Семинар
9-р бүлэг: 4 дэх өдөр, Огайод


9-р бүлэг: 4 дэх өдөр

Огайод

Оршил

1831 оны 1-р сарын эцэс гэхэд бошиглогч Иосеф Смит, түүний эхнэр Эмма, Сидней Ригдон болон Эдвард Партриж нар Нью-Йоркийг орхин Огайо руу явсан байв. Нью-Йорк дахь Сүмийн гишүүдийн ихэнх нь дараагийн таван сард тэднийг даган нүүжээ.

Огайод цугларсан гэгээнтнүүд асар ихээр адислагдсан. Бошиглогч Иосеф Смитээр дамжин үргэлжлэн ирэх илчлэлтүүд нь тэднийг Есүс Христийн сайн мэдээг илүү гүн гүнзгий ойлгоход хөтөлж байв. Түүнээс гадна, тэд ариун сүм барьж, сайн мэдээг номлосноор ирэх адислалуудыг хүлээн авч байсан. Огайо дахь Сүм тоо хэмжээ, сүнслэг хүч чадлаараа өсөхийн зэрэгцээ Сүм болон удирдагчдын эсрэг хатуу эсэргүүцэл мөн адил ихсэх болжээ. Аажимдаа, 1838 оны 1-р сард Сүмийн олон гишүүн Огайогоос зугтан, Миссурид амьдарч байсан гэгээнтнүүдтэй нэгдэв. Энэ хичээл танд Огайо дахь гэгээнтнүүдэд тохиолдсон үйл явдлын товч тоймыг танилцуулах болно. Та дараа дараагийн хичээлд эдгээр үйл явдал болон сургаалуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна.

Их Эзэн гэгээнтнүүдэд амласан адислалыг хүлээн авахын тулд Огайод цугларахыг зарлиглав

Та өөрөө эсвэл танай гэр бүлийн аль нэг гишүүн шинэ байранд нүүж орж байсан уу? Нүүх үед тулгарсан бэрхшээлүүдийн зарим нь юу байв? Нүүснээр ямар ямар адислал ирсэн бэ?

Нүүх шалтгаан нь янз бүр байж болох ч, ихэвчлэн шинэ газарт тэдний амьдрал сайжирна гэдэгт итгэсэн болохоор хүмүүс өөр газар руу нүүх золиослол гаргадаг.

Сургаал ба Гэрээ 37–38-р хэсгээс мэдсэн зүйлээсээ Их Эзэн гэгээнтнүүдийг Нью-Йоркоос Огайо руу нүүх зарлиг өгөхөд эргэн тойронд нь болсон үйл явдлыг сана. Их Эзэн Огайод цугларахыг зарлиглахдаа тэдэнд тодорхой адислалуудыг хүлээн авна хэмээн амласан.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуулж бич.

    Амлалтууд

    C ба Г 38:31–32

    а.

    б.

    в.

    г.

    С ба Г 38:33

    д.

    С ба Г 42:61

    е.

    Сургаал ба Гэрээ 38:31–32-ыг уншаад, гэгээнтнүүд Огайод ирээд хүлээн авна хэмээн Их Эзэний хэлсэн дөрвөн зүйлийг “Амлалтууд” баганын а-аас г-ийн хариулт болгон жагсааж бич.

    Сургаал ба Гэрээ 38:33-ыг уншаад, хүснэгт дэх д-ийн хариулт болгож Их Эзэн номлогчдыг хаана илгээнэ хэмээн хэлснийг бич.

    Бошиглогч Иосеф Смит Огайод ирснийхээ дараахан Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Сургаал ба Гэрээ 42:61-ийг уншаад, Их Эзэний өгсөн бусад амлалтыг олж тогтоо. Хүснэгт дэх е-ийн хариулт болгож, “илчлэлт дээр илчлэлт … хүлээн авах” гэж бич.

Энэ хичээлийн дараагийн дөрвөн хэсэг нь Их Эзэний хүмүүс Огайод 1831–1838 оны хооронд цугларах үед Тэрээр тэдгээр амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар илүү ихийг суралцахад тань туслах болно.

“Би та нарт Өөрийн хуулийг өгөх болно” (С ба Г 38:32)

Гэгээнтнүүдийг Огайод цугларахад Их Эзэн Өөрийн хуулийг тэдэнд өгнө хэмээн амласан. Яагаад хуулиуд чухал байдаг вэ? Яагаад Их Эзэний Сүмд хуулиуд чухал байдаг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 42-р хэсгийн оршлыг унш. 1831 онд гэгээнтнүүдийг Огайод ирсний дараа Их Эзэн Өөрийн амлалтыг биелүүлж, Сүмийн хууль гэж нэрлэгдэх илчлэлтийг өгсөн. Энэ хууль нь Сүмийн үйл ажиллагааны удирдамж болох зарлиг, зааврыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 42-р хэсгийн тоймыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарим хууль, зарлигийг олж мэд. (Хэсгийн тойм нь 1-р шүлгийн өмнө байгаа. Үүнд шүлгийн дугаар, товч тоймыг өгдөг.) Та уншиж байхдаа “Өмч хөрөнгийн өргөлийг зохицуулах хуулиуд толилуулагдав” гэсэн үгсийг тэмдэглэж болно.

Энэ илчлэлтээр Их Эзэн өргөлийн хуулийг өгсөн. Энэ хууль нь “эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы хаант улсыг байгуулж хөгжүүлэхэд цаг хугацаа, авьяас чадвар болон материаллаг эд хөрөнгөө сайн дураараа зориулна гэсэн тэнгэрлэг зарчим” юм (Судруудын удирдамж, (“Ариулан адислах, өргөлийн хууль” болон scriptures.lds.org-оос үзнэ үү.) Сүмийн бизнес болон материаллаг талыг зохицуулж, ядууст туслан, гэгээнтнүүдийн дунд шунахай сэтгэлийг үгүй хийхийн тулд Нэгдсэн пүүсийг (Нэгдсэн журам гэж бас нэрлэгддэг) байгуулах зарлигийг Сүмийн удирдагчид хүлээн авав. Нью-Йоркоос ирсэн олон гэгээнтэн өөрсдийн гэр орон, өмч хөрөнгийг ардаа орхин ирэх шаардлагатай байсан болохоор энэ нь гэгээнтнүүдийн хувьд адислал байсан. Нэгдсэн пүүс нь номлолын ажил, илчлэлтүүдийг хэвлэх гэх мэт Сүмийн ажлуудыг мөнгөөр санхүүжүүлж байв. Дараа дараагийн хичээлд та өргөлийн хууль болоод уг хууль нь хэрхэн гэгээнтнүүдэд нөлөөлсөн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авах болно.

“Та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно” (С ба Г 38:32)

Түүнчлэн Их Эзэн гэгээнтнүүдийг Огайод ирэх үед “тэнгэрийн хүчээр” хишиг хүртээх болно хэмээн амласан (С ба Г 38:32). Хишиг бол бэлэг юм. Сургаал ба Гэрээ 88:119-ийг уншаад, Их Эзэний Огайо дахь гэгээнтнүүдэд өгсөн зарлигийг олж мэд. Энэ шүлэгт орсон “өргөө” гэх үгээр ариун сүмийг хэлж байгаа юм. Огайогийн Көртланд дахь Көртландын ариун сүм нь энэ эрин үед баригдсан анхны ариун сүм байлаа. Сургаал ба Гэрээ 95:8-ыг уншаад, ариун сүмд тэдэнд ямар хишиг хүртээнэ хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд.

Көртландын ариун сүм

Көртландын ариун сүмийг гурван жил барьсан аж. 1836 онд энэхүү ариун сүмийг онцгойлон адисалсны дараа гэгээнтнүүдэд хүч чадлын хишиг хүртээнэ гэсэн амлалтаа Их Эзэн биелүүлж эхэлсэн ба тэд гайхамшигт сүнслэг адислалуудыг мэдэрчээ. Жишээлбэл, Их Эзэн Мосе, Елиас, Елиа гэсэн гурван тэнгэрлэг элчийг Көртландын ариун сүмд дэлхий дээр санваарын чухал түлхүүрүүдийг сэргээлгэхээр илгээсэн. Эдгээр түлхүүр нь гэгээнтнүүдэд ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж мөн амьд ба насан өөд болсон гэр бүлүүдийн аль алиныг нь мөнхөд лацдан холбох эрх мэдлийг өгөх байв. Түүнээс гадна, энэ үед “Израилыг цуглуулах түлхүүрүүд” сэргээгджээ (С ба Г 110:11). Эдгээр түлхүүрээр дамжуулан, номлогчдод дэлхий даяар сайн мэдээг заах хүч өгөгддөг.

Та нар “Бүх үндэстнүүдийн дотор урагш одох ёстой” (С ба Г 38:33)

Көртландын ариун сүм онцгойлон адислагдаж, Израилийг цуглуулах түлхүүрүүд сэргээгдсэний дараа, Есүс Христийн сайн мэдээг өөр олон газарт номлож эхэлсэн. Гурамсан судрын ард байх Сүмийн түүхийн газрын зургаас “АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани болон Огайо нутаг” нэртэй 3-р газрын зургийг гарга. Огайогийн Көртланд нь дэлхий даяар “бүх үндэстнүүдийн дотор” сайн мэдээг заахаар номлогчдыг илгээж эхлэхэд яг тохирсон байршилтай байгааг анхаар (С ба Г 38:33). Көртланд нь АНУ-ын хэд хэдэн тээврийн гол замын ойролцоо байсан. Номлогчид Америкийн том голууд болон Ери нуурын завинд суухын тулд Көртландаас богино зайд л аялах хэрэгтэй байв. Мөн тэд урд зүгт улсын замын сүлжээнд мөн хойд зүгт сувгийн сүлжээнд орох боломжтой байв. Ийм учраас Көртланд нь Канад, Их Британи болон Нэгдсэн Улсын бусад хэсэг рүү явах номлолын аяныг эхлүүлэх газар байсан юм.

Энэ үед хийгдсэн номлогчийн ажлын ачаар дэлхий даяарх Сүмийн гишүүдийн тоо мянга мянгаар нэмэгдсэн. 1837 онд ахлагч Хибер С.Кимбалл, ахлагч Оорсон Хайд хоёр өөр таван хүний хамт Их Британид номлолд дуудагдсан ба тэнд тэд 2000 орчим хүнд баптисм хүртээжээ. 1838 онд мөрдлөг хавчлагын улмаас гэгээнтнүүдийг Көртландыг орхин нүүх үед дэлхий даяарх 18000 шахам гишүүний 2000 орчим нь Көртландад амьдарч байв.

“Чи илчлэлт дээр илчлэлт хүлээн авах болно” (С ба Г 42:61)

Сургаал ба Гэрээний агуулгын он тооллын дарааллыг гаргаад (оршлын дараа байх), ихэнх илчлэлтийг хаана хүлээн авсныг олж хар.

Та нарын олж харснаар Огайод өөр бусад газраас илүү олон илчлэлтийг хүлээн авсан. Гэгээнтнүүд Огайод цугларвал илчлэлт дээр илчлэлт хүлээн авна хэмээх Их Эзэний амлалт биелэгдсэн.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах хэсэг бүрийн оршил болон тоймыг унш. Дараа нь уг илчлэлт юуны талаар болохыг цөөн үгээр дүгнэж бичээд, уг илчлэлт Сүмийг болон таны амьдралыг хэрхэн адисалсан талаар цөөн хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

    1. С ба Г 76

    2. С ба Г 84

    3. С ба Г 89

Гэгээнтнүүдийг Огайод байхад Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Сүмийн удирдлагыг зохион байгуулахыг зааварлажээ. Тэр үед Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулга албан ёсоор зохион байгуулагдсан. Мөн тэр үед Иосеф Смит Библийн орчуулгын ажлаа үргэлжлүүлэн хийж байлаа.

Огайо дахь итгэгчдийг эсэргүүцэл, урвалт нөмрөв

Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдийг адисалж байсан ч Сүмийн эсрэг эсэргүүцэл улам бүр ширүүссээр байв. Гэгээнтнүүдийг Көртландад ирсэн даруйд Сүмийг шүүмжлэгчид Сүм рүү дайралт хийж эхэлжээ. Эдгээр дайралтын ихэнх нь худал гүтгэсэн түүх, өгүүллийг сонинд хэвлүүлэх маягаар хийгдэж байв.

Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит эдгээр хэвлэлийн талаар: “Олон худал мэдэгдэл, хуурмаг үгс болон балмад түүхүүд сонинуудад хэвлэгдэж, бүхий л газар тараагдаж байгаа бөгөөд энэ нь хүмүүст ажлыг сонирхох буюу итгэлийн хүлээн авахад саад болж байлаа” хэмээн хэлжээ (History of the Church, 1:158).

Эдгээр болон өөр бусад бэрхшээлээс үл хамааран, ялангуяа 1836–1838 оны туршид гэгээнтнүүд Көртландад цугларсаар байв. 1836 онд Иосеф Смит, Көртландын ариун сүмийн барилгын зардлаас болж өрөнд дарагдсан байсан юм. Сүм хэдийгээр их газар эзэмшдэг байсан ч зээлээ төлөхөд бэлэн мөнгө хэрэгтэй байлаа. Сүмийн зээлийн хэрэгцээ болон Көртланд дахь хүн амын өсөлтийн улмаас Сүмийн удирдагчид орон нутагтаа банк нээхээр төлөвлөж байв. Огайо мужийн хууль тогтоох байгууллага банк үүсгэн байгуулах хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн байна. Банк байгуулахын оронд, гэгээнтнүүд Көртландын Аюулгүйн Нийгэмлэгийг байгуулсан ба энэ нь банкны адил үйл ажиллагаа явуулдаг байв.

1837 онд Нэгдсэн Улс даяар эдийн засгийн хямрал нүүрлэв. Улс орон бүхэлдээ хямралд автан, хэд хэдэн банк дампуурсан юм. Түүнээс гадна, Көртландын Аюулгүйн Нийгэмлэгийг удирдаж байсан зарим хүн ажилдаа зөв шударга байсангүй. Көртландын Аюулгүйн Нийгэмлэг бас хаагдахаас өөр аргагүй болж, үүнд хөрөнгө оруулсан зуу зуун хүн бараг бүх оруулсан хөрөнгөө алдахад хүрэв. Иосеф Смитийн алдагдал бусад бүх хүнийхээс их байлаа. Олон гэгээнтэн санхүүгийн бэрхшээлдээ бошиглогчийг буруутган, хэд хэдэн хүн түүнийг шүүхэд өгчээ. Көртландын Аюулгүйн Нийгэмлэгийг байгуулахад тусалсан Сүмийн удирдагчид хувь хүн банкны үйл ажиллагаа явуулдаг хувийн компани байгуулах хуулийн эрхтэй гэж ташаа бодсон байсан ба Огайогийн банкны хуулийг зөрчсөнөөс болж тэдэнд 1000 ам.долларын торгууль оногджээ.

Эдгээр бэрхшээлт үйл явдал Сүмийн зарим гишүүнийг урвахад хүргэсэн байна. 1837 оны өвөл, 1838 оны хаврын турш мөрдлөг хавчлага улам бүр ширүүсэж, гэгээнтнүүдийн ихэнх нь Огайог орхихоос өөр аргагүйд хүрчээ. Иосеф Смит, Сидней Ригдон болон Бригам Янг зэрэг Сүмийн зарим удирдагч өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг бодон Көртландаас зугтах хэрэгтэй болов.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ хичээлд сурсан зүйл дээрээ үндэслэн, та Сүмийн түүхийн энэ цаг үед Огайод амьдарч байсан бол ямар санагдах байсан талаар судрын тэмдэглэл дээрээ цөөн хэдэн өгүүлбэр бич. Ямар зүйлд оролцох нь сайхан, бас ямар зүйл танд хэцүү байх байсныг бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би “Огайод” хичээлийг судалж, (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: