30-р бүлэг: 4 дэх өдөр
Гар тэрэгтэй анхдагчид 1856–1860
Оршил
1847 онд Солт Лэйкийн хөндийд ирсэн гэгээнтнүүд цаашид ирэх цагаачдад зориулан хөдөө аж ахуй болон бусад эх үүсвэрийг хөгжүүлэхээр ажиллаж байв. 1851 оны 9-р сард ерөнхийлөгч Бригам Янг болон Тэргүүн Зөвлөлийн гишүүд Айовад мөн дэлхий даяар амьдарч байсан бүх гэгээнтнийг Солт Лэйкийн хөндийд цугларахыг дахин уриалжээ. Хожмын үеийн олон гэгээнтэн ерөнхийлөгч Бригам Янгийн агуу золиослол гаргах дуудлагад хариулсан юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд цагаачдыг харж хандахаар илгээгдсэн бөгөөд 1852 онд урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм олон гэгээнтэн жим даган, Солт Лэйкийн хөндий рүү аялав. Үүнээс гадна 1856-аас 1860 оны хооронд олон гэгээнтэн гар тэрэгний багийнхантай нийлэн Солт Лэйкийн хөндий рүү аялсан юм.
Гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд цугларах зөвлөгөөг дуулгавартай дагав
Та гар тэрэг түрж, 1300 бээрийг (ойролцоогоор 2090 километр) хөлөөрөө алхан, зөвхөн 17 фунт (барагцаалбал 7,7 кг) хувийн эд зүйлсээ авч явах боломжтой байсан гээд төсөөлөөд үз дээ. Та энэ аялалд сайн дураараа нэгдэх байсан уу?
1856–1860 оны хооронд бараг 3000 гэгээнтэн гар тэргэн дээр хувийн эд зүйлсээ түрэн, Нэгдсэн Улсын тал газрыг туулж, Юта руу баруун зүгийг чиглэн явах аялал хийхээр сонгосон. Гар тэрэгний ихэнх хэсэг нь хүнсний нөөц, хувийн зүйлс мөн хоол хүнсээ гар тэргэн дээрээ ачаад Айовагийн Айова хотоос Ютагийн Солт Лэйк Сити руу алхжээ. Хамгийн сүүлийн гурван багийнхан Небраскагийн Флоренсагаас аяллаа эхэлсэн байна.
Боломжтой бол, та гар тэрэгний анхдагчдын нэг байсан бол авч явах гэж бодож байгаа гэрийнхээ эд зүйлсээ цуглуул. 17 фунт (барагцаалбал 7.7 кг) зүйл ямархуу байх талаар ойлголттой болохын тулд тэдгээрээ жинлүүр дээр тавьж үз.
Та энэ хичээлийг судалж байхдаа дараах асуултыг тунгаан бод. Гэгээнтнүүд Ютад очихын тулд яагаад тийм их золиослол хийхэд бэлэн байсан гэж та бодож байна вэ?
Нэгдсэн Улсаас өөр оронд амьдарч байсан хүмүүсийг оролцуулаад Сүмийн ихэнх гишүүн Юта дахь Сүмийн гишүүдтэй нэгдэж цугларахыг хүсэж байв. Гэвч олон гишүүнд тэнд очиход хангалттай мөнгө эсвэл шаардлагатай эд зүйлс байхгүй байв. Ерөнхийлөгч Бригам Янг ийм шалтгаанаар 1849 онд Тасралтгүй Цагаачлалын Санг зохион байгуулжээ. Энэ сан нь цагаачдад аялал болон шаардлагатай эд зүйлийнхээ төлбөрийг төлөхөд туслах зээл олгодог байв. Санхүүгийн олон асуудлаас болж 1855 онд энэ сан хоосорч, ерөнхийлөгч Янг 1856 онд цагаачлахыг хүссэн гэгээнтнүүдэд туслахад хангалттай мөнгө байхгүй болсонд санаа зовж байв. Тэрээр сангаас тусламж авахыг хүссэн цагаачдад морин тэрэгний оронд гар тэрэг ашиглахыг санал болгосон байна. Гар тэрэгнүүд тийм ч үнэтэй биш байсан бөгөөд илүү олон гэгээнтэнд цагаачлах боломж олгосон юм.
Аялал хэцүү байсан ч 1856–1860 оны хооронд аялсан 10 гар тэрэгний багийн 8 нь ердийн морин тэрэгний багийнхантай харьцуулахад ойролцоогоор 3 хувь амь эрсдэж, аяллаа амжилттай дуусгасан байна. Гэхдээ 1856 онд дөрөв, тавдугаар гар тэрэгний багийнхан аяллаа оройтож эхлэн, хүнд хүчир зовлон бэрхшээл үзэж туулжээ. Тэд Жеймс Г.Виллигээр удирдуулсан Виллигийн гар тэрэгний багт мөн Эдвард Мартинаар удирдуулсан Мартины гар тэрэгний багт тус тус байлаа. Айовагаас бараг 1000 бээр (ойролцоогоор 1600 км) баруун зүгийг чиглэн аялсны дараа багийнхан хоол хүнс болон бусад хангамжаар дутагдаж эхлэв. Хоёр багийнхан тэдний урагшлах явцад саад болсон хахир өвлийн шуурганд өртжээ. Эдгээр гэгээнтэн хахир хүйтэн, цасанд аймшигтай зовж шаналсан юм.
1856 оны 10-р сарын 19-нд Мартины гар тэрэгний багийнхан өвлийн цасан шуурганаар том голыг гатлах ёстой болсон. Аарон Жаксоныг оролцуулан бүлгийн олон гишүүн сульдаж доройтон, өвчтэй байсан бөгөөд мөрнийг гатлах нь тэдэнд аюултай нөлөө учруулав. Элизабет Жаксон хэдэн өдрийн дараа түүний нөхөрт юу тохиолдсон талаар ийнхүү дүрсэлжээ.
“Би ойролцоогоор есөн цагийн үед унтахаар хэвтсэн. … Намайг сэрэх үед шөнө дунд болсон юм шиг санагдаж байв. Би маш их даарч, цаг агаар ч маш их хүйтэрсэн байв. Хэвтэж байгаа нөхрийнхөө амьсгааг сонсохоор чагнасан бөгөөд тэрээр огт хөдөлсөнгүй. Би амьсгалыг нь сонсохгүй байсан учраас санаа зовж, түгшиж эхлэв. Түүний бие дээр гараа тавиад, хамгийн их айж байсан зүйл маань болсныг би ойлгосон юм. Нөхөр минь нас барсан байв. … Би майханд хамт байсан хүмүүсээс тусламж хүссэн ч тэд надад юугаар ч тусалж чадсангүй. … Үүр цайхад, бүлгийн зарим эрэгтэйчүүд цогцсыг оршуулахад бэлтгэв. … Тэд түүнийг хөнжилд ороогоод нас нөгчсөн бусад арван гурвын хамт эгнүүлж тавиад цасанд булсан юм. Газар тас хөлдсөн байсан тул тэд булш ухаж чадаагүй юм” (Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford [1908], 6–7; мөн history.lds.org-ийг үзнэ үү).
-
Хэрэв та Элизабет Жаксонд тэрхүү хүнд хэцүү үед нь захидал бичих байсан бол түүнийг бууж өгөхгүйн тулд юу хийх хэрэгтэй гэж түүнийг урамшуулах байсан бэ? Судрын тэмдэглэл дээрээ Элизабетэд хандан богинохон захидал бич.
Элизабетийн түүхийн үлдсэн хэсгээс итгэлийн нь нотолсон зүйлийг олж мэд:
“Тэр тэндээ Их Эзэний бүрээн дуу сонсогдож, Христэд нас барагсад сэрж, анхны амилалтын өглөө урагш гарч ирэх хүртэл амар тайван нойрсохоор үлдсэн юм. Тэр үед бидний зүрх сэтгэл, амь амьдрал маань дахин нэгдэж, мөнх амьдралыг хүлээн авах болно.
Би ийнхүү хүнд хэцүү нөхцөл байдалд өөрийгөө гурвын гурван хүүхэдтэй бэлэвсэрч үлдэхэд сэтгэлд ямар байсныг дүрслэн хэлэхийн аргагүй. Би дүрсэлж ч чадахгүй. Гэвч бичээч тэнгэр элч дээд тэнгэр дэх сандаа үүнийг цэдэглэж байгаа гэдэгт мөн сайн мэдээний төлөө үүрсэн зовлон шаналал маань миний сайн сайхны төлөө намайг ариулна гэдэгт би итгэдэг” (Leaves, 7; мөн history.lds.org-ийг үзнэ үү).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Элизабетын түүхээс харахад сайн мэдээний төлөө зовж зүдрэн, золиослол гаргахын нэг зорилго юу вэ?
-
“Миний сайн сайхны төлөө намайг ариулна” гэсэн нь Элизабетын зовлон зүдгүүр нь түүний сайн сайхны төлөө ариулагдах болно гэсэн утгатай юм. Хэдийгээр та түүний адил зовж шаналахгүй байж болох ч сайн мэдээний төлөө ямар байдлаар зовж болох вэ? Та тэдгээр туршлагаараа дамжуулан хэрхэн адислагдаж болох вэ?
-
Аарон Жаксоныг нас барснаас хойш хэдэн өдрийн дараа Мартины багийнхан ойролцоогоор 10 бээр (барагцаалбал 16 км) тэргээ түрсэн байв. Энэ үеэр олон хүн нас барсан юм. Аяллын энэ хэсэгт нэгэн шөнө хэнд нь ч майхан барих тамир тэнхээ үлдсэнгүй. Элизабет Жаксон нэг хүүхдээ өвөр дээрээ, нөгөө хоёр хүүхдээ хоёр талдаа аваад чулуун дээр суув. Тэр ийнхүү суусан чигээрээ үүр цайлгасан юм. Тэр үед Элизабет сэтгэлээр унав. Дараа нь 10-р сарын 27-ны орой түүнд авралын найдвар төрүүлсэн нэгэн үйл явдал тохиолдсон байна.
“Ийм хүнд хэцүү байдалд намайг сэтгэлээр унасан гэдгийг хэн ч ойлгох байх. Би төрөлх нутгаасаа гараад зургаа, долоон мянган бээрийн алс хол зэлүүд, чулуурхаг, уулархаг газарт, гадаргуу нь цасаар хучигдсан, ус нь мөсөөр бүрхэгдсэн нутагт ядмаг нөхцөлд эцэггүй гурван хүүхдээ энэрэлгүй шуурганаас хамгаалах бараг юу ч үгүй болсон байв. Би 10-р сарын 27-ны орой орондоо ороод, нэгэн гайхалтай илчлэлтийг хүлээн авсан юм. Миний зүүдэнд нөхөр маань хажууд зогсоод—‘Элизабет, сэтгэлээр бүү уна. Чөлөөлөлтийн өдөр ойрхон байна’” гэж хэлсэн (Leaves, 8; мөн history.lds.org-ийг үзнэ үү).
Элизабетын зүүд биелсэн. Солт Лэйк Ситигээс ирсэн аврагчдын анхны баг маргааш өдөр нь Мартины гар тэрэгний багийнхан дээр хүрч ирсэн юм.
1856 оны 10-р сарын 4-нд гар тэрэгний багийнхныг өвлийн шуурганд орохоос хэдэн долоо хоногийн өмнө аялагчид ерөнхийлөгч Бригам Янгад анхдагчдын багийнхан олон зуун бээрийн зайд хээр тал газар үлдсэн гэдгийг мэдэгджээ. Маргааш нь ням гаргийн цуглаанаар Бригам Янг эдгээр гар тэрэгтэй анхдагчийг аврах талаар ярьсан байна.
“Олон ах, эгч нар маань гар тэрэгтэй хээр талд байгаа бөгөөд магадгүй олон нь бидний байгаа газраас 700 бээрийн [ойролцоогоор 1100 километр] алсад байж магадгүй. Тэднийг энд авчрахын тулд бид тэдэн рүү тусламж илгээх ёстой.
Хүмүүсээ аврах нь миний шашин мөн надад буй Ариун Сүнсний өгсөн заавар юм. … Хэрэв бид ахан дүүсдээ тусламж явуулахгүй бол тэд үрэгдэх юм уу асар ихээр зовж зүдэрнэ. Тиймээс тэднийг аврахыг эрэлхийлэх хэрэгтэй.
Би маргаашийг юм уу [тэрний] цаадах өдрийг хүлээлгүй өнөөдөр бишопуудыг дуудаж, сайн бух тэрэгний 60 багийг 12-оос 15 бүхээгт тэрэгтэй … [түүнчлэн] 12 тонн гурил болон жолоодож явах хүмүүсээс гадна 40 сайн тэрэгчинг явуулахаар бэлдэнэ.
Хэрэв та нар одоо миний зааж байгаа энэ зарчмуудыг хэрэгжүүлэхгүй бол та нарын итгэл, шашин, шүтлэг чинь ч та нарын бодгалийг Бурханы селестиел хаант улсад аврахгүй гэдгийг би хэлнэ. Явж, одоо тал газар байгаа хүмүүсийг авчир” хэмээжээ (“Remarks,” Deseret News, 1856 оны 10-р сарын 15, 252).
Ерөнхийлөгч Бригам Янгийн гэгээнтнүүдэд заасан нэг зарчим юу байсан бэ?
Олон хүн зовж шаналж буй гэгээнтнүүдэд туслах бошиглогчийн урилгыг сонссон юм. Ерөнхийлөгч Янгийн өгсөн номлолоос хойш хоёр өдрийн дотор эрэгтэйчүүд цагаачдыг олохоор хоол хүнс ачсан тэрэгнүүдээ хөллөн гарсан ажээ.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Энэхүү аврах ажил нь Солт Лэйкийн хөндийд байсан гэгээнтнүүдийн хувьд хэрхэн золиослол байсан бэ?
-
Бид материаллаг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд ямар золиослол хийж болох вэ?
-
Бид сүнслэг байдлын хувьд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд ямар золиослол хийж болох вэ?
-
1856 оны 10-р сарын 21-нд анхны аврах багийнхан Виллигийн гар тэрэгний багийнхан дээр хүрч очив. Зарим тэрэг нь тэндээ үлдсэн ч ихэнх нь Мартины гар тэрэгний багийнханд үргэлжлүүлэн тусалсан байв. 10-р сарын 23-нд нүүр нүдгүй шуурсан шуурганаар Виллигийн багийнхан 15 бээр [ойролцоогоор 24 км] газрыг туулсан юм. Эхний 3 бээр [5 км] газар туулахдаа 600 фут [180 метр] Роки Риж нэртэй толгодыг мөн давав.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фауст Виллигийн багт байсан залуу анхдагчдын эр зоригийг ийнхүү дүрслэн хэлсэн.
“Виллигийн бүлгийн даарч хөрч, ядарч туйлдан мөн өлссөнөөс болж өөд болсон арван гурван гишүүнийг Рок Крийк Холловт ердийн булшинд оршуулжээ. … Рок Крийк Холловт оршуулсан хүмүүсийн хоёр нь Дани улсаас ирсэн Бодил [Мортэнсэн, арван нэгэн настай], Шотландаас ирсэн Жэймс [Көрквүүд арван нэгтэй] бага насны баатарлаг хүүхдүүд байв.
Бодил тэднийг Роки Рижийг давах үеэр бяцхан хэдэн хүүхдийг харах үүрэг хүлээн авсан байв. Тэднийг майхандаа эргэн ирэх үед тэр охиныг түлшний модонд явуулсан бололтой. Түүнийг харгана бариад, гар тэрэгнийхээ дугуйг налсан байдалтайгаар хөлдөж нас барсан байхыг олжээ.
Одоо би Жэймс Көрквүүдийн талаар ярья. Жэймс Шотландын Гласговоос ирсэн байлаа. Өрнө зүгт аялахдаа Жэймс бэлэвсэн эх болон тахир дутуугаасаа болж гар тэргэн дээр явахаас өөр аргагүй арван есөн настай Томасыгаа оролцуулаад гурван дүүтэйгээ хамт явжээ. Жэймсийн аяллын гол үүрэг хариуцлага нь ээж нь том ах Робэртын хамт гар тэргийг чирж явах үед дөрвөн настай жаахан дүүгээ харж хандах явдал байв. Тэднийг Роки Риж өөд авирах үед цас орж мөн жихүүцэм хүйтэн салхи үлээж байлаа. Бүх багийнхан 15 бээр туулахад [20] цагийг зарцуулсан байна. Бяцхан Жозефыг алхаж чадахгүй болтлоо ядрахад ах Жэймст дүүгээ өргөж явахаас өөр сонголт байсангүй. Бүлгийн гол бүрэлдэхүүнээс тасарч ард хоцорсон Жэймс, Жозеф хоёр түр буудаллах газар руу аажмаар дөхөж очжээ. Тэр хоёрыг арайхийж түүдэг галд ойртож ирэхэд Жэймс ‘даалгавраа итгэлтэйгээр гүйцэтгэж, даарч мөн хэт их ядарснаасаа болж ухаан алдаж улмаар нас барсан юм’ (“A Priceless Heritage,” Ensign, 1992 оны 11-р сар, 84–85).
Ерөнхийлөгч Томас С.Монсон өнөө үед гачигдагсдад туслах зарчмын дагуу хэрхэн амьдарч болохыг тайлбарласан. Та түүний заасан зүйлийг уншиж байхдаа өнөөдөр бусдад тусалж болох өөр арга замыг хайж ол.
“Би энэ олон жилийн туршид Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байхдаа ах эгч нарыг маань сайн мэдээний өгч чадах бүх адислалаас салгаж маш олон нөхцөл байдлаас ‘аврах’ хэрэгцээ байгааг онцолсоор ирсэн. Сүмийн ерөнхийлөгч болсноос хойш бид энэ аврах ажилд яаравчлан оролцох хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Сүмийн итгэлтэй гишүүдийн хувьд бид хайраар мөн ойлгох сэтгэлээр бусдад тусламжийн гараа сунгасан бөгөөд олон хүн буцаж ирэн, бүрэн идэвхтэй болж, амьдралдаа олон адислалыг хүлээн авч байна. Гэхдээ энэ асуудлаар их олон ажил хийгдэх хэрэгтэй байгаа бөгөөд бусдыг аврахын тулд үргэлжлүүлэн хүрч ажиллахад бүх хүнийг урамшуулж байна. ’Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул’(Лук 22:32) хэмээн Их Эзэн хэлсэн билээ” (“Reach Out to Rescue”; LDS.org).
-
Судрын тэмдэглэл дээрээ хэн нэгэн хүн өөр хүний сүнслэг болон материаллаг хэрэгцээнд тусалж байгааг харж байсан үеэ бич. Тэр хүн хэрхэн тусалсан бэ? Үйлчлэл нь ямар арга замаар үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёр хүнийг хоёуланг адисалдаг вэ?
Цаг гарган таны эргэн тойронд байх хүмүүсээс хэнд нь сүнслэг болон материаллаг тусламж хэрэгтэй байгааг бодож үз. Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Дараах түүх нь эдгээр гэгээнтэн зовлон зүдгүүрээ итгэлтэй тэвчин гарсан учраас хүлээн авсан зарим адислалыг нь олж тогтооход танд тусална.
1856 онд Францис болон Бэтси Вэбстэр хоёрт тэргээр Юта руу аялах хангалттай мөнгө байсан ч тэд мөнгөө Тасралтгүй Цагаачлалын санд хандивласан байна. Тэдний хандивласан мөнгө өөр есөн хүнд гар тэргээр аялах боломж олгожээ. Хүүхдээ төрөхийг хүлээж байсан Вэбстэр ах, эгч хоёр Солт Лэйк Сити рүү Мартины гар тэрэгний багийнхантай хамт аялж, багийн үлдсэн хэсэгтэй хамт зовлон бэрхшээлийг үзэж туулсан юм.
Олон жилийн дараа Вэбстэр ах Ням гаргийн ангид сууж байхдаа Сүмийн зарим гишүүн гар тэрэгнийхэнд тохиолдсон эмгэнэлт явдлын төлөө Сүмийн удирдагчдыг шүүмжилж байгааг сонсжээ. Тэр биеэ барьж чадалгүй босоод, Мартины гар тэрэгний багт байснаар авсан адислалуудаа хуваалцаж гэрчилсэн байна.
“Би та нарыг энэ шүүмжлэлээ зогсоохыг хүсэж байна, учир нь та нар ярьж буй зүйлийнхээ талаар юу ч мэдэхгүй байна. Хий хоосон түүхийн баримтууд энд ямар ч хамаагүй. Учир нь тэдгээр нь энд яригдаж байгаа асуултад зохих хариултыг өгч чадахгүй. Хүйтэрсэн үед гар тэрэгний багийнхныг илгээсэн нь алдаа байсан гэж үү? Тийм ээ. Гэхдээ би тэр багийнхантай хамт байсан бөгөөд эхнэр маань ч мөн тэнд байсан. … Бид та нарын төсөөлж ч чадахгүй олон зүйлийг амсаж зовж зүдэрсэн бөгөөд олон хүн гадны нөлөө, өлсгөлөнгөөс болж нас барсан. Гэвч та нар тэр бүлгээс амьд үлдсэн хүмүүсийн амнаас шүүмжлэлийн ганц үг гарч байхыг ер нь сонссон уу? … Бидний хүн нэг бүр хамгийн хүнд хэцүү үедээ [туйлын их хэрэгцээ шаардлагатай үед] Бурханыг таньж мэдсэн бөгөөд Түүнийг амьд гэсэн туйлын үнэн мэдлэгийг хүлээн авсан юм.
Би өвчнөөс мөн хоол ундгүй байснаас болж ядарч сульдаж, гар тэргээ арай ядан чирч, хөлөө арай ядан зөөдөг байсан. Би элсэрхэг газрыг эсвэл уулын бэлийг хараад, зөвхөн тэр хүртэл явж чадна, би тэнд очоод ачаагаа дийлэхгүй учраас бууж өгнө гэж өөрөө өөртөө хэлдэг байв. Тэгээд би тэр элс рүүгээ явж очиход намайг гар тэрэг түлхэж эхэлдэг байсан. Хэн миний гар тэргийг түлхэж байгааг харахаар би олон удаа эргэж харсан ч хэн ч харагддаггүй байв. Би тэр үед Бурханы тэнгэр элчүүд тэнд байсныг мэдсэн.
Би гар тэргээр ирэхийг сонгосондоо харамсдаг уу? Үгүй. Үгүй. Тэр үедээ ч, түүнээс хойших амьдралынхаа нэг хоромд ч харамсаж байгаагүй. Бурханыг таньж мэдэхийн тулд бидний төлсөн төлөөс бол онцгой эрх байсан бөгөөд би Мартины гар тэрэгний багийнхантай хамт Сионд ирэх боломжтой байсандаа талархаж явдаг” (Виллям Р.Палмэр, “Pioneers of Southern Utah,” The Instructor, 1944 оны 5-р сар, 217–218-д).
Францис Вэбстрийн гэрчлэлээс бидний суралцаж болох нэг зарчим бол, хэрэв бид зовлон бэрхшээлийг итгэлтэйгээр тэвчвэл Бурханыг таньж мэдэх болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Та зовлон бэрхшээлийг итгэлтэй тэвчиж байгаа хүмүүсээс ямар хандлага эсвэл зан чанарыг олж харсан бэ?
-
Та өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээр дамжуулан Бурханыг ямар арга замаар таньж, мэддэг болсон бэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би “Гар тэрэгний анхдагчид 1856–60” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: