15-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 67
Оршил
1831 оны 11-р сард хэсэг ахлагч Огайогийн Хайрамд онцгой чуулганд оролцохоор цугларчээ. Чуулган дээр ярилцсан нэг зүйл бол бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлүүлэх явдал байв. Энэ цуглааны үеэр Их Эзэн Иосеф Смитэд илчлэлт өгсөн бөгөөд үүнийг удахгүй хэвлэгдэх илчлэлтийн номны удиртгал болгохыг хүссэн. Тэрхүү илчлэлт нь эдүгээ Сургаал ба Гэрээний нэгдүгээр хэсэг болой. Чуулганы сүүл хэсэгт Их Эзэн эдүгээ Сургаал ба Гэрээ 67 дээр цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн. Уг илчлэлтэд Их Эзэн Өөрийнх нь бошиглогчид өгсөн илчлэлтүүдийн хэлний талаар асуулттай байсан ах нарт хандаж хэлсэн үгс байдаг.
Сургаал ба Гэрээ 67:1–3
Аврагч хүмүүний оюун хийгээд зүрх сэтгэлийг мэддэг болой
Та яагаад зарим хүн сайн мэдээний зарчмуудын тухай гэрчлэл хүлээн авч байхад зарим нь хүлээн авахгүй байгаа талаар бодож байсан уу?
1831 оны 11-р сард бошиглогч Иосеф Смитийн хамт хэсэг ахлагч бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлэх тухай ярилцахаар цугларчээ. Хэд хэдэн ахлагч илчлэлтүүд үнэн гэсэн гэрчлэлийг хүлээн авсан байлаа. Гэвч бусад нь тийм гэрчлэл хүлээн авна гэдэгтээ найдсаар байв.
Сургаал ба Гэрээ 67:1–2-ыг уншаад, Их Эзэн залбирлын тухай юу гэж хэлснийг олж мэд.
1–2-р шүлгээс олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн, дараах зарчмын хоосон зайг гүйцээж бич. Их Эзэн миний сонсдог мөн миний мэддэг.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Энэ зарчмыг мэдэх нь хэрхэн танд залбирлаа сайжруулахад туслах вэ? Дараа нь танд юм уу таны мэддэг хэн нэгэнд сайн мэдээний үнэний талаарх сүнслэг баталгаа хүлээн авахад тусалсан туршлагаа бичээрэй.
Сургаал ба Гэрээ 67:3-ыг уншаад, яагаад зарим ахлагч Их Эзэний тэдэнд өгсөн адислалыг хүлээн аваагүйг олж мэд. Та өөртөө онцгой санагдсан хэллэгийг тэмдэглэж болно.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Зүрх сэтгэлдээ айдастай байх нь адислал хүлээн авахад тань хэрхэн саад болдог вэ? Дараа нь хүмүүсийг адислал авахад саад болдог айдсын жагсаалт гарга.
Бидний айдсыг итгэлээр солиход туслах Их Эзэний хүчийн талаар тунгаан бод. Энэ мэдлэг хэн нэгэнд гэрчлэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хэрхэн тусалж болох вэ?
Сургаал ба Гэрээ 67:4–9
Их Эзэн илчлэлтүүдийг нь шүүмжилдэг хүмүүсийг сорив
Хэдийгээр Сүмийн удирдагчид төгс биш ч гэлээ бид яагаад тэднийг дагах ёстой талаар та бодож байсан уу?
Сургаал ба Гэрээ 67-р хэсгийн оршил хэсэг болон 5-р шүлгийг уншаад, зарим ахлагч хэрхэн илчлэлтэд өөр өөрөөр хандаж байсныг олж мэд. (Бошиглогч Иосеф Смитийн илчлэлтүүдийн цуглуулга эхлээд Зарлигуудын ном гэж нэрлэгддэг байсныг сана. Хожим нэрийг Сургаал ба Гэрээ болгон өөрчилсөн.) Хэсгийн оршилд илчлэлтийн үнэний тухай “ах нарын олон нь … чин сэтгэлийн гэрчлэлтэй байлаа” гэснийг анхаар. Гэхдээ“илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар зарим нэг сөрөг яриа гарсан.” 5-р шүлэгт цэдэглэгдсэнээр зарим ахлагч өөрсдийгөө “[Иосеф Смитийн] хэлнээс илүү дээр илэрхийлж” чадна гэж бодсон аж. Өөрсдийн ухаан дахь бардамналын учир тэд илчлэлтүүдийг Их Эзэний тосолсон бошиглогчоос сайн бичих чадвартай гэж бодсон (2 Нифай 9:28–29-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 67:4-ийг унш мөн 5-р шүлгийг дахин унш. Их Эзэн илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар асуудалтай байсан ахлагчдад хэрхэн хариулсныг олж мэд.
Ахлагчид Их Эзэн төгс бус үйлчлэгчдээрээ дамжуулан ажиллаж байгааг ойлгох нь яагаад чухал байсан гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 67:6–9-ийг уншаад, илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар асуудалтай байсан хүмүүст өгсөн Их Эзэний сорилтыг олж мэд.
Виллям Э.Маклелин Их Эзэний сорилтыг хүлээн авч, бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсантай адил илчлэлтийг бичихээр шийдэв. Иосеф Смит өөрийн түүхэнд дараах зүйлийг тэмдэглэсэн байна. Тэрээр: “Виллям Э.Маклелин, өөрийгөө хамгийн ухаалаг хүн гэж боддогийнхоо хувьд, мэдрэмжээс илүү сурсан мэдсэн нь арвин байсан тул Их Эзэний ядаж нэг зарлигийг бичих гэж оролдсон ч чадсангүй. Их Эзэний нэрийн өмнөөс бичих нь үнэхээр аймшигтай үүрэг хариуцлага байв. Есүс Христийн хэлийг дуурайх гэсэн хүмүүний энэхүү хий хоосон оролдлогыг гэрчилсэн ахлагчид болон тэнд байсан бүх хүн сайн мэдээний бүрэн байдалд мөн миний дэмжлэг туслалцаатай Их Эзэний Сүмд өгсөн зарлиг, илчлэлтүүдийн үнэнд итгэх итгэлээ шинэчилсэн бөгөөд ахлагчид бүх дэлхийд тэдгээрийн үнэнийг гэрчлэхээ илэрхийлсэн” (History of the Church, 1:226-д).
Энэ үйл явдлын дараа тэнд байсан бүх ахлагч Зарлигуудын номд агуулагдсан илчлэлтүүдийн үнэнийг албан ёсоор гэрчилсэн баримтан дээр гарын үсэг зурахыг зөвшөөрсөн аж.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Яагаад албан ёсны боловсрол багатай Иосеф Смит эдгээр илчлэлтийг боловсруулж чадаж байхад маш сайн боловсролтой Виллям Э.Маклелин гаргаж чадахгүй байсан гэж та бодож байна вэ?
-
Энэ түүхээс удирдагчдаа төгс бус байдлаар нь шүүхгүй байх талаар та юу сурч болох вэ?
-
Та болон бусад хүмүүс удирдагчдаас олж харсан төгс бус байдлаас үл хамааран тэднийг зөв шударгаар дагах үүргийн талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 67:10–14
Их Эзэн дагалдагчдадаа Бурханы оршихуйг тэсэж чадахад хэрхэн бэлтгэхийг зөвлөв
-
Судрын тэмдэглэлдээ хоёр баганатай хүснэгт зур. Эхний баганыг Шагнал харин хоёр дахь баганыг Шагналыг хэрхэн хүлээн авах гэж гарчигла. Сургаал ба Гэрээ 67:10–14-ийг уншаад, эдгээр ахад Аврагчийн амласан шагнал болон уг шагналыг хүлээн авахын тулд хийх хэрэгтэй үйлдлийг олж мэд. Хариултаа зохих багананд бич.
Эдгээр шүлэгт өгүүлснээр Бурханы оршихуйг тэсэж чадахын тулд эдгээр ах юу хийх хэрэгтэй байсан бэ? (Тэсэх гэдэг үг нь тэсвэрлэх буюу ямар нэгэн газар үлдэх гэсэн утгатай юм.) Хэрэв тэд өөрсдийгөө атаа жөтөө, айдсаас хол байлгаж мөн даруусгавал Бурханы оршихуйг тэсэж чадна.
Сургаал ба Гэрээ 67:13-т цэдэглэгдсэнээр эдгээр ахыг төгөлдөржих хүртлээ “тэвчээрт үргэлжлүүлэх[хэд]” урамшуулсан байна. Тэргүүн зөвлөлийн гишүүн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын төгс болох үйл явцад гүйцэтгэдэг тэвчээрийн ач холбогдлын тухай заасан дараах түүхийг унш.
“1960-аад оны үед Станфордын Их Сургуулийн нэгэн профессор дөрвөн настай хүүхдүүдийн өөрөө өөрийгөө захирах чадварын талаар нэгэн энгийн судалгааг явуулж эхэлсэн ажээ. Тэрээр хүүхдүүдийн өмнө нэг том хөөсөн чихэр тавиад, чихрийг шууд идэж болно эсвэл идэхгүй 15 минут хүлээх юм бол тэдэнд 2 хөөсөн чихэр өгөх болно гэжээ.
Тэгээд тэрээр хүүхдүүдийг ганцааранг орхиод, хоёр талаасаа тольтой өрөөнд зогсоод яахыг нь ажиглаж гэнэ. Хүүхдүүдийн зарим нь чихрийг тэр дор нь идэж; зарим нь уруу таталтад бууж өгөх хүртлээ хэдхэн минут л хүлээгээд тэвчилгүй идсэн гэнэ. Зөвхөн 30 хувь нь л идэхгүй хүлээж чаджээ” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign, 2010 оны 5-р сар, 56 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).
Энэ профессорын хийсэн туршилт, олж авсан мэдээлэл өнөөгийн өсвөр үеийнхэнд хэрхэн холбоотой гэж та бодож байна вэ?
Ерөнхийлөгч Угдорф хөөсөн чихрийн туршилтаас олж авсан мэдээллийн талаар ийнхүү ярьсан.
“Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, [профессор] уг хүүхдүүдтэй холбоотой байсан бөгөөд нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан гэнэ. Чихрийг хүлээж чадалгүй идсэн хүүхдүүд хожим нь амьдралдаа зүдэрч, зан авирын асуудалтай тулгарч байсан бол хүлээж чадсан хүүхдүүд илүү өөдрөг үзэлтэй, идэвхтэй, илүү сайн сурлагатай, орлоготой болж, бас илүү бат бөх нөхөрлөлийн харилцаатай байсан гэнэ.
Хүүхдүүд дээр явуулсан хөөсөн чихрээр хийсэн энгийн энэ судалгаа нь хүлээцтэй, тэвчээртэй байх нь хожим амьдралдаа амжилт гаргаж чадах эсэхийг таамаглах гол зан чанар мөн болохыг харуулсан чухал судалгаа болсон ажээ. …
Хүлээх нь хэцүү байж болно. Хүүхдүүд, насанд хүрэгчид аль аль нь үүнийг мэддэг. Бид түргэн хоол идэж, нүд ирмэх зуур э-мэйл, текст бичиж, хүссэн киногоо тэр даруйд үзэж болдог, эсвэл аар саар болон гүнзгий нухацтай асуултад алга эргүүлэхийн хооронд хариу авч болдог дэлхийд аж төрж байна. Бид хүлээх дургүй. …
Тэвчээр буюу дур хүслээ хэсэг хугацаагаар хойш тавих гэдэг нь ховорхон тохиолдох үнэ цэнтэй зан чанар юм. Бид хүссэн юмаа яг одоо авахыг боддог. Тиймээс тэвчээр гэдэг таагүй, заримдаа бүр хэцүү зүйл байж болно.
Гэсэн ч, бид тэвчээргүй байвал Бурханыг баярлуулж чадахгүй; төгс төгөлдөр болж чадахгүй. Үнэхээр, тэвчээр гэдэг нь цэвэршүүлэн ариусгах үйл явц бөгөөд ойлголтыг гүнзгийрүүлж, аз жаргалыг нэмэгдүүлэн, ажил үйлсэд анхаарал төвлөрүүлэн, амар амгалангийн төлөөх найдварыг бий болгодог билээ” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 67).
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Зохистой байж, Их Эзэний оршихуйг тэсэхийн тулд хичээл зүтгэл гаргахад яагаад тэвчээр шаардлагатай гэж та бодож байна вэ? Түүнчлэн цаг гарган, өөрийн амьдралд өөртөө болон бусдад илүү тэвчээртэй байх хэрэгтэй талуудаа тунгаан бод. Хэрэв танд хэцүү биш бол Бурханы өмнө цэвэр ариун байхын тулд хичээл зүтгэл гаргахдаа илүү тэвчээртэй байх зорилтыг оруулан бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 67-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: