10-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 42:1–29
Оршил
Бошиглогч Иосеф Смит 1831 оны 2-р сарын 9-нд Огайогийн Көртландад ирснийхээ дараахан одоо Сургаал ба Гэрээ 42:1–72-т орсон илчлэлтийг хүлээн авчээ. 2-р сарын 23-нд тэрээр нэмэлт удирдамж хүлээн авав (C ба Г 42:73–93-ыг үзнэ үү). Эдгээр илчлэлт нь “Сүмийн хууль” хэмээн нэрлэгддэг (С ба Г 42-р хэсгийн оршлыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 42-р хэсгийг хоёр хичээлд хуваасан. Энэ хичээлээр 1–29-р шүлгүүдийг авч үзэх бөгөөд үүнд Сүмийн гишүүдэд ерөнхий сахилга батын хуулийг болон сайн мэдээг заах удирдамжийг өгсөн.
Сургаал ба Гэрээ 42:1–10
Их Эзэн Өөрийн Сүмийг байгуулж, сайн мэдээг заалгахаар ахлагчдыг дуудав
Бурханы хууль, зарлигуудад хамаатай гэж бодож байгаа үгсийг дугуйл. Тухайлбал:
Хориг |
Адислал |
Хүнд хэцүү |
Хяналт |
Бэлэг |
Хязгаарлалт |
Шагнал |
Эрх чөлөө |
Яагаад бид заримдаа Бурханы хууль, зарлигуудыг сөрөг талаас нь хардаг вэ? Бурханы хууль, зарлиг болгон бэлэг ба адислал гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Бурханы хууль, зарлигуудыг дуулгавартай дагах нь биднийг гэм нүглийн үр дагавраас хэрхэн чөлөөлдөг вэ?
Та өнөөдрийн хичээлээс суралцаж байхдаа анхны гэгээнтнүүд Бурханы хуулийг ямар сэтгэгдэлтэй хүлээн авч байсныг олж мэдээд, та зарлигуудад хэрхэн ханддагаа тунгаан бод.
Их Эзэн Нью-Йоркийн гэгээнтнүүдэд Огайо руу явахыг зарлигласан бөгөөд тэнд очсоных нь дараа Өөрийн хуулийг өгнө хэмээн амласан (С ба Г 38:32-ыг үзнэ үү). Тэд гэр орон, эд хөрөнгөө орхиж, асар их золиослол гарган Огайод цугларах зарлигийг дагажээ. Нью-Йорк дахь ихэнх гэгээнтэн Огайод цугларах зарлигийг дагасан юм. Заримыг нь Көртландад ирсний дараа 12 ахлагч бошиглогч Иосеф Смиттэй уулзан Их Эзэнд хандан залбирсан. Сургаал ба Гэрээ 42:1–3-ыг уншаад, яагаад Сүмийн ахлагчид цугларах болсон шалтгааныг олж мэд.
Эдгээр ахлагч зарлиг хүлээн авсны дагуу цугларсан ба тэгснээр Их Эзэн Өөрийн хуулийг тэдэнд өгөх байв. Бүх хүн нэг болж цуглартал дуудагдсан газар бүрдээ сайн мэдээг тарааж, Сүмийг өсгөн бэхжүүлэхээр хоёр хоёроороо номлогч болон урагш яв гэсэн нь тэдэнд өгсөн Их Эзэний эхний удирдамж байсан (С ба Г 42:4–10).
Сургаал ба Гэрээ 42:11–17
Их Эзэн сайн мэдээг заах зарчмуудыг өгөв
Та өөрийгөө ариун ёслол эхлэхийг хүлээн, цуглааны өрөөнд сууж байгаагаар төсөөлөн бод. Бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн аль ч гишүүн нь ирээгүй байна. Цугларагсдын дундаас нэг хүн босоод, хэдэн дуудлага өгч мөн өөрт нь илчлэгдсэн зарим шинэ сургаалыг заахыг хүсэж байна гэж тайлбарлав. Та энэ тохиолдолд яах вэ? Яагаад?
Сургаал ба Гэрээ 42:11-ийг уншаад, хэн нэгэн хүн Сүмийн албан ёсны төлөөлөгчийн хувьд сайн мэдээг номлолынхоо эсвэл Сүмийг өсгөн бэхжүүлэхийнээ өмнө юу хийх хэрэгтэй гэдгийг олж тодорхойл. Томилолтын талаарх энэ заавар нь номлогчдод төдийгүй Сүмийг удирдаж, Сүмд заахаар дуудагдсан хүн бүрд мөн адил хамаатай. Энэ шүлэгт дараах зарчмыг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэж болно. Сүмийг өсгөн бэхжүүлж мөн заах хүмүүс Бурханаар дуудагдан, Сүмийн эрх мэдэлтэй удирдагчдаар томилогдсон байх ёстой.
Сүмийн удирдагч, гишүүдийг дуудлагад дуудахдаа олны өмнө зарлаж, дэмжин батлах дэг журам нь тэдний эрх мэдэл “сүмд мэдэгдэг” хэмээх Их Эзэний удирдамжийг хэрхэн биелүүлдэг талаар бод (С ба Г 42:11; С ба Г 28:13-ыг үзнэ үү). Энэ нь Сүмийг хэрхэн дэг журамтай байлгаж, биднийг мэхлүүлэхээс хамгаалдаг вэ?
Сургаал ба Гэрээ 42:12–13-ыг уншаад, Сүмийг удирдах мөн Сүмд заах хүмүүст өгөгдсөн үүрэг хариуцлагыг тэмдэглэ.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 42:12-т цэдэглэгдсэнээр, Сүмийн багш нар юу заах ёстой вэ?
-
13-р шүлэгт цэдэглэгдсэнээр, тэд хэрхэн заах ёстой вэ?
-
-
Сургаал ба Гэрээ 42:13-т “гэрээнүүд хийгээд сүмийн тунхгуудыг биелүүлэхийн тулд” гэдэг үгс байгааг анхаар. Яагаад зааж байгаа зүйлсийнхээ дагуу амьдрах нь багш, удирдагчдад чухал болох талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Багш, удирдагчид өөрсдийн заасан сургаал, зарчмуудын дагуу амьдарснаар таны амьдрал эсвэл таны танил хэн нэгний амьдрал хэрхэн адислагдаж байсан бэ?
Сургаал ба Гэрээ 42:14-ийг уншаад, бусдад заах хүмүүс Сүнсний удирдамжийг олж авахын тулд юу хийх ёстойг олж мэд. Тэгээд дараах зарчмыг гүйцээ. Хэрвээ бид бол бусдад заахад туслах Сүнсийг хүлээж авч чадна. (Уг шүлэгт зарчмыг зааж байгаа үгсийг тэмдэглэж эсвэл уг зарчмыг судрынхаа зайд бичиж болно.)
Сургаал ба Гэрээ 42:14-т заасан өөр нэг зүйл бол хэрвээ бидэнд Сүнс байхгүй бол бид заах нь үгүй гэсэн зарчим юм.
Сайн мэдээнээс суралцаж мөн заах үедээ Сүнстэй байх нь яагаад чухлыг ойлгохын тулд Сургаал ба Гэрээ 42:16–17-г уншаад, Ариун Сүнс юу мэддэг мөн хийдэг болохыг олж тогтоо. Эдгээр шүлэг дэх Тайтгаруулагч гэсэн үг нь Ариун Сүнсний нэг нэр юм. Өгөгдсөн зайд 17-р шүлгийн сургаалын зааврыг гүйцээж бич. Ариун Сүнс мэддэг мөн гэрчилдэг.
Энэ үнэнээс харахад, Ариун Сүнс заахад тань хэрхэн тусалж чадах вэ?
Ариун Сүнс бүх зүйлийг мэддэг учраас Тэр бидний туулсан зүйлсийг болон амьдралын хэрэгцээг мэддэг. Ариун Сүнсний өдөөлтөөр сайн мэдээний үнэнийг заан, гэрчилж мөн тайлбарладаг хүмүүс бусдад хэрэгтэй гэж Их Эзэний мэдэж байгаа зүйлийг хүлээж авахад нь туслан удирдаж чадна.
-
Сайн мэдээг зааж, хуваалцаж, тайлбарлан эсвэл гэрчилж байхдаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байсан үеийнхээ талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Түүнчлэн Тэнгэрлэг Эцэг, Eсүс Христ хоёрын талаар Ариун Сүнсний гэрчлэхийг мэдэрснээ бич. Хэрэв та ийм зүйлс тохиолдож байсан эсэхийг сайн мэдэхгүй байвал гэр бүлийнхээ гишүүнээс эсвэл найзаасаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байсан үеийнх нь талаар асууж, уг хүний түүхээс сурсан зүйлээ бич.
Сургаал ба Гэрээ 42:18–29
Их Эзэн Сүмийн гишүүдэд хууль, зарлигуудыг өгөв
Их Эзэн Сүмд заах зааврыг өгснийхөө дараа Сүмийн бүх гишүүнд хамаарах хууль, зарлигуудыг илчилсэн. Сургаал ба Гэрээ 42:18–29-ийг уншаад, тэдгээр шүлэгт заагдсан зарлигуудыг олж тогтоо. Та олж тогтоосон зүйлээ тэмдэглэж болно.
19-р шүлэгт “хүн алсан тэрээр үхэх ёстой” гэж бичсэн ч 79-р шүлэгт алуурчдыг төрийн байгууллагад барьж өгч, “уг нутгийн хуулиудын дагуу … шийдэгдэх ёстой” гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.
Сургаал ба Гэрээ 42:20–28 дахь “зайлуулагдах” гэсэн үг нь сүмээс хасагдах эсвэл Сүмийн гишүүнчлэлээ алдах гэсэн үг юм. Эдгээр шүлэгт наманчилдаггүй хүмүүс Сүмээс хасагддаг ч ноцтой нүглээс болж ийнхүү хасагдах явдал нь өршөөл эрэлхийлж буй зарим даруу, наманчлагч хүний хувьд нүглээ наманчлах үйл явцынх нь нэгэн хэсэг байж болох юм. Сүмийн сахилгын арга хэмжээ нь Сүмийг хамгаалах мөн нүгэл үйлдсэн хүмүүст наманчилж, Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад туслах зорилготой.
-
Сургаал ба Гэрээ 42:18–29-д заасан зарим зарчмын талаар ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Өнөө үед яагаад хүмүүс хулгай хийх уруу таталтад ордог гэж та бодож байна вэ? Хулгай хийх уруу таталтад ордог хүнд юу тусална гэж та бодож байна вэ?
-
Худал хэлэхийн нэг хэлбэр бол хуурах юм. Яагаад худал хэлэх, хуурах нь ноцтой нүгэл гэж та бодож байна вэ?
-
Өөрийн туршлагаас харахад, бусдыг муулж ярих нь яагаад буруу, хор хөнөөлтэй зүйл вэ?
-
Сургаал ба Гэрээ 42:22–23-ыг уншаад, дараах зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэ. Хэрвээ бид хэн нэгнийг тачаангуйгаар харвал итгэлийг үгүйсгэж мөн Сүнсийг алдах болно.
Тачаангуй байдал нь хайр биш болой. Бусдын араас тачаангуйгаар хардаг хүмүүс өөрсдийн хүслийг хангах талаар боддог хувиа хичээсэн хүмүүс юм. Тэд бусдыг эд зүйлс мэт үздэг ба өөрсдийгөө хянах чадвар дутмаг байдаг. Тачаангуйгаар харах нь бусдыг харах өнцгийг өөрчилж, гажуудуулдаг. Энэ нь Сүнсний удирдамжаа алдахад хүргэж, хүмүүстэй, ялангуяа ирээдүйн ханьтайгаа жирийн харилцаа холбоотой байх чадварт тань муугаар нөлөөлнө. Мөн энэ нь жинхэнэ хайрыг мэдрэх чадварыг хязгаарладаг. Бусдыг тачаангуйгаар харах нь Бурханд итгэх итгэл дутуу байгааг харуулдаг ба бусдыг ингэж хараасай гэсэн Түүний хүслийн эсрэг байна гэсэн үг.
Өнөө үед газар авсан тачаангуйгаар харах явдлын нэг жишээ бол порнограф юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс дараах байдлаар сэрэмжлүүлсэн.
“Порнограф нь эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцах сэтгэлийн романтик, сүнслэг хэвийн харилцаанаас баяр баясал олж авах чадварыг гэмтээдэг.
Түүнчлэн порнограф нь донтуулдаг. Энэ нь шийдвэр гаргах чадварыг доройтуулж, үзэж буй хүмүүсийг донтуулж, дахин дахин үзэхэд уруу татдаг.
Порнографаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хий. Бидний амьдрах дэлхий дээр хэнд ч тохиож болох энэ нөхцөлд—үүнийг харж таарах юм бол—Египетийн Иосефын жишээг дагаарай. Уруу таталт түүнийг хазаарлан авах үед тэрээр уруу таталтыг орхин, ‘зугтан гарсан’ (Эхлэл 39:12).
Өчүүхэн төдий уруу таталтыг ч гэлээ бүү хүлээн зөвшөөр. Нүглээс хол байж, үүний авчрах зайлшгүй авчрах сүйрлээс зайлсхий. Тиймээс унтраа! Буруу хар! Бүх хүч чадлаараа зайлсхий. Бодлоо сайн зүйлсэд хандуул.
… Порнографыг бүү дэмж. Ёс суртахууны доройтлыг дэмжихэд мөнгө бүү зарцуул. Мөн залуу эмэгтэйчүүд ээ, хэрвээ та нар зохисгүй хувцаславал энэ нь та нарыг харах зарим эрэгтэйчүүдийн хувьд порнограф болж, асуудлыг хүндрүүлэх юм шүү” гэж хэлсэн (“Pornography,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 89–90).
-
Тачаангуйгаар харах уруу таталтын эсрэг өөрийгөө хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж болохоо судрын тэмдэглэл дээрээ нэг догол мөрөнд багтаан бич. Яагаад энэ зарлиг чухал гэж бодож байгаагаа оруулж бичээрэй. (Та Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он] товхимлын “Ариун явдал” гэсэн сэдвийг судалж болно.)
Энэ хичээлийг дуусгахдаа, Сургаал ба Гэрээ 42:29-ийг уншаад, энэ шүлэгт заасан зарчмыг олж тогтоо.
-
Бурханы тушаал, зарлигуудыг сахих нь хэрхэн таны Түүнийг хайрлах хайрыг харуулдаг талаарх бодлоо судрын тэмдэглэл дээрээ бич. Зарлигуудыг сахих нь хэрхэн таныг Бурханд илүү ойртуулсан бэ?
Ирэх долоо хоногийн туршид Бурханы аль нэгэн зарлиг тушаалыг илүү дуулгавартай дагахыг хичээж, Түүнийг илүү ихээр хайрладгаа харуул.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 42:1–29-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: