5-р бүлэг: 1 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 17
Оршил
Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа гурван гэрч ялтсуудыг “Бурханы хүчээр” харах болно гэдгийг мэдсэн (2 Нифай 27:12–14; Ифер 5:2–4-ийг үзнэ үү). Оливер Каудери, Давид Витмер хоёр энэ талаар мэдээд, гэрч болох маш их хүсэл эрмэлзэлтэй байжээ. Өмнөх илчлэлтээр (С ба Г 5) Их Эзэн Мартин Харрисыг хангалттай даруухан мөн дуулгавартай байвал ялтсуудыг харахыг зөвшөөрнө хэмээн хэлсэн байна. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар энэ боломжийг хүлээн авах зөвшөөрлийг авч болох эсэхийг Их Эзэнээс асууж өгөхийг бошиглогчоос хүсэв. Сургаал ба Гэрээ 17-оор авч үзэх энэ илчлэлт нь хэрэв энэ гурван хүн итгэлээ хангалттай хөгжүүлбэл тэдэнд ялтсууд болон бусад холбогдох зүйлийг харахыг зөвшөөрнө гэдгийг баталжээ.
Сургаал ба Гэрээ 17
Хэрэв Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар хангалттай итгэлтэй байх юм бол ялтсууд болон бусад ариун нандин зүйлийг харах зөвшөөрөл хүлээн авч болно гэж Их Эзэн хэлжээ.
Мормоны Номд хоёр газар цэдгийг багтаасан ном буюу ялтсыг харах гэрчүүдийг талаарх бошиглол орсон байдаг. 2 Нифай 27:12–14 болон Ифер 5:2–4-ийг уншаад, алтан ялтсуудын гэрч байх ямар байхыг төсөөлөн бод. Эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэхэд, энэхүү гурван гэрч цэдгийг хэрхэн үзэх байсан бэ?
Их Эзэн илчлэлтээр дамжуулан Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар ялтсуудыг харж болно хэмээн Иосеф Смитэд хэлсэн аж. Сургаал ба Гэрээ 17:1-ийг унш. Ялтсаас гадна өөр ямар зүйлсийг тэд харж болох байсан бэ? (Зүүлт тайлбар 1 ж-д 1 Нифай 16:10, 16, 26 болон Алма 37:38–47 гэх мэт “гайхамшигт чиглүүлгийн” тухай эшлэлүүд орсон байгаа.)
Эдгээр ариун нандин эд зүйл нь (Лебений сэлэм, Лиахона гэх мэт) Мормон Номонд цэдэглэгдсэн хүмүүс болон үйл явдал үнэт бодит гэдгийн талаар хэрхэн нэмэлт нотолгоо болохыг бод.
Сургаал ба Гэрээ 17:2–3-ыг унш. Гэрчүүд ялтсуудыг харахаасаа өмнө яагаад итгэлтэй байх хэрэгтэй хэмээн Их Эзэн хэлсэн гэж та бодож байна вэ?
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад эдгээр гэрч алтан ялтаснуудыг харахаасаа өмнө итгэлтэй байх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Хэдийгээр бид Гурван гэрчийн адил бодит зүйлсийг харах боломж олдохгүй байж болох ч мэдэхийг хүссэн үнэнийхээ гэрчийг хүлээн авч чадна. Сургаал ба Гэрээ 17:1–3 нь сайн мэдээний үнэний талаар өөрсдийн гэрчийг хүлээн авах талаар юу зааж байгааг тунгаан бод. Эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээ. Хэрэв бид сайн мэдээний үнэний талаар мэдэхийг хүссэн гэрчийг хүлээн авч чадна.
-
Та Мормоны Ном болон сайн мэдээний бусад үнэний талаарх гэрчийг авахын тулд хэрхэн итгэлээ хөгжүүлсэн талаар судрын тэмдэглэл дээрээ дүрслэн бич. Эсвэл энэ гэрчийг авах хэрэгтэй гэсэн мэдрэмж танд төрж байгаа бол Мормоны Номын тухай гэрчлэлтэй болохын тулд итгэлээ хэрхэн хөгжүүлэхээ тайлбарла.
Иосеф Смитийн ээж Люси Мак Смит хэрхэн Иосеф Смит Мартин Харрист Гурван гэрчийн нэг байж болно гэж хэлсэн талаар бичиж үлдээжээ. Мормоны Номын шинээр орчуулж дууссан гар бичвэрийг оройн цагаар уншаад, “өглөө нь уншлага, дуулал, залбирал зэрэг тогтмол явагддаг үйлчлэлүүдэд оролцсоныхоо дараа өвдөг дээрээсээ босон, Иосеф энэ өдрийг хүртэл зүрх сэтгэлийг минь хөдөлгөж байдаг ёсорхуу байдлаараа Мартин Харрист дөхөж очоод, миний санаж байгаагаар бол ‘Мартин Харрис, та нүглүүдийнхээ өршөөлийг хүртэж болохын тулд энэ өдөр Бурханы өмнө өөрийгөө даруусгах хэрэгтэй. Хэрэв та наманчилбал Бурханы тааллын дагуу Оливер Каудери, Давид Витмер нарын хамт ялтсуудыг харах болно’ хэмээн хэлсэн” (History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 151–152).
Дараах асуултуудыг эргэцүүлэн бод.
-
Бид яагаад Бурханаас өршөөл эрэлхийлэхийн тулд даруу байх шаардлагатай гэж та нар бодож байна вэ?
-
Бид яагаад Түүний талаарх үнэний гэрчийг хүлээн авахын тулд Бурханаас өршөөл эрэлхийлэх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Та өөрийгөө ялтсуудыг “Бурханы хүчээр” харах зөвшөөрөлтэй Гурван гэрчийн нэг нь байна гэж төсөөлөн бод. Ийм үйл явдлын дараа та ямар үүрэг хариуцлага үүрнэ гэж бодож байна вэ? Их Эзэн ялтсуудын гэрчийн хувьд хүлээх үүргийнх нь талаар ярьжээ. Сургаал ба Гэрээ 17:3–5-ыг уншаад, Их Эзэн Гурван гэрчид ялтсуудыг харсныхаа дараа юу хий хэмээн зарлигласныг олж мэд.
Их Эзэн бидэнд тэнгэрлэг үнэнүүдийн талаар гэрчийг өгөх үед бидний хүлээн авдаг үүргийн талаар бодож үз. Та 3-р шүлэг дэх дараах зарчмыг заасан хэллэгийг тэмдэглэж болно. Бид үнэний гэрчийг хүлээн авсныхаа дараа үүнийгээ гэрчлэх үүрэгтэй. Үнэнийг гэрчлэх гэсэн хүсэл тань таны Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн харуулдаг болохыг бод.
-
Та үнэн болохыг нь мэдэх сайн мэдээний хэдэн сургаал болон зарчмаа судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич. Эдгээр зарчмын талаарх өөрийн гэрчлэл, мэдрэмж, бодол санааг эх эцэг эсвэл ах эгч дүүтэйгээ хуваалц.
Сургаал ба Гэрээ 17 дахь илчлэлт өгөгдсөний дараахан бошиглогч Иосеф Смит, Давид Витмер, Оливер Каудери болон Мартин Харрис нар Витмерийн гэрийн ойролцоо байх ой руу орж, “чин сэтгэлээсээ, даруухнаар залбирч,” амлагдсан гэрчийг авахыг хичээсэн байна. Биднийг хоёр дахь удаагаа бүтэлгүйтсэний дараа Иосеф Смит: “Мартин Харрис биднээс холдох ёстой гэдгээ мөн өөрийнхөө тэнд байгааг бидний хүссэн зүйлийг хүлээн авахад саад болж байгаа шалтгаан гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм. Түүнийг биднээс холдоход бид дахин өвдөг сөхөрч, залбиралд нэгдэв. Залбирч эхлээд хэдэн минут өнгөрөхөд бид өөрсдийнхөө дээр агаарт нэгэн тодоос тод гэрэл харсан ба бидний өмнө тэнгэр элч зогсож байхыг болгоон харлаа. Тэрээр гартаа бидний … харахыг хүсэж залбирсан ялтсуудыг барьсан байлаа. Бидэнд тэдгээрийг харж, бичээсүүдийг ялган таних боломжтой байлгахын тулд тэрээр хуудаснуудыг нэг нэгээр нь эргүүлсэн юм. … Бидний дээрх хурц гэрлээс нэгэн дуу хоолой ‘Эдгээр ялтас Бурханы хүчээр илчлэгдсэн ба эдгээрийг Бурханы хүчээр орчуулсан. Та нарын харсан тэрхүү орчуулга үнэн зөв бөгөөд би та нарт харсан мөн сонссон зүйлийнхээ талаар гэрчлэхийг зарлиглаж байна’ хэмээн хэлсэн юм.
Би Давид, Оливер хоёрыг орхиод, Мартин Харрисыг олохоор явсан ба түүнийг нэлээд хол газар хичээнгүйлэн залбирч байгааг харсан. Удалгүй тэр надад хараахан Их Эзэнээр нөлөөлөгдөөгүй байгаа гэдгээ хэлж, бидний хүлээн авсан адислалыг хүлээн авч болохын тулд намайг түүнтэй хамт залбирахыг чин сэтгэлээсээ хүссэн юм. Бид залбиралд нэгдэж, эцэст нь хүссэн зүйлээ хүлээн авсан билээ. Биднийг залбирлаа дуусгах гэж байтал бидний өмнө нь үзсэнтэй адил үзэгдэл үзэгдсэн ба юутай ч надад дахиад үзэгдэж би дахин нэг удаа тэдгээр зүйлийг харж мөн сонссон юм; тэр үед Мартин Харрис агуу их баяр хөөрт автан ‘Энэ хангалттай; энэ хангалттай; миний нүд болгоолоо; миний нүд болгоолоо’ хэмээн дуу алдсан юм” хэмээн бичсэн (History of the Church, 1:54–55-т)
Танд өөр хүнтэй урт хугацааны туршид хуваалцаж болохгүй чухал мэдээллийг итгэл хүлээлгэн өгсөн байна гэж бод. Эцэст нь хуваалцаж болно гэж хэлбэл танд ямар санагдах байсан бэ? Мормоны Номын ялтсуудын цорын ганц гэрчээр тийм олон жил байсан Иосеф Смитэд ямар байсныг бод. Ийм нөхцөл байдалд байсан бол танд ямар санагдах байсан бэ? Одоо алтан ялтсуудыг харсан бусад хүн бас гэрч болон гэрчлэлээ нэмж болно гэдгийг мэдэх нь Иосеф Смитэд ямар байсан гэж та бодож байна вэ?
Гурван гэрч ялтсуудыг үзсэний дараа Иосеф ямар сэтгэгдэлтэй байсныг Иосеф Смитийн ээж Люси Мак Смит ийнхүү өгүүлжээ. “Тэднийг байшинд эргэж ирэх үед өдрийн 3 эсвэл 4 цаг болж байсан. Хатагтай Витмер, ноён Смит бид гурав тэр үед унтлагын өрөөнд сууж байлаа. Иосеф орж ирмэгцээ миний хажууд суугаад, ‘Аав аа, ээж ээ, та нар намайг ямар их жаргалтай байгааг мэдэхгүй байна. Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтсуудыг үзүүлсэн. Тэдэнд гэрчилсэн тэнгэр элчийг тэд харсан мөн тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж яваагүйг өөрсдөө мэдсэн учир миний хэлсэн үнэнийг гэрчлэх ёстой боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо’ хэмээн дуу алдсан юм. Энэ үед Мартин Харрис орж ирсэн бөгөөд тэр баяр баяслаар дүүрсэн байлаа. Тэр харсан, сонссон зүйлээ зоригтой гэрчилж байсан юм. Мөн Давид, Оливер хоёр тэдний зүрх сэтгэлийн баяр баясгалан болон харсан, сонссон зүйлийнх нь агуу ихийг ямар ч хэлээр илэрхийлж чадахгүй гэдгийг мөн гэрчилсэн юм” (History of Joseph Smith by His Mother, 152–153).
-
Таны үнэний талаар хүлээн авсан гэрчийг мөн адил хүлээн авсан өөр хүмүүс эргэн тойронд тань байвал танд ямар санагдах байсныг судрын тэмдэглэлдээ бич. Тэдний гэрчлэл танд хэрхэн тусалдаг вэ?
Далын ахлагч Лорэн С.Данн Их Эзэний ажилд гэрчүүдийн гүйцэтгэдэг чухал үүргийн талаар ярьсан. Тэрээр: “Гэрчүүдийн хууль нь Их Эзэний дэлхий дээрх ажлын нэгэн хэсэг үргэлж байсаар ирсэн. Уг хууль нь ‘Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно’ хэмээн заадаг (2 Коринт 13:1; мөн Дээд хууль 17:6; 19:15; Матай 18:15–16; Иохан 8:12–29-ийг үзнэ үү). Эдгээр гэрч нь тодорхой үйл явдлууд болсон мөн Бурханы өгсөн сургаал, зарчмууд үнэн гэдгийг баталдаг” (“Witness,” Ensign, 1995 оны 11-р сар, 28). Их Эзэн гэрчүүдийн хуулийг ашиглан ялтсууд нь үнэн бодит гэдгийг баталсан.
Алтан ялтсуудын Гурван гэрчид Бурханы хүчээр үзүүлснээс хойш хэдэн өдрийн дараа бошиглогч Иосеф Смитэд ялтсуудыг “Бурханы тааллын дагуу байх түүний үгийг хүмүүний үрсэд гэрчлэн өгүүлэх тэр цөөн хэдэ[д]” үзүүлэхийг зөвшөөрсөн байна (2 Нифай 27:13; мөн Ифер 5:2-ыг үзнэ үү). “Гурван гэрчийн гэрчлэл” болон “Найман гэрчийн гэрчлэл” (Мормоны Номын удиртгал хэсэг дэх)-ийг унш. Тэдэнд тохиолдсон үйл явдал юугаараа адилхан мөн юугаараа өөр байгааг анхаар. Түүнчлэн, Найман гэрчийн гэрчлэлд ялтаснууд нь “алт мэт үзэгдэх” мөн сийлбэрүүд нь “эртний зүйл, мөн ур хийцтэй” хэмээн дүрсэлсэн байгааг анхаар. Ялтсууд нь жинхэнэ алт гэдгийг тэд мэдэхгүй мөн сийлбэрүүд нь үнэхээр эртний бичиг гэдгийг мэдэх боломжгүй тул тэд үнэхээр үнэн гэдгийг мэдэх зүйлээ л шударгаар гэрчилсэн байна.
-
Мормоны Номын талаарх таны гэрчлэлийг Мормоны Номын хувь болгонд нэмж оруулсан байна гэж төсөөлөн бод. Судрын тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр өөрийн гэрчийн хуудсыг хий. Мормоны Номын үнэн гэдгийг мэдэх мөн бусдыг мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлээ оруул.
Сургаал ба Гэрээ 17:6 нь Мормоны Номын талаарх Аврагчийн гэрчлэлийг агуулдаг. Энэ шүлэг дэх Түүний дэлхийд өгсөн гэрчлэлийг тэмдэглэ эсвэл гэрчлэлийг нь судрын тэмдэглэл дээрээ бичиж ав. Түүнээс гадна, Есүс Христ Мормоны Номын үнэний тухай гэрчилсэн хэмээн судрын тэмдэглэл дээрээ эсвэл судрынхаа захад 6-р шүлгийн хажууд бичиж болно. Мормоны Номын талаарх Их Эзэний гэрчлэл хэрхэн таны гэрчлэлд нөлөөлдөг талаар тунгаан бод.
Гайхалтай үйл явдлын гэрч болсныхоо дараа Гурван гэрч гурвуулаа олон хүнд бэрхшээлтэй тулгарсан бөгөөд тэдний Бурхан болон сайн мэдээний талаарх гэрчлэл соригдсон юм. Хүнд хэцүү үед гурвуулаа Сүмийг орхин явсан ч Мартин Харрис болон Оливер Каудери хоёр сүүлд эргэн ирж, амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл итгэлтэй хэвээр байсан. Гэхдээ Мормоны Номын Гурван гэрч гурвуулаа хэзээ ч өөрсдийн гэрчлэлийг үгүйсгээгүй.
Яагаад Гурван гэрч ийм хүчирхэг гэрчийг харсныхаа дараа Сүмийг орхин явсныг бид мэдэхгүй ч Сургаал ба Гэрээ 3:4-т цэдэглэгдсэн Их Эзэний Иосеф Смитэд өгсөн сэрэмжлүүлэг яагаад ийм зүйл тохиолддог болохыг бидэнд ойлгоход тусалдаг. Учир нь хүн олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч, хэрэв тэр өөрийн хүчинд эрдэн сагсуурвал, мөн Бурханы зөвлөгөөг үл ойшоож, хувийнхаа тааллын тулгалтад хийгээд зуурдын хүсэл бодолдоо автагдан дагавал, өөр дээрээ ирэх шударга Бурханы өшөө авалтад өртөн унах ёстой. Гэхдээ, Гурван гэрч гурвуулаа Мормоны Номын талаарх гэрчлэлдээ амьдралынхаа туршид үнэнч хэвээр үлдсэн юм.
Оливер Каудери: “Би Мормоны Номыг (хэдхэн хуудсыг үл тооцвол) бүхэлд нь бошиглогч Иосеф Смитийн амнаас гарснаар нь өөрийн үзгээр бичсэн ба тэрээр үүнийг Бурханы хүч ба бэлгээр, мөн Урим ба Туммим буюу уг номонд нэрлэснээр “ариун орчуулагч’-ийн тусламжтайгаар орчуулсан юм. Би орчуулга хийгдсэн алтан ялтсуудыг нүдээрээ харж, гараараа барьсан. … Энэ ном бол үнэн. Сидней Ригдон энэ номыг бичээгүй, ноён Сполдинг ч энэ номыг бичээгүй. Үүнийг бошиглогчийн амнаас гарсны дагуу би өөрөө бичсэн. Энэ номонд мөнхийн сайн мэдээ агуулагддаг. … Мөн үүнд авралын зарчмууд агуулагддаг. Хэрэв сонсогчид та нар үүний гэрэл доор явж, дүрмийг нь дагах юм бол дээд Бурханы хаант улсад мөнхийн авралаар аврагдах болно” (“Last Days of Oliver Cowdery,” Deseret News, 1859 оны 4-р сарын 13, 48-д).
Richmond Democrat нэртэй сонинд Давид Витмерийг нас барахаас хэдэн хоногийн өмнө Мормоны Номыг гэрчилсэн дараах өгүүллийг нийтэлжээ. “Ням гаргийн оройн 5:30-д (1888 оны 1-р сарын 22), н. Витмер зарим гэр бүлийнхэн, найз нөхдөө дуудан, орныхоо дэргэд суулгажээ. … Тэрээр орныхоо хажууд байсан бүгдэд хандан: ‘Та бүгд Христэд итгэлтэй байх ёстой. Би та бүгдэд Библи болон нифайчуудын цэдэг (Мормоны Ном) үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Та нар үхлийн ирмэг дээр буй намайг гэрчлэлээ хэлж байгааг сонссоноо гэрчилж болно. Бүгд Христэд итгэлтэй байгтун. Та нарын ажил үйлсийн дагуу шагнал чинь ирэх болно. Бурхан та бүгдийг адислаг. Христэд итгэх итгэл маань үүрд мөнхөд орших болно, амен’” гэсэн байна [Richmond Democrat, 1888 оны 2–р сарын 2, Андрю Жэнсоны эш татсанаар, Latter–day Saint Biographical Encyclopedia, 4-р боть, [1901], 1:270]).
Мартин Харрис нас барахынхаа өмнөхөн: “Тийм ээ, би Мормоны Ном бичигдсэн ялтсуудыг харсан; би тэнгэр элчийг харсан; би Бурханы дуу хоолойг сонссон; би Иосеф Смит бол Бурханы бошиглогч бөгөөд ариун санваарын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг мэднэ” хэмээн гэрчилсэн аж (“The Last Testimony of Martin Harris,” recorded by William H. Homer in a statement sworn before J. W. Robinson, 1927 оны 4-р сарын 9, HDC). (Мөн Doctrine and Covenants Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 33-ыг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 17:7–9-ийг уншаад, хэрэв Гурван гэрчид гэрчлэлдээ итгэлтэй байж тунхаглах юм бол өгнө хэмээн амласан Их Эзэний амлалтыг олж мэд. 9–р шүлэг дээрх “зөв шударга зорилго” гэсэн хэллэгийг анхаар. Гурван гэрчийг Мормоны Номын алтан ялтсуудын талаар гэрчлэлээ тунхагласнаар гүйцэлдүүлэхийг хүссэн Их Эзэний “зөв шударга зорилгын” талаар бод. (Та мөн энэ асуултын талаар бодохдоо Сургаал ба Гэрээ 17:4–ийг дахин уншиж болно.)
-
Та дараах асуултыг судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Их Эзэний таны хүсэж буй үнэний гэрчлэлийн төлөө өгч болох “зөв шударга зорилго” юу байж болох вэ?
Бид гэрчлэлээ хуваалцсанаар гэрчлэлээ нэмэгдүүлж эсвэл хүчирхэгжүүлдэг гэдгийг сана. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа:
“‘Гэрчлэлтэй болох хүртлээ гэрчлэлээ хуваалцаж би яаж чадах юм бэ?’ Бурхан амьд, Есүс бол Христ, сайн мэдээ үнэн гэдгийг би яаж гэрчилж чадах вэ? Надад ийм гэрчлэл байхгүй байхад, эдгээр зүйлсийг гэрчлэх нь шударга бус хэрэг биш үү?’ хэмээн номлогч асуух нь байдаг л зүйл.
Би та нарт нэг зарчмыг заахыг их хүсэж байна. Гэрчлэлээ хуваалцсанаар гэрчлэлийг олж авдаг юм шүү! Сүнсний мэдлэгийн төлөөх эрэл хайгуулд чинь хаа нэгтээ, философчдын нэрлэснээр ‘итгэлийн нахиа’ байж л байгаа. Энэ бол та гэрлийн ирмэг дээр хүрч очоод ганц хоёрхон алхмын цаадах зам тань гэрэлтэй гэдэгт бат итгэн, харанхуй руу алхан орох агшин юм. Сударт хэлснээр ‘Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.’ (Сургаалт үгс 20:27.)
Уншсан зүйлээсээ эсвэл хэн нэгний хэлсэн үгсээс гэрчлэлийг хүлээн авах нь нэг хэрэг. Энэ бол эхлэх чухал алхам. Харин Сүнс таны гэрчилсэн зүйлс үнэн гэдгийг цээжин дотор тань гэрчлэх нь тэс өөр хэрэг юм. Хуваалцахын хэрээр танд өгөгдөх болно гэдгийг та харж байна уу? Хэрэв та байгаагаасаа өгөх юм бол танд нөхөж өгөх бөгөөд өгөхдөө бүр нэмж өгнө гээч!
Амаа нээж ярих нь итгэлийн тань шалгуур юм” хэмээн хэлсэн (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 54).
Хэн таны хуваалцсан гэрчлэлийг сонссоноор ашиг тусыг нь хүртэж болох талаар тунгаан бод. Энэ долоо хоногт уг хүндээ гэрчлэлээ хуваалц.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 17-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: