28-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 131
Оршил
Сургаал ба Гэрээ 131-т 1843 оны 5-р сарын 16–17-нд Иллинойгийн Рамуст бошиглогч Иосеф Смитийн заасан зарчмуудын эмхэтгэл агуулагддаг. Тэрээр гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ болон итгэлтэй хүмүүст ирэх мөнх амьдралын адислалын талаар заажээ. Мөн тэрээр бүх сүнс матери мөн гэж заав.
Сургаал ба Гэрээ 131:1–4
Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн гэрээний ач холбогдлын талаар заав
Их Эзэн мөн Сүмийн удирдагчид яагаад ариун сүмд гэрлэхэд тийм их ач холбогдол өгдөг вэ? Сургаал ба Гэрээ 131 энэ асуултад хариулахад бидэнд тусалдаг. Мөн дараагийн хичээлээр таны судлах Сургаал ба Гэрээ 132 нь мөн адил тусална.
1843 оны 5-р сарын 16-нд бошиглогч Иосеф Смит Иллинойгийн Рамус руу аялжээ. Тэрээр Бэнжамин болон Мэлисса Жонсонгийн гэрт байрлаж байхдаа тэдний эхнэр, нөхрийн хувьд мөнхөд холбогдох лацдан холболтыг хийж гүйцэтгэсэн байна (ариун сүм баригдаж дуусах хүртэл энэ ёслолыг түр хугацаанд зөвшөөрсөн юм). Мөн тэрээр мөнхийн гэрлэлт нь хэрхэн селестиел хаант улстай холбогддогийг заав. Эдгээр үнэн нь Сургаал ба Гэрээ 131:1–4-т цэдэглэгдсэн байдаг. (History of the Church, 5:391–392-ыг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 131:1-ийг уншаад, бошиглогчийн селестиел хаант улсын талаар илчилсэн үнэнийг олж мэд. Дараа нь дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Селестиел хаант улсад тэнгэр буюу зэрэглэл байдаг.
Бид ихэвчлэн селестиел хаант улс дахь алдар суугийн хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахыг өргөмжлөл эсвэл мөнх амьдрал гэж хэлдэг. Селестиел алдар суугийн энэ зэрэглэлийг хүлээн авах хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн амьдардгийн адил амьдралын хэв маяг, төгс байдалд амьдрах болно.
Сургаал ба Гэрээ 131:2–4-ийг уншаад, бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэд. (Сургаал ба Гэрээ 131:1–4 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг хялбархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)
2-р шүлгээс сурсан зүйлс дээрээ дараах сургаалтай холбоотой өгүүлбэрийг гүйцээж бич. Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд орох ёстой.
Сургаал ба Гэрээ 131:4-өөс бид зохих эрх мэдлээр ариун сүмд лацдан холбогдоогүй бол “өсөн нэмэгдэж үл чадна” гэдгийг сурдаг. Өсөн нэмэгдэх гэдэг нь селестиел хаант улсад үргэлжлүүлэн хүүхэдтэй болох боломжийг хэлдэг.
2-р шүлэг дэх “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэсэн хэллэгийг анхаар. Энэ агуулгаар хэрэглэгдсэн шинэ гэдэг үг нь энэ гэрээ нь бидний эрин үед шинээр сэргээгдсэн гэсэн утгатай юм. Үүрдийн гэдэг нь энэхүү чухал гэрээ мөнхөд үргэлжилнэ гэсэн үг юм. Бид зөвхөн ариун сүмд энэхүү селестиел хаант улсын гэрээнд ордог.
Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох селестиел гэрлэлт нь ямар арга замаар тэднийг өргөмжлөлд бэлтгэдэг гэж та бодож байна вэ? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар уг асуултын талаар зарим чухал ойлголтыг өгсөн юм. Та түүний заасан зүйлийг уншихдаа селестиел гэрлэлт нь хэрхэн биднийг мөнх амьдралд бэлтгэгдэхэд тусалдаг талаар тайлбарласан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.
“Бидэнд Эцэгийн төлөвлөгөөнд мөнхийн гэрлэлт яагаад чухлыг ойлгоход тусалдаг хоёр үндэслэлтэй шалтгаан бий.
1-р шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй сүнснүүд нь бие биеэ гүйцээж, нэг нэгнээ төгөлдөржүүлдэг ба эрэгтэй, эмэгтэйчүүд өргөмжлөл рүү хамтдаа өсч хөгжихөөр төлөвлөгдсөн байдаг. …
Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь төгс төгөлдөр ба алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн нь өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ нэгдэлд өөр өөр байдлаар, адил тэгш эрхтэйгээр хувь нэмэр оруулдаг бөгөөд нэгдмэл байдлыг үүнээс өөр байдлаар бий болгох боломжгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ суралцаж мөн бие биенээ хүчирхэгжүүлж, адисалснаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гүйцээж, төгс болгон мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг гүйцээж, төгс болгодог.
2-р шалтгаан: Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хүүхдүүдийг мөнх бус байдалд авчирч, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэгтэй.
Хайраар дүүрэн мөн үнэнч шударга эцэг, эхтэй гэр бүл нь хүүхдүүд хайр, зөв шударга байдалд өсч хүмүүжин мөн тэдний сүнслэг болон материаллаг хэрэгцээгээ хангаж болох хамгийн шилдэг тогтолцоо юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвөрмөц ялгаатай байдал нь гэрлэлтийн харилцааны бүрэн дүүрэн байдалд хувь нэмэр болдгийн адил эдгээр адил төстэй зан чанар нь хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлэн, тэдэнд заахад мөн адил чухал байдаг” (“Marriage Is Essential to His Eternal Plan,”Ensign, 2006 оны 6-р сар, 83–84; эсвэл Лиахона, 2006 оны 6-р сар, 51–52).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Селестиел гэрлэлт нь өргөмжлөлд зайлшгүй чухал байдаг хэмээх сургаалыг ойлгох нь ирээдүйн хань ижлээ ямар байгаасай гэж хүсэхэд тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Та нарын насанд яагаад “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг” (С ба Г 131:2) хүлээн авахад бэлтгэхийг эн тэргүүнд тавих хэрэгтэй байдаг вэ?
-
Энэ амьдралд селестиел гэрлэлтийг хүлээн авах боломжгүй байсан хүмүүст өргөмжлөлийн адислалууд боломжтой байх болно. “Сүмийн зарим гишүүн хэдийгээр гэрлэхийг хүсэж байгаа ч өөрсдийнх нь буруугаас биш ч ганц бие хэвээр үлддэг. Хэрэв та ийм нөхцөл байдалд байгаа бол ‘Бурханыг хайрладаг тэдний сайн сайхны төлөө бүх юмыг хамтдаа ажиллуулна’ (Ром 8:28) гэдгийг сана. Хэрэв та зохистой хэвээр байх аваас хэзээ нэгэн өдөр танд энэ амьдралд эсвэл дараачийн амьдралд мөнхийн гэр бүлийн харилцааны бүх адислал өгөгдөх болно. Их Эзэн энэ амлалтыг хожмын үеийн бошиглогчдоороо дамжуулан дахин дахин өгсөн юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 99).
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 131:1–4
-
Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг гурван удаа унш. Эдгээр шүлэг дэх үнэнүүдийг тайлбарлахад туслах зураг зур. Энэ төгс эзэмших судрын хэсгийг гэр бүлийн гишүүн эсвэл найздаа зааж өгөх боломжийг эрэлхийл. Үнэнүүдийг тайлбарлахад туслах зургаа ашиглах талаар бодож үз. Хэнд мөн хэзээ заасан тухайгаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 131:5–6
Иосеф Смит “бошиглолын илүү баттай үг” гэсэн хэллэгийг тайлбарлав
Баталгаа гэдэг нь ямар нэгэн зүйл ирээдүйд тохиолдох болно гэсэн амлалт эсвэл нотолгоо юм.
Дараах асуултуудыг бодож үз. Тухайлбал: Баталгаатай байхын давуу тал юу вэ? Тэнгэрлэг Эцэгээс ирэх баталгаа нь яагаад онцгой үнэ цэнтэй байдаг вэ?
1843 оны 5-р сарын 17-нд Иллинойгийн Рамуст бошиглогч Иосеф Смит Бурханаас ирэх баталгааг төлөөлөх 2 Петр 1:19 дэх номлолыг айлдсан юм (History of the Church, 5:392-ыг үзнэ үү). 2 Петр 1:19-ийг нээгээд, “илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үг” гэдгийг ол. Дараа нь “бошиглолын илүү баттай үг” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 131:5-ыг унш.
-
Сургаал ба Гэрээ 131:5-д цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг бошиглолын илүү баттай үгээр ямар баталгааг хүнд өгдөг вэ? Хэрэв та ийм баталгааг хүлээн авсан бол танд ямар санагдах байсныг судрын тэмдэглэл дээрээ бич.
Зарим хүн мөнх бус байдалд байхдаа мөнх амьдралын энэхүү баталгааг хүлээн авдаг. Бид заримдаа Их Эзэн энэхүү баталгааг тодорхой хэдэн хүнд өгснийг харуулсан хэсгүүдийг судруудаас хардаг. Жишээлбэл, Их Эзэн Сургаал ба Гэрээ 132:49-д Иосеф Смитэд уг баталгааг өгсөн ба Мозая 26:20-д Алмад уг баталгааг өгсөн байдаг. Энэ нь хувь хүн, Их Эзэн хоёрын хоорондох хувийн асуудал учраас бид “бошиглолын илүү баттай үг”-ийг хүлээн авсан хүмүүсийн тухай таамаг дэвшүүлэх шаардлагагүй юм.
Сургаал ба Гэрээ 131:6-г уншаад, хэн нэгэнд мөнх амьдралыг хүлээн авахад нь саад болох зүйлсийг олж мэд.
Бошиглогч Иосеф Смит юу аврагдаж, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг хүмүүнд олгодог гэж хэлсэн бэ? Дараах зарчмыг гүйцээж бич. Бид аврагдаж чадахгүй.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни энэ нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлажээ. Тэрээр: “‘Цорын ганц үнэн Бурхан … болон … Есүс Христийг’ (Иохан 17:3) мэдэх нь дэлхий ертөнц дээрх хамгийн чухал мэдлэг юм; Энэ нь бошиглогч Иосеф Смитийн үүнгүйгээр хэн ч аврагдаж чадахгүй гэж хэлсэн мэдлэг юм. Энэ мэдлэггүй харанхуй бүдүүлэг байдлыг илчлэлтэд, ‘Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө’ хэмээсэн байдаг. (C ба Г 131:6.)” (“Except a Man Be Born Again,” Ensign, 1981 оны 11-р сар, 14).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд ямар мэдлэгтэй байх ёстой вэ? Яагаад энэ мэдлэг нь бидний авралд зайлшгүй чухал гэж та бодож байна вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаарх мэдлэгээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?
-
Сургаал ба Гэрээ 131:7–8
Иосеф Смит бүх сүнс матери мөн гэж заав
Сургаал ба Гэрээ 131:7–8-ыг уншаад, сүнс нь юунаас бүрддэгийг олж мэд.
Эдгээр шүлэг нь бүх бүтээл материас бүрддэг боловч сүнсний матери бол “илүү нарийн, эсвээс цэвэр” гэж заасан байна (С ба Г 131:7). Бүх юмыг матери хэмээх зүйлээс бүтээсэн байдаг. Бошиглогч Иосеф Смит бидний сүнс бол Их Эзэний тусламжгүйгээр бидний нүд харж чадахгүй тийм нарийн эсвээс цэвэр материас бүрдсэн байдаг гэж тайлбарлажээ.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 131-ийг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: