9-р бүлэг: 1 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 36–37
Оршил
1830 оны 12-р сард Сидней Ригдон Эдвард Партрижийн хамт бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Огайогоос Нью-Йорк руу явав. Сидней дөнгөж баптисм хүртээд байсан хэдий ч, Эдвард сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэдэгт хараахан итгэхгүй байлаа. Эдвард бошиглогчтой уулзаж мөн таньдаг хүмүүстэй нь ярилцсаны дараа бошиглогчоос баптисм хүртээхийг хүсжээ. 1830 оны 12-р сарын эхээр Эдвард Партрижийг баптисм хүртэхийн өмнө Иосеф Смит Сургаал ба Гэрээ 36 дахь илчлэлтийг хүлээн авав. Энэхүү илчлэлтэд Их Эзэн Эдвард Партрижийг дуудаж, сайн мэдээг тунхаглахыг зарлиглажээ.
1830 оны сүүлийн зургаан сарын туршид Сүмийн эсрэг хавчлага улам бүр ширүүсэж байв. 1830 оны 12-р сард Иосеф Сургаал ба Гэрээ 37 дээрх илчлэлтийг хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн гэгээнтнүүдэд Нью-Йоркоос нүүж, Огайод цугларахыг зарлигласан.
Сургаал ба Гэрээ 36:1–3
Их Эзэн Эдвард Партрижийн нүглүүдийг өршөөж, түүнийг сайн мэдээг тунхаглуулахаар дуудав
Номлогчид ажлаа хийхдээ ашигладаг, авч явдаг зарим зүйлийн талаар бод.
Сайн мэдээг үр дүнтэй заахын өмнө номлогчдод хэрэгтэй зарим зүйлийг чемоданд хийх боломжгүй. Та Сургаал ба Гэрээ 36-г судлахдаа, номлолд үйлчлэхээр бэлдэхийнхээ өмнө номлогчдод хэрэгтэй мөн хийсэн байх ёстой зарим зүйлийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 36-д Их Эзэн Эдвард Партрижийг номлолд үйлчлэхэд дууддаг. Сургаал ба Гэрээ 36:1-ийг уншаад, Их Эзэн сайн мэдээг тунхаглуулахаар дуудахынхаа өмнө Эдвард Партрижид юу гэж хэлснийг олж мэд.
-
Яагаад сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан хүн бүр наманчилж мөн нүглээсээ өршөөгдөх нь чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич. Нүглээсээ цэвэршсэн байх нь Эдвард Партрижид сайн мэдээг “бүрээн дуу хоолой мэтээр” тунхаглахад нь хэрхэн туслах талаар бод (С ба Г 36:1).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншаад, сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан хүмүүс цэвэр ариун байх нь яагаад чухал болохыг ойлгоход туслах үгс, өгүүлбэрийг тэмдэглэ.
“Амьдрал, үхэл хоёрын хоорондох энэ бодит дайнд уруу таталт ирэх тоолонд чөтгөрийн талд тоглочихоод, дараа нь юу ч болоогүй юм шиг ариун сүмд болон номлолын талбарт Аврагчийн багийн хувцсыг өмсөж гарч ирж болохгүй. Залуу найз нар минь, ингэж болохгүй шүү. Бурхан доромжлогдохгүй.
… Ихэнх хөнгөн атлетикийн тэмцээнд оролцогчид уралдах журмын дагуу эгнэн зогсох ёстой гарааны шугам байдгийн адил энэ ажилд Түүнтэй хамт хөдөлмөрлөхөөр дуудагдсан хүмүүсийн зохистой байдлын шугамыг Их Эзэн зурсан юм. Өөрөө садар самууныг үйлдэж эсвэл хараалын үг хэлж эсвэл порнограф үздэг байсан нүглээ наманчлаагүй ямар ч номлогч бусдыг наманчлалд урьж чадахгүй. Тийм ээ, та нар үүнийг хийж чадахгүй. Та нарыг тэдэнд хандан ярих үед Сүнс та нартай хамт байхгүй байх бөгөөд үгс хоолой дээр чинь тээглэж, ганц ч үг дуугарч чадахгүй болно. Та нар Лихайн үзсэн ‘хориглогдсон замаар’ [1 Нифай 8:28] будилан одсон хэрнээ бусдыг ‘нарийн бөгөөд шулуун’ [2 Нифай 31:18] зам руу удирдаж чадахгүй” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign, 2011 оны 11-р сар, 45 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54).
Зааж байгаа үнэнийхээ дагуу амьдраагүй гэдгээ өөрөө мэдэж байгаа атлаа сайн мэдээг бусадтай хуваалцах нь танд ямархуу байхыг бод. Харин одоо, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх алдаанаасаа цэвэршсэнээр ирэх өөртөө итгэх итгэлээр бусадтай сайн мэдээг хуваалцах нь ямар байхыг бод.
Ахлагч Холланд та нарыг номлолын үйлчлэлд цэвэр ариун байхын тулд яг одоо юу хийж болох талаар ярьсан. Тэрээр: “Та нар хэн ч бай, юу ч хийсэн бай, уучлагдаж болдог юм. Залуу эрэгтэй бүр магадгүй та нарыг шаналгаж байгаа аливаа нүглээ ардаа орхиж болно. Энэ бол өршөөлийн гайхамшиг; Есүс Христийн Цагаатгалын гайхамшиг мөн. Гэвч та нар сайн мэдээний дагуу амьдарна гэж амлахгүйгээр, хэрэгтэй үед наманчлахгүйгээр өршөөлийг хүлээн авч чадахгүй. … Би та нарыг идэвхтэй мөн цэвэр ариун байгаач хэмээн гуйж байна. Шаардлагатай бол, идэвхтэй болохыг мөн цэвэр ариун бол гэж би та нараас хүсэж байна” (“Бид бүгд дуудагдсан,” 54).
Та цэвэр болохын тулд эсвэл цэвэр хэвээр үлдэхийн тулд одоо амьдралдаа юу хийх хэрэгтэй байгаагаа тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 36:2–3-ыг уншаад, Их Эзэн сайн мэдээг тунхаглуулахаар явуулахын өмнө Эдвард Партрижид юу өгөхөөр амласныг олж мэд.
Ерөнхийлөгч Харолд Б.Лий 2-р шүлэг дээрх “бибээр өөрийн үйлчлэгчийн гараар чиний дээр мутраа тавих болно” хэмээх үгийн утгыг тайлбарласан. Тэрээр: “Их Эзэний эрх бүхий үйлчлэгч гараа адислал авах хүний толгой дээр эрх мэдлийнхээ дагуу тавих нь Их Эзэн Өөрийн мутрыг тавьж, уг ёслолыг үйлдэж байгаатай адилхан хэмээн Их Эзэн хэлж байгаа юм. Ийн бид Их Эзэн эрх мэдлийн түлхүүрүүдийг авсан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан хүмүүний дунд Өөрийн хүчийг хэрхэн үзүүлдгийг харж эхэлдэг” гэж хэлсэн (Be Secure in the Gospel of Jesus Christ, Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үг, [1958 оны 2 сарын 11], 6).
Түүнчлэн 2-р шүлэгт байх “хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг чамд заах” гэсэн үг нь сайн мэдээний дагуу амьдарснаар Ариун Сүнснээс хүлээн авдаг удирдамж, өдөөлтийг хэлж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.
3-р шүлэгт Ариун Сүнсний заасан зүйлсийг хэрхэн ашиглах талаар Их Эзэн түүнд юу гэж хэлснийг анхаар.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад Ариун Сүнсийг хамтрагчаа болгох нь номлогчдын хувьд чухал гэж та бодож байна вэ? Та энэ асуултад хариулсныхаа дараа, Ариун Сүнс “хаант улсын амар амгалангийн зүйлүүдийн” тухай зааж байсан үеийн талаар бичиж болно (С ба Г 36:2).
Сургаал ба Гэрээ 36:4–8
Их Эзэн сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан хүмүүсийн талаар зарлиг өгөв
Сургаал ба Гэрээ 36:4–5, 7-г унш. Эдгээр шүлэгт Их Эзэн “[Өөрийн] сүмийн ахлагчид” хандан ярьж байгааг анхаарна уу (С ба Г 36:7). Уншиж байхдаа Их Эзэний санваартнуудад өгсөн үүргийг олж мэд.
Эдгээр шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэн, өнөөгийн бүх санваартны үүрэг хариуцлагын талаарх дараах зарчмыг гүйцээж бич. Санваартнууд нь тулд дуудагдсан.
Ерөнхийлөгч Томас С.Монсон энэ зарчмын талаар дурдахдаа: “Бошиглогчдын үеийн үед заасаар ирсэн зүйлийг давтан хэлэхэд, зохистой мөн чадвартай залуу хөвгүүн бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Номлолын үйлчлэл нь санваарын үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгсөн Их Эзэний өмнө хүлээсэн бидний хариуцлага билээ” (“Бид дахин уулзлаа,” Ensign, 2010 оны 11-р сар, 5–6 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4).
Бишоп болон салбарын ерөнхийлөгчид залуу эрэгтэйчүүд мөн залуу эмэгтэйчүүдийн бүрэн цагийн номлогчоор Их Эзэнд үйлчлэх зохистой байдал болон чадварыг тодорхойлохоор тэдэнтэй хамтран ажилладаг. Зарим залуу эрэгтэй эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл хөгжлийн бэрхшээлээс болж бүрэн цагийн номлогчийн үйлчлэлээс чөлөөлөгдөж болно. Гэсэн ч ийм тохиолдолд тэд Их Эзэнд өөр арга замаар үйлчлэхээр өөрсдийгөө бэлтгэж, зохистой хэвээр үлдэх ёстой.
Сургаал ба Гэрээ 36:5, 7-г уншаад, санваартнууд сайн мэдээг тунхаглахаар томилогдон явахаасаа өмнө юу хийх хэрэгтэй болохыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Залуу эрэгтэй сайн мэдээг тунхаглах зарлигийг дуртайяа хүлээн авч байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж болох вэ?
Бүрэн цагийн номлогч байх нь санваарын үүрэг хариуцлага хэдий ч залуу эмэгтэйчүүд бас үйлчилж болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Залуу эгч нарт хандан хэлэхэд, залуу эрэгтэйчүүдийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн, агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд бид та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” хэмээн хэлсэн (“Бид дахин уулзлаа,“ 3).
Сургаал ба Гэрээ 36:6-г уншаад, Их Эзэний номлогчдыг заа хэмээн зарлигласан захиас үгийг олж мэд. “Махан биеэр бузарлагдсан өмсгөл” гэж өвчнөөр халдварлагдсан хувцсыг хэлж байгаа юм. Эртний Израилд өвчин халдварлахаас сэргийлэн ийм хувцсыг шатаадаг байжээ. 6-р шүлэгт Их Эзэн нүглийг өвчинтэй харьцуулсан бөгөөд бидэнд нүгэлтэй холбоотой бүхнээс зайлсхийхийг зарлигладаг.
Сургаал ба Гэрээ 36:6 дахь номлогчид наманчлалыг тунхаглах ёстой хэмээх захиас нь энэ хичээлийн эхэнд номлогчдын хэрхэн бэлдэх талаар хэлсэн ахлагч Холландын үгтэй хэрхэн холбогдож байна вэ?
Сургаал ба Гэрээ 36:8-ыг уншаад, Их Эзэн өөрийн илчлэлтийн төгсгөлд Эдвард Партрижид юу гэж хэлснийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 37
Их Эзэн Өөрийн Сүмийг Огайод цугларахыг зарлиглав
Эдвард Партрижийг Иосеф Смиттэй уулзахаар явахын өмнөх хэдэн сард Нью-Йорк дахь гэгээнтнүүдийг хавчин гадуурхах явдал улам бүр газар авч байв. 1830 оны 12-р сарын сүүлээр Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрыг Нью-Йоркт хүрч ирснээс хэдэн долоо хоногийн дараа бошиглогч Иосеф Смит нэгэн илчлэлт хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн гэгээнтнүүдэд Огайо руу явахыг зарлиглажээ.
Сургаал ба Гэрээ 37:1–4-ийг уншаад, бошиглогчийг Огайо руу явахаас өмнө ямар бэлтгэл хийхийг Их Эзэн хүссэнийг олж мэд. 2-р шүлэгт Их Эзэн яагаад Иосеф Смитийг Нью-Йоркийн Колесвилл дэх гишүүдийг хүчирхэгжүүлэхээр яв хэмээн хэлснийг унш.
Бид эдгээр шүлгээс залбирлын тухай ямар ямар зарчим мэдэж авч болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 37:2-оос залбирлын тухай мэдэж авсан зарчмаа судрын тэмдэглэл дээрээ бич. Түүнчлэн энэ зарчим дээр үндэслэн та өөрөө юу хийхээ тайлбарла.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 36–37-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: