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 86).
Ахлагч Скоттын хэлснээр, зарчмууд бидэнд зориулан юу хийдэг вэ?
Сударт заасан зарчмын талаарх нэг жишээг Иосеф Смитийн анхны үзэгдлээс олж болно. Иосефт тохиолдсон энэ үйл явдлаас бид Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож мөн хариулдаг гэдгийг мэдэж авч болно.
-
Судар судлах үедээ сурч мэдсэн сургаал, зарчмаа судрын тэмдэглэлдээ бичнэ үү.
Судар дахь нөхцөл байдал ба агуулгыг ойлгох нь
Гадуурх хальсыг нь хуулж авдаг гадил эсвэл жүрж гэх мэт нэг жимсийг дотроо төсөөлөн бод.
Уг жимсний аль хэсэг нь илүү хэрэгтэй вэ? Та жимсийг идэхийнхээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?
Хэрвээ уг жимсний хамгийн чухал эсвэл хэрэгтэй хэсэг дотор нь байдаг бол гаднах хальс нь ямар зориулалттай вэ?
Хүч чадал болон тэжээл авахын тулд бидний хэрэглэдэг энэ хальстай жимсийг судрууд дахь сургаал ба зарчмуудтай адилтгаж болно. Уг жимсийг бүрхэж байгаа хальсыг судар дахь үйл явдал болон хүмүүстэй адилтгаж болох юм. Хальс нь доторх жимсийг хадгалж, тээвэрлэхэд тусалдгийн адил эдгээр судрын түүх нь сайн мэдээний сургаал ба зарчмуудыг ойлгон, санаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслах арга замаар хадгалан, хүргэж өгдөг.
Хэрвээ танд гадил юм уу өөр ямар нэг хальстай жимс байгаа бол хальслаад дотор нь байх жимсийг гарга (эсвэл жимсийг гаргах өөр энгийн арга замыг бодож олж болно). Доторх жимсийг нь гаргах гэж хальсалж байгаа нь судрыг нээж олохын тулд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй гэж байгаатай адилхан юм. Бид судрыг хальсалж, доторх жимсийг гаргахын тулд тухайн илчлэлтийн түүхэн нөхцөл байдлаас гадна үйл явдал, хүмүүс, үгсийн утга агуулгыг ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнийг хийх юм бол судрын түүхэнд агуулагдсан сургаал, зарчмуудыг олж харан, ойлгоход илүү хялбар болдог.
Дараах зарим энгийн арга хэрэгсэл, ур чадвар нь судлах явцдаа судруудыг илүү сайн ойлгоход туслах болно. Уг хичээлийн төгсгөлд та судрыг судлах нэмэлт арга хэрэгсэл, ур чадварыг олж болно.
Түүхэн нөхцөл байдал: Сургаал ба Гэрээний хэсэг бүрд уг хэсэг дэх илчлэлтийг өгөхийн өмнө өрнөсөн асуудал, асуулт эсвэл түүхэн үйл явдлуудыг танилцуулсан хэсэг орсон байдаг. Эдгээр дэлгэрэнгүй мэдээллийг мэдэх нь танд илчлэлтийг ойлгоход тусална.
-
Түүхэн нөхцөл байдлыг мэдэх нь хэрхэн танд илчлэлтийг илүү гүн гүнзгий ойлгоход туслахыг харахын тулд Сургаал ба Гэрээ 121-ийн Оршил хэсэг мөн 1–8-р шүлгүүдийг унш. Бошиглогч Иосеф Смит Либертийн шоронд хэдэн сараар хоригдож байсанг мэдэх нь энэ хэсэгт орсон түүний залбирал болон Их Эзэний өгсөн хариултыг хэрхэн илүү утга учиртай болгож байгаа талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Үгийн тайлбар: Сударт хэрэглэгдсэн зарим үг танил бус байж болно. Библийн толь бичиг, Судруудын удирдамж, судрын зүүлт тайлбарууд мөн энгийн толь бичиг нь танд эдгээр үг ямар утгатай болохыг олж мэдэхэд тусална.
Жишээ нь, Сургаал ба Гэрээ 121:1, 4-ийг унш. Асар хэмээх үг нь майхан буюу хамгаалах байгууламжийг илэрхийлнэ. Үүнийг мэдэх нь эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалдаг вэ?
Солбицсон эшлэлүүд: Судрын нэг хэсэг нь ихэвчлэн өөр нэг судрын хэсэг дэх үг хэллэг эсвэл утга агуулгыг тайлбарлах буюу тодотгоход тусалдаг. Жишээ нь, Сургаал ба Гэрээ 10:55-ыг унш. Энэ шүлэгт селестиел хаант улсыг өвлөхөд шаардлагатай цорын ганц зүйл бол Сүмийн гишүүн байх ёстой гэдгийг тодотгож байгаа бололтой. Харин одоо Сургаал ба Гэрээ 10:67-г уншаад, Сүмийн гишүүн байх талаар энд юу гэж зааж байгааг олж хар.
-
Сургаал ба Гэрээ 20:37 нь хэрхэн танд Сургаал ба Гэрээ 10:55 болон 10:67-р шүлгүүдийн утгыг ойлгоход тусалж байгаа талаар судрын тэмдэглэл дээрээ тайлбарла. Та Сургаал ба Гэрээ 10:55-ыг хуудасны захын зайд С ба Г 10:67; 20:37-г солбицсон эшлэл болгон тэмдэглэж болно.
Сургаал ба зарчмуудыг олж тогтоох нь
Та судрын гарч буй нөхцөл байдал, үгс, хүмүүс болон үйл явдлын талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлснээр үүнд агуулагдаж буй сайн мэдээний үнэнүүдийг олж танихад илүү сайн бэлтгэгдсэн байна.
Сайн мэдээний зарим сургаал, зарчим тодорхой бичигдсэн учраас тэдгээрийг олж тогтооход хялбар байдаг. Сургаал ба Гэрээ 130:22-ыг уншаад, энэ шүлэгт тодорхой тусгасан сургаал, зарчмуудыг олж тэмдэглэ. Энэ шүлэгт гарч буй сургаалуудын дотор Эцэг, Хүү хоёр хүмүүнтэй адил мах хийгээд ясан биетэй, харин Ариун Сүнс бол Сүнсэн хүн гэсэн үнэнүүд орсон байна.
Олон зарчмыг судрын бичвэрт шууд бичээгүй боловч хэд хэдэн шүлгээр дамжуулан тайлбарлаж эсвэл дүрсэлсэн байдаг. Бид энэ сургаал ба зарчмуудыг олж тогтоохын тулд судрын эшлэлд сануулсан үнэнүүдийг олж таниад, тэдгээр үнэнийг энгийн, тодорхой байдлаар уламжлах хэрэгтэй. Үүнийг хийхэд ихэвчлэн цаг хугацаа гаргаж, анхаарал хандуулан тунгаан бодох шаардлагатай.
Ахлагч Ричард Г.Скотт дараах зөвлөгөөг өгсөн. Тэрээр: “Сүнслэг мэдлэгийг эрэлхийлэхдээ зарчмуудыг нь эрж хай. Зарчмуудын тухай тайлбарыг зарчмуудаас нь анхааралтай ялгаж салга. … Бид цуглуулсан үнэнээ зарчмын энгийн мэдэгдэл болгож зохион байгуулах нь маш их хичээл зүтгэл шаарддаг” хэмээсэн (“Acquiring Spiritual Knowledge,” 86).
Шууд хэлээгүй сургаал, зарчмуудыг хэрхэн таних талаар суралцах үедээ дараах асуултуудыг тавьж болох юм. Тухайлбал: Яагаад сударт энэ мэдээллийг оруулсан бэ? Бичээч уншигчдад юуг ойлгуулж мэдүүлэхийг хүссэн бэ? Би энэ туршлагаас амьдралд маань туслах юуг сурч болох вэ? Бусадтай сайн мэдээний үнэнүүдийг хуваалцахад туслах юуг би үүнээс сурч чадах вэ?
-
Сургаал, зарчмуудыг олж тодорхойлох дадлага хийхийн тулд Сургаал ба Гэрээ 121:1–8-ыг уншаад, доорх асуултуудаас заримыг нь өөртөө тавь. Бошиглогч Иосеф Смитийн залбирал болон түүнд өгсөн Их Эзэний хариултаас олж мэдсэн нэг эсвэл хоёр үнэнийг судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба зарчмуудыг хэрэгжүүлэх нь
Энэ хичээлийн эхэнд ярилцсан жимсний талаар дахин бодно уу. Хэрвээ хальсыг нь хуулсны дараа жимсийг нь идэхгүй бол уг жимс ямар үнэ цэнтэй байх вэ?
Хэрэв хальсан доторх жимсийг судруудаас олж тогтоох сургаал болон зарчмуудтай харьцуулах юм бол эдгээр үнэнийг олж авсныхаа дараа бид юу хийх ёстой вэ?
Жимсийг хальслахын тулд зарцуулдаг хүч хөдөлмөрийн маань үнэ цэн доторх жимснээс ирэх хүч чадал, шим тэжээлээс хүртэхэд гарч ирдэг. Үүнтэй адил, судар судлахын үнэ цэн олж тогтоосон сургаал, зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлэхэд гарч ирдэг. Сургаал ба Гэрээнд асуулт, асуудалтай хувь хүнд өгсөн олон илчлэлт байдаг ч бид бас тэдгээр зөвлөгөө, удирдамжийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж болно. Хэдийгээр ихэнх хэсэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд зориулагдсан ч захиас, сэрэмжлүүлэг, урилгууд нь хүн нэг бүрийн тусын тулд өгөгдсөн байдаг.
-
Судраас сурч мэдсэн сайн мэдээний үнэн болон уг үнэн таны амьдралыг хэрхэн адисалсан тухай нэг жишээг бодно уу. Бодол санаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Судруудыг судлан, тэдгээрээс олсон үнэнээ амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүст Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид П.Пакэр дараах амлалтыг өгсөн. Тэрээр: “Хэрэв та илчлэлт гэж юу болохыг мэддэг бол хувийн, нийгмийн, улс төрийн эсвэл мэргэжлийн чанартай ямар ч асуултад хариулахгүй байх нь үгүй гэдгийг мэднэ. Тэдгээрт мөнхийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдал агуулагддаг. Мөн тэдгээрээс бид хүмүүний гэр бүлийн болон уг гэр бүл дэх хувь хүн бүрийн аливаа төөрөгдөл, асуудал, түвэгтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх үнэний зарчмуудыг олдог” (“Teach the Scriptures” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1977 оны 10-р сарын 14] 3–4, si.lds.org).
Түүний амлалтуудаас өөрт тань чухал гэсэн хэсгийг тэмдэглэж болно.
Өнөөдрийн судар судалснаар олж мэдсэн үнэнүүдээс амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах нэг зорилгыг тавих талаар бодож үз.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би “Судруудыг судлах нь” хичээлийг (огноо)-нд судалж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:
Судар судлах нэмэлт ур чадвар ба арга зам
Нэрээ орлуулах: Судруудын зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд та сударт буй нэрийн оронд өөрийнхөө нэрийг орлуулан тавь. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 6:20 дээр туршиж үз.
Шалтгаан ба үр дүн: Судрууд дахь сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж тогтоож сурахын тулд хэрвээ–тэгвэл болон иймээс–ийм учраас гэсэн үгсийн хоорондын холбоог хай. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 5:24 дээр туршиж үз.
Түлхүүр үгс: Болгоогтун, иймийн учир, ингэснээр, гэсэн хэдий ч, мөн бид ийн харлаа зэрэг үг хэллэг нь түр зогсон, тодорхой захиасуудыг хайх урилгууд юм. Сургаал ба Гэрээ 58:26-г уншаад, түлхүүр үгс нь хэрхэн танд сургаал, зарчмуудыг олж тогтооход тусалж болохыг олж мэд.
Судрын жагсаалтууд: Судруудад ихэвчлэн зан чанар, заавар удирдамж, сэрэмжлүүлэг гэх мэт жагсаалтууд орсон байдаг. Жагсаалтыг олсныхоо дараа тэнд дурдсан зүйл нэг бүрийг дугаарлах талаар бодож үз. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 4:5–6 дээр туршиж үз.
Харьцуулалт: Судруудад ихэнхдээ үзэл бодол, үйл явдал болон хүмүүсийг харьцуулсан байдаг. Эдгээр харьцуулалт сайн мэдээний зарчмуудыг онцолдог. Шүлэг, бүлэг, ном бүрээс харьцуулалтыг олж хар. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 50:23–25 дээр туршиж үз.
Төсөөлөл: Та уншсан зүйлээ дотроо төсөөлөн бодоход туслах дүрслэн бичсэн хэсгүүдийг хайж ол. Тухайн үйл явдлуудад оролцож байгаагаар төсөөлөн бод. Энэ нь таны судраас уншсан зүйл үнэн бодит гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань тусална. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 50:23–25 дээр туршиж үз.
Бэлэгдэл: Адил, мэт, шиг эсвэл адилтгах зэрэг үгс нь танд бэлгэдлүүдийг олоход тусална. Мөн чанарыг нь судалж, онцлог шинж чанарыг нь тунгаан бодох замаар бэлгэдлийн цаад утгыг олж мэд. Зүүлт тайлбар, Библийн толь бичиг, сэдэвчилсэн буюу судруудын удирдамж зэрэг нь танд зарим бэлгэдлийг тайлбарлахад тусална. Энэ чадварыг Сургаал ба Гэрээ 88:46, 51–61 дээр туршиж үз.
Тунгаан бодох: Тунгаан бодох гэдэг нь эргэцүүлэх, бясалгах, асуух, мэдсэн болон сурсан зүйлдээ үнэлэлт дүгнэлт өгөхийг хэлнэ. Тунгаан бодох нь ихэвчлэн сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой болохыг ойлгоход бидэнд тусалдаг. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй: “Бясалгал бол Их Эзэний оршихуйд очихын тулд нэвтэрдэг хамгийн нууц, нандин хаалгануудын нэг юм” гэж заасан (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 32). Энэхүү чадварыг хэрэглэж буй жишээг Сургаал ба Гэрээ 138:1–4-өөс уншина уу.