16-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 75
Оршил
1832 оны 1-р сарын 25-нд болсон Сүмийн чуулган дээр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 75-д цэдэглэгдсэн хоёр илчлэлтийг хүлээн авсан. 1–22-р шүлэгт цэдэглэгдсэн эхний илчлэлт нь номлолд үйлчлэхээр нэрээ өгсөн бүлэг ахлагчдад өгөгджээ. Их Эзэн эдгээр ахлагчид номлогчийн үүрэг хариуцлагын талаар зааварчилж, номлолын хамтрагчдыг нь томилсон. 23–36-р шүлэгт цэдэглэгдсэн хоёр дахь илчлэлт нь өөрсдийн талаарх Их Эзэний тааллыг мэдэхийг хүссэн хоёр дахь бүлэг ахлагчдад өгөгджээ. Их Эзэн тэдгээр ахлагчийг гэр бүлээ материаллаг талаас нь хангахад анхаарч, дараа нь сайн мэдээг номлох дуудлага хүлээх авахыг зааварчилсан байна.
Сургаал ба Гэрээ 75:1–5
Их Эзэн сайн мэдээг номлох хүсэлтэй хүмүүст хандаж ярив
Бүрэн цагийн номлолд үйлчлэх хүртэл танд хэдэн жилийн хугацаа байна вэ? Бүрэн цагийн номлолд үйлчлэх боломжийн талаар бодож байхдаа бусадтай сайн мэдээг хуваалцсанаар ямар адислалуудыг хүлээн авна гэж та хүсэн хүлээж байна вэ? Үлдээсэн зайд эдгээр адислалаас заримыг нь бич. Тухайлбал:
Сургаал ба Гэрээ 75-д цэдэглэгдсэнээр Их Эзэн сайн мэдээг номлуулахаар Өөрийн дуудсан хүмүүст олон адислал амласан. Тэрээр мөн амжилттай байхад нь туслах заавруудыг тэдэнд өгсөн. Сургаал ба Гэрээ 75:1–4-ийг уншаад, Их Эзэн ахлагчдаас сайн мэдээг номлож байхдаа юу хийхийг хүссэнийг олж мэд. Та олж илрүүлсэн зүйлсээ судартаа тэмдэглэж болно.
-
Номлогчид Их Эзэний эдгээр шүлэгт дүрсэлсэн байдлаар сайн мэдээг номлох нь яагаад чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэлдээ бич.
Сургаал ба Гэрээ 75:5-ыг уншаад, хэрэв ахлагчид Их Эзэний сайн мэдээг итгэлтэйгээр тунхагласан тохиолдолд Тэрээр тэдэнд юу амласныг олж мэд. Боодол гэдэг үг нь хурааж аван, баглаж боосон үр тариаг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно. “Олон боодолтой” байх нь арвин их ургацтай байна гэсэн үг юм. Номлолын ажилд “боодол” нь юуг төлөөлж байна гэж та бодож байна вэ?
Сайн мэдээг бусадтай хуваалцсанаар бид хөдөлмөрийнхөө үр жимсийг хүлээн авч адислагдахаас гадна Их Эзэн Сургаал ба Гэрээ 75:5 дээр мөнхийн адислалуудыг амласан байдаг. Их Эзэний 5-р шүлэг дээрх амлалтууд нь таныг сайн мэдээг бусадтай хуваалцахад хэрхэн урамшуулах вэ?
-
5-р шүлгээс сурсан зүйлээ ашиглан судрын тэмдэглэлдээ дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахдаа итгэлтэй байвал Их Эзэн биднийг … адислах болно.
Сургаал ба Гэрээ 75:6–22
Их Эзэн номлогчийн хамтрагчдыг дуудаж мөн зааварчлав
Их Эзэн номлолд үйлчлэхээр явах гэж байгаа ахлагчдад заавар болон амлалт өгснийхөө дараа тэднийг хамтрагчид болгож, хамтрагч бүрд тодорхой заавар өгсөн.
Эхний хамтрагчдын тухай мөн тэд сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхаглавал Их Эзэний тэдэнд өгнө хэмээн хэлсэн амлалтыг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 75:6–12-ыг унш.
1831 оны 10-р сарын 29-нд Виллям Э.Маклелин Нэгдсэн Улсын зүүн хэсэгт номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсан бөгөөд Самуел Х.Смит түүний хамтрагчаар дуудагдсаныг мэдэх нь тустай байж болно (С ба Г 66:5–8-ыг үзнэ үү). Виллям анхандаа энэ дуудлагыг хүлээн авсан. Түүний номлол эрт дуусаж, 1831 оны 12-р сарын төгсгөлд тэр Огайогийн Көртландад эргэн иржээ. Сургаал ба Гэрээ 75:6–12-т цэдэглэгдсэнээр Их Эзэн Виллям Э.Маклелинийг бувтнасных нь улмаас зэмлэн, дорнод мужуудад үйлчлэх дуудлагыг нь цуцалж, оронд нь Самуел Смитийн хамтрагчаар Оорсон Хайдыг дуудсан байна. Хэдий тийм ч, Их Эзэн нигүүлсэнгүй хандаж, Виллямд Нэгдсэн Улсын өмнөд зүгт Лук Жонсонтой хамтрагч болж сайн мэдээг тунхаглах өөр нэгэн дуудлагыг өгсөн. Виллям үйлчлэх дуудлагыг хүлээн авсан ч итгэлтэй үргэлжлүүлэн үйлчилж чадаагүй юм. Тэрээр удалгүй номлолоо үргэлжлүүлэх боломжгүй болтол хүнд өвдсөн хэмээн мэдүүлсэн ажээ. Номлолоо орхин явсныхаа дараа тэр Огайогийн Хайрамд очиж, Эмилин Миллертэй гэрлэсэн байна.
Сургаал ба Гэрээ 75:11, 13–14-ийг уншаад, хэрэв тэд Их Эзэний сайн мэдээг итгэлтэй тунхаглавал өгнө хэмээн номлогчийн хамтрагч бүрд давтан хэлсэн амлалтыг олж мэд. Та эдгээр шүлэгт орсон хэрэв бид сайн мэдээг итгэлтэйгээр тунхаглавал Их Эзэн бидэнтэй хамт байна хэмээн бидэнд баталсан хэллэгүүдийг тэмдэглэж болно.
-
Хэрэв бид Их Эзэний сайн мэдээг итгэлтэйгээр тунхаглавал Тэр бидэнтэй хамт байна гэдгийг танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд баталсан туршлагыг судрын тэмдэглэлдээ бич.
-
Таны найз эсвэл гэр бүлийн тань нэг гишүүн бүрэн цагийн номлолд үйлчилж байхдаа асуудалтай байна гэж төсөөлөн бод. Өнөөдрийн хичээл дээр сурсан зарчмаа ашиглан энэ хүнд зориулж урамшуулсан захиа судрын тэмдэглэлдээ бич. Захиандаа сайн мэдээг итгэлтэйгээр тунхаглахын тулд юу хийж болох мөн ийнхүү тунхаглаж чадсан хүмүүст ирэх зарим адислалыг хуваалцана уу. (Хэрэв та бүрэн цагийн нэг номлогчийг мэддэг бол түүнд захиа бичиж болно. Дараа нь судрын тэмдэглэлдээ захидал бичсэн гэсэн тэмдэглэл хий.)
Бид сайн мэдээг итгэлтэй тунхаглах ажлыг хийж байхдаа сорилт бэрхшээлтэй тулгарч болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн тухай өгүүлэлдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ерөнхийлөгч Хинклийд залуудаа Англид номлогчоор үйлчилж байхад нь учирсан бэрхшээлийнх нь тухай бичжээ.
“Ахлагч Хинкли шинэ газар нутагт, шинэ нөхцөл байдалтай учирсан номлогчдод нийтлэг тохиолддог зүйлтэй тулгарсан байна. Түүний урам хугарсан аж. Түүний бие сайнгүй байсан ба анхныхаа гудамжинд хийх уулзалтад явснаа … тэр: ‘Би үхтлээ айж байв. Би жижигхэн индэр дээр гарч зогсоод цугласан олны зүг харж билээ. … Тэд нэлээд сүрдмээр, ууртай харагдсан бөгөөд би хэлэх зүйлээ арайхийн түгдрэн байж хэлж билээ’ хэмээн дурджээ.
Сэтгэлээр унаж, номлогчийн ажилдаа амжилт гаргахгүй байсан Гордон аавдаа: ‘Би өөрийнхөө цагийг мөн таны мөнгийг дэмий үрж байна. Би энд үлдэх ямар ч шалтгаан олж харахгүй байна’ хэмээн захиандаа бичив. Хэсэг хугацааны дараа эцгээс нь эелдэг боловч товч бөгөөд тодорхой хариу иржээ. Тэр захианд: ‘Хайрт Гордон минь. Би [огноо]-нд бичсэн чиний захиаг хүлээн авлаа. Надад өгөх ганцхан л зөвлөгөө байна. Өөрийгөө мартаад ажлаа хий. Хайртай шүү, аав нь’ гэсэн байв.
Тухайн үед ерөнхийлөгч Хинкли ‘Би түүний хариултыг эргэцүүлэн бодсон бөгөөд маргааш өглөө нь бид судрынхаа хичээлээр Их Эзэний агуу мэдэгдэл болох “Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана, харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна” (Mарк 8:35) гэдгийг уншсан.
Тэр энгийн мэдэгдэл, тэр амлалт надад нөлөөлсөн юм. Би өвдөг сөхрөн суугаад, Их Эзэнтэй өөрийгөө мартан, хичээнгүйлэн ажиллана гэсэн гэрээ хийсэн. Би тэр өдрийг амьдралынхаа шийдвэрлэх өдөр гэж үздэг. Түүнээс хойш надад тохиолдсон бүх сайн зүйл тэр үед гаргасан шийдвэрээс үүдэлтэй’” (“Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: Stalwart and Brave He Stands,” Ensign, 1995 оны 6-р сар, 8.)
Сургаал ба Гэрээ 75:15–22-т цэдэглэгдсэнээр Их Эзэн номлогчдыг өөрсдийг нь хүлээн авсан гэр бүлийг адислахыг зааварчилсан байдаг. Түүнчлэн хуваалцсан сайн мэдээг нь хүлээн аваагүй хүмүүст тэд юу хийх ёстойг Тэр заасан. Өнөөгийн номлогчид хүлээн авахаас татгалзсан хүмүүсийн өмнөөс хөлийнхөө тоосыг гүвдэггүй.
Сургаал ба Гэрээ 75:23–29
Их Эзэн номлолд үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийн гэр бүлүүд ямар дэмжлэг хүлээн авахыг тайлбарлав
Сургаал ба Гэрээ 75-ын 23–36-р шүлэгт цэдэглэгдсэн хоёр дахь илчлэлт өөр бүлэг ахлагчид өгөгджээ. Сүм байгуулагдсаны эхний жилүүдэд номлолд үйлчлэхээр дуудагдсан олон эр харж хандах хэрэгтэй эхнэр, хүүхдүүдтэй байв. Үйлчлэх дуудлага хүлээн авна гэдэг нь бүхий л гэр бүлийн хувьд агуу золиослол байжээ. Олон ахлагч гэрээсээ хол сайн мэдээг номлох дуудлагыг хүлээн авбал гэр бүлд нь юу тохиолдох бол гэдэгт өөрийн эрхгүй санаа зовдог байв.
Сургаал ба Гэрээ 75:24–28-ыг уншаад, сайн мэдээг номлох хэрэгтэй ч гэр бүлээ авч явах хэрэгтэй байсан ахлагчдад өгсөн заавруудыг олж мэд.
Эдгээр шүлэгт Их Эзэн эцэг юм уу нөхөр нь номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсан гэр бүлд Сүм туслах ёстой гэж хэлсэн. 26-р шүлэгт Их Эзэн ахлагчдыг гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх газар олж чадах юм бол тэднийг юу хий гэж зөвлөснийг анхаар.
28-р шүлэгт Их Эзэн гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх газар олж чадаагүй ахлагчид аялах хэрэггүй хэмээн хэлээд, тэд мөнх амьдрал хүлээн авах боломжоо алдахгүй болохыг баталсан. Эдгээр ахлагч орон нутгийнхаа хүрээнд Сүмд хөдөлмөрлөх шаардлагатай хэвээр байв.
Сургаал ба Гэрээ 75:29-ийг уншаад, Их Эзэн энэ бүх эрэгтэйд өгсөн зөвлөгөөг олж мэд. Залхуурагч нь ажиллах хүсэлгүй хүнийг хэлдэг бол “бүх зүйлд хичээнгүй байх” нь тууштай, тэсвэртэй, анхааралтай мөн хөдөлмөрч байх гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно.
29-р шүлэгт цэдэглэгдсэн Их Эзэний дараах зааврыг тэмдэглэж болно. Их Эзэн биднийг бүх зүйлд хичээнгүй байхыг зарлигласан.
-
Та илүү хичээнгүй байж чадна гэж боддог амьдралынхаа зарим зүйлийг эргэцүүлэн бод. Тусдаа цаасан дээр илүү хичээнгүй байх зорилго тавьсан нэг зүйлээ бич. Энэ зорилтоо өдөр бүр харж байх газар байрлуул. Үүнийг хийснийхээ дараа судрын тэмдэглэлдээ дараах зүйлийг бич. Би зорилгоо бичээд өдөр бүр харж байх газар байрлуулсан.
Сургаал ба Гэрээ 75:30–36
Их Эзэн ахлагчдыг номлогчийн хамтрагчид болгон үйлчлүүлэхээр томилов
Сургаал ба Гэрээ 75-д цэдэглэгдсэн хоёр дахь илчлэлтийн төгсгөлд Их Эзэн энэ бүлэг ахлагчдыг номлогчийн хамтрагчид болгон томилсон.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 75-р хэсгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: