Семинар
11-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 45:16–75


11-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 45:16–75

Оршил

Түүхийн туршид олон хүн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсан. 1831 оны 3-р сард Сургаал ба Гэрээ 45 дахь илчлэлтийг хүлээн авах үед ч бас тийм л байв. Их Эзэн энэ илчлэлтээрээ Өөрийн Хоёр дахь ирэлт болон Шинэ Иерусалимыг (Сионыг) байгуулахтай холбоотой тодорхой үйл явдал, тэмдгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн Их Эзэн гэгээнтнүүдийг ирэх зүйлсэд бэлтгэхийн тулд Шинэ Гэрээний орчуулга дээр ажиллаж эхлэхийг Иосеф Смитэд зааварлав.

Сургаал ба Гэрээ 45:16–46

Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох олон тэмдэг, үйл явдлыг илчлэв

Шуурга дөхөж байгааг та хэрхэн мэддэг вэ? Уг тэмдгүүдийг мэдэх нь яагаад хэрэгтэй вэ?

Болох гэж буй үйл явдлын талаарх тэмдгүүдийг мэддэг хүмүүс үүнд бэлтгэх боломжтой. Дараах үйл явдлууд тохиосон эсвэл тохиох гэж байгааг анхааруулсан ямар ямар тэмдгийг та мэдэх вэ?

  • Эцсийн өдрүүд

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Сургаал ба Гэрээ 45:16-д цэдэглэгдсэнээр, Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеийн хүмүүс, Иосеф Смитийн болон өнөө үеийн хүмүүсийн адил, Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудын талаар мэдэх хүсэлтэй байжээ. Сургаал ба Гэрээ 45-д Их Эзэн тохиох гэж буй үйл явдлын анхааруулга болох тэмдгүүдийг дүрсэлсэн байдаг. Сургаал ба Гэрээ 45 дахь шүлгүүдийн дийлэнх нь Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр хамт амьдарч байсан шавь нартаа илчилсэн захиасууд юм (Матай 24-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХоёр дахь ирэлтийн өмнө тохионо хэмээн Аврагчийн хэлсэн тэмдгүүдийг олж мэдэхийн тулд дараах судрын эшлэлүүдийг судрын тэмдэглэл дээрээ бич. Эшлэл бүрийг тусгай мөрөн дээр бичиж, тэмдгүүдийг бичих зай үлдээ. Үүнд: С ба Г 45:18–21; С ба Г 45:22–27; C ба Г 45:28–31, 33; C ба Г 45:40–43. Дараа нь эшлэл бүрийн шүлгийг уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийг олж мэдэн, эшлэлийн хажууд тэмдгүүдийг нь бичиж тавь. Хэрвээ хүсвэл, тэмдгүүдийг бичихийн оронд уншсан зүйлийнхээ зургийг зурж болно.

Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн зарим нь аль хэдийн болсон. Жишээлбэл, Иерусалим дахь ариун сүмийг МЭ 70 онд ромчууд устгасан (С ба Г 45:18–21-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 45:25 дахь “Харийнханы цаг” гэсэн үг нь сайн мэдээг гол төлөв харийнханд буюу иудейн бус удам угсааны хүмүүст өгөгдөх цаг үеийг, өөрөөр хэлбэл бидний амьдарч буй өнөөдрийн цаг үеийг хэлж байгаа юм.

Сургаал ба Гэрээ 45:34-ийг уншаад, Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр эдгээр зүйлийг шавь нартаа хэлэхэд тэдэнд ямар сэтггэгдэл төрснийг олж мэд. Өнөө үед Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар хүмүүс яагаад ижил төстэй үзэл бодолтой байна гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 45:38-ыг уншаад, тэмдгүүд биелэхийг хараад бид юуг мэдэж болохыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 45:32, 39-ийг унш. Эдгээр шүлгийг судалж байхдаа Есүс Христийн өнөөгийн дагалдагчид Түүний Хоёр дахь ирэлтэд бэлэн байхын тулд юу хийхийг олж тогтоо. 39–р шүлэг, зүүлт тайлбар а-г уншаад, “эмээх” гэсэн утгатай өөр үгийг мэдэж ав.

Суралцсан зүйлс дээрээ үндэслэхэд, ариун газруудад зогсож, Их Эзэнийг хүндэтгэн бишрэх хүмүүст Тэрээр юу амласан бэ? Дараах зарчмыг гүйцээж бич. Хэрвээ бид ариун газруудад зогсож, тэмдгүүдийг харах юм бол бид … .

Ихэвчлэн “ариун газрууд” гэхэд бид ариун сүм, цуглааны байр гэх мэт Сүмийн газруудыг боддог. Дараах мэдэгдлийг уншихдаа ариун газруудад зогсож болох өөр арга замыг ол.

“‘Ариун газрууд’ гэдэг нь хүн хаана амьдарч байгаа гэдгээс хэрхэн амьдарч байгаатай илүү холбоотой. Хэрэв бид Ариун Сүнстэй байнга нөхөрлөхүйц зохистой амьдардаг бол ариун газарт байгаа нь тэр.

Ариун газар гэдэг нь Бурханы Сүнсийг мэдэрч болох бүхий л газрыг хэлнэ” (Doctrine and Covenants Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001 он], 196).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Өнөө үед бид дэлхийд амьдарч байгаа хэдий ч хэрхэн ариун газруудад мөн адил зогсож болох вэ?

    2. Есүс Христийг дагалдагч хэрхэн өдөр тутам Түүнээс эмээх буюу Түүнийг хүндэлдэг вэ? Үүнийг үйлддэг хүнийг дүрсэл.

Сургаал ба Гэрээ 45:47–59

Аврагч иудейчүүдэд үзэгдэхдээ дагалдах тэмдэг, гайхамшгуудаа илчлэв

Есүс Христ буцаж ирээд, тодорхой хэсэг бүлэг хүнд үзэгдэнэ. Дараа нь Тэрээр бүхэл дэлхийд харагдахуйц тийм агуу сүрлэг хүч чадал, сүр жавхлан, алдар суунд ирнэ. Тэрээр ийнхүү үзэгдэхдээ иудейчүүд рүү довтлох үед Иерусалим дахь Чидуны уулан дээр зогсох болно. Сургаал ба Гэрээ 45:48-ыг уншаад, Аврагч дээр нь зогсоход уг уул болон дэлхийд юу тохиохыг олж мэд.

Шүлгүүдийг уншин, асуултуудад өөрийн үгээр хариулсныхаа дараа доорх хүснэгтийг бөглө. Тухайлбал:

C ба Г 45:49–50: Хоёр дахь ирэлт болоход дэлхий дээрх үндэстнүүдэд юу тохиох вэ?

C ба Г 45:51–53: Их Эзэнийг буцаж ирэхэд иудейчүүд яагаад уйлах вэ?

Хэрвээ та арван охины сургаалт зүйрлэлийг мэдэхгүй бол Матай 25:1–13-ыг уншина уу. Охидын тав нь юу хийсэн болоод ухаалаг байсан бэ? Сургаал ба Гэрээ 45:56–57-г уншаад, Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ хэрхэн ухаалаг байхыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэ.

таван ухаалаг охин

Бид Хоёр дахь ирэлтэд бэлтгэж, ухаалаг байхын тулд юу хийх ёстойг “хэрэв–тэгвэл” гэсэн зарчмаар тайлбарлан бич.

Ахлагч Даллин Х.Өүкс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс энэ сургаалт зүйрлэл болон арван охин юуг төлөөлдөг талаар ярьсан. Тэрээр: “Энэ сургаалт зүйрлэлд дурдсан тоо хүйт даамаар аймшигтай. Мэдээж арван охин Христийн Сүмийн гишүүдийг төлөөлдөг бөгөөд бүгд хуримын зоогонд уригдсан ба хүргэнийг ирэхэд орохын тулд тэднээс юу шаардагдахыг бүгд мэдэж байсан. Гэвч түүнийг ирэхэд хагас нь л бэлэн байв” гэсэн (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 8).

Биднийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлэн байхыг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл арван охины сургаалт зүйрлэлийг ашиглан заасан.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Арван охин дэлхийн албан тушаал, зэрэг зиндааг биш, харин Есүс Христийн Сүмийн гишүүдийг төлөөлдөг гэдэгт би итгэдэг. Ухаалаг, мунхаг охидын аль аль нь хуримын үдшийн зоогийн урилгыг хүлээж авсан бөгөөд тэд хөтөлбөрийн талаар мэдэж байсан ба тэдэнд ирэх чухал өдрийн талаар анхааруулсан байсан. …

Шөнө дунд! Хамгийн харанхуй, хэний ч тооцоолоогүй цагт хүргэн ирэв. Дэлхий бэрхшээлээр дүүрэн, тусламж хэрэгтэй үед, цаг нь өнгөрч, найдах хэрэггүй мэт санагдах яг тэр мөчид Христ ирнэ. Амьдралын шөнө дүлээр тэнгэр хүмүүний зовлон зүдгүүрийг баяр баясгалангаар солихоор ирнэ. Гэхдээ тэр ирлээ хэмээн хашгирах үед бэлтгэх цаггүй болсон байна.

Мунхаг нь бусдаас тосноосоо хуваалцаач гэж гуйсан ч сүнслэг байдлаар бэлтгэгдсэн байдлыг шууд хуваалцах боломжгүй юм. Мэргэн охид нь явах хэрэгтэй болсон, учир нь хүргэнийг угтах хүн байхгүй байх байв. Тэдэнд өөрсдөд нь байсан бүх тос хэрэгтэй байсан учраас тэд мунхгуудыг аварч чадаагүй. Хүн бүр өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагыг хүлээж байв.

Энэ нь амин хувиа хичээсэн эсвэл эелдэг бус байдал гаргасандаа биш байв. Замыг гэрэлтүүлж, харанхуйг гэгээрүүлэхэд хэрэглэдэг тосыг хуваалцах боломжгүй юм. Аравны нэгийн зарчмыг дуулгавартай дагаж, шударга амьдарснаар ирэх сэтгэлийн амар амгалан, нөөцөлсөн мэдлэгээ хүмүүн хэрхэн хуваалцаж чадах билээ? Хүн гэрчлэл эсвэл итгэлээ хэрхэн хуваалцах билээ дээ? Түүнчлэн хандлага, ариун явдал эсвэл номлолын туршлагаа хэрхэн хуваалцаж чадах билээ? Ариун сүмийн орох эрхээ хэрхэн хуваалцах вэ? Хүн бүр ийм тосыг өөртөө зориулж авах ёстой.

Мунхаг охид тос худалдаж авахад нь дургүйцээгүй. Тэд тостой байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэд зүгээр л хүргэнийг хэзээ ирэхийг мэдэхгүй байсан учраас худалдаж авахаа хойшлуулсан байв.

Сургаалт зүйрлэл дээр тосыг захаас худалдаж авч болох байсан хэмээн гардаг. Бидний амьдралд бэлэн байх тосыг шударга амьдарснаар дусал дуслаар хуримтлуулдаг. Ариун ёслолын цуглаанд оролцох нь он жилүүдийн туршид дэнлүүнд маань дусал дуслаар тос нэмсээр байдаг. Мацаг барих, гэр бүлийн залбирал хийх, гэрийн багшаар явах, бие махбодынхоо хүслийг хянах, сайн мэдээг номлох, судруудаас суралцах гэх мэт үйлдлийг тууштай, дуулгавартай дагах нь агуулахад маань дусал нэмж байдаг. Сайхан сэтгэл өвөрлөн хийсэн үйлдэл, өргөл болон аравны нэгийг төлөх, цэвэр ариун бодол болон үйлс, мөнхийн гэрээт гэрлэлт зэрэг ч бас шөнө дундуур бүүдэлзэх дэнлүүндээ нэмэх тосонд юу юунаас илүү нэмэр болдог” (Faith Precedes the Miracle [1972 он], 253–256).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Та үнэнийг хүлээн авч, Ариун Сүнсийг хөтчөө болгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэж байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хүнд хэцүү цаг үед Сүнстэй хамт байх нь чухал гэдгийг гэрчилсэн.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Өнөөдөр бид бэрхшээлээр дүүрэн цаг үед амьдарч байна. Бид илүү сайн өдрүүд болохын төлөө найдаж, залбирдаг. Харин ийм зүйл болохгүй нь тодорхой. Бошиглолууд үүнийг бидэнд хэлдэг. Бид хүмүүний хувьд, гэр бүл, хувь хүнийхээ хувьд гай зовлонгоос ангид байх нь үгүй. …

Бид ирээдүйд юу болох бол хэмээн айж амьдрах хэрэггүй. Бидэнд баяр хөөртэй байх шалтгаан маш олон, харин айх шалтгаан маш бага байгаа. Хэрэв бид Сүнсний өдөөлтийг дагах юм бол ирээдүйд юу ч тохиолдсон бай аюулгүй байх болно. Бидэнд хийх хэрэгтэй зүйлсийг маань харуулна” (“The Cloven Tongues of Fire,” Ensign, 2000 оны 5-р сар, 8).

Сургаал ба Гэрээ 45:60–61

Их Эзэн Шинэ Гэрээний орчуулгыг хийж эхлэхийг бошиглогч Иосеф Смитэд зааварлав

Итгэлийн 8 дахь тунхгийг унш эсвэл эш тат. “Зөв орчуулагдсан байхын хэрээр” гэдэг нь Библийн талаар юуг өгүүлж байна вэ? Иосеф Смит аль сүмд нэгдэж орохоо мэдэхийн тулд Библи дэх захиасуудад хандсан. Тэр Библид маш их хайртай, мөн үгсээс асар их тайвшралыг олдог байв. Гэсэн хэдий ч, тэр үүнээс суралцахдаа зарим нь алдаатай, өөр хоорондоо зөрчилдөж байгааг мөн зарим мэдээлэл нь байхгүй буюу дутуу байгааг олж харсан байна. Тэр “хүмүүний авралтай холбоотой олон чухал зүйл Библийг эмхэтгэхээс өмнө авагдсан буюу алга болсон нь тодорхой байлаа” гэж тайлбарлажээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 245; мөн Bible Dictionary, “Bible”-ийг үзнэ үү).

Мөн тэрээр: “Анхны зохиогчдын гараас ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдаг байсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагчид, хайнга бичээчид, эсвээс зальтай, завхарсан санваартнууд олон алдаа гаргажээ” гэж хэлсэн (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 233; мөн 1 Нифай 13:25–29-ийг үзнэ үү).

1830 оны намар Их Эзэн бошиглогч Иосeф Смитэд Библийг орчуулахыг зарлигласан. Энэ “орчуулга” нь нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах ажил байгаагүй бөгөөд бошиглогчид орчуулж болох библийн эх цэдэг ч бас байсангүй. Үүний оронд тэрээр Библийн Хаан Жэймсийн хувилбараас захиасуудыг уншиж, судлан, Сүнсээр өдөөгдсөний дагуу засвар, нэмэлтийг хийх байв. Сүнсний өдөөлтөөр хийгдсэн хувилбар болох Иосеф Смитийн Орчуулга (ИСО) нь Библийн сургаалын агуулгыг, ялангуяа Есүс Христийн тохинуулал болон Бурханы мөн чанарыг тодорхойлсноор дэлхийг адисалсан юм.

1831 оны 3-р сарын 7-нд Сургаал ба Гэрээ 45 дахь илчлэлт өгөгдөх үед Иосеф Смит Хуучин Гэрээний хувилбар дээр сүнсний өдөөлтөөр ажиллаж байсан. Иосеф энэ илчлэлтийг хүлээж авсныхаа маргааш нь Шинэ Гэрээний орчуулга дээр ажиллаж эхэлжээ. Сургаал ба Гэрээ 45:60–61-ийг уншаад, яагаад гэх шалтгааныг олж мэд.

Сургаал ба Гэрээ 45:62–64

Өрнөд нутгуудад цугларахыг гэгээнтнүүдэд урьдчилан сэрэмжлүүлэв

Их Эзэн анхны гэгээнтнүүдэд “дорнын нутгуудаас гарч,” өрнө зүгт нүүхийг зааварласан (C ба Г 45:64 ). Энэ бүс нутгийг төсөөлөхийн тулд дараах газрын зургийг үзнэ үү.

Нэгдсэн Улсын зүүн хойд нутгийн газрын зураг

Сургаал ба Гэрээ 45:62–64-ийг уншаад, Их Эзэн гэгээнтнүүддээ “өрнөд нутгуудад” цугларахыг тушаасан шалтгааныг олж тогтоо (С ба Г 45:64).

Их Эзэн юуг “та нарын хаалган дээр байна” хэмээн хэлсэн бэ? (C ба Г 45:63)

“Та нарын хаалган дээр байна” гэхээр танд юу төсөөлөгдөж байгааг тунгаан бод.

1831 онд Нэгдсэн Улсын баруун хил Миссуригийн баруун өнцөг хүртэл байв. Их Эзэн хожим нь гэгээнтнүүдийг баруун зүгээс бүүр цаана байх одоогийн Юта гэж нэрлэгддэг газар руу удирддаг. Гэгээнтнүүд Их Эзэний зөвлөгөөг дагаснаар Америкийн Иргэний дайны (1861–1865 он) улмаас ирэх гай зовлонгоос мултран гарсан юм.

Сургаал ба Гэрээ 45:65–75

Их Эзэн Шинэ Иерусалим (Сион)-ыг дүрслэн хэлэв

Та хүссэн газраа амьдрах боломжтой байсан бол хаана амьдрах байсан бэ? Яагаад?

Сургаал ба Гэрээ 45:65–67-г уншаад, гэгээнтнүүдийн өвлөх газрын нэрийг, мөн яагаад энэ нь тэдний хувьд амьдрахыг хүсэх газар байх шалтгааныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЯагаад Шинэ Иерусалим таны амьдрахыг хүсэх газар байх шалтгааныг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.

Эдгээр шүлэг Шинэ Иерусалим нь амар амгалан, аюулгүй газар байх бөгөөд Их Эзэний алдар суу тэнд байх болно хэмээн заадаг. Сургаал ба Гэрээ 45:67 дээр Их Эзэний алдар суугаас гадна өөр юу байна гэж хэлснийг олж хар. “Их Эзэнээс эмээх айдас” байхын үр дүн нь юу байна хэмээн Их Эзэн хэлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 45:68–71-ийг уншаад, хэн Шинэ Иерусалим (Сион)-д цугларахыг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ энэ өгүүлбэрийг гүйцээж бич. Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу би ирэх өдрүүдэд …-г хийж бэлдэнэ.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 45:16–75-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: