Семинар
31-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 138


31-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 138

Оршил

1918 оны 10-р сарын 3-нд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн үзэгдлийг хүлээн авсан юм. Энэ үзэгдлээр тэрээр үхлийн хүлээснээс чөлөөлөгдөхөө хүлээж буй зөв шударга сүнснүүдэд тохинуулж буй амилсан Аврагчийг харжээ.

Сургаал ба Гэрээ 138:1-11

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит судруудыг болон Есүс Христийн Цагаатгалыг тунгаан бодов.

Та хайртай нэгнээ алдаж байсан уу эсвэл хайртай нэгнээ алдсан ямар нэгэн найзаа мэдэх үү? Хүнийг нас барах үед сүнс болон бие нь салж, сүнс нь сүнсний дэлхий рүү явдаг. Та сүнсний дэлхийг ямар байдлаар төсөөлдөг вэ?

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн тухай үзэгдэл хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 138-ын оршлыг уншаад, 1918 оны 10-р сарын ерөнхий чуулган болохоос хэдэн сарын өмнө ерөнхийлөгч Смитэд юу тохиолдсоныг олж мэд.

Тэдгээр хэдэн сарын турш ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байсан хүү Хайрум Мак Смитээ алдсандаа гашуудаж байв. Хайрум Мак Смит оны эхээр 45 насандаа олгой нь хагарснаас болж нас барсан байлаа.

Сургаал ба Гэрээ 138:1-4-ийг уншаад, 1918 оны 10-р сарын 3-нд ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн тунгаан бодож байсан сургаалыг олж мэд.

4-р шүлэг дээрээс бид Есүс Христийн Цагаатгал болон сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдаж болно гэдгийг сурдаг.

Сургаал ба Гэрээ 138:5-ыг уншаад, ерөнхийлөгч Смит Цагаатгалын талаар тунгаан бодох үед юу тохиолдсоныг олж мэд.

Таныг сайн мэдээний аль нэгэн зүйлийн талаар тунгаан бодож байхад судар санаанд тань орж ирж байсан уу? Бурханы үг болон төгс эзэмших судруудыг үргэлжлүүлэн судалснаар Ариун Сүнс хэрэгтэй үед таны оюун ухаанд тэдгээрийг сануулна гэдгийг та олж мэднэ.

Сургаал ба Гэрээ 138:6–10-ыг уншаад, ерөнхийлөгч Смитэд гүн гүнзгий нөлөөлсөн сургаалуудыг олж мэд.

Ерөнхийлөгч Смит судраа нээгээд, 1 Петр 3, 4 дээрх судрын хэсгүүдийг уншжээ. Эдгээр шүлэгт Есүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд айлчилж очсон талаар Петр тайлбарласан байдаг. Хүн бүр шударгаар шүүгдэж болохын тулд Аврагч сүнсний дэлхийд сайн мэдээг заасан.

Сургаал ба Гэрээ 138:11-ийг уншаад, ерөнхийлөгч Смит судруудыг тунгаан бодож байхдаа юу харсныг олж мэд.

Та ерөнхийлөгч Смитийн сүнсний дэлхийн талаарх үзэгдлийн тухай суралцахынхаа өмнө түүний дүрсэлсэн илчлэлтийн үйл явцад анхаарлаа хандуул. Тэр судруудыг тунгаан бодож байхдаа Цагаатгалын сургаалын талаар мөн дэлхий дээр Аврагчийн ирсэн явдал нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайрыг гэрчилж байгаа талаар эргэцүүлэн бодсон байна. Ийнхүү бодож байтал түүний оюун ухаанд Петрийн үгс орж иржээ. Дараа нь, Петрийн “[түүний] ойлголтын мэлмий нээгдсэн (С ба Г 138:11) хэмээх үгсийг дахин уншин, тунгаан бодоход Ариун Сүнс түүн дээр ирж, тэр сүнсний дэлхийг харав. Бид энэ түүхээс бид судруудыг уншиж мөн тунгаан бодох үед илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлддэг гэсэн нэг зарчмыг суралцаж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Судруудыг уншиж, тунгаан бодох нь илчлэлтийг урихад хэрхэн тусалдаг вэ?

    2. Та судар судлахдаа энэ загварыг дагасан туршлагаа дүрслэн хэл. Энэ загварыг дагах нь таны судар судлах туршлагыг хэрхэн өөрчилсөн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бид хэрхэн судруудыг судлах хэрэгтэйг дүрслэн хэлсэн. Та энэ тодорхойлолтыг уншиж байхдаа судруудыг судалж байхдаа хэрэгжүүлж болох санааг тэмдэглэ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэхдээ уншихаас хавьгүй их зүйлийг хэлж байгаа гэсэн үг. … Би та нарыг заримдаа хэдхэн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, бас дахин уншиж, утгыг нь бодох зуураа ойлголтын төлөө залбирч, дотроо асуулт тавин, сүнслэг өдөөлтийг хүлээн авч, төрсөн бодол санаагаа мартахгүйн тулд, мөн илүү ихийг сурахын тулд бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 11).

Энэ долоо хоногт ахлагч Кристоффэрсоны дүрсэлсэн арга замаар судруудыг уншиж, тунгаан бодох зорилго тавих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 138:12-24, 38-50

Жозеф Ф.Смит өөрсдийн амилалтыг хүлээж буй зөв шударга нас барагсдыг харав

Та ирээдүйн ямар үйл явдлыг хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байна вэ? Та яагаад үүнд баярлаж байна вэ?

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийг үзэгдлээр харахдаа тэр үй олон сүнс цугларсан байхыг харсан. Сургаал ба Гэрээ 138:12-13-ыг уншаад, ямар ямар сүнснүүд цугларсан байсныг олж мэд. Та олж мэдсэн зүйлүүдээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 138:38–49-ийг уншаад, энэ цугларалтад ирсэн зарим хүний нэрийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 138:15–16, 50-ийг унш. Эдгээр зөв шударга сүнс ямар чөлөөлөлтийг хүлээж байсан бэ? Сүнс болон бие махбодын нэгдэх нь яагаад эдгээр зөв шударга сүнсэнд чөлөөлөлттэй адил байж болохыг хэсэг хугацаанд тунгаан бод.

Зөв шударга сүнснүүд сүнс болон бие махбод нэгдсэний дараа хүлээн авдаг адислалуудыг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 138:17-г унш.

Сургаал ба Гэрээ 138:16–17-оос бид дараах сургаалуудыг сурдаг. Бурхан Эцэг болон Есүс Христийн ач ивээлээр дамжуулан бид үхлийн хүлээснээс чөлөөлөгдөнө. Бид амилалтаар дамжуулан баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах болно.

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншихдаа бидний бие яагаад баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах шаардлагатай болохыг олж мэд.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд, гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжийг олгодог. Иймээс бусад хүнтэй харилцах харилцаа, ялган таних ба үнэний дагуу үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг дагах чадварууд нь бидний бие махбодоор дамжуулан боломжтой болсон билээ.

Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдийг чиглүүлж, аз жаргалтай болоход нь тусалж, дахин амилж, өргөмжлөгдсөн биетэйгээр гэртээ аюулгүйгээр буцаж ирэхэд нь зориулагдсан байдаг (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, 2013 оны 5-р сар, 41, 43 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50, 52).

Хэсэг хугацаанд дараах асуултын талаар бодож үз. Баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авахад бидэнд яагаад бие хэрэгтэй байдаг вэ?

Баяр баясгалангийн бүрэн байдал нь Тэнгэрлэг Эцэгийн амсдаг тэрхүү баяр баясгалан юм. Тэнгэрлэг Эцэг мах хийгээд ясан биетэй болой; (С ба Г 130:22-ыг үзнэ үү). Бидний сүнс болон бие махбод салах үед бид Түүнтэй адилгүй болдог бөгөөд баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй (С ба Г 93:33–34-ийг үзнэ үү). Бид Түүнтэй адил болсноор Түүний амсдагтай адил адислал, амар амгалан болоод баяр баясгаланг хүлээн авч чадна.

Сургаал ба Гэрээ 138:51–52-ыг уншаад, амилалт зөв шударга сүнснүүдэд юу хийх боломж олгодгийг дүрсэлсэн нэмэлт хэллэгүүдийг олж мэд. Олсон зүйлээ тэмдэглэх талаар бодож үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТанай найзуудын нэг нь амилалт яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал болохыг тайлбарлахыг танаас хүсэж байна гэж төсөөлөн бод. Сургаал ба Гэрээ 138 болон ахлагч Бэднарын хэлсэн үгнээс одоогийн байдлаар мэдсэн зүйлсээ ашиглаад, судрын тэмдэглэл дээрээ найздаа өгөх тайлбараа бич.

Сүнсний дэлхий дээрх зөв шударга хүмүүс тэднийг чөлөөлж мөн тэднийг “төгс хэлбэрт” нь сэргээх Бурханы “угталт” эсвэл ирэлтийг хүлээж байв (С ба Г 138:16–17). Эдгээр зөв шударга сүнсийг цугларах үед дэлхий дээр юу болж байсныг төсөөлөн бод. Есүс Христ Гетсеманид, загалмай дээр зовж шаналж байв. Сүнсний дэлхий дээрх зарим зөв шударга сүнс тэднийг үхлээс чөлөөлөхийг олон мянган жилийн турш хүлээсэн байдаг. Есүс Христийн золиослол нь эхлээд тэднийг, улмаар бүх хүнийг бие махбодын үхлээс аварсан юм.

Сургаал ба Гэрээ 138:18–24-ийг уншаад мөн эдгээр шүлэг дээр дүрслэгдсэн үйл явдал ямар байсныг төсөөлөн бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Хэрэв та Аврагчийн номлохыг сонсохоор сүнсний дэлхийд байсан бол танд ямар бодол эсвэл сэтгэгдэл төрөх байсан бэ?

    2. Дөнгөж сая таны төлөө Цагаатгалыг хийсэн Аврагчид та хэрхэн хандах байсан бол?

Сургаал ба Гэрээ 138:25-37

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийд сайн мэдээ хэрхэн номлогддог талаар мэдэж авсан.

Сургаал ба Гэрээ 138:20–22-т Аврагчийг сүнсний дэлхийд айлчлан ирэхийг харах боломжгүй зарим сүнс байсныг та анзаарсан байж болох юм. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг 1 Петр дээрх хэсгүүдийг тунгаан бодож байх үед Их Эзэн сүнсний шорон дахь хүмүүс хэрхэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авах боломжтой байхыг түүнд илчилжээ. Сургаал ба Гэрээ 138:29–31-ийг уншаад, сүнсний шоронд байгаа сүнснүүд хэрхэн сайн мэдээний мэдлэг хүлээн авдгийг олж мэд. Та олж мэдсэн зүйлүүдээ тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСайн мэдээ сүнсний шоронд хэрхэн заагддаг талаар судрын тэмдэглэл дээрээ товч тайлбар бичихдээ 29-31-р шүлгүүдээс мэдсэн зүйлсээ ашигла.

Сургаал ба Гэрээ 138:32–37-д ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Есүс Христийн сайн мэдээ шоронд сайн мэдээний талаарх мэдлэггүй нас барсан, мөнх бус амьдралдаа бошиглогчдыг хүлээж аваагүй гэсэн хоёр төрлийн сүнснүүдэд зааж байгааг харснаа бичжээ. Сүнсний шоронд байсан сүнснүүд бүгд Их Эзэний сонгогдсон элчээр дамжуулан наманчилж мөн сайн мэдээг хүлээн авах боломжтой байх болно.

Сургаал ба Гэрээ 138:53-60

Ерөнхийлөгч Смит сүнсний шоронд сайн мэдээг тунхаглах зөвт хийгээд агуу сүнснүүдийг олж хардаг.

Нас барсан зөв шударга гэр бүлийн гишүүд эсвэл өвөг дээдсийнхээ талаар бодож үз. Тэд сүнсний дэлхийд юу хийж байгаа бол гэж та өмнө нь бодож байсан уу?

Энэ үзэгдлээрээ ерөнхийлөгч Жозеф Ф.Смит өөрийн эцэг Хайрум Смит; авга ах Иосеф Смит болон бусад сонгогдсон сүнснүүдийг харсан байна. Эдгээр язгууртан гаралтай сүнс бүгдээрээ мөнх бус амьдралдаа Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулсан хүмүүс байв. Тэд болон өөр олон сүнс дэлхий дээр агуу зүйлсийг гүйцэлдүүлэхээр төрөхөөсөө өмнө бэлтгэгдсэн байжээ.

Сургаал ба Гэрээ 138:57-г уншаад, итгэлтэй ахлагчид нас барсныхаа дараа юуг үргэлжлүүлэн хийдгийг олж мэд. Та олж мэдсэн зүйлүүдээ тэмдэглэж болно.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхий дээрх ажил нь Мелкизедек санваартай тэднээр хязгаарлагддаггүй хэмээн тайлбарлажээ. “Уг ажилд онцгойлон адислагдаж, томилогдож [мөн] үүнд дуудагдсан сайн эгч нар сайн мэдээг тохинуулах бүрэн дүүрэн эрх мэдэлтэй болж, хүчирхэгжих болно” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл [1939], 461).

Сургаал ба Гэрээ 138:57 болон ерөнхийлөгч Смитийн хэлсэн үгнээс суралцаж болох үнэнүүдийн нэг бол мөнх бус амьдралыг орхисныхоо дараа итгэлтэй гэгээнтнүүд сайн мэдээг тохинуулах өөрсдийн хөдөлмөрийг үргэлжлүүлэх явдал юм.

Сургаал ба Гэрээ 138:60-ыг уншаад, ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн бичсэн үнэнүүдийн талаарх гэрчлэлийг олж мэд.

Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд сайн мэдээг хүлээн авч мөн үүний дагуу амьдрах боломжийг хүлээн авах болно гэдгийг мэдэх нь гайхалтай адислал билээ. Бидний ариун сүмд нас барагсдынхаа төлөө хийдэг ажил нь гэм нүглээсээ цэвэршигдэх, сүнсний шоронгоос гэтэлгэгдэх мөн сүнсний дэлхий дээрх гэтэлгэлийн агуу ажилд нэгдэх боломжийг тэдэнд олгодог.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 138-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: