Семинар
22-р бүлэг: Дөрөв дэх өдөр, Сургаал ба Гэрээ 105


22-р бүлэг: Дөрөв дэх өдөр

Сургаал ба Гэрээ 105

Оршил

Их Эзэний зааврыг дуулгавартай дагахын тулд бошиглогч Иосеф Смит, 200 орчим сайн дурынхан мөн элсэгчдийн хамт Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүдэд туслахаар явах Сионы Хуаран хэмээн нэрлэгдэх бүлгийг үүсгэн байгуулсан юм. 1834 оны 6-р сарын 22-нд, Миссуригийн Фишинг Ривер голын ойролцоо буудаллаж байхдаа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 105-д байх илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн Сионы гэтэлгэлийн талаарх заавруудыг өгөв.

Сургаал ба Гэрээ 105:1–19

Их Эзэн Сионы гэтэлгэлийг хүлээхийг гэгээнтнүүдэд зааварчлав

Хийлчид

Найрал хөгжмийн гишүүн байна хэмээн өөрийгөө төсөөлөн бод. Тоглолтын дундуур, хэдэн хийлч найрал хөгжмийн бусад гишүүдээс өөр хуудсан дээрх хөгжмийг тоглохоор шийдэж гэнэ. Тэднийг яг ийнхүү тоглож эхлэхийн өмнө хэдэн лимбэчин арай хурдан хэмнэлээр тоглохоор шийдэв. Яг тэр мөчид, гуулин хөгжмийн хэсгийнхэн бүгдээрээ тоглохоо болихоор шийджээ.

Найрал хөгжмийн гишүүний хувьд эдгээр шийдвэр танд хэрхэн нөлөөлөх вэ? Тоглолтын үр дүн нь ямар байх вэ? Найрал хөгжмийн хувьд уянгалаг сайхан хөгжим тоглохын тулд яагаад хамтдаа ажиллаж мөн нэгдмэл зорилготой байх нь чухал байдаг вэ?

1834 оны 2-р сард, Их Эзэн бошиглогч Иосеф Смит болон бусад хүнд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүдэд эдлэн газраа буцаан авахад нь туслах сайн дурынхныг элсүүлж, материаллаг эх сурвалжийг цуглуулахыг зааварчилсныг сана. Сургаал ба Гэрээ 105-аас суралцаж байхдаа, Сионы газрыг буцааж авах гэгээнтнүүдийн оролдлогод нэгдмэл байдал хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Өмнөх илчлэлтэд (С ба Г 103:30–34-ийг үзнэ үү), Их Эзэн Сионы хуаранд 500 сайн дурынхныг оролцуулахыг хүсэж байгаагаа хэлжээ. Хэрвээ 500 хүрэхгүй бол дор хаяж 100 сайн дурынхан байх хэрэгтэй хэмээн Тэрээр шаардсан юм. Сионы Хуаранд зориулж хөрөнгө мөнгө олох, сайн дурынхныг татах гэсэн бошиглогч Иосеф Смит болон бусад хүмүүсийн гаргасан хичээл зүтгэлийн үр дүн тэдний найдаж байсан шиг амжилттай байсангүй. 1834 оны 5-р сарын эхээр Хуаран замдаа гарах үед ердөө 122 хүн сайн дураараа явах саналаа өгсөн байв. Сионы Хуаран Миссури явах замдаа сайн дурынхныг нэмж элсүүлжээ. Хайрум Смит, Лайман Вайт хоёрын Мичиган бүсээс элсүүлсэн бүлэг 1834 оны 6-р сарын эхээр Иосефын бүлэгтэй нэгдэх үед, Сионы бүлэг нь дөнгөж 200 гаруй эрэгтэй, 12 эмэгтэй болон 9 хүүхдээс бүрдэж байлаа (Алэксандр Л. Баф, “Joseph Smith and Zion’s Camp,” Ensign, 2005 оны 6-р сар, 45-ыг үзнэ үү).

Сионы Хуарангийн эрэгтэйчүүдийн дундаж нас 29 байв. Хуарангийн хамгийн залуу нь 14 настай, хамгийн ахмад нь 79 настай байсан. “Израилын их цэргүүдийн ахмад” байхаар сонгогдсон Иосеф Смит дөнгөж 28 настай байв (History of the Church, 2:39-д).

Сургаал ба Гэрээ 105:7–8-ыг уншаад, яагаад Сүмийн зарим гишүүн Миссури дэх гэгээнтнүүддээ туслахгүй байсан нэг шалтгааныг олж мэд.

Зарим Сүмийн гишүүн Сүмийн ах дүү гишүүдэд дэмжлэг үзүүлж эсвэл санхүүгээр туслахын өмнө Миссуригийн гэгээнтнүүдэд Бурхан тусална байх хэмээн хүлээж байв. Энэ хандлагыг яагаад буруу гэж бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 105:1–6-г уншаад, дуулгаваргүй болон нэгдмэл бус байдал нь Сүмийн гишүүдэд хэрхэн нөлөөлснийг олж мэд. 4–5-р шүлэгт дурдсан “селестиел хаант улсын хууль[д]” селестиел хаант улсыг өвлөхийн тулд бидний дуулгавартай дагах ёстой бүх хууль болон зарчим, хүлээн авах ёстой бүх ёслол мөн сахих ёстой гэрээнүүд багтдаг гэдгийг ойлгох нь тустай байж болох юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сионыг байгуулахын тулд юу хийх ёстой талаар эдгээр шүлгээс ямар зарчмыг бид сурч болох вэ?

    2. Яагаад Сионыг байгуулахын тулд нэгдмэл, дуулгавартай байх шаардлагатай гэж та бодож байна вэ?

    3. Сүмийн гишүүд нэгдмэл байх ямар чухал болохыг ойлгоход ямар туршлага тусалсан бэ?

Сионы Хуаранд сайн дураараа элсэгчид аяллынхаа явцад олон бэрхшээл мөн олон гайхамшгийг үзэж харсан байна. Та дараах зарим бэрхшээлд хэрхэн хандах байсан тухай тунгаан бод.

Сионы Хуарангийнхан 4 муж дамжин, 900 орчим миль (1450 км) аялахдаа өдөрт 20–40 миль явж (32–64 км) байсан ба замаа 45 хоногийн хугацаанд аялан туулжээ. Хуарангийн гишүүдийн хөл нь цэврүүтэн, халуун чийглэг цаг агаар, хоол хүнсний хомсдол, чанар муу хоол хүнс зэрэг бэрхшээлийг туулсан юм. (Алэксандэр Л. Баф, “Joseph Smith and Zion’s Camp,” 44; Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 143–144-ийг үзнэ үү.) Заримдаа, хуарангийн зарим гишүүн туйлдаа хүртэл цангаснаас болж хорхой шумуулыг нь шүүсэн (эсвэл шүднийхээ завсраар) намгийн ус эсвэл борооны дараа морины туурайн мөрөнд тогтсон усыг ууж байв. Энэ аяллын хугацаанд, Сионы Хуарангийнхан бусдын хүчирхийлэлтэй олонтоо тулгарч байв. (Church History in the Fulness of Times, 144–145-ыг үзнэ үү.)

Хэдийгээр бэрхшээлтэй байсан ч Сионы Хуаран аян замынхаа туршид олон гайхамшгаар адислагдсан ажээ. Жишээлбэл, 1834 оны 6-р сарын халуун өдөр хуарангийнхан өдөржингөө аялсан ба өглөөнөөс хойш ус уугаагүй байв. Хүмүүс, амьтад аль аль нь туйлдаж байгааг хараад, бошиглогч хүрз авчрахыг хүсээд, нэг газрыг сонгон, гүехэн нүх ухаж гэнэ. Тэр даруйд, энэ нь усаар дүүрч, бүр хуарангийн бүх гишүүн, амьтан уусны дараа ч нүх усаар дүүрэн хэвээр үлджээ.

1834 оны 6-р сарын дундуур, Сионы Хуаран Миссуригийн Фишинг Ривер голын эрэг дээр буудалласан байв. Зэвсэглэсэн Миссуригийн таван оршин суугч хуаранд давхин орж ирээд, Сионы Хуарангийнхныг “өглөө болохоос өмнө тамыг үзэх” болно гэж тангараглажээ (History of the Church, 2:103-т). Тэд өөр өөр гүнлэгээс цугларсан 300 гаруй дээрэмчний бүлэг тэднийг устгахын тулд Миссури мөрнийг туулахаар бэлтгэж байгаа гэж хэлсэн байна. Сионы Хуарангийн зарим эр байлдахыг хүссэн боловч Их Эзэн тэднийг хамгаалах болно хэмээн бошиглогч амлажээ. Бошиглогч “Тайван зогсоод мөн Бурханы авралыг харагтун” гэж зарласан (JЖозэц Холбрук, “History of Joseph Holbrook-ээс эш татав, 1806–1885 он,” 15, Church History in the Fulness of Times, 148-д.)

Фишинг Ривер гол

Фишинг Ривер гол, Миссури

Миссуричүүдийг явснаас хэдхэн минутын дараа, тэнгэрт жижиг бараан үүл харагдав. Энэ үүл хуйлмал цаас адил зүүн тийшээ нүүж, тэнгэрийг харанхуйлан бүрхсэн байна. Бороо, мөндөртэй ширүүн салхин шуурга шуурч, аянга буув. Сионы Хуаран майхнаа орхиж, ойролцоох хуучин Баптистын цуглааны байранд хоргоджээ. Иосеф Смит орж ирэхдээ “Хөвгүүд ээ, энэ нь учиртай шүү. Бурхан энэ шуургыг захирч байна” хэмээн зарласан байна. Миссури голыг туулахаар оролдсон дээрэмчид шуурганаас болж гацав. Догшин шуурга дээрэмчдийн зэвсгийг нэвт норгосноос болж хэрэглэх аргагүй болгожээ. Энэ нь мөн тэдний морьдыг үргээж, Фишинг Ривер голын усыг хэдэн тохой өсгөсөн тул тэд Сионы Хуаран руу дайрч чадсангүй. (Church History in the Fulness of Times, 148; мөн History of the Church, 2:104–105-ыг үзнэ үү.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭдгээр туршлага нь Их Эзэний Сионы Хуаранд тусалсан онцгой бөгөөд гайхамшигт арга замыг харуулдаг. Их Эзэн бас тэдэнд жижиг зүйл дээр ч тусалж байжээ. Их Эзэн танд болон таны мэддэг хэн нэгэнд Өөрийн зорилгуудыг биелүүлэхэд нь тусалж байсан тухай судрын тэмдэглэл дээрээ бич.

Сионы Хуаран Огайогийн Көртландаас гарахын өмнө, Сүмийн удирдагчид Миссуригийн захирагч Даниел Данклинаас амлалт хүлээн авсан байсан бөгөөд энэ нь хэрвээ Жаксон гүнлэгийн амар амгаланг сахиулагчид гэгээнтнүүдийн аюулгүй байдлыг хамгаалахгүй аваас тэр өөрөө арга замаар хуулийг хэрэгжүүлнэ гэсэн амлалт байв. Тэр бас гэгээнтнүүдийг гэр орондоо буцаж очиход нь мужийн цэргийн арми туслах шаардлагатай гэж хэлсэн байв. Сионы Хуарангийн гишүүд Миссурид хүрч ирснийхээ дараа, захирагч Данклин гэгээнтнүүдэд тусална гэсэн амлалтаа биелүүлэхгүй болсныг олж мэдэв. (Church History in the Fulness of Times, 135, 146–47-г үзнэ үү.) Хэдийгээр тэд энэхүү урам хугарам мэдээг авсан ч, Сионы Хуаран Жаксон гүнлэг рүү үргэлжлүүлэн аялахдаа Их Эзэнээс нэмэлт удирдамжийг хүлээж байв.

Энэхүү хүсэн хүлээж байсан удирдамж нь 1834 оны 6-р сарын 22-нд Их Эзэнээс илчлэлтээр ирсэн ба энэ үеийг хүртэл Сионы Хуаран бараг долоон долоо хоног аялсан байсан. Тэднийг Жаксон гүнлэгт хүрэхэд дөнгөж 10–20 миль (16–32 км) үлдсэн байв. Энэ илчлэлт нь Сургаал ба Гэрээ 105-д цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээ 105:9–14-ийг уншаад, Сионы гэтэлгэлийн талаар тэдэнд юу хийх ёстой хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд.

Тэрэг чирж байгаа эрчүүд

Сионы Хуарангийн гишүүн хэмээн өөрийгөө төсөөлөн бод. Ийм хол замыг туулчихаад, Сион гэтэлгэгдэхээс өмнө “түр зуур” хүлээх хэрэгтэй гэдгийг та олж мэдэв. Танд ямар санагдах байсан вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЯагаад тэр үед Сионыг гэтэлгэхгүй байсан талаар Их Эзэний Сургаал ба Гэрээ 105:9–14-т өгсөн шалтгаануудаас хоёрыг нь судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич. Эдгээр шалтгаан тус бүрд, Сион гэтэлгэгдэхээс өмнө юуг засаж өөрчлөх ёстой эсвэл юу тохиолдох ёстой талаар мөн яагаад гэдгийг тайлбарла.

Сионыг гэтэлгэх гэдэг нь зөвхөн Сионы газар нутгийн эзэмшлээ эргүүлж авах явдал биш байсан гэдгийг сана. Хэдийгээр Сион нь бодит газрын байршлыг хэлдэг ч энэ нь бас тодорхой төрлийн хүмүүсээс бүрдсэн нийгэм юм. Сион хотыг эргүүлэн авч, барьж байгуулахын тулд Их Эзэний хүмүүс ариусгагдаж, зохистой болох ёстой.

Сионы Хуарангийн ихэнх гишүүн энэ илчлэлт дэх Их Эзэний зааврыг хүлээн зөвшөөрсөн боловч зарим нь Миссурид байлдахгүй гэдгээ олж мэдсэнийхээ дараа бувтналдаж, итгэлтэй байдлаа алдсан юм. Сионы Хуарангийн цаад зорилго нь дайтах эсвэл Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн газрыг цэргийн хүчээр буцаан эзэмшилдээ авах байгаагүй гэдгийг тэд ойлгоогүй. Хуарангийн эрчүүдийн амь насанд заналхийлсэн бол байлдахад бэлэн байсан ч Их Эзэн Сионыг хүмүүний хүч чадлаар гэтэлгэхийг зориогүй юм (С ба Г 103:15–18; 105:14-ийг үзнэ үү). Тэднийг хүлээж, байлдахгүй байхыг зарлигласан энэ илчлэлтийн үр дүнг зарим эр илт эсэргүүцэж хожим нь бүр урважээ.

Сургаал ба Гэрээ 105:18–19-ийг уншаад, яагаад Их Эзэн Сионы Хуаранг бүр Миссурид авчирчхаад, очсоных нь дараа, Сион дахь гэгээнтнүүдийн газрыг эргүүлэн авахын тулд тэр үед ямар ч үйлдэл хийх хэрэггүй болохыг илчилснийг олж мэд. (Итгэлийн сорилт гэдэг нь нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалан Их Эзэнд найдаж, Түүнийг дуулгавартай дагах эсэхийг сорьдог шалгуурыг хэлж байгаа гэдгийг ойлгох нь тустай байж болох юм.)

18–19-р шүлэг дэх бэрхшээл зовлонг туулахдаа итгэлтэй хэвээр үлддэг тэр хүмүүст Бурхан адислалуудыг бэлтгэсэн гэдэг үнэнийг заасан үг хэллэгийг тэмдэглэж ав.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та эсвэл таны мэддэг нэг хүн хэзээ итгэлийн шалгуураар соригдож байсан бэ?

    2. Итгэлийн шалгуур нь хэрхэн ирээдүйн адислалуудынх нь бэлтгэл байсан бэ?

Сионы Хуарангийн олон гишүүний хүлээж авсан адислалуудын нэг нь бол Их Эзэний хаант улсад үйлчлэх боломж хэлбэрээр ирсэн юм. 1835 оны 2-р сард, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулга зохион байгуулагдсан. Анхны төлөөлөгчдийн ес нь, Далын чуулгын бүх гишүүн Сионы Хуаранд үйлчилсэн хүмүүс байв. (Church History in the Fulness of Times, 151-ийг үзнэ үү.)

Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит, эдгээр эрийг удирдлагын үүрэг хариуцлагыг үүрэхэд бэлдэхэд Сионы Хуаран ямар ач холбогдолтой байсан талаар заахдаа: “Бурхан та нарыг байлдуулахыг хүсээгүй юм. Тэрээр, амь насаа ч өгөхөд бэлэн байж, Абрахамын адил агуу золиослолыг хийсэн тэр бүлэг эрчүүдээс сонгоогүй бол, дэлхийн улс үндэстнүүдэд Сайн мэдээний хаалгыг нээх арван хоёр эр мөн тэдний удирдлаган доор мөрөөр нь замнах далан эр байхгүй байсан бөгөөд Өөрийн хаант улсыг зохион байгуулж чадахгүй байх байсан” гэж өгүүлжээ (History of the Church, 2:182-т).

Хожим нь Сүмийн удирдагчид Сионы Хуарангийн гишүүдийн хувьд олж авсан туршлагадаа талархаж байсан юм. Жишээлбэл, Бригам Янгийг Огайогийн Көртландад буцаж ирэхэд нэг хүн түүнээс: “За тэгээд Иосеф Смиттэй Миссури рүү явсан үр ашиггүй аяллаасаа юу олж авав даа? гэж асуужээ. Бригам Янг: “Хүссэн бүхнээ л олж авлаа” гэж хариулсан байна. Тэрээр “Би тэр аяллаас олсон туршлагаа Гиауга гүнлэгийн бүх эд баялгаар ч солихгүй” гэж нэмж хэлжээ (Б. Х. Робэртс, “Brigham Young: A Character Sketch,” Improvement Era, 1903 оны 6-р сар, 567). Тэр үед Көртланд нь Гиауга гүнлэгийн хэсэг байсан байна.

Сургаал ба Гэрээ 105:20–41

Сион гэтэлгэгдэхээс өмнө гэгээнтнүүд юу хийх хэрэгтэй талаар Их Эзэн заав

Сургаал ба Гэрээ 105:20–37-оос бид Их Эзэн Миссури дэх гэгээнтнүүдэд Сионы ирээдүйн гэтэлгэлийг хүлээж байхдаа туулсан хавчлагад хэрхэн хариулах ёстой гэдгийг зөвлөснийг уншдаг. Тэр тэдэнд даруухан байж мөн зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийхийг зөвлөсөн. Мөн Тэрээр тэднийг Сионы гэтэлгэлд бэлтгэн, ариусгагдсан байх хэрэгтэй хэмээн тайлбарлав. Өмнө нь хэлсэнчлэн, Тэрээр уг илчлэлтдээ “илүү төгсөөр заалгаж, мөн туршлагатай болж, мөн өөрсдийн үүрэг, мөн тэдний гараас [Түүний шаарддаг] зүйлүүдийн талаар илүү төгс мэдэх” хэрэгтэй гэсэн байв (C ба Г 105:10).

Их Эзэн гэгээнтнүүдэд өөрсдийг нь хавчих тэдний төлөө төдийгүй, бүхэл дэлхийнхний төлөө нэг зүйлийг хийхийг зааварчилснаар уг илчлэлтээ төгсгөжээ. Сургаал ба Гэрээ 105:38–41-ийг уншаад, Тэрээр тэдэнд юу хий хэмээн зааварчилсныг олж мэд. (Уншиж байхдаа уриалах гэдэг нь эрэлхийлэх мөн туг гэдэг нь тэмдэг, далбаа гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 105:38–41 дэх Их Эзэний сургаал дээр үндэслэн, бид бусадтай амар амгаланг тогтоохыг эрэлхийлснээр ирэх адислалын тухай нэг зарчмыг бич.

    2. Өнөө үед Сүмийн гишүүд бусадтай, ялангуяа биднийг мөрдөн хавчих хүмүүстэй амар амгаланг тогтоохыг эрэлхийлэхээр хийж болох дөрөв, таван зүйлийг жагсаан бич.

    3. Жагсааж бичсэн зүйлсээсээ нэгийг сонгоод, амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоо бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 105-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: