29-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 134
Оршил
1835 оны 8-р сарын 17-нд Сүмийн ерөнхий чуулган Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийн төлөвлөж байсан агуулгыг авч хэлэлцэхээр Огайогийн Көртландад цуглажээ. Бошиглогч Иосеф Смит Мичиган дахь гэгээнтнүүд дээр айлчлан очсон байсан учраас Оливер Каудери цугларалтыг тэргүүлэв. Энэ хурал дээр гэгээнтнүүд засгийн газар болон хуулиудын талаар Сүмийн баримталдаг итгэл үнэмшлийн тухай Оливер Каудерийн бичсэн тунхгийг оруулахыг бүгд санал нэгтэй дэмжсэн байна.
Сургаал ба Гэрээ 134-т ойлгоход хэцүү байж болох үг, хэллэгүүд орсон байдаг. Таныг энэ хэсгийг судлах үед дараах тодорхойлолтын жагсаалт тус болж болох юм.
-
Зөрчихгүй (2-р шүлэг): аюулгүй, зөрчигдөөгүй
-
Төрийн албан хаагчид (3, 6-р шүлэг): Хуулийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагчид
-
Бүгд найрамдах улс (3-р шүлэг): Хүмүүс өөрсдийгөө төлөөлөх удирдагчдыг сонгодог засгийн газар
-
Бүрэн эрх (3-р шүлэг): Хаан эсвэл хатан гэх мэт дээд захирагч
-
Хариуцлага хүлээх (4-р шүлэг): Хариуцлагатай байх
-
Халдах (4-р шүлэг): Хөндлөнгөөс оролцох, хязгаарлах, зөрчих
-
Тодорхойлох (4, 6-р шүлэг): Тогтоох
-
Тулган хүлээлгэх (4-р шүлэг): Ямар нэг арга замаар хүмүүст аливаа зүйлийг хийхийг тушаах
-
Нухчин дарах (4-р шүлэг): Хязгаарлах, хориглох
-
Салшгүй (5-р шүлэг): Үгүйсгэх аргагүй, авч болохгүй
-
Үймээн самуун (5, 7-р шүлэг): Засгийн газрын удирдагчдын эсрэг эсэргүүцэл
-
Хүндэтгэх (6-р шүлэг): Дагаж мөрдөх, захирагдах
-
Түргэдэх (6-р шүлэг): Солигдох
-
Эмх замбараагүй явдал (6-р шүлэг): Хууль ёсгүй байдал—дүрэм журам, засгийн газар байхгүй байх эсвэл дүрэм журам, засгийн газраа эсэргүүцэх
-
Үгүйсгэх (7, 9-р шүлэг): Хориглох
-
Хуйвалдаан (7-р шүлэг): Засгийн газар эсвэл бусад байгууллагыг түлхэн унагахын тулд нууцаар хамтарч ажиллах үйлдэл
-
Алдагдуулах (8-р шүлэг): Эвдэх эсвэл зөрчих
-
Гомдлыг барагдуулах (11-р шүлэг): Ямар нэгэн зүйлийг зөв болгох
-
Халдлагууд (11-р шүлэг): Хууль бус халдлагууд
-
Онцгой тохиолдолд (11-р шүлэг): Яаралтай хэрэгцээтэй
-
Боолчлол (12-р шүлэг): эрх чөлөөгүй, хараат байдал
Сургаал ба Гэрээ 134:1–4
Засгийн газрын үүргүүдийг тодорхой тайлбарлав
-
Танай гэр бүл өөр нэг гэр бүлтэй хамтран шинэ засгийн газартай шинэ улс орон үүсгэн байгуулах гэж байна гэж төсөөлөн бод. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Засгийн газар ямар зорилготой гэж та бодож байна вэ?
-
Хэрэв та шинээр байгуулагдсан улс орныхоо удирдагч нь байсан бол ямар ямар хууль тогтоомжийг гаргах байсан бэ?
-
Энэ хичээлийн болон Сургаал ба Гэрээ 134-р хэсгийн оршлыг эргэн хар. Гэгээнтнүүд яагаад засгийн газар болон хуулийн талаар тунхаг гаргах хэрэгтэй гэж үзсэн шалтгааныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 134:1-ийг уншаад, засгийн газар гэсэн санааг хэн үндэслэн байгуулсныг олж мэд. Энэ шүлгээс олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах үнэнийг гүйцээ. Засгийн газрууд … ашиг тусын тулд үндэслэн байгуулагдсан .
Бид 1-р шүлгээс бас дараах үнэнийг сурдаг. Засгийн газрын албан хаагчид “нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө” Бурханы өмнө хариуцлага хүлээдэг.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах зүйлсийг хий. Тухайлбал:
-
Засгийн газрын удирдагчдын “нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө” хийж чадах хэдэн зүйлийг жагсаан бич.
-
Сургаал ба Гэрээ 134:2-ыг уншаад, засгийн газрын хамгаалах ёстой гурван эрхийг олж мэд. Эдгээр эрхийг жагсааж бич.
-
Сургаал ба Гэрээ 134:4-ийг уншаад, засгийн газрын хамгаалах ёстой өөр нэг эрхийг олж бич.
-
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “хүн төрөлхтний агуу гурван эрх” хэмээн нэрлэгддэг зүйлсийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцсан. Түүний дараах мэдэгдэлд орсон “Үндэслэн байгуулагч Эцгүүд” хэмээх хэллэг нь Америкийн Нэгдсэн Улсын засгийн газрыг үүсгэн байгуулсан эрсийг хэлж байгаа юм.
“Тусгаар тогтнолын тунхаг нь Үүсгэн байгуулагч Эцгүүдийн Бурханд итгэх итгэлийг дараах үгсээр батлан харуулдаг. ‘Бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй бүтээгддэг, тэдэнд Бурханы тэдэнд соёрхсон халдашгүй дархан эрх өгөгдсөн байдаг бөгөөд тэдгээрийн амьд байх, эрх чөлөөтэй байх болон аз жаргалыг эрэлхийлэх эрхтэй хэмээх эдгээр үнэнийг бид хүлээн зөвшөөрдөг.’
Сургаал ба Гэрээнд ‘Ийм хуулиуд боловсруулж мөрдөн мөн зөрчихгүй, тэрчлэн ухамсрын чөлөөт байдал, өмчийн эрх хийгээд хяналт, мөн амь насаа хамгаалах явдлыг хувь хүн болгонд хангаж өгөхгүйгээр засгийн газар энх тайванд оршиж чадахгүй гэдэгт бид итгэдэг’ хэмээн дурдсан байдаг (С ба Г 134:2). Амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгө—хүн төрөлхтний гурван агуу эрх юм” (“Our Divine Constitution,”Ensign, 1987 оны 11-р сар, 4).
-
Сургаал ба Гэрээ 134:2 дээр жагсаан бичсэн эрхүүдийг засгийн газар хэрхэн хамгаалж болох хэдэн жишээг судрын тэмдэглэл дээрээ бич. Дараа нь Сургаал ба Гэрээ 134:3-ыг уншаад, засгийн газрын удирдагчид нь хуулиа баримталж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зарим улс орны иргэдийн хийж чадах ямар нэг зүйлийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 134:5–6, 8
Иргэн хүний үүрэг хариуцлагыг тодорхой тайлбарлав
Та өөрийгөө засгийн газар нь үндсэндээ иргэдийнхээ эрхийг хамгаалдаг ч саяхан таны саналд нийлэхгүй нэг хуулийг баталсан газар амьдарч байна гэж төсөөлөн бод. Дараах хариултуудын аль нь хамгийн тохиромжтой байна вэ? (Нэгийг нь дугуйл.)
-
Засгийн газрын хуулийн алийг нь ч дагахгүй байхаар шийдэж, эсэргүүцэх
-
Санал нийлэхгүй байгаа хуулийг тань гаргасан засгийн газрын албан тушаалтанд заналхийлж эсвэл гэмтэл учруулах
-
Засгийн газрыг унагахын тулд хүмүүсийг цуглуулах
-
Үзэл бодол эсвэл асуудлаа хуулийн дагуу илэрхийлж, хуулиудыг дуулгавартай дагаж засгийн газраа дэмжиж, тулах.
Сургаал ба Гэрээ 134:5–6-г уншаад, энд иргэний үүргийн талаар юу зааж байгааг олж мэд.
Энэ шүлгийн зааж буй нэг зарчим бол бид амьдардаг газрынхаа засгийн газрыг дэмжиж, туслах үүрэгтэй.
Итгэлийн тунхгийн хэд дэх хэсэг энэ зарчмыг танд сануулж байна вэ? (Хариултаа шалгахын тулд Агуу Үнэт Сувд дээрх Итгэлийн тунхгийг үзнэ үү.)
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Иргэдийн хувьд засгийн газраа дэмжиж, туслах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 134:6-д цэдэглэгдсэнээр, Бурхан биднээс тэнгэрлэг хуулиуд болон хүмүүний хуулиудыг хүндэтгэж мөн дуулгавартай дагахыг хүсдэг. Орон нутгийн хууль бидний итгэл үнэмшилтэй нийцэхгүй байвал бид юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Та энэ асуултын талаар бодож байхдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн өгсөн дараах мэдэгдлийг унш.
“Бурханы илчлэгдсэн үгийн дагуу тавигдсан шаардлагууд болон төрийн хуулиар оноогдсон шаардлагуудын хооронд зөрчилдөөн үүссэн тохиолдолд Сүмийн гишүүд эдгээр эрх мэдлийн алийг нь дагах үүрэгтэй вэ? Үүнд хариулахад Христийн үгсийг ашиглаж болох юм. Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өгөх нь хүмүүсийн үүрэг юм [Лук 20:21–25-ыг үзнэ үү] …
Шашны эрх чөлөө [Бурханаар] өгөгдсөнийг хүлээн зөвшөөрөх ёстой ч улсынхаа хуульд захирагдах нь гэгээнтнүүдийн үүрэг юм. Хэдий тийм ч, тэд засгийн газрынхаа иргэн буюу харьяатын хувьд шашнаа шүтэн бишрэх эрх чөлөөг өөрсдийнхөө болон бүх хүмүүний төлөө хамгаалахын тулд зохих бүх арга хэмжээг авах ёстой. Тэднээс хууль бусаар хавчин гадуурхагчдын тогтоосон дарангуйлал доор эсвэл шударга бус хуулийн үйл ажиллагааг эсэргүүцэлгүйгээр зовж шаналахыг шаардаагүй; харин тэдний эсэргүүцэл хуулийн болон зөв хэв журмын дагуу байх ёстой. Шударга бус эрх мэдэлтний өмнөөс эсэргүүцэн хүмүүний цэвэр алдаа гаргаж байсны оронд хилэнцийг тэвчиж байсан нь дээр гэдгийг гэгээнтнүүд амьдралаараа харуулсан гэж хэлж болно” (The Articles of Faith, 12 дахь хэвлэл, [1924], 422–23).
-
Засгийн газар болон хуулийг дэмжиж, тусалдаг өөрийнхөө мэддэг хүмүүсийн талаар бод. Судрын тэмдэглэл дээрээ тэдний нэг эсвэл хоёрынх нь талаар бич. Засгийн газар болон хуулийн дэмжиж, туслахын тулд тэд юу хийж байгааг та нар харж байсан бэ?
Бид Сургаал ба Гэрээ 134:8-аас засгийн газар нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүст шийтгэл ноогдуулах үүрэг хариуцлагатай гэдгийг мөн иргэд “сайн хуулиудын эсрэг хэрэгтнүүдэд шийтгэлийг авчрахад” туслах үүрэгтэй хэмээн уншдаг.
-
Та засгийн газар болон засгийн газрын хуулиудыг дэмжиж, туслахын тулд хийх зүйлээ дүрслэн судрын тэмдэглэл дээрээ богино догол мөр бич.
Сургаал ба Гэрээ 134:7, 9–10, 12
Шашин ба засгийн газрын хоорондын харилцааг дүрслэв
Бид Сургаал ба Гэрээ 134:7, 9–10, 12-оос засгийн газрууд нь шашны зан үйлийг хамгаалдаг хуулийг гаргах ёстой ч, нэг шашинд давуу эрх олгох ёсгүй хэмээн уншдаг. Бид бас шашны нийгэмлэгүүд нь дэг журамгүй гишүүдээ хөөх эсвэл тэднийг гишүүнчлэлээс хасаж шийтгэх эрхтэй ч, эдгээр нийгэмлэгт гишүүдийнхээ өмч хөрөнгийг хураан авах эсвэл бие махбодод нь гэмтэл учруулах шийтгэл ногдуулах эсвэл шүүж яллах эрх мэдэл байхгүй.
Сургаал ба Гэрээ 134:11
Засгийн газраасаа тусламж хүсэх эрхийг тайлбарлав
Сургаал ба Гэрээ 134:11-д цэдэглэгдсэнээр, хэрэв иргэд бусдын шударга бус үйлдэлд өртсөн бол засгийн газраасаа тусламж хүсэх эрхтэй байх ёстой. Энэ шүлэг иргэд яаралтай шаардлага гарсан, мөн засгийн газар нь туслах боломжгүй үед өөрсдийгөө болон бусдыг хамгаалах зүй ёсны эрхтэй хэмээх тунхгийг бас агуулдаг.
Та улс орныхоо эсвэл нийгмийнхээ юунд талархаж явдгаа бодож үз.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 134-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: