Семинар
22-р бүлэг: Гурав дахь өдөр, Сургаал ба Гэрээ 104


22-р бүлэг: Гурав дахь өдөр

Сургаал ба Гэрээ 104

Оршил

1834 оны хавар гэхэд, Сүм санхүүгийн хувьд хүндрэлд орсон байсан ба хүндрэлээс гарахад туслах мөнгө цуглуулах оролдлого ч мөн бүтэлгүйтжээ. 1832 онд Их Эзэн Сүмийн удирдагчдыг “Сионыг байгуулах хөрөнгийг бий болгох мөн ядуусын ашиг тусын тулд эдгээр ажлыг удирдаж хянах ‘пүүс’ байгуулан Сүмийн худалдааны болон хэвлэлийн ажлыг зохион байгуулах удирдамжийг өгөв. Энэ байгууллага нь Нэгдсэн пүүс гэж нэрлэгдсэн ба 1832 оны 4-р сард байгуулагдаж мөн 1834 онд татан буугджээ (82-р хэсгийг үзнэ үү)” (Сургаал ба Гэрээ 78-р хэсгийн оршил). 1834 оны 4-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 104-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлтэд Их Эзэн, Нэгдсэн пүүсийг дахин зохион байгуулах хэрэгтэй мөн өмч хөрөнгийг нь гишүүдийнх нь дунд даалган хувааж өгөх ёстой хэмээн илчилсэн юм. Иосеф Смитийн удирдлага доор “Нэгдсэн пүүс” гэдэг нэрийг хожим энэ илчлэлтээр “Нэгдсэн журам” хэмээн сольсон байна. Энэ хичээлд Сургаал ба Гэрээ 104-ийн үг хэллэгтэй адилтган Нэгдсэн журам хэмээх нэрийг ашиглана. Түүнчлэн Их Эзэн Сүмийн гишүүдэд ядуусыг хэрхэн халамжлах талаар зааварчилж, Сүмийн удирдагчдад өр зээлийнх нь талаар зөвлөгөө өгчээ. Нэгдсэн журмын гишүүд нь Иосеф Смит, Сидней Ригдон, Оливер Каудери, Виллям В.Фелпс, Эдвард Партриж, Жон Витмер, Сидней Гилберт, Мартин Харрис, Ньюел К.Витней, Жон Жонсон болон Фредерик Г.Виллямс нар байв.

Сургаал ба Гэрээ 104:1–18

Их Эзэн Нэгдсэн журмын талаар заавруудыг өгөв

Машины түлхүүр

Эцэг эх тань машиныхаа түлхүүрийг (эсвэл гэрийн ч юм уу түлхүүр хэрэгтэй өөр нэгэн зүйлийг бод) танд өглөө гэж төсөөлөн бод. Ингэснээр та уг машины эзэн болох уу? Та уг машиныг хүссэнээрээ хэрэглэж болох уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж? Үүнийг хэрэглэснийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэх нь танд уг машиныг хэрэглэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

1832 оны 3 ба 4-р сард, Их Эзэн Сүмийн удирдагчдыг Нэгдсэн пүүс (буюу Нэгдсэн журам) байгуулахад удирдсан ба гишүүд ядуусыг халамжилж мөн Түүний ажлыг урагшлуулахын тулд Сүмийн худалдааны болон хэвлэлийн ажлыг удирдаж хянах хариуцлагыг хүлээх байв. 1834 оны хавар гэхэд Сүмийн удирдагчид янз бүрийн шалтгааны улмаас уг байгууллагыг татан буулгах талаар бодож байлаа. Харин Их Эзэн ах нарыг пүүсийг дахин зохион байгуулж, хөрөнгийг нь Сүмийн гишүүдэд хуваан даалгахыг хүссэн.

Сургаал ба Гэрээ 104:1–4-ийг уншаад, Нэгдсэн журамд тохиосон бэрхшээлийн нэг шалтгаан юу байсныг олж тогтоо.

Сургаал ба Гэрээ 104:5–10 нь Нэгдсэн журамтай холбоотой гэрээг зөрчсөнөөр ирэх үр дагаварт Сүмээс хасагдаж мөн зүхэгдэнэ гэсэн Их Эзэний тушаалыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 104:11–13-ыг уншиж байхдаа, Нэгдсэн журмын гишүүн бүр юу хүлээн авах болно хэмээн Их Эзэний хэлснийг олж мэд. (Даамал гэдэг нь өөр хүний эзэмшлийг хариуцах үүрэг хүлээн авсан хүнийг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.)

Сургаал ба Гэрээ 104:14-ийг уншаад, Нэгдсэн журамтай холбоотой эдлэн газрыг хэн эзэмшиж байсныг олж мэд. Их Эзэн дэлхийг бүтээсэн ба үүн дээрх бүх зүйл Түүнийх хэмээх сургаалыг заасан үгсийг тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий. Тухайлбал:

    1. Өөртөө байгаа дэлхийн 10 эд зүйлийн жагсаалтыг гарга (жишээлбэл, гэр орон, хувцас, цэцэрлэг, хоол хүнс гэх мэт).

    2. Сургаал ба Гэрээ 104:14-т заагдсан сургаал нь хэрхэн өөрийн эд хөрөнгөд хандаж, ашиглаж байгаа байдалд нөлөөлж болох талаар бич.

Дэлхий дээрх бүх зүйл Өөрийнх нь хэмээн Их Эзэн гэгээнтнүүдэд өгсөн сануулга өгснөөр тэдний материаллаг хэрэгцээг хангана гэдгээ тэдэнд баталсан байж болох юм. Тэрээр цааш нь, Өөрийн гэгээнтнүүдийг халамжлахын тулд тэдгээр нөөцийг хэрхэн ашиглах талаар тайлбарласан. Сургаал ба Гэрээ 104:15–16-г уншаад, Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг хэрхэн хангана гэж хэлснийг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Их Эзэний гэгээнтнүүдээ хангадаг арга замын талаар дараах ойлголтыг өгсөн. Тэрээр: “Их Эзэний арга зам нь хүмүүсийг өөрөө өөртөө туслахад нь туслах явдал юм. Ядуус нь өөрсдийн хүлээн авах материаллаг тусламжийнхаа төлөө ажиллан, зөв зарчмуудыг заалгаж мөн өөрсдийгөө ядуу байдлаас бие даасан байдал руу өргөн авчирч чадсан тул өргөмжлөгддөг юм. Баячууд тусламж хэрэгтэй хүмүүст өмч хөрөнгөнөөсөө харамгүй өгснөөр өөрсдийгөө даруусган дорд болгогддог” (“Inspired Church Welfare,” Ensign,1999 оны 5-р сар, 77). Өнөөдөр хүмүүсийг “өөрөө өөртөө туслахад нь туслах” “Их Эзэний арга зам” бол Сүмийн халамжийн хөтөлбөр болон мацаг барилтын өргөлийг цуглуулах явдал билээ.

Сургаал ба Гэрээ 104:17–18-ыг уншаад, Их Эзэний бидэнд элбэг дэлбэг өгсөн зүйлээр юу хийх хэрэгтэй хэмээн Тэрээр зааварчилсныг олж мэд.

Эдгээр шүлгээс бид Их Эзэний бидэнд өгдөг зүйлийг бусдад туслахад ашиглах үүрэгтэй гэдгийг сурдаг.

Хичээлийн эхэнд ярьсан машины түлхүүрийн талаарх жишээг мөн таны үүрэг хариуцлага уг машиныг хэрхэн ашиглахад нөлөөлөх талаар бод. Сургаал ба Гэрээ 104:14–18-аас сурсан үнэн нь үүнтэй ямар холбоотой вэ?

Тавиуртай хоол хүлээн авч буй хүн

Бид “ядуу болон тусламж хэрэгтэй” хүмүүс гэж бодохдоо зөвхөн санхүүгийн тусламж хэрэгтэй хүмүүс төдийгүй мөн сүнслэг, сэтгэл зүй, оюун санааны болон нийгмийн тусламж хэрэгтэй хүмүүсийн талаар бодож болно. Үүний адилаар, бидэнд элбэг дэлбэг байдлынхаа талаар бодохдоо мөнгө, эд зүйлсээс өөр олон зүйлийн талаар бодож болно. Элбэг дэлбэг байдалд бидний цаг зав, авьяас чадвар, мэдлэг болон ур чадвар бас ордог.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Их Эзэнээс элбэг дэлбэг авсан зүйлээсээ хуваалцах нь чухал гэж та бодож байна вэ?

    2. Гачигдагсдад тусалсан ямар ямар жишээ судрууд дээр байдаг вэ? Тэд бусдад хэрхэн Их Эзэний арга замаар тусалсан бэ?

    3. Та бусдад хэрхэн Их Эзэний арга замаар тусалж чадах вэ? (Үүний дагуу хийх нэг тодорхой зорилго бич.)

Сургаал ба Гэрээ 104:19–77

Их Эзэн Нэгдсэн журам, ажил үүрэг болон сан хөмрөгийн талаар удирдамж өгөв

Сургаал ба Гэрээ 104:19–53-т Их Эзэн Нэгдсэн журмын янз бүрийн гишүүдэд даалгасан ажил үүргийн тухай тодорхой заавруудыг өгдөг. Сургаал ба Гэрээ 104:23, 25, 31, 33, 35, 38, 42, 46-г уншаад, журмын гишүүн бүрд өгсөн Их Эзэний амлалт дахь загварыг олж мэд. “Байхын хэрээр” гэсэн хэллэг нь “тийм хэмжээнд” буюу “хэрээр” гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭдгээр шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн, судрын тэмдэглэл дээрээ бид даруу бас итгэлтэй байхын хэрээр юу тохиолдохыг тайлбарласан нэг зарчмыг бич. Дараа нь дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Та энэ зарчмаас, дуулгавартай байдал нь таны хүлээн авдаг адислалд хэрхэн нөлөөлдөг талаар юу сурч болох вэ?

    2. Та хэзээ хэн нэгэн Их Эзэний өмнө хүлээсэн хариуцлагадаа итгэлтэй байж мөн түүнийхээ дагуу адислагдаж байхыг харж байсан бэ?

Сургаал ба Гэрээ 104:54–77-д Их Эзэний даалгасан ажил үүргээс орж ирэх мөнгийг судруудыг хэвлэх гэх мэт Сүмийн ашиг тусын төлөө хэрэглэхийн тулд сан байгуулах заавруудыг өгсөн.

Сургаал ба Гэрээ 104:78–86

Их Эзэн Нэгдсэн журмын өрийн талаар Сүмийн удирдагчдад заавар өгөв

Хийж гүйцэтгэх боломжгүй эсвэл хийхэд маш хэцүү гэж бодож байсан нэг зүйлийг хийхийг танаас хүсэж байсан үеийнхээ талаар бод.

Их Эзэний зарлигуудыг дагах явцдаа, Нэгдсэн журам их өрөнд орсон аж. Хэд хэдэн үйл явдлаас болж Журамынхан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болов. Жишээлбэл, Миссуригийн Жаксон гүнлэгийн хэвлэлийн төвийг танхайрагчид сүйтгэсэн нь гэгээнтнүүдийг судрууд болон өөр бусад хэвлэлээс ашиг орлого олоход нь саад болсон ба танхайрагчид бас Индепенденс дэх агуулахыг гэгээнтнүүдэд ашиглуулахгүй байв.

Сургаал ба Гэрээ 104:78-ыг уншаад, Сүмийн өр зээлийн талаарх Их Эзэний зааврыг тэмдэглэ.

Өрөө төлөх нь гэгээнтнүүдэд боломжгүй мэт санагдаж байсан байж болох ч Их Эзэн тэдэнд туслах заавруудыг өгчээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ хоёр багана зураад, эхнийхийг нь ХЭРВЭЭ мөн нөгөөхийг нь ТЭГВЭЛ гэж гарчигла. “ХЭРВЭЭ” баганын доор журмын гишүүд өрөө төлөхөд Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд Тэрээр юу хийхийг тэднээс хүссэнийг бич. “ТЭГВЭЛ” баганын доор Их Эзэн гэгээнтнүүдэд өрнөөс гарахад нь туслахын тулд юу хийнэ гэж амласныг бич. Та уншсан мөн тэмдэглэсэн зүйл дээрээ үндэслээд, эдгээр шүлгээс бидний сурч болох зарчмыг бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудаас хоёр юм уу түүнээс олныг хий. Тухайлбал:

    1. 4-р даалгаварт бичсэн зарчмындагуу үлгэр жишээ үзүүлдэг өөрийн мэдэх эсвэл судар дээрх нэг хүний талаар бич. Та энэ хүний амьдралаас уг зарчмыг хэрхэн олж хардгаа дүрсэл. Эсвэл та энэ зарчмыг өөрийн амьдралд хэрхэн харж байсан тухайгаа бич.

    2. Дараах асуултуудад хариул. Тухайлбал: Хэцүү байж болох ямар зүйлийг хийхийг Их Эзэн Сүмийн гишүүдээс хүссэн бэ? Их Эзэний танаас хийхийг хүссэн зүйлсийг хийж гүйцэтгэхэд даруу байдал, итгэлтэй байдал болон залбирал ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та бодож байна вэ?

    3. Их Эзэний танаас хийхийг хүссэн зүйлсийг хийж гүйцэтгэхэд Өөрийнх нь тусламжийг хүлээн авахын тулд та хэрхэн илүү даруу, итгэлтэй мөн залбиралтай байж болохоо бич. Үүнийг хэрхэн хийх зорилгоо бич.

  3. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Сургаал ба Гэрээ 104-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: