3-р бүлэг: 4 дэх өдөр
Иосеф Смит—Түүх 1:66–67; Сургаал ба Гэрээ 6–7
Оршил
1829 оны хавар бошиглогч Иосеф Смит Мормоны Номын орчуулгыг яаравчлах хэрэгтэй гэдгээ мэдэрчээ. Тэр гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах шаардлагатай байсан тул түүнд орчуулга хийх цаг зав бага байв. Эмма болон дүү Самуел нь бичээчээр ажиллан тусалж байсан ч бүрэн цагаар ажиллах боломжгүй байлаа. Иосефт ялтсуудыг хүлээлгэн өгөөд жил хагас болж байсан бөгөөд тэрээр алга болсон 116 хуудас гар бичмэлээс гадна хэдхэн хуудас орчуулсан байв. Иосеф Их Эзэнд хандан орчуулгын ажилд туслах хэн нэгнийг явуулж өгөхийг гуйн залбирчээ. Иосефын залбирлын хариуд Их Эзэн Оливер Каудериг бичээчээр үйлчлүүлэхээр илгээсэн юм.
Сургаал ба Гэрээ 6–7 дахь илчлэлт нь Оливер Каудериг ирсний дараахан өгөгджээ. Сургаал ба Гэрээ 6-д Их Эзэний ажилд Оливерт гүйцэтгэх үүргийнх нь талаар өгсөн зөвлөгөө байдаг. Сургаал ба Гэрээ 7-д Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүртэл энэ дэлхийд амьдарч, бодгалиудыг Христэд авчрах Иоханы хүслийг Их Эзэн хүлээн авсан тухай зарим орчуулагдсан бичээсүүд ордог.
Иосеф Смит—Түүх 1:66–67; Сургаал ба Гэрээ 6:1–9
Оливер Каудери Иосеф Смитийн бичээч болов
Заримдаа Бурханы илчлэлтийг гэрэлтэй харьцуулдаг. Хэрэв Бурханы илчлэлт буюу залбирлын хариулт гэрэлтэй адилхан юм бол дараах тайлбаруудыг харьцуулаад, илчлэлт авах эсвэл залбирлын хариулт ирэх үед төрсөн мэдрэмжийг аль нь хамгийн оновчтой дүрсэлж байгаа талаар бод. Тухайлбал:
-
Та гэрлийн чийдэнг асаахад гэрэл шууд асдаг
-
Нар мандахад гэрэл алгуурхан тодорсоор гарч ирдэг
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хувийн илчлэлтийн тухай заахдаа энэ харьцуулалтыг ашигласан.
“Харанхуй өрөөнд гэрэл асаах нь Бурханаас ямар нэгэн захиасыг хурдан, бүрэн дүүрнээр, нэг дор хүлээн авахтай адил юм. Бидний олонх нь илчлэлтийн энэ хэв маягийг чин сэтгэлийн залбирлын хариултаар эсвэл Бурханы хүссэн цагт Түүний тааллын дагуу бидэнд шаардлагатай удирдамж буюу хамгаалалтаар хангах үед мэдэрсэн. Ийм шууд, хүчтэй илчлэлтийн дүрслэлүүдийг судруудад мөн Сүмийн түүхэнд өгүүлсэн байдаг бөгөөд бидний амьдралд ч тохиолдсон байдаг. Үнэхээр ийм хүчит гайхамшгууд тохиодог билээ. Гэхдээ илчлэлтийн энэ хэв маяг тийм ч нийтлэг тохиолддоггүй.
Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Ихэнх тохиолдолд илчлэлт бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа ‘тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бодгальд] намуухан буух болно’ (С ба Г 121:45). Илчлэлтийн энэ загвар ховор гэхээс илүү нийтлэг тохиолддог” (“Илчлэлтийн сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 88 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).
-
Их Эзэн залбиралд тань шууд хариулсан мөн аажим аажмаар хариулж байсан үеийг тунгаан бод. Нэг туршлагаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 6-г судлахдаа Бурханаас өгсөн илчлэлтийг олж танихад тань туслах үнэнүүдийг олж мэд.
Иосеф Смит—Түүх 1:66–67-г уншаад, Оливер Каудери хэрхэн бошиглогч Иосеф Смитийн болон хийж буй ажлынх нь талаар олж мэдсэн тухай хайж ол. Оливер Нью-Йоркийн Палмираас Иосеф Смиттэй уулзахаар Пеннсильванийн Хармони руу 140 гаруй миль газар туулж ирсэн билээ (Сүмийн түүхийн газрын зураг 1, “Нэгдсэн улсын зүүн хойд хэсэг”-ийг үзнэ үү).
Удалгүй Оливер Иосефын бичээчээр ажиллаж эхэлсэн бөгөөд Их Эзэний Оливерт өгсөн илчлэлтийг Иосеф хүлээн авсан байна. Энэхүү илчлэлт нь Оливерийн хүслийг хөндсөн бөгөөд Иосефт хэлээгүй ч, түүний төлөө залбирч асуусны хариуд өгөгдсөн юм. Сургаал ба Гэрээ 6:5–6, 8-ыг уншаад, Их Эзэн Оливерийн хүслийг мэдэж байсан гэх шинж тэмдгүүдийг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Сургаал ба Гэрээ 6:5–6, 8 ба Оливер Каудерийн 140 миль аялсан хичээл зүтгэл нь бидэнд түүний тухай юу өгүүлж байна вэ?
Тайлбар: Сургаал ба Гэрээ 6:1–9 дэх Их Эзэний үгс Сургаал ба Гэрээ 11-д Хайрум Смитэд өгсөн илчлэлтэд давтагддаг бөгөөд үүнийг бид хичээлийн төгсгөлд авч хэлэлцэнэ.
Сургаал ба Гэрээ 6:10–24
Их Эзэн уг ажлын үнэнийг Оливер Каудерид батлав
Бурханаас хариулт аваад, дараа нь хариултын талаар санаа зовж, эргэлзэж байсан тохиолдол танд гарч байсан эсэхийг тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 6:10–13-т бид Их Эзэн Оливер Каудерид илчлэлтийн бэлэг өгснөө хэлсэн. Сургаал ба Гэрээ 6:14–17, 20-ийг уншаад, Их Эзэн Оливерт илчлэлтийг таних, хүлээн авах талаар юу заасныг тэмдэглэ.
-
Сургаал ба Гэрээ 6:14–17, 20-оос илчлэлт хүлээн авч мөн танихад туслах талаар олж тогтоосон хоёр эсвэл гурван үнэнийг судрын тэмдэглэл дээрээ бич.
Судрын тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ дараах шүлгүүдэд буй зарим үнэнтэй харьцуул. Тухайлбал:
Бид Тэнгэрлэг Эцэгээс хариултуудыг эрэлхийлэх юм бол Тэрээр заавар өгөх болно (С ба Г 6:14-ийг үзнэ үү). “Заавар” гэдэг нь бидний оюун ухаанд орж ирдэг бодол санаа, ойлголтыг болон биднийг удирдан хөтөлж, бэлтгэж, зөв шийдвэр рүү чиглүүлэн тусалдаг туршлагыг хэлнэ.
Их Эзэн бидний оюун санааг Ариун Сүнсээр гэгээрүүлэх болно. “Оюуныг гэгээрүүлэх” (С ба Г 6:15) гэдэг нь Их Эзэн бидэнд Ариун Сүнсээр дамжуулан ойлголт болон санаануудыг өгөх болно гэсэн үг юм. Та энэ үгийг судар дээрээ тэмдэглэж болно.
Бурхан бидний бодол болон зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзлийг мэддэг (С ба Г 6:16-г үзнэ үү).
Бид илчлэлт хүлээн авбал үүнийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалах хэрэгтэй. Их Эзэний үгсийг “нөөцлөх” (С ба Г 6:20) гэдэг нь Их Эзэний үгсийг эрхэмлэн хүндлэх буюу судлан, тунгаан бодож, хүлээн авсан илчлэлтдээ найдаж, үүний дагуу үйлдэх гэсэн үг юм.
Сургаал ба Гэрээ 6:21–24-ийг уншаад, Их Эзэний бидэнтэй харьцдаг өөр нэг арга замыг олж мэд.
Олж мэдсэн зүйлээ дараах өгүүлбэрт оруулан нөхөж бич. Их Эзэн үнэнийг гэрчлэн оюунд маань ярьдаг. Сургаал ба Гэрээ 6:23-т буй энэ үнэнийг зааж буй хэллэгийг тэмдэглэж болно.
Дараах асуултыг тунгаан бод. Бид заримдаа залбиралд маань өгсөн Их Эзэний хариултыг анзааралгүй, хэрхэн үл ойшоон өнгөрүүлдэг вэ?
Ахлагч Бэднар Их Эзэний харилцаа ихэнхдээ хэрхэн явагддагийг мандаж буй нараар зүйрлэн тайлбарласан. Тэрээр:
“Заримдаа үүлэрхэг, манантай өглөө нар манддаг. Ийм үед үүлтэй учраас нарны гэрлийг харахад хэцүү бөгөөд нар тэнгэрийн хаяанд яг хэзээ мандсан гэдгийг олж мэдэх боломжгүй байдаг.
Үүнтэй адил замаар бид олон удаа хэрхэн эсвэл хэзээ хүлээн авснаа нарийн танилгүй илчлэлтийг хүлээн авдаг” (“Илчлэлтийн сүнс,” 89).
Сургаал ба Гэрээ 6 дахь илчлэлт ирсний дараа 22-р шүлэгт Их Эзэний дурдсан “тэр шөнийн” тухай Оливер Каудери бошиглогчид хэлжээ. Иосеф Смит: “Биднийг энэ илчлэлтийг хүлээн авсны дараа Оливер Каудери аавын минь байранд очиж мөн ялтсуудыг миний бие олж авсан тухай манай гэрийнхэн түүнтэй ярилцсанаас хойш нэгэн шөнө орондоо ороод, эдгээр зүйл үнэхээр болсон уу гэдгийг мэдэхээр Их Эзэнд хандан залбирсан ажээ. Харин тэр энэ үйл явдлыг бүхэлд нь нууцалж, хэнд ч яриагүй аж. Иймээс энэ илчлэлт өгөгдсөний дараа уг ажил үнэн гэдгийг тэр мэдэж байв. Учир нь Бурхан тэр хоёроос өөр нэг ч амьд хүн уг илчлэлтэд дурдсан зүйлийн тухай мэдээгүй юм” хэмээн тэмдэглэжээ (History of the Church, 1:35).
-
Оюун тань гэгээрч, залбирсан зүйлийнхээ талаар амар амгалан мэдрэмж төрж байсан үеийнхээ тухай бод. Туршлагаа судрын тэмдэглэл дээрээ бич. Эдгээр дурсамжаасаа хувийн тэмдэглэл дээрээ бичиж авах талаар бодож үз.
Энэ туршлагуудаа санаж, өмнө нь хүлээн авсан хувийн илчлэлтдээ итгэх итгэл нь ирээдүйд илчлэлт удирдамж хэрэгтэй болох үед танд хэрхэн тус болох талаар бодож үз.
Сургаал ба Гэрээ 6:25–37
Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг эргэлзэж айлгүй орчуулахыг зөвлөв
Сургаал ба Гэрээ 6:25–31-д хэрэв хүсвэл Оливер Каудери орчуулах бэлгийг авч болохыг Их Эзэн түүнд хэлсэн тухай бид мэдэж авдаг. Түүнчлэн Их Эзэн Оливер Каудериг бошиглогч Иосеф Смиттэй хамт зогсон, Сэргээлтийн хоёр дахь гэрчийн хувьд “энэхүү тохинууллыг гэрэл рүү авчр[уулахаар]” дууджээ. Хэрэв та Оливерийн оронд байсан бол, Их Эзэний өгч буй үүрэг хариуцлагыг сонсоод танд ямар мэдрэмж төрөх байсан гэж бодож байна вэ?
Их Эзэн танаар хийлгэхийг хүссэн ажлын тухай, тухайлбал, Сүмийн цуглаан дээр үг хэлэхээр индэр дээр хүлээн сууж байхдаа болон найзтайгаа сайн мэдээг хуваалц гэсэн сүнсний өдөөлтийг мэдрэхдээ эсвэл гэр бүлийн нэг гишүүнээсээ хийж хэлсэн зүйлдээ уучлал гуйх хэрэгтэй гэдгээ мэдэрч байхдаа эргэлзэж, айж байсан нөхцөл байдлынхаа талаар бодож үз.
Сургаал ба Гэрээ 6:32–37-г уншаад, Иосеф Смит, Оливер Каудери хоёр дуудагдсан ажилдаа эргэлзэж, айж байсны учир Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөөг олж мэд.
Энэ зөвлөгөөнөөс бид өөрсдийн эргэлзээ ба айдсыг даван туулахын тулд Есүс Христ рүү харах хэрэгтэй гэсэн нэг зарчмыг суралцаж болно. (Сургаал ба Гэрээ 6:36 бол төгс эзэмших судар.)
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 6:36
-
Сургаал ба Гэрээ 6:36 дээр үндэслэсэн богино хэмжээний үгийг (нэг хуудсаас илүүгүй) судрын тэмдэглэл дээрээ бич. Төгс эзэмших энэ судрын зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх бодит арга замуудыг дүрсэл. Та нар үгээ бэлдэхдээ Сэдэвчилсэн удирдамж, Судруудын удирдамж, Итгэлдээ үнэнч байх нь зэрэг эх сурвалжуудыг ашиглаж мөн гэр бүлийн гишүүдээсээ ч гэсэн тусламж хүсэж болох юм. Эргэлзээ айдсаа даван гарахад Аврагчийн хувийн үлгэр жишээ хэрхэн тусалсан талаар мөн оруулна уу. Бэлдсэн үгээ гэр бүлийн үдшийн үеэр хуваалцаж болох эсэхээ эцэг эхээсээ асуу.
Сургаал ба Гэрээ 7
Хайрт Иоханд Хоёр дахь ирэлт хүртэл амьдрах мөн бодгалиудыг Христэд авчрах зэрэг нь амлагдав
1829 оны 4-р сарын дундуур Оливер Каудери Мормоны Номын орчуулга дээр Иосеф Смитэд туслан ажиллаж байхдаа “Шинэ Гэрээнд дурдагдсан төлөөлөгч Иоханы цэдгийн талаар, тэр нас барсан уу эсвэл амьд үлдсэн үү гэдэг дээр санал зөрөлджээ” [Иохан 21:20–23-ыг үзнэ үү. Энд Аврагч, Хоёр дахь ирэлтийг хүртэл энэ дэлхийд үлдэх Иоханы хүсэлтийг дурдсан] (Иосеф Смит History of the Church, 1:35-36).
Сургаал ба Гэрээ 7:1–3-ыг уншаад, Иосеф, Оливер хоёрын асуултын хариултыг олж мэд. Хэрэв танд хариултыг олж тогтоох нь хүндрэлтэй санагдвал 1–3-р шүлгийн хэсгийн хураангуйг унш.
Эдгээр шүлэгт дүрслэгдсэнээс гадна хувирсан биетэй Иоханы тохинуулал, хаагуур байсан эсвэл амжилт ололтынх нь талаар өөр юу ч илчлэгдээгүй тул үүний талаар ярих нь зохимжгүй юм.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Иосеф Смит—Түүх 1:66–67 болон Сургаал ба Гэрээ 6–7-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: