Семинар
8-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 33–34


8-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 33–34

Оршил

Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэгдсэн илчлэлт дээр Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрыг Есүс Христийн сайн мэдээг тунхаглахаар дууджээ. Их Эзэн тэдэнд сайн мэдээг заах заавруудыг мөн өгөв. Сургаал ба Гэрээ 34-т цэдэглэгдсэнээр Их Эзэн итгэлтэй байдлынх нь төлөө Оорсон Праттыг магтаж мөн түүнд сайн мэдээг номлохыг зарлиглажээ.

Сургаал ба Гэрээ 33:1–6

Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрыг сайн мэдээг тунхаглуулахаар дуудав

Бурхан хүүхдүүдтэйгээ олон арга замаар харилцдаг. Тэр тантай болон таны мэдэх хүнтэй хэрхэн холбогдсоныг жишээ болгон нэрлэнэ үү.

Их Эзэний бидэнтэй холбогддог нэг арга зам бол зүүд, үзэгдлээр юм. Эзра Тайрегийн үзсэн үзэгдлийн дараах түүхийг уншина уу. Түүний үзэгдэл боодол цаас, чих, бүрээтэй хэрхэн холбогдож байгааг бодож үз. Түүнчлэн энэхүү үзэгдлийн утга агуулгыг бодно уу.

“Нэгэн эр ирэн, боодол цаас худалдаж авч, надад бүрээтэй хамт гардуулж өгөөд үлээ гэлээ. Би түүнд амьдралдаа бүрээ үлээж үзээгүй гэв. Харин тэр надад чи чадна, үлээгээд үз гэлээ. Бүрээг амандаа хийгээд үлээхэд урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй хамгийн сайхан аялгуу гарав” (“Testimony of Brother E. Thayre,” The True Latter Day Saints’ Herald, 1862 оны 10-р сар, 82).

Эзра Тайре Нью-Йоркийн Палмирад амьдардаг байсан бөгөөд Смитийн гэр бүлийн гишүүдийг өөрт нь хийж өгсөн олон ажлаар нь сайн мэддэг болсон байв. 1830 оны 10-р сард Эзра Тайре, Палмирагийн өөр нэгэн оршин суугч Нордроп Свийт хоёр Сүмд баптисм хүртжээ. Эзра Тайре, Нордроп Свийт хоёр баптисм хүртсэнийх нь дараахан бошиглогч Иосеф Смит энэ хоёр эрэгтэйд хандсан илчлэлтийг хүлээн авсан ба энэ нь одоо Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэгджээ. Олон жилийн дараа Эзра “Боодол цаас нь надад болон Нортроп Свийтэд хандсан илчлэлт байсан юм” хэмээн тайлбарласан байна (“Testimony of Brother E. Thayre,” 82).

*Сургаал ба Гэрээ 33:1–2-ыг уншаад, боодол цаас, чих, бүрээтэй холбоотой үгсийг олж мэд.

“Чихээ нээж … Бурхан Их Эзэнийхээ дуу хоолойг, … анхаарагтун” гэсэн нь юу гэсэн утгатай үг болохыг бодож үз (С ба Г 33:1). Та хэрхэн чихээ нээж Их Эзэний хоолойг сонсоход бэлэн байгаагаа харуулж болохыг бодож үз.

  1. Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Та нар сайн мэдээг “бүрээн дуу мэт” тунхаглах гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ (С ба Г 33:2)?

    2. Эзра Тайрегийн үзэгдэлд бүрээг үлээхэд урьд өмнө нь сонсож байгаагүй хамгийн сайхан аялгуу гарчээ. Сургаал ба Гэрээ 33:2 дээрээс сурсан зүйл дээрээ үндэслэхэд, яагаад аялгуу хамгийн сайхан байсан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 33:3-т Их Эзэн Эзра болон Нортропод номлогчийн дуудлагынх нь талаар заахаар нэмэлт бэлгэдлүүдийг ашигласан. Энэ шүлгийг уншаад, дотор нь орсон бэлгэдлүүдийн талаар бод. Дараах үйл ажиллагаагаар бэлгэдэл болгоныг утгатай нь зураасаар холбо.

Бэлгэдэл

Утга

Усан үзмийн талбай

Бурханы хаант улсыг дэлхий дээр байгуулахын тулд үйлчилж буй Есүс Христийн Сүмийн гишүүд

Ажилчид

Дэлхий

11 дэх цаг

Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө хамгийн сүүлчийн удаа хаант улсаа байгуулах сайн мэдээний хамгийн сүүлийн эрин үе (Bible Dictionary, “Dispensations”-ийг үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 33:4-ийг уншаад, Их Эзэн 1830 онд дэлхийн байдлыг хэрхэн дүрсэлснийг олж мэд. Та Их Эзэний усан үзмийн талбайд ямар саад бэрхшээлүүдийг харж байна вэ?

Энэ ялзарсан дэлхийд амьдрахад туслахын тул Их Эзэн юу хийсэн эсвэл юу хийж байгаа вэ? Сургаал ба Гэрээ 33:5–6-г унш. Их Эзэн бидний төлөө юуг хийсэн хэмээн хэлсэн бэ?

  1. Судрын тэмдэглэл дээрээ Их Эзэн хүмүүст дэлхийн ялзралаас зайлсхийхэд тусалдаг нэг арга замыг дүрслэн зур.

Та Сургаал ба Гэрээ 33:5–6-аас дараах зарчмыг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэж болно. Их Эзэн Өөрийн Сүмийг зохион байгуулсан ба хожмын өдрүүдэд Өөрийн сонгосон хүмүүсийг цуглуулж байгаа.

  1. Энэ зарчмыг илүү сайн ойлгохын тулд судар судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 33:6-д цэдэглэгдсэнээр сонгогдсон хүмүүс гэж хэн бэ?

    2. Дэлхий ялзарч байхад яагаад Их Эзэний сонгогдсон хүмүүс хамтдаа цугларах нь чухал вэ?

    3. Сүм танд дэлхийн ялзралаас зайлсхийхэд хэрхэн тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 33:7–18

Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрт сайн мэдээг заах заавруудыг өгөв

Сургаал ба Гэрээ 33:7–10-ыг уншаад, Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрт амаараа юу хий хэмээн заасныг олж мэд. Дараагийн зургийн хажууд эдгээр шүлгээс сурсан зарчмаа бич. Зарчим нь дараах байдлаар эхэлж болно. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахын тулд амаа нээвэл Их Эзэн …

Зураг
Гурван өсвөр үеийнхэн ярилцаж байна
  1. Танд хэн нэгэнтэй сайн мэдээний талаар ярих ёстой гэсэн мэдрэмж төрж байсан үеэ бод. Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Бидэнд сайн мэдээний талаар ярихаар амаа нээхээс татгалзаж болох ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?

    2. Та хэзээ сайн мэдээг хуваалцаж, юу хэлэхээ сүнслэг удирдамжаар хүлээн авч байсан бэ? Эсвэл та хэзээ хэн нэгэн хүн сайн мэдээг хуваалцаж, юу хэлэхээ сүнслэг удирдамжаар хүлээн авч байгааг харсан бэ?

Сургаал ба Гэрээ 33:10–15 Их Эзэний Эзра болон Нордроп хоёрт сайн мэдээний анхдагч зарчим болон ёслолуудыг тунхаглахыг зааварласан заавруудыг багтаадаг (Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг). Сургаал ба Гэрээ 33:16–18-ыг судлаад, номлогчдын хувьд юу хэлэхээ мэдэхэд нь туслахын тулд Эзра, Нордроп хоёрт Их Эзэн ямар нэмэлт зөвлөгөө өгснийг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно. 17-р шүлэг дээрх “дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яв” гэсэн нь ямар ч үед Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлэн байх гэсэн утгатай.

  1. Судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 33:16–18-д өгсөн нэг зөвлөгөөг бичээд, энэ нь хэрхэн танд амаа нээж, сайн мэдээг бусадтай ямар ч үед хуваалцахад туслахыг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 34

Их Эзэн Оорсон Праттыг итгэлийнх нь төлөө магтаж, түүнд сайн мэдээг тунхаглахыг зарлиглав

Сургаал ба Гэрээ 34 нь хэн нэгэн нь сайн мэдээг хуваалцахын тулд амаа нээсний ачаар өөр нэг хүн адислагдсаны жишээг өгдөг. Судраасаа энэ илчлэлтийн хэсгийн оршлыг уншаад, Оорсон Праттай сайн мэдээг хуваалцахаар хэн амаа нээснийг олж мэд.

Оорсон Пратт өөрийн ах Парлийгаар дамжуулан баптисм хүртэхдээ 19 настай байв. Сургаал ба Гэрээ 34:1-ийг уншаад, Их Эзэн Оорсонд хэрхэн хандаж ярьсныг анхаар.

Сургаал ба Гэрээ 34:2–3-ыг уншаад, Их Эзэний яагаад Оорсоныг миний хүү хэмээсэн шалтгааныг олж мэд.

3-р шүлэгт цэдэглэгдсэнээр Есүс Христэд итгэдэг бүх хүн Түүний хүү болдог байна. Энэ нь Аврагчийн сайн мэдээг хүлээж зөвшөөрснөөр бид шинэ амьдралыг хүлээн авдаг гэдгийн бэлгэдэл юм. Сургаал ба Гэрээ 25:1-ээс Есүс Христийг хүлээн зөвшөөрснөөр Түүний охид болсон бүх эмэгтэйд мөн адил хамаатай гэдгийг бид сурдаг.

Та Оорсон Праттын өөрийн бага насны тухай бичсэн дараах түүхийг уншихдаа түүний Их Эзэнд итгэж байсныг харуулсан үг, хэллэгийг тэмдэглэ.

Зураг
Оорсон Пратт

“Арваас арван найман насандаа би дэлхийн ихэнх зүйлсийг харсан ба ямар нэгэн тогтвортой байр суурьгүй байлаа; гэвч Бурханы ач ивээлээр би залуу хүмүүсийн уруу татагддаг ихэнх хилэнцтээс хол байсан юм. Аав, ээж маань ёс суртахуун хийгээд шашны талаарх анхны сэтгэгдлийг надад үлдээсэн ба энэ нь надтай хамт үлдсэн. Би ихэнхдээ ирээдүйд бэлтгэлтэй байх талаар санаа зовдог байсан ч 1829 оны намар хүртэл Их Эзэнийг эрэлхийлэх чин сэтгэлийн эрлээ эхлээгүй байлаа. Тийн би бүх нүглээ наманчлан, чин сэтгэлээсээ залбирч эхэлсэн юм. Бусад хүн дуг нойрондоо дугжирч байхад би үдшийн бүрийд хэн ч байхгүй газар эсвэл зэлүүд газар цор ганцаараа Их Эзэний өмнө өвдөг сөхрөн, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр залбирдаг байсан ба энэ нь надад тайвшрал, баяр баясгаланг авчирдаг байлаа. Зүрх сэтгэлийн минь чин хүсэл Их Эзэний надаас хүсэж буй зүйлийг эрхэмлэн биелүүлэх явдал байсан юм. Би 1830 оны 9 сар хүртэл ийнхүү чин хүсэлтэй залбирсан бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр ахлагч манай ойролцоо ирсэн юм. Тэдний нэг нь миний ах Парлий байлаа. Тэдний зохион байгуулсан хэд хэдэн цуглаанд би очив.

Тэдний зааж буй сургаалыг жинхэнэ тэнгэрээс ирсэн гэдэгт итгэсээр миний бие 1830 оны 9-р сарын 19-ний өдөр баптисм хүртсэн билээ. Энэ нь төрөөд арван есөн нас зооглосон тэр өдөр байв. Би амьдарч байсан газраасаа захиасыг хүлээн авч, дагасан цорын ганц хүн байлаа” (The Orson Pratt Journals, Элдэн Ж. Ватсон [1975], 8–9).

Сургаал ба Гэрээ 34:4–6-г уншаад, Их Эзэн Оорсон Праттыг улам их адислагдахын тулд юу хийхэд дуудсаныг олж мэд. Бид бусдад сайн мэдээг заахдаа яагаад улам илүү адислагддаг болохыг бодож үз.

Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох зарим тэмдгийн талаар Оорсонд ярьжээ (С ба Г 34:7–9). Тэр энэ илчлэлтийн төгсгөлд Оорсоныг сайн мэдээг номлох дуудлагад урамшуулсан. Сургаал ба Гэрээ 34:10–12-ыг уншаад, дараах үнэнийг олж мэд. Сайн мэдээг хичээнгүйлэн заадаг хүмүүс Ариун Сүнсний хүчээр үүнийг хийдэг. Хэрэв бид үнэнч үлдвэл Их Эзэн бидэнтэй хамт байх болно.

Сургаал ба Гэрээ 34:11 дэх Их Эзэний амлалт хэрхэн урам хугарсан хэн нэгнийг тайвшруулж, хүчирхэгжүүлэх вэ?

  1. Та сайн мэдээг бусдад номлохдоо Ариун Сүнсний хүчийг өөртөө байлгах нь яагаад зайлшгүй чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 33-34-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Хэвлэх