12-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 53–56
Оршил
1831 оны 6-р сард бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 53–55-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг хүлээн авчээ. Уг илчлэлтүүд Огайод амьдарч байгаа боловч удалгүй Миссури рүү нүүх Сүмийн зарим гишүүнд өгсөн Их Эзэний зааврыг агуулдаг. Эдгээр илчлэлтэд Их Эзэн Сидней Гилберт, Ньюел Найт болон Виллям В.Фелпс нарт хандан ярьсан бөгөөд тэдний Сүмийн томилолт болон авьяас чадварт онцгойлон заавар өгчээ.
Сургаал ба Гэрээ 53
Их Эзэн Сидней Гилбертийг ахлагч болж, Миссури рүү Иосеф Смиттэй хамт аялахад дуудав
Сидней Гилберт өөрийнх нь нэр Миссури тийш аялах номлогчдын жагсаалтад ороогүйг мэдээд (С ба Г 52:22–32-ыг үзнэ үү), бошиглогч Иосеф Смит дээр очин, Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгаа талаар асуусан байна. Иосеф Их Эзэнээс асууж, Сургаал ба Гэрээ 53-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтэд Их Эзэн Гилберт ахыг ахлагчаар томилсон бөгөөд бишоп Эдвард Партрижийн төлөөний хүн байхыг зааварчилсан. Бишопын төлөөний хүний хувьд Гилберт ах ямар үүрэг хариуцлага үүрэх талаар Сургаал ба Гэрээ 57:6–10, 15-д илүү бүрэн дүүрэн тайлбарласан. Түүнчлэн Их Эзэн Сиднейг Иосеф Смит, Сидней Ригдон хоёртой хамт Миссури тийш явахыг зарлиглав.
Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгаа талаар бодож байсан нэгэн залуу эмэгтэйн дараах туршлагыг бодож үз. Тэрээр:
“Алиша Крэймэр залбирлынхаа хариуг Хятадад байхдаа авчээ. Хариулт нь энгийн байсан хэдий ч хийхэд маш хэцүү байв. Тэр амьдралынхаа мөрөөдлийг ардаа орхиж, гэртээ хариад, коллежийн оюутны жирийн амьдралаар амьдрах ёстой байв. Уг хариулт нь түүнийг гайхшируулсан боловч тэрээр Их Эзэний өөрт нь хий хэмээн хэлсэн зүйлсийг хийхэд бэлэн байлаа.
Алиша … хөл бөмбөг тоглогчийнхоо хувьд тэргүүн зэргийн од болсон байлаа. Тэрээр Нэгдсэн Улсын эмэгтэйчүүдийн багийн гишүүн болохоор хөдөлмөрлөсөн бөгөөд энэ нь Дэлхийн Цом болон 2004 оны Олимпод тоглох боломжийг олгосон тул тэрээр тавьсан зорилгынхоо ихэнхэд хүрч чадсан байв.
“Тэр дээд цэгт нь хүрсэн байлаа. Гэвч энэ нь түүнд баяр хөөр авчирсангүй.
Алиша ‘Надад бүх зүйл байсан. Сайхан гэр бүл байсан. Надад найзууд байсан. Би БЯИС-д сурч, үндэсний шигшээ багт маш сайн тоглож байсан. Дотор минь ийм хоосон санагдсаар байхад би Дэлхийн Цомын шигшээ багт орохын тулд хөдөлмөрлөсөн хэвээр байх уу?’ гэж Алиша хэлэв.
“Дараа нь, Алиша Хятадад үзүүлэн тоглолт хийхээр очихдоо нэгэн шөнө уйлсаар сэржээ. Тэр гайхамшигтай дулаахан, сайхан мэдрэмжийг мэдрэв. ‘Би гараа зүрхэн дээрээ тавьснаа санаж байна мөн тэгээд надад маш олон бодол төрсөн. “Чи үндэсний шигшээ багаас гарах хэрэгтэй. Хүндэтгэлийн өдрийг зөрчих нь зүгээр хэрэг биш. Чи өөр замаар явлаа гэхэд зүгээр. Бүх зүйл зүгээр болох болно.”’ Тэр Сүнсээр дүүргэгдэж мөн энэ явдал хэдэн шөнө дараалан тохиолдсоныг дурссан юм.
Хэдийгээр Алиша амьдралынхаа туршид Сүмийн гишүүн байсан ч тэрбээр сайн мэдээг илүү сонирхох болов. Тэр судраасаа өдөр бүр наад зах нь 30 минут уншиж эхэлсэн бөгөөд залбирал нь өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Тэр өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг Их Эзэнээс асууж байв. Мөн тэрээр хариултаа Хятадад байхдаа хүлээн авчээ.
‘Би өмнө нь хэзээ ч ийм тайвшрал, халуун дулаан мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Надад асуулт гарах болгонд би тэр мэдрэмжүүдийг мэдэрдэг ч болоосой гэж хүсдэг. Бүх зүйл маш тодорхой байсан бөгөөд надад маш ойлгомжтой санагдаж билээ’ гэв.
Алиша хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлдсэн. Тэрээр: ‘Та удирдамж өдөөлтийг авах юм бол тэр даруй дагах хэрэгтэй. Хэрвээ би “Уг нь тэгэх нь зөв. Гэхдээ би Дэлхийн Цомын тэмцээнд тоглохыг маш их хүсэж байна, тэгэхээр дараа нь л хийе” гэж хэлсэн бол бүх зүйл болох ёсоороо болохгүй байх байсан болов уу” гэж хэлжээ.’ …
Үндэсний шигшээ багаас гарснаар Алишад зарим шинэ зүйлийг хийж турших цаг зав гарах болжээ. Энэ үед тэрээр өөрт нь гитар тоглохыг зааж өгч байсан залуутай болзоонд явж эхэлсэн ба тэд хожим нь ариун сүмд гэрлэв.
‘Хятадад тохиолдсон үйл явдлаас харахад би энэ өөрчлөлтөд бэлтгэлтэй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Би нэг зүйлийг орхиод, харин оронд нь хавьгүй чухал илүү зүйлийг олж авсан’ гэж Алиша хэлэв.
… Тэр их хөдөлмөрлөхийг хүссэн хэвээр, гэхдээ одоо тэр өөрийн гэр бүлийн төлөө хөдөлмөрлөж байна.
[Алиша] бүхнээс агуу дасгалжуулагч, өөрийг нь удирдаж, сүнслэг өдөөлт, удирдлагыг өгч чадах Тэнгэрлэг Эцэгээ сонсож байна. Алишагийн хэлснээр ‘Их Эзэн бидний хүн нэг бүрийг мэддэг. Миний хувьд энэ нь үүнийг мэдэх нь мөн үүний талаар гэрчлэлтэй байх нь хамгийн сайхан зүйл юм’” гэжээ (Жанэт Томас, “The Playmaker,” New Era, 2003 оны 11-р сар, 21, 23).
Та амьдралынхаа талаар Их Эзэнээс удирдамж авч болох арга замуудын талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 54
Их Эзэн Колесвилл дэх гэгээнтнүүдийг Миссури тийш удирдан явахыг Ньюел Найтад зааварлав
1831 оны 4-р сард Ньюел Найт хэсэг гэгээнтнийг удирдан Нью-Йоркийн Колесвиллээс Огайо дахь гэгээнтнүүдтэй нэгдэхээр явав. Бошиглогч Иосеф Смит 5-р сард тэдгээр гэгээнтнийг Леман Коплeйгийн уг зорилгын тулд өгнө хэмээн гэрээлсэн (амласан) газар болох Огайогийн Томпсонд суурьшуулахыг бишоп Эдвард Партрижид зааварлав. Тэд тэнд үр тариа тарьж, эдлэн газрыг өөд нь татаж эхлэв. Гэхдээ тэд уг газрыг хамтдаа арчлан тордож, хөдөлмөрлөж байсан ч гэлээ амин хувиа хичээж, шунах болов. Леман Коплей шейкерүүдэд хийсэн номлолоосоо буцаж ирээд, итгэлдээ эргэлзэж эхлэхэд тэдний нөхцөл байдал улам бүр доройтох болов (С ба Г 49-ийг үзнэ үү). Тэрээр сэргээгдсэн сайн мэдээний талаарх өөрийн өсөн хөгжиж байсан гэрчлэлийг үгүйсгэн, гэгээнтнүүдийг эдлэнг нь орхин яв хэмээн хэлжээ. Мөн тэр тэднээс 60 доллар нэхэмжлэв. Леманыг гэрээгээ зөрчсөнөөс болж эдгээр гэгээнтэн амьдрах газаргүй болов. Ньюел Найт бусдын хамт бошиглогчоос юу хийх ёстойг асуув.
Сургаал ба Гэрээ 54:1–3-ыг уншаад, Их Эзэн эдгээр гэгээнтнээс нөхцөл байдлаа сайжруулахад нь туслах юу хийхийг хүссэнийг тэмдэглэ. Тэгээд дараах асуултыг тунгаан бод. Эдгээр гэгээнтэнд наманчлал болон даруу байдал яагаад туслах байсан гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 54:6-г уншаад, өөрсдийн эзэмшлийг өргөл болгохоор хийсэн гэрээгээ сахисан хүмүүст өгөгдсөн адислалыг тэмдэглэ.
Сургаал ба Гэрээ 54:1–6 дахь Их Эзэний зааварт үндэслэн, дараах зарчмыг гүйцээж бич. Хэрвээ бид гэрээгээ сахиж мөн Их Эзэний зарлиг тушаалуудыг дагах аваас хүртэх болно.
Бидний хүлээж авдаг адислал бүр Их Эзэний нигүүлслийг харуулж байгаа билээ. Их Эзэн бидний нүглийг өршөөж байгаа нь Түүний нигүүлслийн нэг жишээ юм. Бид баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ сахиж, Бурханы зарлигуудыг дагах юм бол нигүүлслийг энэ дэлхийд хүлээн авахын зэрэгцээ Эцсийн шүүлтэд бидэнд нигүүлсэл өгөгдөх болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар биднийг гэрээнүүдээ сахих үед Их Эзэний өгдөг нигүүлслийн зарим арга замыг заасан.
“Их Эзэний нигүүлсэл маш нарийн хувийн шинж чанартай, хүн нэг бүрд зориулсан адислал, хүч чадал, хамгаалалт, баталгаа, удирдамж, хайрын нинжин сэтгэл, тайтгарал, дэмжлэгээс гадна Их Эзэн Есүс Христийн ачаар мөн Түүгээр дамжин ирдэг сүнслэг бэлгүүд юм. …
… Их Эзэний нигүүлсэл хэн нэгэнд тохиолдлоор эсвэл санамсаргүй ирдэггүй. Итгэл бишрэл, дуулгавартай байдал, даруу зан бидний амьдралд нигүүлслийг урин авчирдаг бөгөөд ихэнхдээ эдгээр чухал адислалын үнэ цэнийг ойлгох боломжийг бидэнд олгон, Их Эзэний цаг хугацааны дагуу ирдэг” (“The Tender Mercies of the Lord,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 99–100).
-
Та судрын тэмдэглэл дээрээ гэрээнүүддээ итгэлтэй, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар саяхан таны хүлээн авсан гэж бодож байгаа зарим адислалаа бич.
Сургаал ба Гэрээ 54:7–10-т гэгээнтнүүдийг Леман Коплейгийн эдлэн газар дээрх гэр орноо алдсаны дараа Их Эзэн тэднийг Миссури тийш аялахыг тушаасан талаар бид уншдаг. Их Эзэнийг тэдэнд суурьших газрыг бэлтгэх хүртэл тэд аяллын турш гарах замын зардлыг төлөх хүнийг томилж, амьжиргааныхаа төлөө ажиллах ёстой байв. Түүнчлэн Их Эзэн гай зовлонд тэвчээртэй байхыг тэдэнд зөвлөсөн.
Сургаал ба Гэрээ 55
Их Эзэн Сүмийн материалуудыг бичиж, хэвлүүлэхэд туслуулахаар Виллям В.Фелпсийг дуудав
Та өөрийн зарим авьяас чадварын талаар бод. Тэгээд нэг найзынхаа зарим авьяас чадварын талаар бод. Бидний чадавх өөр өөр байдаг учраас бид Их Эзэний үйлсэд өөр өөр арга замаар тусалж чадна. Бурхан хүүхдүүдээ адислахын тулд бидний авьяас, чадвар, чадавхыг ашигладаг. Виллям В.Фелпс энэхүү зарчмын нэг жишээ юм. Тэр Огайогийн Көртландад ирэхийнхээ өмнө худалдаанд гараад хоёр долоо хоног болж байсан Мормоны Номын нэг хувийг худалдаж авчээ. Энэ нь түүнийг хөрвөлт рүү хөтөлсөн аж.
Сургаал ба Гэрээ 55-р хэсгийн оршлыг уншаад, Виллям В.Фелпсийн нэг авьяас чадварыг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 55:4-ийг уншаад, өөр нэг авьяас чадварыг нь олж мэд. Их Эзэн Миссурид Сүмийн материалуудыг бичиж мөн хэвлэхэд туслуулахад Фелпс ахын авьяас чадварыг ашиглахаар түүнийг дуудсан (С ба Г 55:5-ыг үзнэ үү). Фелпс ахын гаргасан хичээл зүтгэл Сүмийг олон замаар адисалсан.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Их Эзэн хүмүүсийн авьяас чадварыг бусдыг адислахад хэрхэн ашиглаж байхыг та харж байсан бэ?
-
Таны авьяас чадвар бусдыг хэрхэн өргөн дэмжиж, адислан, Их Эзэний ажлыг урагшлуулахад туслах вэ?
-
Сургаал ба Гэрээ 56:1–13
Их Эзэн Эзра Тайрегийн номлолын дуудлагыг цуцалж, түүнд наманчлахыг сануулав
-
Судрын тэмдэглэл дээрээ зарлигийг дагахын тулд өөрт чухал гэсэн зүйлээ ардаа орхисон өөрийн мэдэх нэг хүний тухай бич. (Сүмд элсэхээр, номлолд явахаар эсвэл Сүмийн тодорхой жишгүүдийг дагахаар золиослол гаргасан хэн нэгний жишээ байж болно.)
Эзра Тайрег Огайогийн Көртланд дахь Фредерик Г.Виллямсийн ферм дээр Ахмад Иосеф Смиттэй хамт ажиллаж, амьдруулахаар томилов. Эдлэн газар дээр ажиллахаас гадна, Эзра уг эдлэн газрын зарим өрийг төлөлцөн туслав. Тэр Миссурид Томас Б.Марштай хамт номлохоор дуудагдахдаа (С ба Г 52:22-ыг үзнэ үү) Сүмийн эзэмшлийн хэсэг газрыг өөрийнх нь болох ёстой гэж үзсэн учраас нэр дээр нь болгохыг шаарджээ. Хөрөнгө, мөнгөндөө санаа зовж байсан учраас Эзра Тайре номлолд явахад бэлэн биш, харин Томас бэлэн байжээ. Тиймээс Томас бошиглогч Иосеф Смит дээр очиж, юу хийх ёстойгоо асуув.
Сургаал ба Гэрээ 56-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн Эзра Тайрегийн номлолын дуудлагыг цуцалж, Марш ахад шинэ хамтрагч томилж өгөв. Тэгээд Их Эзэн бардамналын талаар сэрэмжлүүлж мөн эдлэн газар, хөрөнгө мөнгөнөөс хамаагүй агуу зүйл тэднийг хүлээж байгаа хэмээн гэгээнтнүүдэд заасан.
Сургаал ба Гэрээ 56:3–5-ыг уншаад, Эзра Тайре Томас Б.Марштай хамт Миссури тийш явахад бэлэн биш байсан учраас түүнд юу тохиолдсоныг олж мэд. Уншиж байхдаа цуцлах гэдэг үг нь буцааж авах, хүчингүй болгох гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно. Эзра Марш ахтай хамт явахад бэлэн бус байснаасаа болж юугаа алдсан бэ?
Сургаал ба Гэрээ 56:4 бидэнд Их Эзэн Өөрийн тохиромжтой гэж үзсэнээр зарлиглаж мөн зарлигийг цуцалж болно хэмээн заадаг. Энэ зарчмыг тодорхойлж буй үг, хэллэгийг та тэмдэглэж болно.
Дараах хэдэн жишээ бол Их Эзэний тушаал өгч эсвэл тушаалаа цуцалж байгааг цэдэглэсэн судар дээрх мөн Сүмийн түүхэн дэх цөөн хэдэн жишээ юм. Тухайлбал:
-
Их Эзэн Мосед болон түүний хүмүүст дээд хуулийг өгсний дараа Израилын хүүхдүүд эсэргүүцэн, алтан тугалыг шүтэж эхэлдэг. Тэгэхэд Их Эзэн тэдэнд доод хуулийг өгсөн. (Иосеф Смитийн орчуулга, Египетээс гарсан нь 32:14; 33:20; 34:1–2-ыг үзнэ үү.)
-
Аврагч энэ дэлхий дээр тохинуулж байхдаа зөвхөн иудейчүүдэд номло хэмээн төлөөлөгчдөдөө хэлсэн (Матай 10:5-ыг үзнэ үү). Аврагчийн үхлийн дараахан сайн мэдээг бүх үндэстний хүмүүст номлох цаг болсон хэмээх илчлэлтийг Петр хүлээн авчээ (Матай 28:19-ийг үзнэ үү).
-
Энэ эрин үед Их Эзэн зарим анхны гэгээнтэнд олон эхнэр авахыг зарлигласан. Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн өөр олон удирдагч энэ зарлигийг маш хэцүү гэж бодсон боловч дагасан. Олон жилийн дараа, ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф илчлэлт хүлээн авсныхаа дараа Албан тунхаг хэмээн нэрлэгддэг мэдэгдэл гаргасан бөгөөд үүнийг 1890 оны 10-р сарын 6-нд бүрэн эрхтэй дагаж мөрдөх нь зүй ёсны хэмээн Сүмээс хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Сүмд олон эхнэртэй байх ёсыг эцэс болгосон юм (Албан тунхаг 1-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 56:8–11-ийг уншаад, Их Эзэн номлолын дуудлага нь цуцлагдсаны дараа Эзра Тайред юу хий хэмээн зарлигласныг олж мэд. Аз болоход, Эзра наманчлахаар шийдэж, долоон сарын дараа Томас Б.Марштай хамт номлогчоор үйлчлэхээр дахин дуудагджээ (С ба Г 75:31).
Сургаал ба Гэрээ 56:14–20
Их Эзэн гэгээнтнүүдийг шунал болон бардам сэтгэлийн эсрэг сэрэмжлүүлэв
Заримдаа хүмүүс бардамнал нь зөвхөн баячуудын зүрх сэтгэлд л байдаг зан чанар гэж боддог. Гэхдээ энэ нь үргэлж тийм байдаггүй болохыг дараах шүлгүүдээс та мэдэж авах болно.
Сургаал ба Гэрээ 56:16–17-г уншаад, харуусдаггүй зүрх сэтгэл баян, ядуу ямар ч хүнд хэрхэн илэрч болохыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэ. Бардамнал болон шунал нь ядуу мөн баяны аль алинд нь яагаад нийтлэг зан чанар болох талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 56:18-ыг уншаад, адислагдах хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний талаар Их Эзэний өгсөн тодорхойлолтыг олж мэд. Их Эзэний хэрэглэсэн зарим үгийг ойлгохын тулд зүүлт тайлбаруудыг ашигла.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Та хөрвөлтийн адислалыг эрэлхийлэхдээ Их Эзэнд харууссан буюу наманчилсан зүрхийг мөн гэмшсэн буюу дуулгавартай сэтгэлийг өргөж болно. Бодит байдал дээр энэ нь та—хэн гэдгээ мөн хэн болж байгаагаа бэлэг болгон өгч байгаа хэрэг” гэж заасан (“When Thou Art Converted,”Ensign, 2004 оны 5-р сар, 12).
Сургаал ба Гэрээ 56:19–20-ийг уншаад, даруу зүрх сэтгэлтэй хүмүүст амласан Их Эзэний адислалуудыг олж мэд. Их Эзэний “төлөөс” гэдэг нь Тэрээр үйлдсэн сайн болон хилэнцэт үйл нэг бүрийн төлөөсийг төлөх болно гэсэн утгатай үг гэдгийг мэдэх нь танд тустай байж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 56:18–20 дээр дүрслэгдсэн адислалуудыг Эзра Тайре болон бусад анхны гэгээнтний санааг зовоож байсан эдлэн газар, хөрөнгө мөнгөтэй харьцуулахад ямар байна вэ?
-
Та эдгээр шүлэгт жагсаасан адислалуудыг хүлээн авахуйц зүрх сэтгэлтэй байхын тулд юу хийж болох вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 53–56-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: