13-р бүлэг: 1 дэх өдөр
Сионы төв газар
Оршил
Энэ хичээл нь Миссуригийн Жаксон гүнлэгт болсон Сүмийн түүхэн хэд хэдэн үйл явдлыг тоймлон авч үзнэ. 1831 оны зун Огайод цугласан зарим гэгээнтэн Миссуригийн Жаксон гүнлэгийн нутаг хавиар суурьших аяллаа эхлүүлсэн. 1831 оны 7-р сард бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтэд Их Эзэн Миссурийн Индепенденс хотыг Сионы “төв газар” байхаар товлосон (С ба Г 57:3). Гэгээнтнүүд хот барьж босгон, Бурханы хуулиудын дагуу амьдрахаар чармайж эхэлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа гэгээнтнүүд болон Миссуригийн бусад оршин суугчдын хооронд зөрчилдөөн үүсэж, улмаар танхайрагчид гэгээнтнүүдийн эсрэг хүчирхийлэл үйлджээ. Гэгээнтнүүд 1833 оны 11 болон 12-р сард Жаксон гүнлэгээс хүчээр түрэгдэн гарав.
Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы төв газар байхаар тодорхойлов
Та өөрийгөө хээр хоноглож яваад шуурга болох гэж байгааг мэдсэн гэж төсөөл. Та шуурганаас өөрийгөө ямар арга замаар хамгаалж болох вэ? Майхан энэ нөхцөлд танд хэрхэн туслах вэ?
Хуучин Гэрээнд бошиглогч Исаиа эцсийн өдөр гэгээнтнүүдийг хамгаалахаар байгуулагдах Сионыг майхантай зүйрлэсэн байдаг (Исаиа 54:2-ыг үзнэ үү). Израилчууд аглаг буйдад амьдарч, аялан явж, орогнож амрахдаа майхныг ашигладаг байжээ. Майхантай холбоотой бэлгэдлүүдийн талаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийнхүү заасан.
“Олсоор татаж, олон тооны гадсаар газарт бат бөх бэхэлсэн асар том майхныг дотроо зураглан төсөөл.
Бошиглогчид хожмын өдрүүдийн Сионыг дэлхийг бүрхсэн агуу том майхантай адилтгадаг. Тэр майхан нь гадаснуудад бэхлэгдсэн олсоор дэмжигддэг. Тэдгээр гадас нь мэдээж дэлхий даяар тархсан янз бүрийн газар зүйн байрлалд орших байгууллагууд юм. Одоогийн байдлаар Израил Сионы янз бүрийн гадаснуудад цугларч байгаа билээ” (“Strengthen Thy Stakes,” Ensign, 1991 оны 1-р сар, 2).
Сургаал ба Гэрээ 115:6-г уншаад, хожмын өдрүүдэд Сионд цугларах хүмүүст Их Эзэн ямар хамгаалалт амласныг олж мэд. Та олсон зүйлсээ тэмдэглэж болно.
Эхэн үеийн гэгээнтнүүд Сионыг амар амгалан, аюулгүй мөн ёс бусчуудаас хамгаалагдах газар гэж бодож байжээ (С ба Г 45:66–71-ийг үзнэ үү). Тэд Их Эзэний ариун хотыг барьж эхлэхийн тулд Түүнийг Сионы байршлыг илчлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. 1831 оны 7-р сард Их Эзэн Сионы амлагдсан газар нь Миссуригийн нутаг бөгөөд Миссуригийн Индепенденс нь Сионы хотын “төв газар” гэдгийг тунхаглажээ (С ба Г 57:1–3-ийг үзнэ үү).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Хэрэв та эхэн үеийн Сүмийн гишүүн байсан бол Сионы хот хаана баригдахыг олж мэдэх үед танд ямар санагдаж байсан бэ?
-
Та хотоо хэзээ барьж эхлэхийг хүсэх байсан бэ? Яагаад?
-
Та майхныг буруу барьж эсвэл аль нэг хэсэг нь дутуу байхад барих гэж оролдож байсан уу? Тэр үед юу болсон бэ эсвэл юу болох байсан гэж бодож байна вэ?
Майханг тодорхой арга замаар, бүх эд анги нь бүрэн байгаа үед л барьдгийн адил Сионыг ч мөн адил тодорхой загварын дагуу барих ёстой. Сургаал ба Гэрээ 105:5-ыг уншаад, Сионы “майхныг” Их Эзэн хүлээж авахуйц хэрхэн барих ёстойг олж мэд.
Сион зөв шударга ёсны зарчмууд дээр суурилан баригдах ёстой гэдгийг анхаар. Их Эзэн Сионы газрын байршлыг 1831 онд илчилснийхээ дараах хоёр жилийн турш Гэгээнтнүүдийн Сионыг барихдаа үндэслэн баримтлах ёстой зарчмуудыг тайлбарласан хэд хэдэн илчлэлтийг өгсөн.
Дараах судрын хэсгүүдийг уншаад, Сионыг амжилттай барихын тулд гэгээнтнүүдийн мөрдөх ёстой шударга ёсны зарчим болон зарлигуудыг олж мэд. Өөрийн олж мэдсэн зарчим, зарлигуудыг өгөгдсөн зайд бич.
Сургаал ба Гэрээ 97:21–22, 25–27
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Зөв шударга ёсны энэ зарчмуудын дагуу амьдрах нь хэрхэн гэгээнтнүүдэд Сионыг барьж, сүнслэг шуурганаас хамгаалагдахад нь тусалж болох вэ?
-
Өнөөдөр эдгээр зарчмаар амьдарвал бид хэрхэн хамгаалагдах вэ?
-
Гэгээнтнүүд болон Миссуригийн бусад оршин суугчийн хоорондын зөрчилдөөн хурцдав
Их Эзэн Сионы газрын байршлыг 1831 оны 7-р сард илчилсний дараа олон гэгээнтэн Огайогийн Көртландаас Миссуригийн Индепенденс рүү ирж сууршин, Сионыг барилцахаар ойролцоогоор 1400 км газрыг туулан иржээ.
Хичээлийн эхэнд үзүүлсэн майхан руу эргэн очъё. Эрт дээр үеийн майхнуудыг гэр бүл өсөн нэмэгдэх үед хэрэгцээндээ тааруулан тэлж болдог байв. Миссуригийн Индепенденст Сионы төв газар байгуулагдсаны дараа Огайогийн Көртландыг “Сионд гадас” байхаар товлосон нь Исаиагийн Сионы майхнуудын талбай нь өргөжиж, аргамжаа нь уртсаж мөн гадас нь бөхлөгдөх болно хэмээх бошиглолын хэсэгчилсэн биелэлт болсон (С ба Г 82:13). Эхэн үеийн Сүм болон одоогийн Сүмийн гэгээнтнүүдийн аль аль нь Сионы гадаснуудад цугларснаар Сионы хамгаалах адислалуудаас хүртдэг. Энэ нь Сионы гадаснуудад амьдарч байгаа гэгээнтнүүд Сионы төв газар амьдардаг хүмүүсийн адил адислал, хамгаалалтыг авч чадна гэсэн үг юм.
Сионы Көртланд гадасны гэгээнтнүүд Миссури дэх Сионы төв газрыг барихад хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаар дараах мэдээллийг унш. Көртланд дахь гэгээнтнүүд Сионыг байгуулахад туслахын тулд юу хийснийг олж мэд. Та хэрэгтэй гэж бодсон зарим ойлголтыг тэмдэглэж болно.
Огайогийн Көртланд: 1831 оны 11-р сард болсон хэд хэдэн чуулганы үеэр бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч тухайн үеийг хүртэл хүлээж аваад байсан илчлэлтүүдээ эмхэтгэж ном болгон хэвлүүлэхээр төлөвлөж байжээ. Виллиам В.Фелпст илчлэлтүүдийг Зарлигуудын ном болгон хэвлэх боломж олгохын тулд Оливер Каудери, Жон Витмер хоёр тэдгээрийг Миссурид аваачиж өгөх үүргийг хүлээн авсан байна. 1831-1832 онуудад Иосеф илчлэлтүүдийг үргэлжлүүлэн хүлээн авсаар байсан бөгөөд Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байлаа. 1832 оны хавар тэрээр Сионы гэгээнтнүүдэд Сатан “тэдний зүрх сэтгэлийг үнэнээс холдуулахыг” (С ба Г 78:10) эрэлхийлж байгааг сануулахаар, мөн Көртланд болон Индепенденс дэх бишопын агуулахуудын ажлыг зохицуулахаар Миссури рүү явсан байна. Олон гэгээнтэн Сион руу нүүсээр байсан бөгөөд 1832 оны сүүл гэхэд Сүмийн гишүүдийн гуравны нэг орчим нь Миссуригийн Жаксон гүнлэгт амьдрах болжээ. Эхэн үеийн Сүмд Огайо дахь гэгээнтнүүд Миссури дахь гэгээнтнүүдтэй нийлж Сионы хотыг барих хөрөнгө мөнгө, эх сурвалжийг босгохоор хамтран ажилладаг байв.
Бошиглогч Иосеф Смит болон Огайо дахь бусад гэгээнтэн Миссури дахь гэгээнтнүүдэд Сионыг барихад тусалж байсан арга замуудыг эргэцүүлэн бод.
Миссуригийн Индепенденсийн тухай дараах мэдээллийг уншаад, Сионыг барихад гэгээнтнүүдэд юу саад болж байсныг олж мэд. Та хэрэгтэй гэж бодсон зарим ойлголтоо тэмдэглэж болно.
Миссуригийн Индепенденс: Парлей П.Пратт Сион дахь гэгээнтнүүдийн суурьшлыг ”амар амгалан болон элбэг дэлбэг байдал тэдний хөдөлмөрийг титэмлэн, атар газар үржил шимтэй талбай болжээ” хэмээн тунхаглан дүрсэлсэн байдаг (Autobiography of Parley Parker Pratt, Парлей П.Праттын хэвлэл [1938], 93). Миссури дахь Сүмийн удирдагчид дэлгүүр болон хэвлэх үйлдвэр барих газар худалдан авч, ирж байгаа гэгээнтнүүдийн хэрэгцээг хангадаг байв. 1833 оны 7-р сар гэхэд хожмын үеийн гэгээнтнүүд бараг 1200 хүн болтлоо өссөн байлаа. Гэхдээ Сүмийн удирдагчид болон гэгээнтнүүдэд асуудлууд гарч ирсээр байсан. Тэдний зарим нь амин хувиа хичээсэн зан, шуналаасаа болж бүхнээ зориулах хуулийн дагуу амьдарч чадахгүй байлаа. Үүнээс гадна, тухайн нутаг дахь бусад оршин суугч “мормончуудын” хурдтай өсөлт, орон нутгийн эдийн засаг болон улс төрд үзүүлж буй нөлөөнд ихэд санаа зовох болсон. Орон нутгийн шашны удирдагчид гэгээнтнүүдийн итгэл бишрэлтэй санал зөрж байв. Нэгэн шашны удирдагч Сүмийн гишүүдийн талаар худал цуу үг тарааж, иргэдийг тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэхэд турхирчээ. Зөрчилдөөн эцэстээ боолчлолын асуудал зэрэг улс төрийн өөр үзэл бодол руу шилжин орсон байна. В.В.Фелпс “Чөлөөт, өнгөт арьстнууд” нэртэй нийтлэл хэвлүүлснийхээ дараа боолчлолыг өргөн дэмждэг Миссуригийн оршин суугчид гэгээнтнүүдийг Миссурид эрх чөлөөтэй болсон боолуудыг урьж байна хэмээн буруу дүгнэжээ. 1833 оны 7-р сарын 20-нд бүлэг хүн Индепенденст ирж, хэвлэх машиныг гудамжинд гарган хаяж, үйлдвэрийг нь сүйтгэж, Зарлигуудын номын үдэгдээгүй хуудаснуудыг устгаж, бишоп Эдвард Партриж болон хөрвөгч Чарлес Аллен дээр замын хар түрхэн, өдөөр бүрхэж мөн хотынхныг айлган сүрдүүлсэн байна. Дайсагнал үргэлжилсээр гэгээнтнүүд тухайн оныхоо 11 болон 12-р саруудад Жаксон гүнлэгээс хүчээр хөөгдөн гарсан юм.
Та Их Эзэний хамгаалалтад найдаж байсан ч Сионоос хүчээр хөөгдөн гарсан гэгээнтнүүдийн нэг байсан бол танд ямар санагдах байсныг төсөөлөн бод.
-
Сурсан зүйл дээрээ үндэслэн, яагаад эхэн үеийн гэгээнтнүүд Сион хотыг барихад саад бэрхшээлтэй тулгарч байсан тухай судрын тэмдэглэлдээ бич. Бид энэ үйл явдлаас юу сурч болох вэ?
Сионы ирээдүй гэж юу вэ?
Танд ямар нэг зүйл тохиолдох эсвэл биелэхийг хүсэн найдаж байсан ч биелэгдээгүй үе тохиолдож байсан уу? Танд ямар санагдаж байсан бэ?
Миссуригийн Жаксон гүнлэгээс Сүмийн гишүүдийг хөөгдөхөд эхэн үеийн гэгээнтнүүд ямар их сэтгэлээр унаж, эргэлзэж байсныг төсөөлөн бод. Огайогийн Көртландад байхдаа бошиглогч Иосеф Смит Жаксон гүнлэгээс хөөгдсөнийх нь дараахан эдгээр гэгээнтэнд хандан нэгэн захиа бичсэн. Уг захиандаа тэрээр “Бид та нарын зовлон зүдгүүрийн талаар мэдээд бүхий л зүрх сэтгэлээрээ харамсаж, ихээр гуниглан, өөрийн эрхгүй нулимс унагаасан билээ” (History of the Church-ийн 1:454) хэмээн бичжээ.
Мөн захиандаа бошиглогч Сионы төлөөх гэгээнтнүүдийн хүлээлт яагаад бүтэлгүйтсэн тухай Их Эзэнээс асуусан тухайгаа ийнхүү бичжээ. “Би Сионыг Их Эзэний цаг хугацаанд гэтэлгэгдэнэ гэдгийг мэдэх ч ариусгал, гай зовлон мөн зүдгүүрийн өдрүүд нь хэр удаан үргэлжлэхийг Их Эзэн миний нүднээс далдалсан бөгөөд намайг энэ талаар асуухад Их Эзэний дуу хоолой: “Тайван бай, Би бол Бурхан гэдгийг мэд! Миний нэр дээр зовж байгаа бүгд надтай хамт хаанчлах бөгөөд миний төлөө амиа зориулдаг хэн ч гэсэн үүнийгээ дахин олж авах болно’ хэмээхийг сонссон” (History of the Church-ийн 1:453–54).
Иосеф Смитийг гэгээнтнүүд яагаад Сионыг барьж чадаагүй талаар асуухад Их Эзэн түүнд юу гэж хэлсэн бэ? Их Эзэний бошиглогчийн асуултанд өгсөн хариулт аливаа зүйлс таны амьдралд найдаж мөн хүлээж байснаар тань болохгүй бол хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
Хожим нь, Их Эзэн гэгээнтнүүдийн Сионы хотыг барих гэсэн оролдлого яагаад талаар болсон тухай илүү их ойлголтыг өгсөн. Сургаал ба Гэрээ 105:5–6, 9–10, 23–24-ийг уншаад, Их Эзэн Сионыг байгуулагдахаас өмнө Өөрийн хүмүүсээс юу шаардаж байгааг олж мэд.
Хичээлийн энэ хэсэг хүртэл Сион нь гэгээнтнүүд Шинэ Иерусалим хэмээх ариун хотоо барих газар гэдэг талаас нь дурдсан. Гэхдээ Сион гэх ухагдахуун нь гэгээнтнүүд хамгаалагдаж болох тодорхой газраас хавьгүй өргөн ухагдахуун юм. Эхэн үеийн гэгээнтнүүд өөрсдийгөө зөвхөн хот барина гэж ойлгож байсан бол Их Эзэн хотоос гадна зөв шударга хүмүүсийг бий болгохыг эрмэлзэж байлаа. Сионы хамгаалагч “майхан” нь селестиел хаант улсын хууль зарчмуудыг дагадаг хүмүүс хаана байна, тэнд байх юм (С ба Г 105:5-ыг үзнэ үү).
Та мөн Сургаал ба Гэрээ 97:21-ээс Их Эзэн Сион нь зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм хэмээх тайлбарыг санаж байгаа байх. Өнөөдрийн хичээлийн эхэнд жагсаасан зөв шударга ёсны зарчмууд хийгээд зарлигуудыг эргэж хар. Эдгээр зөв шударга ёсны зарчмууд нь хүмүүст зүрх сэтгэлдээ цэвэр болоход хэрхэн тусалж болох талаар бод.
Далын ахлагч Дэвид Р.Стөүн өнөө үед Сионыг бид хэрхэн барихыг тайлбарласан.
“Бид хаана ч, ямар ч хотод амьдардаг байсан гэлээ селестиел хаант улсын зарчмаар өөрсдийн Сионыг барьж, зүрх сэтгэлдээ цэвэр байхыг эрэлхийлж чадна. Сион нь үзэсгэлэнтэй бөгөөд үүнийг Их Эзэн мутартаа атгасан байдаг. Бидний гэр орон Сионы адил орогнох мөн хамгаалах газар байж чадна.
Бид амьдардаг газрынхаа эсвэл цаг үеийнхээ соёлд уусаж, тэдний гараар хөдөлдөг хүүхэлдэйнүүд болох ёсгүй. Бид зоригтой байж Их Эзэний замаар алхлан, Түүний зам мөрийг дагаж чадна. Хэрэв бид ингэж чадвал, Сион хэмээн дуудагдаж мөн Их Эзэний хүмүүс байх болно (“Zion in the Midst of Babylon,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 93).
-
Та Сионы тухай энэ хичээл дээр сурч мэдсэн зүйлээ судрын тэмдэглэлдээ товчлон бич. Амьдарч байгаа газартаа Сионыг байгуулахад та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Өнөөдрийн хичээлийн эхэнд жагсаасан зөв шударга ёсны зарчмуудыг авч үз. Уг зарчмын нэгийг илүү итгэлтэй даган амьдрахад танд туслах нэг зорилтыг судрын тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврын доор бич.
Би “Сионы төв газар” хичээлийг судалж (огноо)-нд дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: