19-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 89
Оршил
1833 оны 2-р сарын 27-нд, санваартан ах нарын цуглаан дээрх тамхины хэрэглээний талаар бошиглогч Иосеф Смитийг лавлан асуусны хариуд Их Эзэн Мэргэн ухааны үг хэмээх илчлэлтийг Сургаал ба Гэрээ 89-д өгөв. Энэ илчлэлтэд Их Эзэн хортой бодис хэрэглэхийн эсрэг сэрэмжлүүлсэн бөгөөд эрүүл мэндэд тустай хүнс хэрэглэхийг урамшуулсан. Түүнчлэн Их Эзэн Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг хүмүүсийг бие махбод, сүнслэг байдлын хувьд адислах болно хэмээн амласан.
Сургаал ба Гэрээ 89:1–3
Иосеф Смит Мэргэн ухааны үг хэмээх илчлэлтийг танилцуулав
Та архи, цай, кофе уудаггүй, тамхи татдаггүй шалтгаанаа хэн нэгэнд тайлбарлаж байсан уу? Хэрэв тайлбарлаж байсан бол та юу гэж хэлснээ мөн тэр хүний юу гэж хариулсныг санаж байна уу? Энэ хичээл танд Мэргэн ухааны үгийг илүү сайн ойлгож, бусдад тайлбарлахад тусална.
1833 оны өвөл, хорь орчим санваартан ах бошиглогчдын сургуульд оролцохоор Ньюел К.Витнейн Көртланд дахь дэлгүүрийн байрны дээд давхарт цугларчээ. “1833 оны хоёрдугаар сарын 27-нд болсон сургуулийн цугларалт дээр бошиглогч нэг чухал илчлэлт хүлээн авсан. Сүмийн эхний жилүүдэд архи, тамхи, кофе, цай хэрэглэх нь нийгэмд ч, Сүмийн гишүүдийн дунд ч нийтлэг байв. Ах нарыг сургууль дээр тамхи хэрэглэдэг байсныг бошиглогч хараад, санаа нь ихэд зовсон аж. Бригам Янг энэ тухай дурссан. Тэрээр: “Ах нар өглөөний цайны дараа өрөөнд цуглаад хамгийн түрүүнд гаансаа асааж, тамхи татан хаант улсын агуу зүйлсийн тухай яриа хөөрөө өрнүүлдэг байв.… Бошиглогч хичээл заахаар өрөөнд орж ирэхэд олон удаа тамхины утаа битүү суунагласан байдаг байлаа. Үүний улмаас бас [зажилдаг тамхинаас] бохирдож муухай болсон шалыг цэвэрлэдэг байсан эхнэр нь гомдоллосноос бошиглогч уг асуудлыг тунгаан бодож, ахлагчдын тамхи хэрэглэж байгаа талаар Их Эзэнээс асууж, үүний хариу болгон Мэргэн ухааны үг гэгддэг илчлэлтийг хүлээн авсан юм” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 297).
Сургаал ба Гэрээ 89-ийн оршлыг уншаад, бошиглогч Иосeф Смит ах нарын тамхи хэрэглэж байгаагийн хариуд юу хийснийг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 89:1–3-ыг уншаад, Их Эзэний илчлэлтийг өгөх болсон зорилгыг харуулсан үг, хэллэгүүдийг олж мэд.
Та энэ илчлэлтийн нэг зорилго бол бидний түр зуурын авралтай холбоотой гэдгийг олж тогтоосон байх. Түр зуурын аврал гэдэг нь бидний махбодын сайн сайхантай холбоотой.
Сургаал ба Гэрээ 89:2-т Мэргэн ухааны үгийг эхэндээ зарлиг хэлбэрээр өгөөгүй байсныг анхаар. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Тэр үед … хэрэв [Мэргэн ухааны үг] зарлигаар өгөгдсөн бол энэ нь эдгээр хорт бодист донтсон хүн бүрийг буруушаалт дор аваачих байсан учраас Их Эзэн өршөөнгүй хандан, Өөрөө тэднийг хууль доор авчрахаасаа өмнө тэдэнд уг донтолтоо ялан дийлэх боломж олгосон” хэмээн тайлбарласан (in Conference Report, 1913 оны 10-р сар, 14).
Иймээс, бид Мэргэн ухааны үг илчлэгдсэний дараа ч гэсэн өнөөдөр хориглогдсон зүйлсийг хэрэглэж байсан Сүмийн удирдагчид, гишүүдийг шүүхгүй байхад анхаарах хэрэгтэй. Сүмийн эхэн үеийн түүхийн туршид удирдагчид гэгээнтнүүдийг Мэргэн ухааны үгийг бүрэн дүүрэн дагаж амьдрахад урьж байсан. 1851 оны намрын ерөнхий чуулганаар, ерөнхийлөгч Бригам Янг бүх гэгээнтнийг албан ёсоор цай, кофе, тамхи болон виски зэргээс татгалзах гэрээ хийхийг санал болгосон. 1882 оны 10-р сарын 13-нд Их Эзэн ерөнхийлөгч Жон Тэйлорт Мэргэн ухааны үгийг зарлиг хэмээн үзэх тухай илчлэлт өгчээ. 1919 онд ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын удирдсан Тэргүүн Зөвлөл Мэргэн ухааны үгийг дагахыг ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авахад тавигддаг шаардлага болгосон. Мэргэн ухааны үг өнөөдөр ч чухал зарлиг хэвээр байгаа бөгөөд үүнийг дуулгавартай дагах нь баптисм хүртэх, ариун сүмд орох, номлолын үйлчлэлд явах, Сүмийн бусад зохистой үйлчлэлд үйлчлэхэд тавигддаг нэг шаардлага юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ, Амлалт бүхий зарчим гэснийг доор үзүүлсний дагуу бич (С ба Г 89:3-аас). Энэ илчлэлтийн зарчим, амлалтууд гэсэн хоёр хэсгийн доор уг илчлэлтийн зарчим, амлалтуудыг бичих зай үлдээ. Та мөн энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.
Амлалт бүхий
зарчим
Сургаал ба Гэрээ 89:4–9
Их Эзэн гэгээнтнүүдийг архи, тамхи, цай эсвэл кофе хэрэглэхгүй байхыг анхааруулав
Та өмнө нь загасанд явж байсан уу?
Загасчилж буй хүн загасыг дэгээнд оруулахын тулд ямар аргаар хуурдаг вэ?
Яагаад зарим хүн Их Эзэний хориглосон зүйлийг хэрэглэхийг ятгах гэж оролддог вэ? Тэд таныг болон бусдыг эдгээр бодисыг хэрэглэхэд ятгахын тулд ямар занга эсвэл арга барил хэрэглэдэг вэ? Сургаал ба Гэрээ 89:4-ийг уншаад, хэн гэгээнтнүүдийг эцсийн өдрүүдэд хууран мэхлэхийг хичээнэ хэмээн Их Эзэн сэрэмжлүүлснийг олж мэд.
Судрын тэмдэглэл дээрээ, “Зарчим” гэсэн гарчгийн доор дараах зүйлийг бич. Хуйвалдагч хүмүүсийн хилэнцэт бодлууд эцсийн өдрүүдэд байгаа учраас Их Эзэн биднийг хортой бодисуудыг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах мэдэгдэл хуйвалдагч хүмүүсийн хилэнцэт бодлуудын нэг бол бусдад донтуулагч бүтээгдхүүнийг худалдаалах замаар ашиг орлого олох явдал юм гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.
“Их Эзэн мөнгө олох шалтгаанаар биендээ муу бодис хэрэглэхэд бусдыг уруу татахын тулд хүмүүсийг хуйвалдахад хүргэх өнөөдрийн нөхцөл байдлыг урьдчилан харсан. Пиво, дарс, ликёр, кофе, тамхи болон бусад хортой бодисын зар сурталчилгаа бол Их Эзэний урьдчилан харсан зүйлсийн нэг жишээ юм. Бидний энэ цаг үед залуучуудыг хар тамхи хэрэглэхэд уруу татаж байгаа хүмүүс чөтгөрийн хуйвалдааны хамгийн аюултай жишээ билээ.
Залуу ах, эгч нар аа, Сатан болон түүний илгээсэн туршуулууд хэрэв хортой бодисоос хүртвэл энэ нь та нарын сүнслэг хүчинд саад болж, чөтгөрийн хүчинд автуулах учраас тэд та бүхнийг хортой бодис хэрэглэхэд уруу татах гэж хичээнэ гэдгийг би та нарт бүхий л хайранд сэрэмжлүүлж байна. Бурханы тушаалуудыг зөрчихөд хүргэх эдгээр газар эсвэл хүмүүсээс хол бай. Бурханы тушаалуудыг дага, дагах юм бол та нар чөтгөрийн болох зүйлийг мэдэх, ялган таних мэргэн ухаантай байх болно” (“A Principle with a Promise,” Ensign, 1983 оны 5-р сар, 54–55).
Сургаал ба Гэрээ 89:5–9-ийг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг биедээ ямар ч хорт бодис хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлснийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэх талаар бодож үз. (Сүмийн удирдагчид “халуун ундаа” гэсэнд цай, кофе орно гэж заадаг.) 5–9-р шүлэг дэх бодис ямар байдлаар хортой болдог вэ?
Сургаал ба Гэрээ 89:7–8 архи, тамхины зохистой, зохисгүй хэрэглээ гэж байдгийг хэлснийг анхаар. Өнөө үед буруу хэрэглэх юм бол хортой бөгөөд донтуулж болох өөр бусад бодис байдаг. Сүмийн удирдагчид “бие болон оюун ухаанд тань хор хөнөөл учруулах нөлөөтэй согтууруулах ундаа, эм, химийн болон мансууруулах мэдрэмж төрүүлдэг аюултай бодисуудаас зайлсхий. Эдгээрт хар тамхи, хүчтэй эмнүүд, жортой, жоргүйгээр авч болдог хортой эмчилгээний зүйлс болон гэр ахуйд хэрэглэдэг химийн бодисууд багтана” хэмээн сэрэмжлүүлсэн (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011 он], 26).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Донтолт нь ямар байдлаараа загасчны загас барихдаа ашигладаг дэгээтэй адиллхан бэ?
-
Яагаад донтолт нь бидний мөнхийн хөгжилд хортой вэ?
-
Донтуулагч, хортой бодис хэрэглэхээс зайлсхийх сэрэмжлүүлэг хэрхэн таны амьдралыг адисалсан бэ?
-
Хэрэв та одоо Мэргэн ухааны үгтэй харшлах бодис хэзээ ч хэрэглэхгүй байхаар шийдвэл адислагдах болно.
Сургаал ба Гэрээ 89:10–17
Бурхан ургамал, жимс, мах болон үр тариа хэрэглэхийг урамшуулан дэмжив
Сургаал ба Гэрээ 89:10–17-г уншаад, Их Эзэн биднийг ямар зүйл идэхийг урамшуулсныг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно. 11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид эрүүл мэндэд тустай эдгээр хүнсийг хэрэглэхдээ ямар хандлагатай байх ёстой вэ?
“Ухаалгаар” гэсэн нь ухаалаг бөгөөд болгоомжтой гэсэн утгатай үг болохыг мэдэх нь тустай байж болно. Эрүүл мэндэд ач тустай ч гэсэн хүнсийг хэт их эсвэл тэнцвэргүй хэрэглэх нь эрүүл бус байж болно.
-
Эрүүл мэндэд тустай хүнс хоолны зарчмыг судрын тэмдэглэл дээрээ “Зарчим” гэсэн гарчгийн доор бич.
Хүнс хоолны бодлоготой хэрэглээний нэг жишээ Сургаал ба Гэрээ 89:12–13-т махны талаар Их Эзэний өгсөн зааварт өгөгдсөн байдаг. Арвич хямгачаар гэсэн нь махыг хэмжээ хязгаартай хэрэглэх ёстой гэсэн утгатай.
Сургаал ба Гэрээ 89:18–21
Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст Их Эзэн эрүүл мэнд, мэргэн ухаан мөн хамгаалалтыг амладаг.
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ “Амлалт” гарчгийн доор бич. Хэрэв бид Мэргэн ухааны үгийг дагавал Их Эзэн биднийг … адислах болно.
Сургаал ба Гэрээ 89:18–19-ийг уншаад, та Мэргэн ухааны үгийг дагаснаар хүлээн авах зарим адислалыг олж тогтоо.
-
18–19-р шүлгээс сурсан зүйлээ ашиглан судрын тэмдэглэл дээрээ бичсэн өгүүлбэрээ хэсэгчлэн гүйцээж бич. (Уг өгүүлбэрээ дараа нь гүйцээж бичих зай үлдээ.) Дараа нь дараах асуултад хариул. Мэргэн ухааны үгийг сахих нь хэрхэн бидэнд мэргэн ухаан болон мэдлэгийг олж авахад туслах вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Мэргэн ухааны үгийн үндсэн зорилгыг тайлбарласан.
“Мэргэн ухааны үгийн үндсэн зорилго илчлэлттэй холбоотой … гэдгийг би мэдэж авсан. …
Хэрэв ‘нөлөөнд автсан’ хүн энгийн үг яриаг арай ядан сонсож байгаа бол тэдний хамгийн торгон мэдрэмжид нөлөөлдөг сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулж чадах билээ?
Мэргэн ухааны үг эрүүл мэндийн хуулийн хувьд үнэ цэнтэй ч энэ нь бие махбодын гэхээсээ илүү сүнслэг байдлын тань хувьд илүү их үнэ цэнтэй байж болно” “Prayers and Answers,” Ensign, 1979 оны 11-р сар, 20).
Мэргэн ухааны үгийг дагах нь хэрхэн танд мэргэн ухаан болон мэдлэгийг итгэлтэй хүмүүст илчилдэг Ариун Сүнсний нөхөрлөлийн хүлээн авах боломжийг олгодог талаар бод.
Сургаал ба Гэрээ 89:20–21-ийг уншаад, Мэргэн ухааны үгийг дагаснаар ирэх нэмэлт адислалуудыг олж мэд. (Сургаал ба Гэрээ 89:18–21 бол төгс эзэмших судрын хэсэг юм. Та дараа нь үүнийг олоход хялбар байлгахын тулд тусгайлан тэмдэглэж болно.)
-
Та эдгээр шүлгээс мэдэж авсан зүйлээсээ судрын тэмдэглэл дээрх “Амлалт” гэсэн гарчгийн доор өгүүлбэр дээрээ нэмж бич. (Зүүлт тайлбарын 21 а-г хараад, “устгагч тэнгэр элч … өнгөрч” гэснийг ойлгож ав. Тэнгэрлэг хамгаалалтын энэ амлалт нь бие махбод болон сүнслэг хамгаалалтыг хэлж болно.) Дараа нь дараах асуултад хариулж бич. Сургаал ба Гэрээ 89:18–21-д өгсөн амлалтууд хэзээ таны болон таны мэддэг хүмүүсийн амьдралд биелэгдэж байсан бэ?
Мэргэн ухааны үгийг илүү сайн дагах зорилго тавих талаар бодож үз.
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 89:18–21
-
Дараах гарчиг, судрын эшлэлүүдийг судрын тэмдэглэл дээрээ доор үзүүлснээр бич.
Эрүүл мэнд
Мэргэн ухаан
Хүч чадал
Хамгаалалт
Шүлгүүдээс нэгийг сонгоод, хэдэн минутын дотор чээжил. Та үүнийг гэр бүлийнхээ аль нэг гишүүнд эсвэл найздаа чээжээр хэлж чадах эсэхээ үз. Судрын хэсгийг бүхэлд нь чээжлэхийн тулд бусад шүлгийг сонгон, дараа нь цаг гарган чээжилж болно.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 89-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: